Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт О.Б-т холбогдох эрүүгийн 1920002360156 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б суманд төрсөн, халх, эрэгтэй, ... настай, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Өргөн сум 4-р багт эгч Д-н гэрт амьдарч байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил хорих ялаар, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2008 оны 04 сарын 28-нд Өршөөлөөр суллагдсан, Ө овгийн О.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь сумын 2 дугаар багийн “Х” гэх газарт БНХАУ-д үйлдвэрлэсэн “хауже” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.1-а, 12.1, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн У.М-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Өргөн сум 4-р багт эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай гэр шатаж манай 3 хүүхэд нас барсан. Одоо эхнэрийн хамт Өргөн суманд амьдарч байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед босоод цайгаа уучихаад хонио хотноосоо хөдөлгөчихөөд хонь гэрээс зүүн урд зүгт бэлчээрт холдоод явчихаар нь хониныхоо араас мал маллуулж байсан айл болох Б-н эзэмшлийн малдаа унаж ашигладаг улаан өнгийн “Хауже” маркийн мотоциклоо унаад хонины араас явж байсан чинь манайхтай ойрхон байдаг Б ах овоон дээр ганцаараа сууж байсан юм. Тэгээд Б ахтай уулзсан чинь дүү очоод хэдэн хонь ялгалцаад өгчих тарилга хийх гэж байгаа юм гэсэн тэгэхээр нь би тэгэе, тэгэе би хонио эргүүлчихээд очие гэж хэлээд Б ахын гэрийн зүүн хойд талд байсан хонио эргүүлчихээд Б ахын гэрт очсон чинь Б ах түүний эхнэр талийгаач М нар аарц буцалгаж байсан, түүний хүү Б нь унтаж байсан. Тэд хүүгээ “бос бос одоо малаа ялгая” гэсэн чинь хүү нь босохгүй байсан. Тэгээд Б ах бид хоёр гэрээс түрүүлж гараад 2 мотоцикльтойгоо хонийг нь ялгаад хашиж эхэлсэн, тэгтэл араас М эгч гараад ирсэн бид хамт хонио хашаад байж байхад тэдний хүү Б гараад ирсэн, тэгээд бид дөрөв малаа тарьж эхэлсэн. Тэгээд Б ах хонио тариад, Б бид хоёр мал чирээд талийгаач М нь будгаар тэмдэг тавьж эхэлсэн. Тэгээд бид хашаан дээр байж байсан чинь тэнгэр бүрхэг болоод бороо орж эхэлсэн бөгөөд гэнэт хүчтэй болоод ирэхлээр нь бид дөрөв хийж байсан ажилаа орхиод гэр лүү орцгоох болоод Б, Б бид гурав хашааны гадаа байсан өөр өөрийнхөө мотоцикль асаагаад би хашаанд өлгөсөн байсан куртекээ өмсөөд хашаанаас гараад мотоциклио асаагаад хөдлөх үед нөгөө гурав бүгдээрээ явчихсан алга болчихсон байсан би хамгийн сүүлд ганцаараа мотоцикльтойгоо хөдлөөд мотоциклоо унаад Б-н гэр лүү явж байх хугацаанд үзэгдэх орчин хязгаарлагдмал бороо маш хүчтэй ороод юу ч харагдахгүй байсан. Тэгээд мотоциклио унаад тонгойгоод явж байсан чинь гэнэт юм мөргөх шиг болоод мотоцикльтойгоо газар унасан тэгээд юу болов гээд харсан чинь Б-н гэрийн зүүн урд талаас нь мөргөчихсөн, урд дугуйны үзүүрт М эгч хэвтэж байсан, би мотоциклоо босгоод унтраагаад данхараадаж байх хугацаанд Б ах эхнэр М-г татаад босгох гэж үзээд бид хоёр дамнаад М-г гэрт оруулсан. Энэ үед түүний хүү Б нь намайг ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр цохиж зодоод байсан бид гэрт ороход Б нь намайг зодох гээд дайраад байсан энэ үед Б эх М-н үсийг хамарт нь хүргээд шалгаж үзэхэд үс нь хийсэж байхаар нь амьсгалж байна гэж харсан. Тэгээд намайг Б ах яв яв гэхээр би тэдний гэрээс гараад ирсэн чинь бороо орж байсан маш их бороо орсон хавтгай ус болсон байсан ингээд би гэр лүү явсан, талийгаачийг нас барсан гэж бодоогүй ухаан алдсан байна гэж бодоод гэртээ ирсэн. Тэгээд 10-20 минутын дараа манай төрсөн ээжийн дүү О эгчийн гар утас руу залгаад би хүн алчихлаа шүү дээ гэж хэлэхэд манай эгч юу болсон талаар асуухаар нь би М эгчийг мотоциклиор дайрчихлаа ухаан орсон болов уу та асуугаад өгөөч гэж хэлсэн. “...Би эхнэр Э-тай 2013 онд танилцаж 2014 онд гэр бүл болж 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр том ихэр хүүхэд мэндэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай хамгийн бага хүүхэд мэндэлсэн. Тэгээд эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байсан. 2016 оноос хойш Өргөн сумын нутаг дэвсгэрт хөдөө айлын маллаж амьдарч байсан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр 3 хүүхдийн хамт Өргөн сумын төвд амьдарч байхдаа гэр шатаж 3 хүүхэд нас барсан. Одоо эхнэрийн хамт амьдарч байна. Би сайн мэдэхгүй байна. Би өмнөх өдөр нь унтаж амарсан байсан. Эм бэлдмэл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед бороо ороод би доошоо тонгойгоод явж байсан тул нэг юм мөргөөд зогссон. Зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин муу бороо хүчтэй орж байсан. Би ямар нэг жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэжээ. /хх-ийн 81-83/

