Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г.М-д холбогдох эрүүгийн 201501000202 тоот хэргийг 2019 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн О суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Г.М,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай чирэгч, ... улсын дугаартай чиргүүлтэй Ауман маркийн ачааны автомашинаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Hydrous Magnesium Calcium Silicate гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудайтай 9900 кг хэмжээтэй Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис, Calcium Carbonate гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудайтай 2000 кг олс хэлбэрийн бодис, Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг нунтаг бодис, Meionit гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг нунтаг хэлбэрийн Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис зэргийг Г ХХК-ний нэр дээр гипс, түүхий шохой гэж худал мэдүүлэн зөвшөөрөлгүйгээр импортолж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай ... улсын дугаартай “Ауман” маркийн ачааны авто машинаар “Hydrous Magnesium Calcium silicate” гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудай 9900 кг хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис, “Calcium Carbonate” гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудай 2000 кг олс хэлбэрийн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн орт бодис зэргийг “Г” ХХК-ний нэр дээр улсын хилээр нэвтрүүлэх барааны бүрдүүлэлт хийхдээ гипс, түүхий шохой гэж мэдүүлсэн, миний бие тухайн бараа эд зүйлийг “Hydrous Magnesium Calcium Silicate” гэсэн Хими 220 ширхэг шуудай 9900 кг хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис, “Calcium Carbonate” гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудай 2000 кг олс хэлбэрийн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис гэдгийг мэдээгүй гипс, түүхий шохой гэж бодсон, би санаатайгаар худал мэдүүлсэн зүйл бол байхгүй гэжээ. /3-р хх-ийн 119-120/

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би “Г” ХХК-д  2013 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани цахилгаан эрчим хүчний станцын угсралтын үйлчилгээ эрхэлдэг. Хааяа урдаас тоног төхөөрөмж оруулж ирдэг. 2015 оны 9 сарын сүүлээр 10 сард байхаа сайн санахгүй байна. Энэ М гэдэг залуугаар гаалийн бүрдүүлэлт хийлгэн цахилгааны тоног төхөөрөмж, барилгын материал оруулж ирж байсан. Тэр үед танилцаж байсан. Тэгээд дараагийн бараа удахгүй ирэх байсан болохоор хоосон итгэмжлэх энэ М-д үлдээсэн байсан. Энэ зөрчилтэй бараа бол манай бараа биш энэ залуу миний өмнө өгсөн байсан итгэмжлэхийг ашиглан энэ бараагаа оруулж ирсэн байсан. Би энэ хэний бараа болохыг мэдэхгүй байна. Хэлсэн гэхдээ ийм хортой юм гэж хэлээгүй. Барилгын материал гэж хэлсэн. Би энгийн барилгын материал юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Өмнө өгсөн хоосон итгэмжлэх дээр өөрийнхөө нэр регистрийг шивээд цахим үнэмлэхээ канондоод он сарыг нь өөрөө бичээд гарын үсгийг нь орлоод зурчаарай гэж өгч байсан. Итгэмжлэх бол манай компаний итгэмжлэх мөн байна. Удахгүй бараа ирэх байсан болохоор өгсөн байх тэгээд найдаж болохоор хүн шиг санагдаад хоосон итгэмжлэхээ өгсөн ийм зүйлд ашиглачина гэж бодсонгүй гэжээ. /1-р хх-ийн 139/

Гэрч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1996 оноос хойш Эрээн Замын-Үүдийн хооронд машин бариж хүмүүсийн ачаа барааг зөөж байгаа нэг ачаа зөөхдөө ачааны жингээс хамааран үнэ хөлсөө тохирдог. Ерөнхийдөө 1500-2000 юанаар тохирон зөөдөг. Энэ зөрчилтэй барааг би 2015 оны 11-р сарын 11-ний өдөр Эрээний барилгын хашаанд машинаа оруулж тавьчихаад байж байхад Б гэх Өвөр Монгол залуу ирээд ачаа ачих уу гэсэн юу гэдгээ хэлээгүй 20 тонн ачаа байна гэсэн тэгээд ачий гээд 2000 юаниар тохироод 13-нд ирж машинаа аваарай татлага, хучлагаа үлдээчих би ачуулчихсан байж байя өглөө эрт орж ирээд машинаа аваад шууд хятадын гаалийн хашаанд ороорой гэсэн. Тэгээд оройноо Монгол руу буцсан. 2015 оны 11-р сарын 13-ны өдөр машинаа авахаар эрээний барилгын хашаанд машин дээрээ очиход машин дээр ачаа ачаагүй хоосон байсан. Тэгэхээр нь Б руу залган уулзан хөлс буюу 2000 юаниа аваад ачааг асуухад ачаа 13-ны орой юмуу 14-ний өглөө ирнэ гэсэн Б намайг эндээ хоночих гэсэн. Би 4 настай хүүхдээ харж байсан болохоор хонолгүй шууд монгол руу буцсан. 2015 оны 11-р сарын 14-ний өдөр машин дээрээ очиход машин дээр ачаа ачаад дөнгөж дууссан бололтой хучлагыг нь хучих гээх 2 хятад байж байсан ачааг харахад тэвшнээс дээш 4, 5 цагаан шуудайтай зүйлс байсан би хараад барилгын материал юм байх гэж бодсон. Тэгээд хучлагыг нь тэр 2 хятад залуутай хамт хучаад гаалийн хашаа руу оруулж тавьчихаад монгол руу буцсан. Тэгээд нөгөөдөр нь Б над руу залган бичиг баримт нь гарчихлаа гэсэн. Тэгэхэд би архи уусан байсан болохоор өөрөө явж чадалгүй өөрийн хүргэн хүү болох Ө-г явуулан машинаа монголын гаалийн хашаанд авчируулсан. Ө-с машинаа асуухад монголын гаалийн хашаанд тавьчихлаа гэсэн. Тэгээд маргааш нь 17-ны өдөр М над руу ярин машинаа тавцанд тавь бараагаа шалгуулах гэж байна гэсэн. Тэгээд машин дээрээ очиход асахгүй халуун тогоо нь ажиллахгүй байсан. Тэгээд Б гэх залууг гуйж машинаа асаалган тавцанд тавиулсан. Маргааш өглөө нь тавцангаас склад руу машинаа аваачаад тавьсан. Тэгэхэд би М-тэй уулзсан. Тэгээд машинаас бүх ачааг буулгахад би хажууд нь байж байсан. Тэгээд бүх ачааг буулгасны дараа би машинаа складны үүднээс холдуулан тавьсан гэжээ. /1-р хх-ийн 140-141/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нөхөр Г.М нь 1987 оны 01 сарын 23-ны өдөр С аймгийн О суманд төрсөн. Эцэг эхээс долуулаа айлын 6 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа С аймгийн С суманд эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1994 онд С аймгийн Х сумын 1-р 10-н жилийн сургуульд элсэн орж 2004 онд 10-р ангийг бүрэн дунд боловсролтой, 2004-2009 онд Дархан Уул аймгийн Шинжлэх ухааны их сургуулийг тус тус төгссөн. 2009 онд сургууль төгсөөд Төв аймгийн Заамар суманд М ХХК-д засварчнаар орж 2011 хүртэл ажиллаад 2011-2012 он хүртэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын С ХХК-нд механикаар, 2014-2015 онд Замын-Үүд сумын Ч ХХК-д механикаар тус тус ажиллаж байсан. Үүнээс хойш хувиараа машин барьж БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хоёрын хооронд хүн болон ачаа бараа зөөж байгаа. Бид хоёр 2005 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёрын голоос гарсан 10 настай М.Л, 4 настай М.У гэх хүүхдүүдтэй хүн байгаа юм. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, бусадтай эелдэг харьцдаг, найз нөхөд олонтой хүн байгаа юм. Манай нөхөр урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай нөхрийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө гэхээр зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 144-145/

Гэрч У.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 666 улсын дугаартай AUMAN маркийн чирэгч автомашиныг хадам аав Ц-той хааяа ээлжлэн барьж БНХАУ-ын Эрээн хот, Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэр хийдэг юм. 2015 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирэх үед манай хадам аав гэртээ байсан бөгөөд ... улсын дугаартай машиныг Эрээнд оруулж тавиад ачаа аччихсан байгаа гэж хэлсэн. Гэтэл тэр өдөр Эрээн хотоос хятад дугаараас үл таних хүн залгаад “Танай машины бичиг гарсан, ирж машинаа ав” гэж хэлсэн. Тухайн үед аав бага зэрэг архи уучихсан өөрөө гарах боломжгүй байсан учраас миний бие явганаар Эрээн хот руу гарч хятадын гаалийн хашаан дээр яваад очтол ... улсын дугаартай машин дээр ачаа ачигдсан, дээгүүр нь бүтээгээд татлагаа татчихсан байсан. Тэгэхээр нь над руу ярьсан хятадтай уулзаад гаалийн бичгийг аваад тэр өдрөө Замын-Үүдийн гааль дээр ирсэн. Ингээд ачаа барааны бүрдүүлэлтийг хийнэ гэсэн М гэх залууд хятадаас өгч явуулсан бичиг баримтыг нь өгчихөөд явсан юм. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би тухайн ачааг өөрөө ачуулаагүй, дээгүүр нь бүтээсэн байсан учир ямар ачаа байсан эсэхийг нь огт мэдээгүй. Би ямар ачаа бараа ачигдсан байгаа талаар асуугаагүй. Манай хадам аав Ш овогтой Ц-н машин байгаа юм. Гэхдээ Х банкны барьцаанд тавигдсан байгаа. Миний хэлсэн ярьсан үнэн зөв. ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай хадам аав болон би ачаа тээвэр хийж аж амьдралаа залгуулдаг. Мөн уг тээврийн хэрэгсэл нь банкны барьцаанд байгаа учир машиныг буцаан олгож өгнө үү гэжээ. /1-р хх-ийн 146-147/

Гэрч Т.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2007 оноос хойш Л ХХК-ны бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр боомт дээрх ажил дээрээ сууж байтал 28-30 орчим насны М гэх залуу ирээд бүрдүүлэлт хийлгэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би барьж яваа бичиг баримтуудыг нь үзэхэд хятад улсын барааны гаалийн манифест, пүүний бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг байсан ба ямар ачаа байгаа талаар нь асуухад гипс, замаска байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хятадын манифестын орчуулгыг нь шивээд эхэлж байтал Хятадын манифестэн дээрх нэр төрөл, жин тонн зэрэг нь М гэх залуугийн мэдүүлж байгаатай нь зөрүүтэй байхаар нь би гарч ачааг чинь хармаар байна. Чиний мэдүүлж байгаа чинь бичиг баримттайгаа зөрүүтэй байна. Би гаалийн байцаагч руу илгээхгүй гэж хэлсэн. Гэтэл М гэгч нь цаашаа яваад өгсөн. Ингээд эргэж ирээд за за би бичиг баримтаа авчихья гэж хэлээд надаас бичиг баримтаа аваад яваад өгсөн. Ингээд өөр мэдүүлэгчээр хийлгэсэн байх гэж бодож байна. М гэх хүний өөрийнх нь хэлж байгаа жин нь Хятад улсын манифестэн дээрх жинтэй зөрүүтэй байсан. Гэхдээ хэд хэдэн тонн байсныг сайн санахгүй байна. Мөн манифестыг орчуулга нь эмульс гэж байсан учир эмульсээр нь мэдүүлэх гэтэл наадах чинь түүхий шохой байгаа юм гээд байсан. Тэр залууд манифестын орчуулга чинь өөрийн чинь хэлээд байгаагаас зөрүүтэй байна. Би ачааг чинь гарч үзье гэж хэлтэл бичиг баримтаа аваад явчихсан юм гэжээ. /1-р хх-ийн 148-149/

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн материалыг Г.М-н хүсэлтээр 1000 төгрөгөөр орчуулж өгсөн. Би хятад хэлнээс орчуулга хийгээд 1 жил болж байна. Г.М-г танихгүй. Хил дээр бүрдүүлэлт хийдэг гэдгээр нь зүс мэднэ. Тэрнээс ямар нэг харилцаа холбоо байхгүй. Орчуулга хийхэд юунаас хэн нэгний төлөө байгаагүй ба өөрийн хятад хэлнийхээ мэдлэгийн хүрээнд орчуулсан. Уг материаланд хятадаар “Гү лиад, Ши цин фен” гэх хэлэлгээр гипс түүхий шохой гэж орчуулагдсан. Мөн эмульс, будаг гэх мэтээр орчуулагддаг. Орчуулагч бид нар барааны нэр болон маркийг нүдээрээ харалгүй материаланд байгаа зүйлийг орчуулдаг гэжээ. /1-р хх-ийн 150-151/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лабораторид 2013 оноос хойш шинжээч, гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд манай лаборатори нь гаалийн улсын байцаагч нараас магадлан шинжилгээ, дээж сорьц авах тухай баримтын дагуу ирүүлсэн дээжинд шинжилгээ хийж дүгнэлтийг гарган өгдөг юм. Гэхдээ лабораторид шинжлэх боломжгүй дээжийг гаалийн ерөнхий газрын төв лабораторид явуулдаг журамтай. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн орчим гаалийн улсын байцаагч Ж манай өрөөнд орж ирээд 2 уут нунтаг дээж барьчихсан  энийг ямар бодис болохыг нь үзээд өгөөч гэж хэлсэн. Гэхдээ албан ёсоор дээж сорьц өгөх маягтаа үйлдээгүй байсан. Тэгэхээр нь би та албан ёсоор шинжилгээнд өгөөгүй учир албан ёсны дүгнэлт гаргаж өгөхгүй шүү. Гэхдээ та нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор шинжилгээ хийгээд ямар бодис болохыг нь албан бусаар тодорхойлоод өгье гэж хэлээд ууттай зүйлсийг нь шинжилж үзэхэд 1 дээж нь асбестын төрлийн бодис илэрч байсан ба нөгөө бодис нь эрдсийн гаралтай шороо байсан учраас энийг тодорхойлох боломжгүй юм байна. Та шаардлагатай бол төв лабораторид шинжилгээнд явуулаарай гэж хэлээд өгөөд явуулсан юм. Үүнээс биш албан ёсны шинжилгээ хийж дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Асбест нь химийн найрлагийн хувьд 5-6 төрлийн байдаг бөгөөд асбест нь халуун, хүйтэн тэсвэрлэх чанартай байдаг учраас барилгын материал, уурын зуухны доторлогоо зэрэгт өргөнөөр ашигладаг байж байгаад хорт хавдар үүсгэгч бодис гэдгийг нь тогтоосон учраас хэрэглээнээс хасах бодлого барьж байгаа юм билээ. Мөн энэ бодис нь хүний амьсгалаар уушгинд орохоороо биеэс гадагшилдаггүй, олон жилийн дараа хорт хавдрын байдлаар хор нөлөө илэрдэг юм гэжээ. /1-р хх-ийн 152-153/

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эрчим хүчний үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ өөрийн гэсэн оффис, ажлын байр байхгүй. Би Г.М гэх хүнийг огт танихгүй. Төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Би итгэмжлэл дээр зурагдсан байгаа гарын үсгийг харлаа. Уг гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Хэн нэгэн нь миний өмнөөс гарын үсэг зурсан байна. Манай компанийн тэмдэг мөн байна. 2015 оны 05 дугаар сарын орчим манай компани нь БНХАУ-ын Эрээн хотоос цахилгааны тоноглол импортлохоор болоод ачаа бараа оруулж ирэх үед нь тус компанийн нягтлан бодогч Н.Ц-д хэрэг болж магадгүй гэж бодоод 3-4 ширхэг тамга дарсан албан бичиг өгч байсан юм. Гэтэл Н.Ц нь М гэх хүнд гарын үсэггүй бланк өгсөн гэж байна лээ. Гэхдээ би энэ асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Г.М-г манай компанийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийх эрхтэй хүн биш гэж үзэж байна. Н.Ц нь манай компанийн нягтлан бөгөөд итгэлтэй хүн учраас хэдэн ширхэг тамгатай бланк өгчихсөн юм. Гэхдээ миний өмнөөс итгэмжлэл хийх өгөх эрхтэй хүн бол биш гэжээ. /1-р хх-ийн 154-155/

Гэрч Н.Ц дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хуулийн дагуу бол бусдад итгэмжлэл хийж өгөх эрхтэй албан тушаалтан биш байгаа юм. Гэхдээ компанийн тамгатай гарын үсэггүй итгэмжлэл нь над дээр байсан учраас Г.М гэх хүнд өгчихсөн юм. Тухайн үед бланк өгөхдөө захиралын гарын үсгийг нь орлоод зурчихаарай гээд хэлчихсэн юм. Энэ нь миний буруутай үйлдэл болж байна. Надад яг хэзээ ямар ачаа бараа оруулах гэж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ урьд өмнө нь утсаар ярихдаа би барилгын материал оруулж ирэхдээ танай бичиг баримтыг ашиглаж болох уу гэж асуухаар нь болно болно хэлж байсан юм. Би уг химийн бодисын талаар огт мэдэхгүй байна. Би тэр химийн бодисыг хэний ямар учиртай юм болохыг мэдэхгүй. Харин сүүлд тагнуулын байгууллага дээр дуудагдан очоод манай компанийн нэрээр химийн бодис оруулсан гэдгийг нь мэдсэн. Миний хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Би 2015 оны 08 дугаар сарын орчим Г.М-д 2-3 ширхэг захиралын гарын үсэггүй, тамга дарагдсан итгэмжлэлийн бланкийг өгч байсан юм. Гэхдээ би энэ хүнийг хууль бус зүйл улсын хилээр оруулж ирнэ гэж бодсонгүй. Энэ хүнийг ийм зүйл хийнэ гэж мэдсэн бол компанийн итгэмжлэлийг өгөхгүй байсан юм. М-д манай компанийн ачааг оруулж ирэхдээ ашиглаарай гэж өгсөн юм. Үүнээс биш ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 157/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өдөр орж гарч байгаа ачаа барааны манифестын орчуулга хийдэг бөгөөд хэзээ хэн гэдэг хүн орчуулуулсан талаар санахгүй байна. Гэхдээ уг манифест нь миний орчуулсан манифест мөн байна. Уг манифестэн дээр 2 төрлийн бараа байсан ба гипс 12 тонн, эмульс 10 тонн гэж бичигдсэн байсан. Ингээд би манифестыг орчуулаад өөрийн тамга тэмдгээр баталгаажуулаад өгөөд явуулсан байгаа. Би 2007-2008 онд БНХАУ-ын Шандунь мужийн жина хотын Шандунийн Их сургуулийг Хятад хэлний ангид суралцаж төгсөөд, 2009-2013 оны хооронд БНХАУ-ын Жилийн муж Чанчунь хот Жилийнийн их сургуулийг хил шинжлэл, Хятад хэлний орчуулагч багш мэргэжлээр төгссөн юм. Миний эмульс гэж орчуулсан үг нь будах, материал гэсэн 2 ханзнаас бүтэх бөгөөд ихэвчлэн эмульс нь будах түрхэх материал гэж бичигдэн орж ирдэг юм. Миний орчуулсан орчуулга зөв гэж бодож байна гэжээ. /1-р хх-ийн 159-160/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г ХХК-ний импортолж буй ачаа барааг шалгуулхаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М гэх залуу ирсэн. Тэгэхээр нь би машинаа тавцан дээр тавьсан уу гэж асуухад машины жолооч нь ирээгүй байна. Жаахан ачаа байгаа учраас та юу ч гэсэн очоод хардаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би цогцолборын баруун талд тавьсан байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг очоод хартал дээгүүр нь хучлагаар хучсан тэвштэйгээ тэнцүү намхан гэмээр ачаа байсан. Хучлагыг нь сөхөөд хартал цагаан өнгийн шуудайтай зүйлсүүд байхаар нь за за харлаа, тавцан дээр авааж тавиул, шалгана гэж хэлчихээд л яваад өгсөн. Тэгээд өрөө рүүгээ ороод байж байтал Замын-Үүд гаалийн газрын зөрчлийн байцаагч Э надтай уулзаад ... улсын дугаартай машин дээр ачигдсан ачаа багаагаа нягтлан шалгах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь Э болон тагнуулын байгууллагын 2 ажилтаны хамт машиныг тавцан дээр тавиулж шалгах үед 5 төрлийн бодис гэмээр зүйл гарч ирсэн ба М-н мэдүүлсэн 2 төрлийн бараа болох гипс, шохой зэрэг нь байхгүй байсан. Ингээд тухайн өдөр орой болсон учраас ачаан дээрхи бараануудын зургийг нь болон дээж авчихаад явсан. Ингээд маргааш өглөө нь машин дээр ачигдсан ачаа барааг гаалийн газрын агуулахад хурааж тавиад дахин дээж авч гаалийн төв лабораторид шинжилгээнд явуулсан юм. Тэгээд хуулийн байгууллагад шилжүүлэх бусад ажиллагааг гаалийн байцаагч Э мэдэж байгаа. Гипс, шохой гэж мэдүүлсэн юм. Мөн М-с ачаанд чинь хориглосон, хязгаарласан бараа байгаа юу гэж асуухад байхгүй гэж хариулсан гэжээ. /1-р хх-ийн 161-162/

Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тус компанид 2001 оноос хойш гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн хийж байгаа бөгөөд Замын-Үүд дэх гаалийн газрын АЗЦогцолбор дээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байтал тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан ба М гэх залуу ирээд бичиг баримт өгөөд гаалийн бүрдүүлэлт хийлгэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь аваад хартал Хятад улсын хамтарсан манифестэн дээр түүхий шохой, гипс гэж бичигдсэн байсан ба мэргэжлийн хяналтын бараа мэдүүлэх хуудас, машин дээр байсан гипс гэх цагаан өнгийн шуудайтай зүйлсийн зураг зэрэг байсан. Зургийг нь харчихаад энэ чинь гипс үү, түүхий шохой нь хаана байна гэж асуухад дээгүүр нь байгаа цагаан шуудайтай зүйлүүд нь гипс, доогуур нь түүхий шохой нь байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би БНХАУ-ын ачааны хамтарсан манифест манифестын орчуулга, хилийн мэргэжлийн хяналтын албаны бараа мэдүүлэх хуудас, гипс гэх зүйлийнх нь зургийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийсэн юм. Би М гэх залууг урьд өмнө нь огт харж байгаагүй гаалиар яваад байдаггүй залуу байна лээ. Надаас барааны нэр төрлийг өөрчлөөд өгөөч гэж гуйсан зүйл байхгүй. Тэгээд ч надад гипс, түүхий шохой байгаа гээд зургийг нь үзүүлж байсан юм. Би тэр хүний мэдүүлсэн барааг гарч үзээгүй. Яагаад гэхээр тэр залуу надад ачиж яваа барааны зураг болон бусад хангалттай бичиг баримтуудаа өгсөн юм гэжээ. /1-р хх-ийн 163-164/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би БНХАУ-ын Эрээн хотод бараа зуучлан Монгол улс руу бараа ачуулж өгдөг юм. Ямар хүмүүс надад ханддаг гэхээр Монгол хэл мэдэхгүй Хятад хүмүүс ихэвчлэн ирдэг. 2015 оны 11 сарын 01-ний өдөр нэг хятад хүн ирээд Монгол руу барилгын материал шохой, гипс гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь 250 юань аваад барааг нь ачих машин авч хөлслөөд Монгол руу явуулсан. Миний өгсөн машины жолоочийг М гэдэг залуу байсан. Би тухайн үед машины дугаар жолоочийн нэрийг асууж байсан боловч машины дугаар жолоочийн утсыг санахгүй байна. Би харвал таньдаг. Нэг хятад хүн байдаг юм. Тэр хүн надаас гуйгаад Монгол руу ачиж зөөх машин унаа олоод явуулж өгөөч би өөрөө Монгол руу гарна гэж байсан. Тэр өдрөөс хойш надтай огт таараагүй. Хэрэв таарвал та бүхэнд хэл дуулгана. Би М гэдэг залууг урьд нь таньдаг байсан учраас Эрээн хотын зээлийн гадна зогсоол дээр очтол М-тэй таарч 100,000 төгрөг өгөөд гаалийн бүрдүүлэлт хийж өгөөд хилээр гаргаад өгчих барилгын материал гэсэн гэж хэлээд явуулсан. Би тэр барааг нь нүдээр үзээгүй. Надаас гуйсан хятад л надад хэлэхдээ барилгын гипс шохой гэж хэлээд өгсөн гэжээ. /3-р хх-ийн 45-48/

Гэрч Ш.Ц дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 02-р сарын 03-ны өдөр цагдаагийн мөрдөгч Т.Э надад AUMAN маркийн ... улсын дугаартай чирэгч болон ... улсын дугаартай чиргүүлийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн үед битүүмжлэгдсэн талаар хэлж байсан тул энэ талаар бол мэдэж байна. Одоо тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаагүй миний эзэмшилд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9-р хороо хашаанд хөдөлгүүр нь эвдэрсэн, хөдөлгөөнгүй 1 жил гаран зогсож байна. Замын-Үүд суманд авчираад харж хамгаалах хүнгүй, хашаа байшин эзэнгүй байгаа тул би өөрийнхөө дэргэд буюу Улаанбаатар хотод байлгаж байна. 2015 оны 10-р сарын үед Х банкинд барьцаанд тавьж зээл авч 2018 оны хавар зээлээ төлж дууссан ба тухайн тээврийн хэрэгсэл банкинд ямарч хамааралгүй гэжээ. /3-р хх-ийн 123/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хх-ийн 1/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/

Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 86-107/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 108-111/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 118-124/

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 125-126/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 128-130/

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 132-135/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 136/

2015 оны 12 сарын 07-ны өдрийн 10428, 10717 дугаартай шинжээчийн дүгнэлт: /1-р хх-ийн 171/

Гаалийн төв лаборатори Итгэмжлэгдсэн лабораторийн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 0014746 дугаар сорилтын дүн /1-р хх-ийн

2016 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186-187/

2016 оны 02 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 211-213/

2016 оны 03 сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 217-219/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /3-р хх-ийн 113-118/

А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /3-р хх-ийн 125-132/

Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /3-р хх-ийн 135-137, 146/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 148/  зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Сум дундын прокурорын газрын хяналтын прокуроороос шүүгдэгч Г.М-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай чирэгч, ... улсын дугаартай чиргүүлтэй Ауман маркийн ачааны автомашинаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Hydrous Magnesium Calcium Silicate гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудайтай 9900 кг хэмжээтэй Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис, Calcium Carbonate гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудайтай 2000 кг олс хэлбэрийн бодис, Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг нунтаг бодис, Meionit гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг нунтаг хэлбэрийн Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис зэргийг Г ХХК-ний нэр дээр гипс, түүхий шохой гэж худал мэдүүлэн зөвшөөрөлгүйгээр импортолж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээч Д.С-н дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг бор шаргал өнгийн нунтаг бодис, Meionitе гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг бор саарал өнгийн нунтаг бодиснууд нь Монгол улсын ашигласан хязгааралсан болон хориглосон химийн хорт бодисод хамаарахгүй мөн хортой, аюултай бодисын жагсаалтад хамаарагдахгүй болох нь тогтоогдсон. Иймд дээрхи 3 төрлийн бодисуудыг химийн хорт болон аюултай бодис гэж үзэж зөвшөөрөлгүйгээр импортлох, тээвэрлсэн гэх үйлдэл холбогдолыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Г.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай чирэгч, ... улсын дугаартай чиргүүлтэй Ауман маркийн ачааны автомашинаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Hydrous Magnesium Calcium Silicate гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудайтай 9900 кг хэмжээтэй Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис, Calcium Carbonate гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудайтай 2000 кг олс хэлбэрийн Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис зэргийг Г ХХК-ний нэр дээр гипс, түүхий шохой гэж худал мэдүүлэн зөвшөөрөлгүйгээр импортолж, тээвэрлэсэн гэмт хэрэг гэм буруутай нь гэрч Т.Ш-н “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр боомт дээрх ажил дээрээ сууж байтал 28-30 орчим насны М гэж залуу ирээд “бүрдүүлэлт хийлгэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би барьж яваа бичиг баримтуудыг нь үзэхэд хятад улсын барааны гаалийн манифест, пүүний бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг байсан ба ямар ачаа байгаа талаар нь асуухад “гипс, замаска байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хятадын манифестын орчуулгыг нь шивээд эхэлж байтал хятадын манифестэн дээрх нэр төрөл, жин тонн зэрэг нь М гэх залуугийн мэдүүлж байгаатай нь зөрүүтэй байхаар нь би “гарч ачааг чинь хармаар байна, чиний мэдүүлж байгаа чинь бичиг баримттайгаа зөрүүтэй байна, би гаалийн байцаагч руу илгээхгүй” гэж хэлсэн. Гэтэл М гэгч нь цаашаа яваад өгсөн. Ингээд эргэж ирээгүй. “За за би бичиг баримтаа авчихъя” гэж хэлээд надаас бичиг баримтаа аваад яваад өгсөн. Ингээд өөр мэдүүлэгчээр хийлгэсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н “2015 оны 11 сарын 17-ны орой 17 цагийн орчим гаалийн улсын байцаагч Ж манай өрөөнд орж ирээд 2 уут нунтаг дээж барьчихсан “энийг ямар бодис болохыг нь үзээд өгөөч” гэж хэлсэн. Гэхдээ албан ёсоор дээж сорьц өгөх маягтаа үйлдээгүй байсан. Тэгэхээр нь би “та албан ёсоор шинжилгээнд өгөөгүй учир албан ёсны дүгнэлт гаргаж өгөхгүй шүү, гэхдээ та нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор шинжилгээ хийгээд ямар бодис болохыг нь албан бусаар тодорхойлоод өгьё” гэж хэлсэн. Ууттай зүйлсийг шинжилж үзэхэд 1 дээж нь асбестын төрлийн бодис илэрч байсан ба нөгөө бодис эрдсийн гаралтай шороо байсан учраас “энийг тодорхойлох боложмгүй” гэж хэлээд өгөөд явуулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.У-н “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г ХХК-ний импортлож буй ачаа барааг шалгуулахаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М гэх залуу ирсэн. Тэгэхээр нь би “машинаа тавцан дээр тавьсан уу” гэж асуухад “машины жолооч нь ирээгүй байна, жаахан ачаа байгаа учраас та юу ч гэсэн очоод хар даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цогцолборын баруун талд тавьсан байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг очоод хартал дээгүүр нь хучлагаар хучсан тэвштэйгээ тэнцүү намхан гэмээр ачаа байсан. Хучлагыг нь сөхөөд хартал цагаан өнгийн шуудайтай зүйлсүүд байхаар нь “за за харлаа, тавцан дээр аваачиж тавиул, шалгана” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд өрөө рүүгээ ороод байж байтал Замын-Үүд гаалийн газрын зөрчлийн байцаагч Э надтай уулзаад “... улсын дугаартай машин дээр ачигдсан ачаа бараагаа нягтлан шалгах хэрэгтэй шүү” гэж хэлсэн. ...Машиныг тавцан дээр тавиулж шалгах үед 5 төрлийн бодис гэмээр зүйл гарч ирсэн. М-н мэдүүлсэн 2 төрлийн бараа болох гипс, шохой зэрэг нь байхгүй байсан” гэх мэдүүлэг, Гаалийн төв лабораторийн 0014746 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 179/, Гаалийн төв лабораторийн 0017792 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 180/, шинжээчийн дүгнэлтээр 1.Hydrous Magnesium Calcium Silicate-Монгол улсад ашиглахыг хязгааралсан химийн хорт бодисын жагсаалтын 30-д хамаарагдна. 2.Meionite-Монгол улсад ашиглахыг хязгааралсан болон хориглосон химийн хорт бодисод хамаарагдахгүй. 3.Kaolinite-Монгол улсад ашиглахыг хязгааралсан болон хориглосон химийн хорт бодисод хамаарагдахгүй. 4.Meionite-Монгол улсад ашиглахыг хязгааралсан болон хориглосон химийн хорт бодисод хамаарагдахгүй. 5.Calcium Carbonate-шинжилгээгээр асбест гэж тодорхойлогдсон тул Монгол улсад ашиглахыг хязгааралсан химийн хорт бодисод хамаарагдана. Хүний эрүүл мэнд байгаль орчинд асар их хортой. /1-р хх-ийн 186-187/, шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.     

Шүүгдэгч Г.М-н дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Сум дундын прокурорын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна. Шүүгдэгч Г.М-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн, түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулах эрүүгийн хариуцлага нь 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулах  эрүүгийн хариуцлагаас бага, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуулчилсан.          

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хор уршиг, хохирол байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.    

Эд мөрийн баримтын хувьд:

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг бор шаргал өнгийн нунтаг бодис, Meionitе гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг бор саарал өнгийн нунтаг бодисууд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлд заасан химийн хорт болон аюултай бодисод хамаарахгүй байх тул эдгээр бодисийг шүүгдэгч Г.М-д буцаан олгож, харин Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис Hydrous Magnesium Calcium Silicate гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудайтай 9900 кг, Calcium Carbonate гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудайтай 2000 кг олс хэлбэрийн бодис зэргийг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгах нь зүйтэй юм.     

Шүүгдэгч Г.М нь ... улсын дугаартай чирэгч, ... улсын дугаартай чиргүүлтэй Ауман маркийн ачааны автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй тул тээврийн хэрэгсэлийг хураах, эсвэл түүний үнийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлаж эзэмшигч Ш.Цэдэнсодномд буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн 5 бодисын 3 нь буюу  Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг бор шаргал өнгийн нунтаг бодис, Meionitе гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг бор саарал өнгийн нунтаг бодисууд нь химийн хорт болон аюултай бодисод хамаарахгүй байх тул эдгээр бодисийг зөвшөөрөлгүйгээр импортлосон, тээвэрлэсэн гэх  үйлдэл холбогдлыг /2015/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М овогт Г.М-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр импортлох, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.М-д 1 жилийн хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2019 оны 12 сарын 05-ны 246, А/80 дугаартай захирамж, тушаалын 11.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Hydrous Magnesium Calcium Silicate гэсэн химийн нэршилтэй 220 ширхэг шуудайтай 9900 кг, Calcium Carbonate гэсэн химийн нэршилтэй 50 ширхэг шуудайтай 2000 кг олс хэлбэрийн бодис зэргийг зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, Meionite гэх нэршилтэй 20 ширхэг шуудайтай 1250 кг саарал өнгийн нунтаг бодис, Kaolinite гэх химийн нэршилтэй 88 ширхэг шуудайтай 3080 кг бор шаргал өнгийн нунтаг бодис, Meionitе гэх нэршилтэй 151 ширхэг шуудайтай 5285 кг бор саарал өнгийн нунтаг бодис зэргийг шүүгдэгч Г.М-д, ... улсын дугаартай чирэгч, ... улсын дугаартай чиргүүлтэй Ауман маркийн ачааны автомашины битүүмжлэлийг цуцлаж эзэмшигч Ш.Ц-д тус тус буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б