Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1958

 

   

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00779 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Фар ийст азиа коул майнинг” ХХК-д холбогдох

           

Худалдах-худалдан авах гэрээний дагуу 316 480 ам.доллар буюу 631 539 005 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргалаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь "Фар ийст азиа коул майнинг" ХХК-тай "Өнт-Өнгөт" ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр булагийн ордноос олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгох, 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө ордыг олборлолтонд хүргээгүй тохиолдолд хариуцагч нь 3%-ийн рояалтигийн оронд cap болгон 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж талууд харилцан тохиролцон 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 2.2-ийн с-д "ордоос олборлогдсон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдсан нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгож байхаар худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. Худалдан авагч тал улирал болгоны сүүлийн өдөр тухайн улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3%-ийн рояалтиг олгох болно" гээд тус гэрээний 2.2-ийн е-д "Хэрэв 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд худалдан авагч тал Хөөвөр булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд cap болгон 10 000 ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно" гэжээ. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн 4 дэх заалтаар гэрээний 2.2-ийн е-д заагдсан "олборлолт" гэдэг үгийг “талууд нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцлийг хэлнэ” гэж ойлголцож байна хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу cap болгон шилжүүлэх ёстой 10 000 ам.доллар төлөөгүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 240 000 ам.доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2-ийн g-д "Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.1 %-ийн алданги тооцож худалдагч талд олгох болно" гэсэн заалтын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 240 000 ам.доллар хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 84 140 ам.долларыг хариуцан төлөх үүрэг бий болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн төлөх ёстой нийт алданги 76 480 ам.доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний 2.2.е, g-д заасан үүрэг болох 240 000 ам.доллар буюу 478 922 400 төгрөг, алданги 76 480 ам.доллар буюу 152 616 605 төгрөг нийт 316 480 ам.доллар буюу 631 539 005 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 1995.51 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Фар ийст азиа коул майнинг" ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Ж.Майзоригоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 152 616 605 төгрөгийн алданги гаргуулах шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Өнт-Өнгөт” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500 000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба гэрээний төлбөрийн асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэрээний 2.2.с хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ордоос олборлосон нүүрсийг худалдсан, үйлдвэрлэснээс олох орлогын 3 хувьтай тэнцэх рояалти авах эрхтэй. Гэрээний 2.2.d-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс аливаа санхүүжилт шаардахгүйгээр ордыг
ашиглалтад оруулахад шаардлагатай хайгуулын ажлыг бүрэн санхүүжүүлэх үүрэг  хүлээсэн нэхэмжлэгч гэрээний 2.2.с-д заасан 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл юм. Гэрээний 2.2.е-д заасанчлан хэрэв хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уурхайгаас олборлолт эхлээгүй бол нэхэмжлэгчид сар бүр 10 000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.2.f хэсэгт заасанчлан нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх эхний хэсэгчилсэн төлбөрөөс “Өнт-Өнгөт” ХХК-ийн өр төлбөрийг төлж барагдуулах бөгөөд 2011 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө “Өнт-Өнгөт” ХХК-иас 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болон хуулийн фирмээс баталгаа авах үүргийг тус тус хүлээсэн.

...Нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2.е хэсгээр "хариуцагч 3 хувийн рояалтигийн оронд cap болгон 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн" гэдэг нь үндэслэлгүй, уг хэсэг нь гэрээний 2.2.с-д заасан үүргийг дуусгавар болгох, солиход чиглэсэн агуулгагүй. Хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний 2.2.с-д заасан үүрэг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба уурхайгаас олборлолт явуулсан тохиолдолд нэхэмжлэгч рояалтийн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг үүгээр баталж байна. Гэрээний 2.2.g хэсэг нь хариуцагч гэрээний 2.2.а, 2.2.ь-д заасан гэрээний үнийн хэсэгчилсэн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан анзын нэг төрөл болох алданги нь гэрээний Англи эхэд заасанчлан хэсэгчилсэн төлбөрт хамаарна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2.е-д заасан торгуульд тооцон нийт 478 922 400 төгрөг нэхэмжилсэн нь илт өндөр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнэ буюу Хөөвөр булагийн ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Өнт-Өнгөт” ХХК-ийн бүх хувьцаа 500 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол нийт 997 755 000 төгрөгийн үнийн дүн бүхий компанийн эзэмшиж байгаа Хөөвөр булагийн ордоос 3 хувийн рояалти авах асуудал. Гэтэл энэхүү 3 хувийг олгохтой холбоотой үүргээ гүйцэтгээгүйн төлөө төлөх торгуулийн хэмжээ нь анхны гэрээний нийт үнийн дүнгийн 48 хувьтай тэнцүү байгаа нь бодит байдалд нийцээгүй. Үүрэг гүйцэтгээгүйн төлөө cap бүр төлөх 10 000 ам.долларын торгууль нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэж байгаа нь илт өндөр байгааг нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй тул торгуулийн хэмжээг бодитойгоор тогтоосон эсэх эргэлзээтэй, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн нийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Маргаанд хамаарах үндсэн асуудал нь нэхэмжлэгчийн 3 хувийн рояалтийн эрхээ хэрэгжүүлж чадаагүйтэй шууд холбоотой, уг эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлээгүйн төлөө хариуцагчид ногдох торгуулийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа утгаараа гэрээний 2.2.е-д заасан торгуулийн хэмжээ хуулийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход гүйцэтгээгүй үүрэг нь юу болох, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэд вэ гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч энэхүү үүргийн үнийн дүнг гэрээний анхны дүнгээс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь хэргийн дараах бодит нөхцөл байдалд тулгуурлан хуулийн дээрх заалтаар анзын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд: Талууд 2011 оны 7 дугаар сард гэрээ байгуулснаас хойш буюу 2012-2015 онуудад эдийн засгийн өсөлт эрс удааширч хүндрэл бэрхшээл бий болсон. Гэрээ байгуулснаас хойш нөхцөл байдал ийм болсон ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Хөөвөр булагийн ордоос олборлолт ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрийн хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч гэрээний 2.2.д, 2.2.е заалтыг буруу ойлгосноос нийт 152 616 605 төгрөгийн алданги үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги нь гэрээний 2.2.е-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10 000 ам.доллар төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Фар ийст азиа коул майнинг" ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу 200 000 ам.доллар буюу 399 102 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хурган овогтой Бямбын Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116 480 ам.доллар буюу 232 437 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 315 645 төгрөгийг   улсын  орлогод  хэвээр  үлдээж,  хариуцагчаас  улсын  тэмдэгтийн хураамжид 2 153 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөч Р.Батрагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Зохигчдын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээг "Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн байх тул хучин төгөлдөр байна" гэж зөв тодорхойлсон хэрнээ "талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.е заалтын агуулгаас дүгнэхэд ордыг олборлолтонд хүргээгүй тохиолдолд cap бүр хариуцлага тооцохоор заасныг торгууль гэж үзэхээр байна" гэж талуудын хооронд тохирсон тохиролцоог буруу дүгнэсэн. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2(c), 2.2(e)-д зааснаар Хөөвөр булагийн ордыг 2013 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олборлолтонд хүргэж, борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти нэхэмжлэгчид олгох, хэрэв ордыг 2013 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олборлолтонд хүргэж чадаагүй бол 2014 оны 01 дүгээр сараас эхлэн cap бүр нэхэмжлэгчид 10 000 ам.долларыг шилжүүлж байх мөнгөн төлбөрийн үүрэг хүлээхээр зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ тохиролцоог баталгаажуулсан хариуцагчаас нэхэмжлэгчид ирүүлсэн албан тоот /хх-13/ нь Хөөвөр булагийн ордыг 2013 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олборлолтонд  хүргэх,  хэрэв  тогтоосон хугацаанд олборлолтонд хүргээгүй бол cap бүр 10 000 ам.долларыг шилжүүлж байх мөнгөн төлбөрийн үүрэг хүлээх, түүнчлэн мөнгөн төлбөрийн үүргийг хойшлуулсан тохиолдолд 2.2(g)-д зааснаар /хх-7/ алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээ байгуулсныг нотолж байна. Түүнчлэн анз /торгууль, алданги/ нь үндсэн үүрэг дээр нэмэгдэж хэрэглэгддэг нэмэлт үүрэг бөгөөд анзыг дангаар нь хэрэглэдэггүй заавал үндсэн үүрэгтэй хамт хэрэглэдэг. Харин шүүхээс 10 000 ам.долларын мөнгөн төлбөрийн үүргийг торгууль гэж үзэж байгаа бол үндсэн үүрэг болох 3%-ийн рояалтиг бас давхар шийдвэрлэх ёстой байсан. Иймд талуудын гэрээгээр тохиролцсон 10 000 ам.долларын мөнгөн төлбөрийн үүргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсэгт заасан анз буюу торгууль гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд тохиролцсон тохиролцоо буюу мөнгөн төлбөрийн үндсэн үүрэг.

          2. Шүүх нэхэмжлэл үнийн дүнгээс 116 480 ам.доллар буюу 232 437 005 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр орд ашиглах эрх буюу Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш "ордыг олборлолтонд хүргэхэд Монгол улсад хөрөнгө оруулалт багассан, зах зээл дээр нүүрсний уналт, улс орны эдийн засгийн байдал зэрэг нөхцөл байдал нь Хөөвөр булгийн ордыг олборлож эхлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон" гэж дүгнэсэн. Шүүх ингэж дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх болон хууль хэрэглээнд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

а/ Зохигчид хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2(c), 2.2(e) болон 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн 4 дэх /хх-10/ заалтаар “нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсхүл ачуулсан нөхцлийг" олборлолт гэж ойлгохоор тохиролцож, олборлолтонд хүргэх хүртэл хугацаанд cap бүр 10 000 ам.доллар нэхэмжлэгчид шилжүүлж байхаар тохиролцсон. Гэтэл шүүх олборлолтонд хүргэх хугацаанд бус ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хугацаагаар cap бүр 10 000 ам.доллар шилжүүлэх хугацааг тогтоосон нь нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Энэ нь хариуцагч худал, үнэн шалтгаан тоочин ямар ч хугацаагаар ордыг олборлолтонд хүргэхгүй, зөвхөн өөрт ашигтай хувилбарыг сонгон толгой компанийхаа хувьцааг зарахаас өөр ажил хийхгүй нэхэмжлэгчийг хохироож байх бололцоог шүүх бүрдүүлж өгч байна.

б/ Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдсан шиг Монголд хөрөнгө оруулалт багассан, зах зээл дээр нүүрсний үнийн уналт, улс орны эдийн засгийн байдал зэрэг нөхцөл байдал нь Хөөвөр булаг ордыг олборлолтонд хүргэхэд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй. Учир нь, тус орд тогтвортой, маш зузаан давхраастай ашиглахад хамгийн бага зардал шаардагдах энгийн нөхцөлтэй дэлхийд ховор байдаг 1 дүгээр зэргийн орд бөгөөд хариуцагч Хөөвөр булагийн хүрэн нүүрсний ордод 2011-2015 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн 3 боть тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын газрын даргын 11/68 дугаар тушаалаар нөөцөө батлуулсан. Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /хх-184-185/ болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр ашиглалтын нийт жилд 3 489,77 тэрбум төгрөгийн борлуулалт хийх, татварын дараах ашиг 359,26 тэрбум төгрөг, 1 тн нүүрс борлуулах дундаж үнэ 25 000 төгрөг, 1 тн олборлон борлуулах дундаж бүрэн өөрийн өртөг нь 20 980 төгрөг бөгөөд 1 тн нүүрсний ахуйц ашиг нь 4000 төгрөг байхаар тооцоолсон байдаг /хх-221/. 1 тн борлуулах нүүрсний дундаж үнэ 25 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларын ханш 1995.51 төгрөгт хуваахад 12.5 ам.доллар болж байна. Үүнээс тооцоолоход нүүрсний үнийн уналт өнөөг хүртэл 12.5 ам.доллар хүртлээ унаагүй бөгөөд 2015 онд хамгийн багадаа 16 ам.доллар хүрсэн байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр ордыг эдийн засгийн хувьд ач холбогдолтой байна гэж дүгнэсэн байдаг. ...Мөн Хөөвөр булгийн ордтой чанар болон байршлын хувьд ойролцоо боловч ордын зэргийнхээ хувьд ялгаатай "Буман олз" ХХК, "Эрдэнийн босго" ХХК-иудын уурхай 2015 онд ашиглалт эхэлсэн. Энэ нь хүнд нөхцөл байдал үүссэн гэж харагдахгүй.

в/ Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэх заалтад хамаардаггүй. Учир нь хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх эдэлдэг. Гэхдээ үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрх мөнгөн төлбөрийн үүрэгт хамаарахгүй бөгөөд энэ зохицуулалт мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хамаардаг тул хариуцагч ямар ч шалтгаанаар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 215 дугаар зүйлийн 215.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-т заасны дагуу cap болгон 10 000 доллар төлөх үүрэгтэй.

3. Гэрээний оролцогчид үүргээ биелүүлээгүй бол гэрээний 2.2(g), 2.2(i)-т заасан хариуцлага буюу анз төлөх нэмэлт үүрэг хүлээхээр г тохиролцсон тул хариуцагч гэрээний 2.2(е)-д заасан үүргээ биелүүлээгүй бол гэрээний 2.2(g)-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0.1%-ийн алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн явдалд гэм буруутай эсэх талаар үнэлэлт өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангах нөхцлийг бүрдүүлсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгыг зөв тодорхойлсон хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу энэхүү торгуулийг төлөх хууль зүйн үндэслэлтэй эсэх, ялангуяа ийнхүү уурхайг олборлолтод хүргэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй явдалд хариуцагч гэм буруутай эсэх талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хариуцагч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд гэм буруугүй болохоо холбогдох нотлох баримтаар хангалттай нотолсон бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдал буюу "Монгол Улсад хөрөнгө оруулалт багассан, зах зээл дээрх нүүрсний уналт, улс орны эдийн засгийн байдал" зэргийг хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангахгүй байхаар шийдвэрлэснээс тодорхой харагддаг.

2. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй гэдэг дүгнэлтинг гаргахдаа хуулийг буруу тайлбарласан. Шүүх хариуцагчийн гэм буруугийн асуудлыг тодруулалгүйгээр торгууль төлүүлэхээр шийдсэн ч энэхүү торгуулийн хэмжээг бууруулах хууль зүйн боломжийг хэрэглээгүй бөгөөд ийнхүү хэрэглээгүй үндэслэлээ буруу тайлбарласан. ...Иргэний хуулийн тайлбарт "Үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардсан анзын хэмжээ нь илт их санагдаж байвал анзын хэмжээг багасгуулахаар шүүхэд хандаж болох нь. Анзын хэр хэмжээг хэтрүүлсэн талаарх үнэлгээг гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ. ноцтой байдлыг харгалзан тогтооно гэж дурдсан байдаг. Иймээс гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт ямарваа нэг ач холбогдолгүй юм. Харин эдгээрийг тогтоох асуудал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах асуудалтай холбоотойгоор яригддаг. Ийнхүү шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийг хэрэглэх гол шалгуурыг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт хамаатуулан үндэслэлгүйгээр хэрэглэсэн нь анзын хэмжээг бууруулах нөхцөл байдлыг тодруулах асуудлыг тодруулалгүй орхигдуулах нөхцлийг бүрдүүлсэн.

3. Торгуулийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шүүх анхаарч үзээгүй. Шүүх гэрээний 2.2.(е)-д заасан төлбөрийг анз буюу торгууль гэж зөв тодорхойлсон боловч энэхүү торгуулийн хэмжээг тооцох суурь буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг тодорхойлоогүй. Ийнхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлоогүй тул нэхэмжлэгчийн Хариуцагчийн зүгээс энэ асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч шүүх уг асуудлыг талууд нотлох боломжтой гэж үзэж шинжээч томилох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байсныг нэмж дурдах нь зүйтэй.

 

4. Хариуцагчийн зүгээс эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээгээ хэрэгжүүлсээр ирсэн байтал 2013-2016 онуудад уурхайгаар олборлолт хийсэн ч "0" төгрөгийн ашиг олох, цаашилбал алдагдалтай ажиллах нь тодорхой байхад хариуцагчид их хэмжээний торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн нь өмчийн халдашгүй байдлын болон шүүхээр хамгаалуулах зарчимд нийцэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч  Б.Энхжаргал  нь  хариуцагч  “Фар  ийст  азиа  коул  майнинг”  ХХК-д холбогдуулан    худалдах-худалдан   авах   гэрээний   дагуу   316 480  ам.доллар  буюу 631 539 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх тус хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/13710 дугаар шүүгчийн захирамжаар “Майндата” ХХК-ийг /1 хав-194-196 ху/ шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн бөгөөд уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар “шүүгчийн захирамжийн 9,10,11 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол” гаргасан /1 хав 198-201/.

 

Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШТ2016/00552 дугаар тогтоолоор “уг шүүгчийн захирамжийн 7,8,9,11,12,13” дахь заалтыг хүчингүй болгохдоо “хариуцагч “Фар ийст азиа коул майнинг” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Майзоригийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж өөрчлөн найруулсан нь хууль зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг дурдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй эсэхийг хянах эрх хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд олгосон байдаг.

 

Гэвч шинжээч томилсон нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг буруу тайлбарлаж хэрэглэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн шинжээч томилуулах замаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00779 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 320 136 төгрөгийг, хариуцагч “Фар ийст азиа коул майнинг”  ХХК-иас давж  заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 153 460 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулж шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Д.БАЙГАЛМАА