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Бид нарыг мал тарьж байхад бороо орсон. Тэгээд бороо орсон учир малаа тарихаа болиод гэрлүү явахаар болсон. Хүчтэй бороо орж байсан учир би доошоо хараад мотоциклоо бариад явж байтал нэг юм мөргөөд би газар унасан. Босоод хартал Б-н гэрийг мөргөөд мотоциклын урд дугуйны хажууд талийгаач хэвтэж байсан. Б бид хоёр өргөөд талийгаачийг гэрт оруулсан. Өргөж байхад амьсгаатай байсан. Хүүхэд нь надруу зодох гээд дайраад байсан. Б намайг одоо явж малаа хар гэж хэлхээр нь би явсан. Гэхдээ талийгаачийг ухаан алдсан байна гэж би бодож байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Дорноговь аймгийн Өргөн сумын 3-р баг Х гэх нэртэй газарт оршин сууж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайх бага малдаа хамууны тариа хийх ажилтай байсан. 10 цаг өнгөрч байхад би үхэртээ яваад овоон дээр гараад сууж байхад манай нутгийн Б гэх айлд туслах малчинаар ажиллаж байсан Б мотоцикльтой хонио хараад явж байна гэж хэлээд ирсэн. Тэгээд би манай бага мал буюу хонио тарих гэж байгаа хонь тарилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би гэртээ ирээд манай бага хүү Б, манай эхнэр буюу талийгаач бид гурав бага мал буюу хониндоо хамууны тариа хийгээд байж байхад Б ирж хонь барилцаж өгч байгаад би гэртээ харьлаа хонио эргүүллээ гээд яваад өгсөн. Тэгээд бид гуравыг хонио тарьж байхад дахин Б эргэж ирэх үед чи яах гэж ирсэн талаар асуухад манай хонь ойрхон байна танай малнаас тарилцаад дуусгах гэж ирлээ гэж хэлээд малаа тарьж байхад бороо орсон. Тэгээд бид нар бороо орлоо гээд гэр лүүгээ манай талийгаач эхнэр хүүхдийн хамт алхаж яваад би өөрийн мотоциклио унаад гэрийн зүүн урд талд ирж зогсоод буугаад гэр лүүгээ орох гээд явж байхад мөн манай талийгаач эхнэр миний зүүн талд гэрийн үүдэнд явж байхад Б өөрийн унаж явж байсан мотоциклиор эхнэр бид хоёрын дундуур орж ирж мөргөж би баруун гар тийшээ газар унаад босоод ирэхэд Б өө пиздаа пиздаа гээд үглээд мотоциклио хөлөөрөө хойшоо болгоод зогсож манай хүүхэд талийгаачийг тэврээд зогсож байхаар нь би очоод талийгаачийг тэвэрхэд манай талийгаачийн амьсгал хурааж байсан. Тэгээд гэрт оруулж сумын эмнэлэг болон цагдаагийн алба хаагч нарт мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 20-21/    

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: О.Б манай туслах малчнаар ажиллаж байсан. Ямар нэг садан төрлийн холбоо байхгүй. У.М нэг нутгийн хүмүүс. Тухайн хүний унаж явж байсан мотоцикль миний эзэмшлийн мотоцикль тухайн үед О.Б манай туслах малчинаар ажиллаж байсан тул унаж хэрэглэдэг байсан. Манайх тухайн мотоциклийг Сайншанд сумаас 2,340,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын дугаар номер авч амжаагүй явж байсан. Манай туслах малчины унадаг байсан мотоцикль эвдрээд 2 хоногийн өмнөөс унаж байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. О.Б манай нутгийн хүн. Манай суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь 04-10 насны  хүүхдүүд байгаа. Эхнэр нь чих хатуу хөгжлийн бэрхшээлтэй юм шиг хүн байдаг. Амьдрал нь тааруухан О.Б нь айлын мал маллаж амьдардаг. Эхнэр нь хүнсний дэлгүүрт үйлчлэгч хийж амьдардаг гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр намайг хөдөө гэртээ байж байтал манай хүргэн М.Б над руу утсаар яриад эхнэр өнгөрчихлөө гэж хэлсэн тэгээд би хөдөө гэрээсээ нөхөрийнхөө хамтаар М.Б ахын хөдөө гэрт нь очиход талийгаач эгч маань нас барсан талийгаачийг орон дээр хэвтүүлсэн Б ах уйлчихсан хажууд нь сууж байсан, би миний эгч яачихваа гэж асуутал Б гэж гайтай юм мотоцикльтой давхиж ирээд мөргөчихлөө гэж хэлж байсан. Тухайн үед Б байгаагүй би Б-г хаашаа явсан юм гэж асуухад Б зодох гээд байхаар нь би хөөгөөд явуулчихсан гэж хэлж байсан. Гэрийн зүүн урд талаас мөргөсөн байдалтай байсан гэрийн зүүн урд хана дотогш цөмөрч гэр дотор байсан тумбочка унаж дотор нь байсан юм тарсан байсныг би янзалсан мөн гэрийн гадаа байсан угаалтуур дээд хэсэгээр хугарсан байсан. Би Б-г танина Өргөн сумын төвд амьдардаг хөдөө айл амьтаны мал хариулж туслах малчин хийж явдаг хүн байгаа юм. Б нь М.Б ах болон талийгаачтай маргаж муудаж байсан зүйл байхгүй. Тухайн мотоцикль нь манай сумын 3 дугаар багийн малчин Б гэж хүний эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй хауже маркын мотоцикль байсан гэж сонссон гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Өргөн сумын Эрүүл мэндийн төвд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12 цаг 20 минутанд Өргөн сумаас зүүн тийш 50 км хар цохио гэх газарт 49 настай эмэгтэй М гэгч хүн ухаангүй байна гэж дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу би 14 цаг 00 цагт очиж үзлэг хийхэд талийгаач нас барсан цогцос хөрсөн байдалтай байсан. Намайг дуудлагаар очиход ар гэр ах дүү нар нь бололтой олон хүмүүс ирчихсэн байсан. Надад болсон асуудлын талаар тодорхой зүйл хэлээгүй. Талийгаач газар дээрээ өнгөрчих шиг болсон үзээд нэмэргүй байх гээд уйлаад байсан. Намайг очих үед бороо орсон байсан гэжээ. /хх-ийн 29-30/

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: О.Б нь миний төрсөн эгч О гэж хүний бага хүүхэд нь байга юм. 1984 оны 04 сарын 28-ны өдөр Б аймагт төрсөн Б-н ээж нь өвчны улмаас 3 настай байхад нь нас бараад эмээ дээрээ өссөн Дорноговь аймгийн Өргөн суманд өссөн. Б Өргөн сумын бага сургуульд 1992 онд ороод 1 дүгээр ангиас сургуулиас гарсан сургуулиас гараад ер нь тэнэмэл байдлаар амьдарч байсан хүүхэд байхдаа Замын-Үүд суманд хэрэг төвөгт хүртэл холбогдож байсан түүнээс хойш хулгайн хэрэгт холбогдож хорих ял шийтгэгдэж байгаад 2009 онд суллагдаж Өргөн суманд амьдарч байгаа. 2013 онд санаж байна Э гэх эмэгтэйтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон ам бүл тавуулаа амьдарч байгаа. О.Б Өргөн сумын ЗДТГ-д ажиллаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу хүнд тусархуу их зөөлөн зантай. О.Б Өргөн сумын 3 дугаар багийн малчин Б.Б гэж хүний малыг сарын 300.000 төгрөгөөр маллахаар 2019 оны 09 сарын 13-ны өдөр явсан юм. Тэгээд хөдөө айлд мал маллаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12.00 цагийн орчимд санаж байна Б над руу залгаад эгчээ би хүн алчихлаа ш дээ гэж уйлаад их айж сандарсан байдалтай утсаар ярьсан би юу болсон талаар асуухад талийгаачийг дайрчихлаа ухаангүй байсан ухаан орсон болов уу яасан бол та асуугаад өгөөч гэж хэлсэн би тэгээд Б-н гэрлүү утсаар ярьж асуухад эхлээд ухаангүй байна гэж хэлсэн дараа нь би дахиад утсаар ярьж асуутал найдваргүй болчих шиг боллоо гэж хэлсэн. Би талийгаачийн хөдөө гэрт нь очсоны дараа Б-тай уулзахад өглөө намайг хонинд явж байтал Б очоод мал тарилцаад өгөөч гэж гуйсан тэгээд би Б ахын гэрт нь очиж мал тарьж байтал гэнэт ширүүн бороо орсон бид нар мал тарихаа түр больё гээд малын хашаанаас Б ахын гэрлүү явсан би малын хашаанаас гэрлүү явахдаа мотоцикль унаад хөдөлсөн ширүүн усархуу бороо ороод юу ч харагдахгүй байсан тэгтэл гэнэт М эгчийг дайрчихсан. Би М эгчийг явган явж байсаныг мэдээгүй мотоцикльтой л явсан байх гэж бодож байсан гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 33/

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр намайг байж байтал 12:00 цагийн О над руу утсаар яриад Б ах У.М эгчийг нас барчихлаа гэж сая утсаар ярилаа гэж надад хэлсэн. Тэгээд би нөхөрийнхөө хамтаар О-н гэрт нь очоод Б ахын гэрлүү нь явсан. Хөдөө гэрт нь очиход гэрийн зүүн урд хэсэгийн хана нь дотогш цөмөрсөн гэрийн гадна талд байсан угаалтуур дээд хэсэгээрээ хугарсан байдалтай байсан гэрт дотор ороход талийгаачийг хэвтүүлчихсэн Б ах хажууд нь суучихсан уйлаад байж байсан. Бид ороод юу болсон талаар асуухад Б мотоцикльтой мөргөчихлөө гэж хэлж байсан. Тухайн үед Б байгаагүй Б ахын хүү Б-г зодох гээд байхаар явуулчихсан гэж хэлж байсан. Б-г танина Өргөн сумын төв дээр амьдардаг хөдөө айлаар малчин хийдэг юм. Б нь Б ах болон талийгаачтай маргаж муудаж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед бороо шивэрч байсан өмнө нь хэсэг хугацаанд нилээд усархуу хүчтэй бороо орсон байсан гэжээ. /хх-ийн 34-35/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 20-ны өрийн 04/010 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. О.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4 Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 02/097 дугаартай дүгнэлт: 1.Амь хохирогч У.М-н цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчин дахь ховдлын хөндийд хүрсэн шарх, зүрхний гурван хавтаст хавхлагийн урагдал, зүүн уушгиний гялтангийн урагдал, зүүн уушгины шалчийлт, улаан хоолойн урагдал, зүүн бөөрний эдийн няцрал, дотуур цус алдалт, баруун 2-7 дугаар хавирга, зүүн 3-8 дугаар хавирганы хугарал. Цээж, нурууны зулгаралт, нуруу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Амь хохирогч Ц.Мөнхцэцэг нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. /хх-ийн 44-45/

2019 оны 10 сарын 14-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт: Хариулт 1. О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: 3.1-а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хариулт 2. Явган зорчигч У.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Хариулт 3. Тухайн хэрэг ослын газрын үзлэг болон схем зураг, фото зураг зэрэгт тоормосны мөр тэмдэглэгдээгүй байх тул О.Б тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй байна. Хариулт 4. О.Б-г цагдаагийн байгууллагын нэгдсэн сан, жолоочийн мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаанд жагсаалт хоосон төлөв гарсан тул жолоодох эрхгүй, жолооч биш болох нь тогтоогдож байна. Хариулт 5. Зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь жолооч О.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас гарсан гэж үзнэ. Хариулт 6. Уг зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс гарсан гэж үзнэ. Хариулт 7. Тухайн жолоочийг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. /хх-ийн 40/

2019 оны 11 сарын 15-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-70/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-10/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 14/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /46-54/

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 56/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 58/

Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-64/  

Цаг уурын ажиглалтын дэвтэрийн хуулбар /73-74/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 90-91/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 95-100, 107/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-102/

Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105-106/

Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 110-125/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 126-128/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь сумын 2 дугаар багийн “Х” гэх газарт БНХАУ-д үйлдвэрлэсэн “хауже” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: 3.1-а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), мөн дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн У.М-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-н “Тэгээд бид нар бороо орлоо гээд гэр лүүгээ манай талийгаач эхнэр хүүхдийн хамт алхаж яваад би өөрийн мотоциклио унаад гэрийн зүүн урд талд ирж зогсоод буугаад гэр лүүгээ орох гээд явж байхад мөн манай талийгаач эхнэр миний зүүн талд гэрийн үүдэнд явж байхад Б өөрийн унаж явж байсан мотоциклиор эхнэр бид хоёрын дундуур орж ирж мөргөж би баруун гар тийшээ газар унаад босоод ирэхэд Б өө пиздаа пиздаа гээд үглээд мотоциклио хөлөөрөө хойшоо болгоод зогсож манай хүүхэд талийгаачийг тэврээд зогсож байхаар нь би очоод талийгаачийг тэвэрхэд манай талийгаачийн амьсгал хурааж байсан.” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “Манайх тухайн мотоциклийг Сайншанд сумаас 2,340,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын дугаар номер авч амжаагүй явж байсан. Манай туслах малчины унадаг байсан мотоцикль эвдрээд 2 хоногийн өмнөөс унаж байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, гэрч С.О-н “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12.00 цагийн орчимд санаж байна Б над руу залгаад эгчээ би хүн алчихлаа ш дээ гэж уйлаад их айж сандарсан байдалтай утсаар ярьсан би юу болсон талаар асуухад талийгаачийг дайрчихлаа ухаангүй байсан ухаан орсон болов уу яасан бол та асуугаад өгөөч гэж хэлсэн би тэгээд Б-н гэрлүү утсаар ярьж асуухад эхлээд ухаангүй байна гэж хэлсэн дараа нь би дахиад утсаар ярьж асуутал найдваргүй болчих шиг боллоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 02/097 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45/, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /46-54/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 56/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 58/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б-н үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч О.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.             

Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгчээс гаргуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэлийг ашигласан байхыг хуулиар шаарддаг. Гэтэл шүүгдэгч О.Б-н үйлдэлд тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон нь тогтоогдсон. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор санаатай БНХАУ-д үйлдвэрлэсэн “хауже” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан гэж үзэх үндэслэлгүй харин болгоомжгүй байдлаас уг хэрэг үйлдэгдсэн байх тул тээврийн хэрэгсэлийн үнийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овгийн О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Б-т 1 жилийн хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн барим болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Б.Б-н эзэмшлийн Хаужэ маркийн моторын ... дугаартай улаан өнгийн мотоциклын битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Б.Б-т буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төөлөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.БОЛОРМАА