Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч  Л.С

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц.Г-д холбогдох эрүүгийн 1920002880163 тоот хэргийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Ц.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Х зочид буудалд М.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Х зочид буудалд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 сарын 16-ны өдөр манай эхнэр Л.Б 22 цагийн үед найзтайгаа караокед орчихоод ирье гээд явсан. Б гэртээ ирэхгүй гар утасаа унтраачихсан байхаар нь би шөнө 03 цагийн үед гэрээсээ гарч хайсан. Гадуур хайгаад олдохгүй болохоор нь юмыг яаж мэдэхэв гээд 05 цаг өнгөрч байхад “Х” зочид буудал руу очиж өрөөнүүдийн хаалгыг чагнасан. Тэгтэл 1 давхарын мухарын өрөөнд Б нэг эрэгтэй хүнтэй ярьж байгаа нь дуугаар нь танигдсан. Тэгээд хаалгыг нь нүдтэл онгойчихсон ба өрөөнд яваад ортол Б манай ажлын Т гээд залуутай хамт нэг орон дээр хэвтэж байсан. Миний уур хүрээд шууд Т-г орон дээр нь дарж аваад толгой нүүр лүү нь 2 гараараа ээлжилж цохиж зодсон. Үргэлжлүүлээд Б-н толгой нүр лүү нь мөн гараараа хэд хэд цохиж газар унагаад цээж рүү 1 удаа өшиглөсөн. Би эхнэрээ хардаж уурандаа Б-г зодон биед нь хүндэвтэр, мөн Т-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээж байна гэжээ. /хх-ийн 31-32/

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ үнэнээр нь мэдүүлсэн учир нэмж өгөх мэдүүлэг байхгүй гэв.

Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б караокед би ганцаараа суусан. Караокед танил Б, түүний найз 1 эмэгтэйтэй таарсан. Бас П гээд таньдаг залуутай таарсан. Караоке хаах болоход бид 4 хамтдаа гарч “Х” зочид буудалд очиж өрөө авч орсон. Унтахаасаа өмнө буудлаас гэр лүүгээ явах санаатай гараад такси хайсан боловч олдоогүй буцаад буудалдаа орсон. Намайг эргээд ороод ирэхэд П, Б-н найз эмэгтэй 2 явчихсан байсан. Нэг сэртэл намайг Б-н нөхөр Г намайг орон дээр хэвтэж байхад нүүр лүү цохиод зодож байсан. Хажууд Б байсан. Тэгтэл удаагүй эмнэлгээс хүн ирээд намайг аваад явсан. Цагдаа бас ирчихсэн Г, Б 2-ыг аваад явсан. Г намайг зодож байхад би бандааштайгаа байсан. Г намайг эхнэртэйгээ хардаж зодсон байх. Миний зүүн шанаа хавдаж, зүүн нүд хөхөрсөн байна. Толгой орой хэсэгтээ шалбарсан байна. Гомдоод байх юм алга. Айлын эхнэртэй хамт архи уугаад суудаг нь миний буруу. Тэр тусмаа буудалд. Г-д гаргах гомдол байхгүй, Г-с нэхэмжлэх зүйл алга гэжээ. /хх-ийн 03-05/

Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 сарын 16-ны өдөр 22 цагийн үед Б караокед найз М-н хамт орсон. Бид хоёр хүний 2,2 лаазтай пиво захиалж уусан. Караокед хамт ажилладаг Т, П нартай таарсан ба тусдаа сууцгааж байгаад караоке хаах болоход бөөнөөр гарсан. Ингээд М, Т, П бид 4 нийлээд “Х” зочид буудал руу очиж өрөө авсан. Караокеноос 1 шил 0,75 гр-ын Хар экс архи авсан байснаа уух гэж л буудалд очсон. Бөөнөөрөө ярьж байгаад л буудалд ороод архиа уучихъя гэж тохирсон. Буудалд ороход 01 цаг өнгөрчихсөн байсан байх. Бид 4 юм ярингаа архинаас нэг нэг татсан. Тэгээд удаагүй П, М 2 ар араасаа гараад явсан. Т бид 2 өрөөндөө үлдээд архиад архинаасаа нэг нэг татсан. Тэгээд Т намайг хүргэж өгнө, такси олоод ирье гэж гараад удаагүй буцаад ирсэн. Такси олдохгүй байна гээд орж ирсэн. Би орон дээр хувцастайгаа хэвтэж байгаад тэр чигтээ унтчихсан байна лээ. Т орны нөгөө талд хувцасаа тайлаад унтсан байсан. Үүрээр 05 цаг өнгөрч байхад буудлын хаалгыг нүдсээр манай нөхөр Г орж ирсэн. Орж ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа цохиод, газар унагаад үснээс зулгаагаад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Т сэрээд босоод ирсэн ба Г Т-г орон дээр дээш нь харуулж хэвтүүлж байгаад нүүр, толгой руу нь нилээн олон удаа давтан давтан цохиод байсан гэжээ. /хх-ийн 07-09/   

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/

Шинжээчийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 04/54 дугаартай дүгнэлт: 1. М.Т-н зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15/

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/

Шинжээчийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 04/56 дугаартай дүгнэлт: 1. Л.Б-н цээжний баруун талд 5,6-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, духны зүүн талаар цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус  хуралт, хүзүүний урд хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн цээжний баруун талд 5,6-р хавирганы зөрүүтэй хугарал нь “Гэмлтийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, духны зүүн талаар цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус  хуралт, хүзүүний урд хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүд  дан дангаараа болон нийлээд “Гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 19/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 25-30/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, цалингийн тодорхойлолт  /хх-ийн 33-40, 46-48/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-55/

Шүүгдэгч Ц.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт, прокурорын 5/25 дугаартай тогтоол /хх-ийн 57-58/

Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 63-64/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Х зочид буудалд хохирогч М.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Т, Л.Б  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлэгүүд /хх-ийн 3-5, 7-9/, шүүх эмнэлгийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 04/54 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Т-т хөнгөн гэмтэл, 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 04/56 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Б-д хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан /хх-ийн 15, 19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулсан байна. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г-н үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Ц.Г нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Г-н дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд торгуулын ялыг оногдуулж, оногдуулсан торгуулын ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж зааснаар нийт эдлэх ялыг тогтоов.  Шүүгдэгч нь сард 700,000 төгрөгийн цалинтай болох нь түүний цалингийн тодорхойлолтоор /хх-ийн 46/ нотлогдох боловч 400,000 төгрөгийг нь сар бүр банкинд зээл төлдөг гэх түүний мэдүүлгийг харгалзан үзэж оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Г овогт Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б