Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Б.Ганзориг,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ц-т холбогдох эрүүгийн 1906 06707 2589 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны  9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BIRCH” нэртэй хоолны газарт тогооч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 28-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Ц.

           

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” караоке баарны гадаа Б.Мөнх-Оргилтой маргалдаж, улмаар хамран тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Б.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны хажууд байх караокед сууж байгаад би гарч утсаар яриад орж ирэхэд Бат-Эрдэнэ нь надтай үл ойлгох зүйлээр маргаж байгаад ширээн дээр байсан Эден нэртэй архины шилээр толгой руу 2-3 удаа цохисон...би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 

Гэрч Ч.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ган-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ бид хэд пиво уусан...бид гурвыг ирэхэд Ганаа түүний найз нар байсан...би нэг залуутай маргалдсан...гадаа гарсан чинь цагдаа нар ирсэн байсан...Б.Мөнх-Оргилын хамар хэсэгт цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Яллагдагч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд ажил тарсан бөгөөд н.Ган-Эрдэнэ, н.Мөнх-Эрдэнэ нарын хамт пиво уусан...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд орсон...би нэг залуутай нь маргасан...би Б.Мөнх-очир гэх залуугийн хамран тус газарт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13589 тоот дүгнэлтэд: 

1. Б.Мөнх-Оргилд хамрын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 11/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” караоке баарны гадаа Б.Мөнх-Оргилтой маргалдаж, улмаар хамран тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Мөнх-Оргилын: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны хажууд байх караокед сууж байгаад би гарч утсаар яриад орж ирэхэд Бат-Эрдэнэ нь надтай үл ойлгох зүйлээр маргаж байгаад ширээн дээр байсан Эден нэртэй архины шилээр толгой руу 2-3 удаа цохисон...би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан..." гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Мөнх-Эрдэнийн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ган-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ бид хэд пиво уусан...бид гурвыг ирэхэд Ганаа түүний найз нар байсан...би нэг залуутай маргалдсан...гадаа гарсан чинь цагдаа нар ирсэн байсан...Б.Мөнх-Оргилын хамар хэсэгт цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Н.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Мөнх-Оргил нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Шүүгдэгч Н.Ц-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Ц-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЭ.ЧИНГИС