Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 611

 

 

Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, М.Билэгжаргал,

Г.Номин нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 586 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10 тоот эсэргүүцлээр, Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, М.Билэгжаргал, Г.Номин нарт холбогдох эрүүгийн 201626012336 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.   Боржигон овогт Баярсайханы Шура, 1993 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хишиг монгол” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 26 тоотод
оршин суух,

2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 381А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 cap 9 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

2.   Цогтынхон овогт Жаргалсайханы Мөнх-Эрдэнэ.1994 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Цэцэн уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 265 тоотод оршин
суух, ял шийтгэлгүй, /РД:ИТ94060511/,

3. Олонх овогт Амарбаярын Амардөлгөөн, 1997 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, өвөө, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 347 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙУП97042150/,

4. Монгол овогт Мөнхбатын Билэгжаргал, 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн компьютер программ хангамжийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 262 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП96081954/,

5. Лэгцэг овогт Галбадрахын Номин, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арьсан эдлэлийн зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 258 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ93112304/,

Б.Шура нь урьд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар орцны орчим 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихдөө Б.Билэгжаргалын хоолойг гар утасны чихэвчийг зэвсгийн чанартай хэрэглэн боож, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж танхайрсан,

Ж.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар орцны орчим Д.Энхбаярыг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр нүд рүү нь өшиглөж зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний зовхи, алимны салстанд цус хуралт бүхий бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

А.Амардөлгөөн нь согтуугаар Б.Билэгжаргалтай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар орцны орчимд Б.Шураг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр газар унаган зодож дух, зүүн хөмсөг, шанаа, зүүн эрүү, эрүүнд зулгаралт, эрүү, зүүн зулайд шарх бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан,

Б.Билэгжаргал нь А.Амардөлгөөнтэй бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар орцны орчим Б.Шураг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр газар унаган зодож дух, зүүн хөмсөг, шанаа, зүүн эрүү, эрүүнд зулгаралт, эрүү, зүүн зулайд шарх бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан,

Г.Номин нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 102 тоот өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би ямар нэгэн зүйл хараагүй, манай найзууд цаана саарал үстэй залуугийн ойролцоо байсан болохоор би өөр зүйл анзаараагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдэд холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Шурад холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ж.Мөнх-Эрдэнэд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, А.Амардөлгөөн, Б.Билэгжаргал нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Г.Номинд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй.

Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй тул Б.Шура нарт холбогдох 201626012336 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, Б.Билэгжаргал, Г.Номин нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 586 дугаар захирамжийн удиртгал хэсэгт “...201626012346...” гэснийг, “201626012336...“ гэж, “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 16-ны...”, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг, “...99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 254 дүгээр зүйлийн 254.1-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг, “...Б.Шура нарыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 586 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн удиртгал хэсэгт эрүүгийн 201626012336 дугаартай хэргийг 201626012346 дугаартай хэрэг гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн захирамжийн тодорхойлох хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1.     Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2.    Прокурорын газраас яллагдагч Б.Шураг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, яллагдагч А.Амардөлгөөн, Б.Билэгжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, яллагдагч Б.Номинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3.    Яллагдагч нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан
шатны шүүх Б.Шура нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт
дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.   

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх эрүүгийн 201626012336 дугаартай хэргийг 201626012346 дугаартай хэрэг гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж бичигдсэн. Яллагдагч Б.Шураг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, яллагдагч Ж.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, яллагдагч А.Амардөлгөөн, Б.Билэгжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, яллагдагч Б.Номинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичиж, Б.Шура нарт холбогдох хэргийг Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийж буцаасан буруу байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4 дэх хэсэгт заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 586 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, Б.Билэгжаргал, Г.Номин нарт холбогдох эрүүгийн хэргийн дугаар, шүүхэд хэрэг хүлээн авсан огноо, яллагдагч нарын овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй (...201626012346, ...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, ...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ...Э.Мэндсайханыг) бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаархи эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 586 дугаар шүүгчийн захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 586 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

“...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 16-ны...” гэж,

“...201626012346...” гэснийг, “...201626012336...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...181 дүгээр зүйлийн 181.3, 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, М.Билэгжаргал, Г.Номин нарыг...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Шура, Ж.Мөнх-Эрдэнэ, А.Амардөлгөөн, М.Билэгжаргал, Г.Номин авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН