| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Т холбогдох эрүүгийн 1906 04583 2016 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Ж.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Сувдтай харгис хэрцгий харьсан, зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнөүү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Сувдын өгсөн мэдүүлэг /хх-5/, зөрчлийн талаар аман болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 799 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 288, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-37-46/, аюулын зэргийн үнэлгээ /хх-58-60/ шүүгдэгч Ж.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-20/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Сувдтай харгис хэрцгий харьсан, зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сувдын өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 19 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуков таун 49/а байрны 00 тоотод гэртээ байхад нөхөр Жамбалдорж овогтой Тунамал-Эрдэнэ нь согтуу ирээд гэртээ намайг 3 хүүхэдтэйгээ байхад надад агсан тавьсан. Нөхөр Ж.Т нь архи зардаггүй өдөр хаанаас архи авсныг мэдэхгүй өөрөө согтуу ирсэн ба агсраад байхаар нь дуудлага өгсөн юм.” /хх-5/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баяраагийн яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Б.Сувдад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-17/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 799 дугаартай захирамж /хх-37/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоол /хх-40-41/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоол /хх-43-46/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-58-60/,
Шүүгдэгч Ж.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-20/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Т гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 799 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байх ба Ж.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Сувдтай харгис хэрцгий харьсан, зодсон гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан 3 ба түүүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгоно. Тухайлбал хүний амь нас, эрүү мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэх зэргийг ойлгоно.
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Тунамал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Т гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Сувд нь гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ж.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Мөн шүүхээс шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жал овогтой Жамбалдоржийн Тунамал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон” гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ж.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Ж.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4. Ж.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ж.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС