Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0081/З |
Дугаар | 221/МА2020/0645 |
Огноо | 2020-12-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2020/0645
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 545 дугаар шийдвэрээр:
“Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан хариуцагч Үндэсний хөгжлийн газрын концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, концессын шууд гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б давж заалдах гомдолдоо:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх хэсгийг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ийг баталсан. Уг жагсаалтын 44 дэх хэсэгт “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх” концессын зүйлийг тусгасан ба энэ концессыг Концессын тухай хуульд заасны дагуу “Уралдаант шалгаруулалт”-ын аргыг хэрэглэж олгохоор заасан.
Харин Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолоор тус жагсаалтад 441 дэх хэсэг буюу “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг Концессын зураг төсөл боловсруулах, барих, өмчлөх, ашиглах төрлөөр хэрэгжүүлэхээр нэмсэн бөгөөд энэхүү концессын зүйлийг Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар “шууд гэрээ байгуулах” аргаар олгож болохоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгасан.
Үндэсний хөгжлийн газрын зүгээс чиг үүргийнхээ хүрээнд эхний ээлжинд Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 44 дэх хэсэгт тусгагдсан концессын зүйлийг хэрэгжүүлэхээр “Концессын уралдаант шалгаруулалт” зарласан бөгөөд уг шалгаруулалтад “Э” ХХК нь оролцсон боловч “шалгараагүй” болно. Харин “Э” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 88 албан бичгээр Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 441 дэх хэсэгт заасан концессын зүйлийн хүрээнд шууд гэрээ байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд манай зүгээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 дугаар албан бичгээр “Төрийн өмчийн концессын зүйлийн 44 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж, сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тул зохих байгууллагатай шууд гэрээний хэлэлцээр хийж байгаа тухай” хариуг хүргүүлсэн байдаг.
Гэтэл “Э” ХХК нь дээрх хариуг “Шууд гэрээ байгуулах”-аас татгалзсан үйлдэл гэж үзээд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болгож, шууд гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тусгасан.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” ба мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “...гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан дээд шатны захиргааны байгууллагад... гаргана” гэж, 93.2-т “дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус ойлгомжтой байдлаар зохицуулж өгсөн.
Мөн Концессын харилцааг зохицуулсан тусгайлсан хууль болох Концессын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Концесс олгох ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн ажиллагаа явагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж хуульчилсан.
Иймд “Э” ХХК нь манай байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 албан хариуг “шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл гэж үзээд, үүнийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд Концессын тухай хуулийн дагуу захиргааны акт гаргасан Үндэсний хөгжлийн газарт, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Концессын асуудлыг эрхэлсэн сайд болох /тухайн үеийнхээр/ Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргах ёстой байсан боловч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-д зааснаар “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх боломжтой байсан, Концессын тухай хуульд заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагыг хангаагүй” байх тул шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн хууль үндэслэлтэй байсан.
Гэвч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй, хуулийн холбогдох заалтуудыг үл ойшоож, ач холбогдолгүй шийдвэр гаргасан.
Хоёр. Хариуцагчид “шууд гэрээ байгуулах” эрх олгогдоогүй тухайд:
Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох” эрх нь Монгол Улсын засгийн газрын эрх хэмжээнд хамаарч байхаар тусгасан тул Үндэсний хөгжлийн газар буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Концессын тухай хуульд заасан аргаар буюу уралдаант шалгаруулалт болоод шууд гэрээ байгуулах аргыг хэрэгжүүлэх замаар концесс эзэмшигчийг шалгаруулж, дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлэн, шийдвэрлүүлдэг.
Ингэхдээ Засгийн газар нь ямар концессын зүйлийг ямар хуулийн этгээдэд олгох болоод тус хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг тухайлан даалгаж шийдвэрлэдэг. /Шууд гэрээ байгуулах аргаар шалгаруулж, концессыг олгох шийдвэр гаргасан ижил төсөөтэй концессын Засгийн газрын эрх олгож, гэрээ байгуулахыг даалгасан шийдвэрийг шүүхэд хавсаргаж өгсөн/
Харин Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д 441 дэх хэсэг буюу “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нэмэхдээ тогтоолд зөвхөн концессын зүйлийн төрөл болоод концессыг олгох арга /“шууд гэрээ байгуулах” гэж/ тусгаж өгсөн ба харин концессын хэзээ хэрэгжүүлэх, хэнд шууд гэрээ байгуулах аргаар олгох талаар тусгаагүй.
Иймд концессыг хэнд олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулахыг даалгах эрх бүхий этгээд болох Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээнд хамаарах асуудлыг буюу Үндэсний хөгжлийн газарт хуулийн хүрээнд зохих зөвшөөрөл нь олгогдоогүй байхад болон концесс эзэмшигчийг шалгаруулах арга нь “шууд гэрээ байгуулах арга” гэснийг “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрх олгогдсон байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Гурав. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “шууд гэрээ байгуулах”-ыг даалгах эрх хэмжээ байхгүй тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан байдаг тул захиргааны гэрээ эсхүл иргэний гэрээний аль нь байхаас үл шалтгаалан “тэгш эрхийн үндсэн дээр” байгуулагдах бөгөөд гэрээ байгуулах эсэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх хэсгийг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0545 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолын хавсралтын 44-д Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх концессын зүйлийг “уралдаант шалгаруулалт явуулах”-аар, улмаар Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 486 дугаар тогтоолоор хавсралтын 441-д Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл бүхий концессын зүйлийг “шууд гэрээ байгуулах” гэж тэмдэглэн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төсвийн тухай хуулийн 33.2.9-д зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийг батлахыг Засгийн газар хэрэгжүүлнэ” гэж тус тус заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас дээрх тогтоолын хавсралтын 441-д зааснаар шууд гэрээ байгуулахаар хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар албан бичгээр санал хүргүүлсэнд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 тоот албан бичгээр уг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдтэй концессын шууд гэрээний хэлэлцээрийг хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэх хариу ирүүлсэн нь хэрэгжүүлэх шууд гэрээ байгуулах эрх олгохгүй зориуд удаашруулж, шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл гаргаж байна гэж үзэн “Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Үүнд анхан шатны шүүх “...Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу “...Концессыг санаачлагч нь “Э” ХХК байх тул концессын шууд гэрээ байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно.” гэж зааснаар Засгийн газар эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн шууд концессийн гэрээ байгуулах зөвшөөрлийг олгох бөгөөд хариуцагч Үндэсний хөгжлийн газарт Засгийн газрын тогтоолгүйгээр шууд гэрээ байгуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь Концессын тухай хуульд заасанчлан шууд гэрээ байгуулахтай холбоотой баримтыг бүрдүүлсэн, Оюуны өмчийн газрын гэрчилгээгээр баталгаажсан “Улаанбаатар хотод хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл” нэртэй зохиогчийн эрхийн өмчлөгч бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Эрчим хүчний яам, Аж үйлдвэрийн яам/хуучин нэрээр/, Нийслэлийн засаг дарга болон холбогдох салбарын сайдууд тус тус дэмжсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох” гэж заасанчлан Засгийн газар нь концессын гэрээг нэр бүхий этгээдтэй байгуулах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгох бөгөөд концесс олгох, гэрээ байгуулах эрх олгосон Засгийн газрын аливаа шийдвэр, тогтоол хэрэгт авагдаагүй буюу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр боловч Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 441-д заасан концессийн зүйлд шууд гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг зааж тогтоогоогүй ба Засгийн газраас нэхэмжлэгч “Э” ХХК-д концесс олгосон шийдвэр гараагүй болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын буруутай шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах бөгөөд захиргааны байгууллагад эс үйлдэхүй гаргасан хууль бус үйлдэл байхгүй тохиолдолд гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Засгийн газрын 486 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу бид одоо концессыг хэрэгжүүлэгчийн талаар судалгаа хийж, дүгнэлт гарган Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг шүүх хүлээн авах нь зүйтэй болно.
Иймд хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл бүхий концессийн зүйлд Засгийн газрын тогтоол гараагүй, гэрээ байгуулах эрх олгогдоогүй буюу шууд концессийн гэрээ байгуулах бүрэн эрхгүй байхад гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргуулахтай холбооотой гомдлын тухайд Концессийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Концесс олгох ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн ажиллагаа явагдсанаас хойш ажлын арван өдрийн дотор эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасанчлан дээрх маргааны тухайд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэгэнт концесс олгох ажиллагаатай холбогдсон маргаан биш, гэрээний талуудын эрх үүрэг үүсээгүй нөхцөлд заавал дээд шатны байгууллагад гомдол гаргахаар тусгайлан хуульчлаагүй, энэ талаар дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 582 дугаар хүчин төгөлдөр тогтоол байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн уг эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргахад Монгол Улсын Засгийн газарт урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй байсан гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА