| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0004/Э/ |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох 1916003170153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц овогт Д-н Г.
Шүүгдэгч Д.Г-н 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвд Сэрхийн 0-0 тоот хашааны урд талд 0-0 УНХ улсын дугаартай Toyota Land cruiser-200 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын тохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч 5 настай Ж.Х-г мөргөж, түүний биед зүүн чамархай ясны хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар яс, нүдний ухархайн доод хананы хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн шагайд цус хуралт, баруун шагайд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэрэг болдог орой манай хүргэний бүл Н, хотоос ирсэн залуу О хоёртой таарсан. Тэр 2 намайг талын хороолол руу хүргээд өг гэсэн. Би тэр 2-г машиндаа суулгаад иргэсэн. Миний урдаас 2 машин гэрлээ асаагаад зогсож байсан. Би тухайн үед юу ч бодоогүй, хүүхэд гараад ирнэ гэсэн бодолгүй явж байсан. Гэтэл гэнэт хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би ямар ч тоормоз гишгэх боломжгүй байсан тул жолоогоо хажуу тийш нь дарсан. Тэгээд зогсоод буугаад ирэхэд хүүхэд унасан байсан. Тэгээд би хүүхдийг тэвэрч яваад эмнэлэгт хүргэсэн. Анхан шатны тусламж үзүүлсэнээс хойш аймаг дээр 10 гаруй хоног хажууд нь сахьсан. Тэгээд хүүхдийн биеийн байдал сайжирахаар нь хот руу дагуулж явж эмчлүүлээд ирсэн одоо хүүхдийн бие сайн болсон ....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед хөдөө гэртээ байж байхад сумын төв дээрээс Га ах ирээд сумын төвд танай хүү Х-г машин мөргөчихлөө гэж хэлэхээр нь Га ахын хамт сумын төв орсон ... Ээж С нь хажууд нь байсан ба би юу болсон, яасан бэ гэхэд харанхуй болж байхад манай сумын Г Ц-н хашаанаас өөрийнхөө ланд-200 маркын машиныг унаж гарч ирээд гудамжинд цувраад гэрлээ асаагаад зогсож байсан хоёр машины хажуугаар зөрж өнгөрөхөд хоёр машины дундуур хүүхэд гүйж гарч ирээд машинд мөргүүлсэн гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ21-23/,
Гэрч И.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Портер машин ар талд зогсож байсан чинь гудамжны доод талаас нэг хашаанаас машин гарч ирж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй "түс" гэх чимээ гараад би тойроод гараад ирсэн чинь миний хүүг А тэврээд суучихсан чихнээс нь цус гарчихсан байсан. Тэгээд шууд эмнэлэг
дээр авчирсан. Тэр үед цагаан өнгийн Ланд-200 маркын машинтай хүн миний хүүг мөргөж унагаачихаад өнгөрч явж байгаад ухраад ирсэн. Тэгээд машинаас 3 хүн бууж ирээд, жолооч нь Г байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч П.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... хашаанаас гараад баруун тийшээ эргээд хөдлөөд явсан. Өмнө хоёр машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Тэгээд тэр хоёр машины хажуугаар гарах гэтэл Г хүүхэд шүргэчихлээ гээд зогсоод буугаад явсан. Тэгээд буугаад хүүхдийн хажууд очиход Г ах хүүхдийг тэврээд эмнэлэг рүү алахсан ... Г ах унаж явсан. Би машины хойд суудал дээр, Н ах буруу талын урд талд сууж явсан… Цагаан өнгийн Ланд-200 маркын тээврийн хэрэгсэл байсан бөгөөд улсын дугаарыг нь мэдэхгүй байна ... Г ах тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/,
Гэрч Э.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Машинаа чирээд хөдлөөд удалгүй асчихсан юм. Нэг их хол яваагүй. Тэгээд би буугаад чирч байсан холбоосоо салгаж байсан чинь зүүн талаас нэг хашаанаас машин гарч ирж байгаа нь харагдсан. Тэр үед гадаа харанхуй байсан учир машины гэрэл ирж байгаа нь харагдаж байсан. Тухайн үед миний машинд сууж байсан Х машинаас бууж ирчихсэн тухайн машины урдуур харайгаад зөв талын урд хэсэгт мөргүүлээд унаж байгааг би харсан. Яг хаагуур гарч ирээд гүйснийг нь хараагүй юм. Тэгээд мөргүүлээд унахаар нь би очоод газраас тэврээд авсан чинь чихнээс нь цус гоожоод байсан Би хүүхдийг тэвэрч байхад Г ирээд надаас хүүхдийг аваад би эмч дуудахаар явсан. Г ах хүүхдийг тэврээд эмнэлэг рүү явсан юм ... Зогсоох арга хэмжээ аваагүй байх, өнгөрч нилээн явсны дараа зогсож байсан … Гадаа харанхуй болчихсон байсан. Тухайн үед миний хоёр машины гэрлүүд асаалттай байсан юм. Тухайн осол болсон 2 гудамж их нарийхан гудамж байгаа юм..." гэсэн мэдүүлэг /ХХ34-36/
Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “... Х замын урд талаасаа хойшоогоо гүйсэн. Тэр үед ээж нь хүүдээ хандан хүүе цаанаас чинь машин ирж байна дайруулчихваа гэж хэлж байсан чинь хүүхэд зүүн талаас ирж байгаа машины урдуур нь гүйгээд мөргүүлсэн байсан ... Тэгээд осол болсны дараа хүүхдийн мөргүүлсэн газар А түрүүлж очоод авч байсан. Тэгсэн чинь чих хамарнаас нь цус гоожиж байсан ... Г ах Ланд-200 маркын машинаас юу дайрчихваа гэж хэлээд буугаад ирсэн. Тэгэхэд Са эгч хүүхэд дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь ямар ч байсан эмнэлэгт хүргэе гээд хүүхдийг Г ах тэврээд хажуухан талд нь ойрхон эмнэлэг байсан тул аваад явсан ... Зогсоох арга хэмжээ аваагүй байх, хүүхдийг мөргөөд өнгөрч нилээн явсны дараа зогсож байсан... Гадаа харанхуй болчихсон байсан. Тухайн үед манай 2 машины гэрлүүд асаалттай байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ37-39/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 310 дугаартай “... 1. Ж.Х-н биед зүүн чамархай ясны далд хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар яс, нүдний ухархайн доод хананы хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн шагайд цус хуралт, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ41-42/,
Шинжээч, цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “... НЭГ: Жолооч Д овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг, 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг,
Явган зорчигч Ж овогтой Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав: Явган зорчигчийн үүрэг. 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: 5.12 д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтыг, насанд хүрээгүй Ж.Х-н ээж явган зорчигч И овогтой С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5. явган зорчигч нь 10 хүртлэх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.
ХОЁР: Замын хөдөлгөөнд оролцогч Д овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 18.3 дахь заалтыг, Замын хөдөлгөөнд оролцогч Жж овогтой Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12, явган зорчигч И овогтой С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг осол болсон байна.
ГУРАВ: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно..” гэсэн ослын дүгнэлт /ХХ47/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ4/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ5-6/, хэрэгт ирсэн CD дээрх хэргийн газрын үзлэгийн бичлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвд Сэрхийн 0-0 тоот хашааны урд 0-0 УНХ улсын дугаартай Тоёота ланд крузер-200 /Toyota Land cruiser-200/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзлэж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч 5 настай Ж.Х-г мөргөж, түүний биед зүүн чамархай ясны хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар яс, нүдний ухархайн доод хананы хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн шагайд цус хуралт, баруун шагайд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Г-н үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг түүнчлэн шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жил 2 сарын хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээ сувилгаанаас шалтгаалах талаар шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан түүнчлэн хохирогч бүрэн эдгэрсэн гэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул хэдийгээр иргэний нэхэмжлэл гаргаагүй ч гэсэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь хохирог, түүний хууль ёсны төлөөлөгч нарын эрх, ашиг сонирхолд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-н №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг баримтлан тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.Г-д авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-д сануулсугай.
5. Цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Ж.Х болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ж нарын эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Г-н №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА