Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч С.О

Шинжээч Р.Ц

Хохирогч Ц.Л, С.Б, У.А, Н.Н

Хохирогчийн өмгөөлөгч С.С, Ч.Ч, Ц.Ө, А.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М, Ж.Х, А.Н

Иргэний хариуцагч Г.Ц

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Д

Шүүгдэгч Э.У

Шүүгдэгч Ч.Г

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2, 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд оршин суух, С ХХК-ны худалдааны  төлөөлөгч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овогт Э.У, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд оршин суух, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт Ч.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, телевизийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдрах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  19 дүгээр хороонд оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ө овогт М.Э нарт холбогдох эрүүгийн 201610010215  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Э.У нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг орон нутгийн хатуу хучилттай замд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчим Lexus маркийн Lx470 загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2,  9.2, 2 дугаар  хавсралтын 3.5 дугаар / одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.4, 12.4, 4 дүгээр хавсралтын 3.6/-д заасныг тус тус зөрчсний улмаас жолооч З.Э-н жолоодож явсан Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Б, Ц.Г нарын амь нас хохирсон, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Toyota Prius маркийн ... улсын дугаартай автомашинд шууд 4.730.000 төгрөгийн хохирол шууд бусаар 1,130,00 төгрөгийн нийт 5,900,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө ...” Тухайн үед машиныг Г.Ц бариад урд суудал дээр манай найз Э суугаад жолоочийн ар талд би миний баруун гар талд эхнэр Г сууж явсан гэж” бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн,

Шүүгдэгч Ч.Г, М.Э нар нь ... улсын дугаартай Лексус-470 маркийн машиныг Ц барьж явсан” гэж  мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатараас Замын-Үүд рүү явсан. Тухайн үед би хадам ээж Ц-н машиныг жолоодоод миний хажууд Э, ард ээж Ц, эхнэр Г нар сууж явсан. Ингээд Эрдэнэ сумын ойролцоо ирэхэд машины баруун талын дугуй хагарч, эсрэг урсгал руу орж урдаас ирж байсан Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн үед шокийн байдалд орсон. Тэгээд машинаас буугаад нөгөө машин руу очиж хүмүүсээ гаргасан. Ээж Ц машиныг өөрийнхөө нэр дээр байдаг учраас би машиныг бариад явж байсан гэж хэлье гэсэн. Тэгэхээр нь ээжийг машин жолоодож явсан гэж мэдүүлж байгаад жил хагас болсны дараа өөрөө хэргээ хүлээсэн юм. Хийсэн хэргүүдээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна, хохирогч нараас албан ёсооор уучлалт гуйж байна, би 2 бага насны хүүхэдтэй, эхнэр маань одоо жирэмсэн зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү “ гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би найз У, түүний эхнэр Г, ээж Ц нарын хамт 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явсан. Би У-н хажууд сууж явсан. Тэгээд явж байтал машины баруун хойд талын дугуй хагараад урдаас ирж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед Ц эгч миний машин учраас би машинаа барьж явсан гэж хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед  У-г биш Ц-г машин барьж явсан гэж хэлсэн. Хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, би эмээ, ээжийн хамт амьдардаг, мөн удахгүй бөөрний хагалгаанд орох гэж байгаа, иймд хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хотоос гарахдаа манай нөхөр У тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад осол гаргасан. Ээж Ц тухайн үед намайг машин барьж явсан гэж хэлээрэй гэж хэлсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би одоо 8 сартай жирэмсэн, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Талийгаач Ц.Г миний дүү байсан. У-н хийсэн ослын улмаас нас барсан. Энэ хүний хийсэн хэргийг хадам ээж нь хийсэн болж биднийг их чирэгдүүлсэн, нэг ч удаа уучлалт гуйгаагүй, биднийг шарил авах гээд ирэхэд энэ хүмүүс осол хийж хүний амь нас хохироочихоод Эрээн гараад бараа тавараа цуглуулаад явсан байсан, ийм хүн чанаргүй байж болох уу, маш их гомдолтой байна. У, Ц нараас оршуулын зардал, 7, 21, 49 хоног хураахтай холбогдон гарсан зардал 27,914,600 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 3,000,000 төгрөг, замын зардал 1,474,700 төгрөг нийт 32,389,200 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс өмнөх шүүх хурлын өмнө 14,000,000 төгрөг  төлсөн, үүнийг хасаад 18,389,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн талийгаачийн охин  эмээ дээрээ өссөн юм. Охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах гэтэл ээж нь гэж хүн гарч ирээд маргаан үүсгэсэн, одоо дүүргийн шүүхэд шийдэгдэх гэж байгаа, тэгэхээр охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  Миний нөхөр Б нь эдгээр хүмүүсийн буруугаас амь насаа алдсанд маш их гомдолтой байдаг.  У, Ц нар нь хийсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн оронд худлаа хэлж, осол хийчихээд машин тэрэг хэн барьж явсан талаар үгсэн тохиролцож хэргийг шийдвэрлүүлэхгүй чирэгдүүлсэн, үйлдсэн хэргээ өөрөө илчилсэн гэж яриад байгааг зөвшөөрөхгүй байна, аргагүй байдалд хүрээд л прокурорт хэлсэн байдаг. Мөн өнөөдрийн шүүх хурал дээр хийсэн хэргээ хүлээж байна, уучлаарай гэж бичсэн зүйлээ уншиж байна, ингээд болчих асуудал уу, энэ хугацаанд нэг удаа уучлаарай гэж хэлсэн билүү, өнөөдрийг хүртэл хохирол бүрэн барагдуулаагүй, та нар өр зээлтэй хэцүү байсан гэж байна, гэтэл бүтэн хүнээ алдчихсан айл ямар байх вэ, маш их гомдолтой байна. Миний зүгээс оршуулгын зардал 23,907,919 төгрөг, хэрэг шалгагдах явцад гарсан замын зардал 1,282,740 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг нийт 29,190,659 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 15,900,000 төгрөг төлсөн, иймд үлдэх 13,290,659 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн  охин Н, хүү Х  нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 251,000 төгрөг авдаг бөгөөд талийгаач маань 1,300,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Тэгэхээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг насанд хүртэл тооцож буюу Н-д 11,340,000 төгрөг, Х-д 35,370,000 төгрөгийг У, Ц нараас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч У.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Энэ хүний үйлдлийн улмаас эхнэр Н бид хоёр хүнд гэмтэл авсан. Би энэ хүнийг анхнаасаа машиныг жолоодож явсан гэдгийг хэлж байсан, анхны шүүх хурал дээр бас асууж байсан, гэтэл юу ч болоогүй юм шиг “ үгүй “ гэж хэлчихээд хажуу талд гар утсаараа тоглосоор байгаад шүүх хурлыг дуусгаж байсан. У, Ц нар биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, нэг удаа эмчилгээний зардалд нэг, хоёр сая төгрөг нэмэрлээч гэхэд чамтай өмгөөлөгчөөрөө дамжуулж харьцана гэж томроод утсаа тасалсан. Энэ ослоос болж гэр бүлийн минь бүх зүйл орвонгоороо эргэсэн, эрхэлж байсан ажлаа хийж чадахгүй болсон, байсан мөнгөө эмчилгээнд зарцуулсан. Ажлын байраа алдахгүйн тулд гэрээнд заасан мөнгийг хий төлсөн. Эхнэр маань 2 жил хиртэй суугаа байсан. Гомдолтой байна. Бидэнд эмчилгээний зардалд 18,600,000 төгрөг төлсөн, одоо эмчилгээний зардалд 24,990,720 төгрөг, лангууны түрээс 15 сарын 43,875,000 төгрөг зэргийг У, Ц нараас нэхэмжилж байна, нотлох баримтаар сая түрээс төлсөн баримтаа өгсөн, цаг хугацаа их алдсан учраас бусад баримтууд нь балраад нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ У-н үйлдлээс миний амьдрал орвонгоороо эргэсэн. Нөхөр А бид 2  тодорхой эрхэлсэн бизнестээ, түүгээрээ амьдрал ахуй, 3 хүүхдийнхээ хэрэгцээг хангаад явдаг, боломжийн амьдралтай байсан. Би ослын улмаас 2 жил гаруй суугаа байсан, энэ жилээс хөл дээр босож байна, гэхдээ хүнд гэмтэл авсаны улмаас удаа хугацаагаар сууж, явж чадахгүй, байнгын эмчилгээтэй байна. Үр хүүхдээ асарч, сувилах, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх гэх мэтчилэн нөхөртөө ч тус нэмэр болж чадахгүй байна. Би залуу хүн, тэгэхэд намайг хүүхэд төрүүлэх боломжгүй, жин нэмэх боломжгүй гэсэн. Маш их гомдолтой байна. Нөхөр бид 2 У-г уучлалт гуйгаад учир байдлаа яриад ирсэн бол бас залуу хүн юм чинь заавал гомдолтой гээд яахав дээ гэж ярьж байсан. Гэтэл У нэг удаа уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардалд нэмэр болооч гэж нэг удаа утасдахад өмгөөлөгчөөрөө дамжуулж харьцана гэсэн. Нөхөр маань нэхэмжлэлийг ярьсан тул нэмж тайлбарлах зүйлгүй байна, хохирлыг гаргуулж өгнө үү “ гэсэн мэдүүлэг

Иргэний хариуцагч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Осол болох үед У машин жолоодож явсан. Сандарсандаа миний машин байсан учраас би жолоодож явсан гэж хэлсэн. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөд татгалзах зүйл байхгүй. Өмнөх шүүх хурлын өмнө хохирогч Л-д 14,000,000 төгрөг, хохирогч Б-т 15,900,000 төгрөг, А, Н нарт 18,600,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг У-н аав болон эмээгийн тэтгэврийн зээл, мөн өөрөөр нь цалингийн зээл авахуулж төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг

Шинжээчийн Р.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн хэрэг нь 2016 онд буюу хуучн дүрэм үйлчилж байх үед гарсан байдаг. Тийм болохоор бид тодорхой болгох үүднээс хуучин дүрэм, шинэ дүрмийн зохицуулалтыг хамт нь дүгнэлт дээр бичсэн байгаа, У-н зөрчсөн гэх шинэ, хуучин дүрмийн заалтууд агуулгын хувьд өөрчлөгдөөгүй. Мөн одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-ийг зөрчсөн талаар дүгнэлтэд байгаа, энд шивэлтийн буюу техникийн алдаа гарсан байна. 11.3-ыг зөрчсөн гэж залруулж байна, 11.3 гэж ойлгох хэрэгтэй” гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 3-19/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 20/

Осол хэрэг газсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 21/

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Э.У, Г.Ц, Ч.Г, М.Э нарыг согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,00 хувьтай байсан гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл  /1-р хх-ийн 42/

Талийгаач Д.Б-н эд зүйлийг хохирогч С.Б-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 43/

Талийгаач Ц.Г-н эд зүйлийг хохирогч Ц.Л-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53/

Н ХХК-ний 67-63 дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /1-р хх-ийн 56/

Шүүгдэгч Ч.Г, Э.У, М.Э нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 79, 85, 88/

... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 120-123/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г-н 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “ Амь хохирогч Ц.Г нь гавал ясны орой болон суурь ясны үйрч бяцарсан  хугарал,  тархины эдийн дутагдал, цээжний баруун талд уушигны  язрал, авчийлт, үнхэлцэг зүрхний  урагдал, язралт, элэгний гадаргуу дахь язрал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн  улмаас нас баржээ “ гэсэн 44 тоот шинжээийн дүгнэлт /1-р хх-ийн 145-148/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжэилгээний албаны шинжээч эмч П.Г-н 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “ Амь хохирогч Д.Б нь дотор эрхтнүүдийн доргилт /гол эрхтэн дагуу цус хуралт/,үнхэлцэг, зүрхний дутагдал, язралт, элэг, дэлүүний язралт, цээжний хөндийд 960 мл, хэвлий хөндийд 10 мл цус хуралт уушигны авчийлт гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас  нас баржээ “ гэсэн 43 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн151-155 /

Хохирогч Ц.Л-с оршуулгын зардал нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 206-214/

Хохирогч З.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд  өөрийн эзэмшлийн гэхдээ Н санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг ... улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай гарахаар болоод Замын Үүд сумын товчоон дээрээс 4  хүн аваад гарсан. 16 цаг 45 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ гэх багийн  нутагт засмал  зам дээр 74 км цагийн  хурдтай, ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал урдаас цагаан өнгийн том жип машин ирж явсан юм. Тэр машин их хурдтай явж байсан, тэгээд л миний машин руу ойртож ирэх үед  гэнэт далбилзаад зам дээр жолоодлого алдаад  эхэлсэн, тэрийг би хараад тормос гишгээд баруун  гар тийшээ дартал уг машин миний урсгал руу орж ирээд л миний машины зүүн  хажуу талаас мөргөсөн, хэсэг ухаан алдсан.Тэгээд ухаан орох үед машинаасаа буугаад арын баруун хаалгыг онгойлгоод арын суудал дээр сууж явсан эхнэр нөхөр хоёрыг буулгасан, машиныхаа нөгөө  талаар гүйж очоод эхлээд  арын хаалга онгойлгох гэхэд арын  суудлын зүүн талд сууж явсан  талийгаач Г-н  толгой хэсэг задарсан байсан, тэгэхээр нь  найдваргүй юм байна гэж бодоод урд суудал дээр сууж явсан талийгч Б-г гаргах гэтэл хавчуулагдаад  гаргах найдваргүй болсон байсан. Тэр үед нөгөө мөргөлдсөн Лексус 470 машинаас 3-4  хүн хүрч ирээд миний машины урд хэсэгт сууж явсан хүнийг гаргах гээд чадаагүй...харагдах орчин чөлөөтэй, халтиргаа гулгаа байхгүй,  машин тэрэгний хөдөлгөөн бага байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ...автомашинд 5,900,000 төгрөгийн хохирол учирсан, энэ хохирлоо Цолмонгоос гаргуулан авсан, шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй /1-р хх-ийн 217-219/

Хөрөнгө, даатгалын  хохирлын үнэлгээний А ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ 5,900,000 төгрөг гэсэн 725 тоот үнэлгээ /1-р хх-ийн 225/

Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Талийгч нөхрийг маань Д.Б гэдэг байсан. Б аймгийн  Б суманд төрсөн, айлын ганц хүүхэд байсан.  Бид 2011 онд  гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд маань 7-21 насных. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 242/

Б.Х, Б.Н нарын төрсөний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 4-5/

Хохирогч С.Б-с оршуулгын зардал нэхэмжилсэн баримтууд /2-р хх-ийн 14-58/

Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2016 оны 10 сарын 14-ны өдөр нөхөр А-н хамт Замын Үүдээс ... дугаартай приус 20 маркийн автомашинд суугаад Улаанбаатар хот руу явсан юм. Би Замын-Үүдээс хөдлөөд 30 орчим минутын дараа унтсан, түүнээс хойш юу болсоныг огт санахгүй байна, осол болсоноос 3 хоногийн дараа ухаан орсон, гомдолтой байна гэсэн” мэдүүлэг /2-р хх-ийн 62-63/

Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ би машины  жолоочийн арын суудал буюу баруун хойд талд сууж явсан. Нэг мэдсэн чинь сууж явсан машин юм мөргөхөөр нь  сэрсэн чинь замын хажууд шороон дээр зогсож байсан. Намайг машинаас буугаад зогсож байхад цагаан өнгийн Лексус 470 маркийн машинаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирээд миний биеийг асуусан 20-30 орчим минутын  дараа түргэний машин ирж аваад Эрдэнэ сумын эмнэлэг дээр авч очсон” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 65-66/

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн” 2016 оны 10 дугаар сарын 14-ний 11 цаг өнгөрч айхад Улаанбаатар  хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум орох гээд ... улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтай 4-үүлээ гарсан юм. Тухайн үед машиныг Г.Ц бариад  урд суудал дээр би суугаад жолоочийн ар талд У, харин миний ар тушаа Г сууж явсан юм. Тэгээд 16 цаг 45 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ гэх багийн нутагт засмал зам дээр  ертөнцийн зүгээр  хойноосоо урагшаа чиглэлтэй 100 км цагийн хурдтай явж байтал машины  баруун хойд талд дугуй хавьцаа ямар нэг чимээ гарсан. Тэгээд машин дайвалзах шиг болохоор нь юу болов гээд л миний анхаарал сарниад  хойшоо толгойгоо эргүүлээд хартал удаагүй урд талд  тас гээд л явчихсан...Тэгээд урагшаа хартал манай машины нилээд урд талд зүүн тал нь чихэгдсэн Приус маркийн автомашин зогсож байсан... Приус машинд жолоочоос гадна 4 хүн  явсан, миний сонссоноор Приус машины урд талд болон зүүн хойд талын захад сууж явсан 2 хүн хавчуулагдсан, машинаас гаргах боломжгүй, онцгой байдал дуудсан гэж цагдаа нар ярьж байсан,  миний ярьсан үнэн ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 73/

Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум орох гээд манай төрсөн ээж Г.Ц машин бариад, урд суудал дээр Э суугаад, жолоочийн ард буюу зүүн гар талд У, арын суудлын баруун гар талд сууж явсан. 16 цаг 45 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ гэх багийн нутагт засмал зам дээр  ертөнцийн  зүгээр  хойноосоо  урагшаа чиглэлтэй 100 км цагийн хурдтай явж байтал  баруун хойд талын  дугуй пис гээд л буудсан. Тэгтэл хурдтай явж байсан  машины дугуй хагарангуут жолоодлого алдаад 2 тийшээ гуйваад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн “гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 75/

Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос  Дорноговь аймгийн Замын-Үүд сум орох гээд эхнэр Г, хадам ээж Ц найз Э нарын хамт ээж Ц-н ... дугаартай Лексус маркийн машинтай 4-үүлээ гарсан юм.  Тухайн үед машиныг ээж Ц бариад урд суудал дээр Э, жолоочийн ар талд би, миний баруун гар талд эхнэр Г сууж явсан. 16 цаг 45 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ гэх багийн нутагт засмал зам дээр  ертөнцийн  зүгээр  хойноосоо  урагшаа чиглэлтэй 100 км цагийн хурдтай явж байтал  машины баруун хойд талд  дугуй хавьцаа ямар нэгэн чимээ гарсан, тэгээд л  машин дайвалзах шиг болоод л нэг мэдэхэд зогссон, тухайн  үед би хэсэг  манарсан байсан, тэгээд хаалгаа  онгойлгоод буутал  машин маань эсрэг урсгалд явсан Приус машинтай мөргөлдсөн байсан.... тэгээд тэр машин дээр очиход арын баруун талд сууж явсан эхнэр, нөхөр  гэх 2 хүн гарсан байсан, харин урд суудал, суудлын ард сууж  явсан 2 эрэгтэй хүнийг гаргаж чадахгүй, хавчигдсан байсан “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 77/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 15-ны өдрийн “ 1. Н-д зүүн талын олон хавирганы хугарал, зүүн олон уулзах үе, суудал яс, умдагны хоёр талын хугарал, дэлүү авах хагалгааны  дараах байдал тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн дарагдах шахагдах үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дэлүүний гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.12 аарцагны хугарал нь 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг болно.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална” гэсэн 170 тоот дүгнэлт /2-р хх-ийн 125/

Иргэний хариуцагч Г.Ц-н арилжааны банк дахь зарлагын  гүйлгээг хязгаарлаж, битүүмжлэхийг даалгасан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 197/

Х банк-ны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “ Г.Ц-н ... тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан “ гэсэн 29/979 тоот албан бичиг /2-р хх-ийн 199/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн “ 1. У.А-н биед аарцгийн хөндий дэх цусан хураа, зүүн гуяны венийн бүлэнт бөглөөдөөс, хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд  үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн 1540 тоот дүгнэлт /2-р хх-ийн 127/

Иргэний нэхэмжлэгч Г.Ц-н өмчлөлийн ... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 213/

... улсын дугаартай Lexus 470  маркийн автомашиныг битүүмжилсэн тухай 2017 оны 01 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2хх-ийн 230/

Цагаан хартай DVD R 120 min 467 gb 16X гэсэн бичигтэй СД дээр хуулсан  хэргийн газрын үзлэг дээр хийсэн камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 235/

Хохирогч Н.Н, У.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 4/

Хохирогч Н.Н, У.А нарын хохирлын баримтууд /3-р хх-ийн 7-69/

Хохирогч С.Л-с шүүхэд өгсөн хохирлын баримтууд /3-р хх-ийн 156, түүний ар талын нүүрэнд/

2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Г.Ө-н төрсний гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 157/

Хохирогч С.Б-с шүүхэд өгсөн замын зардлын баримтууд /3-р хх-ийн 244-247/

Иргэний нэхэмжлэгч П.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Миний  нэр дээр ... улсын дугаартай Приус-20 маркийн автомашин байдаг ба энэ машинаа Н 3,700,000 төгрөгөнд тавьсан байгаа. Гэхдээ энэ машиныг би хадам аав Э-д авч өгсөн юм. Анх хадам аавдаа авч өгөөд нэрийг нь шилжүүлэх гэтэл иргэний үнэмлэх нь байхгүй байсан болохоор өөр дээрээ авсан, гэхдээ би энэ машиныг унадаггүй, хадам аав унаж хэрэглэдэг байсан. Хадам аав Э Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар руу ирж байгаад осолд орсон юм. Уг ослоос болж  миний машинд 5,900,000 төгрөгний хохирол учирсан, энэ хохирлоо Ц-с гаргуулан авсан. Тийм болохоор миний хувьд ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 40-41/

Гэрч О.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Осол бол 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 45 минутын орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр, Замын-Үүд сумын төвөөс ертөнцийн зүгээр хойш 105 километрийн зайд байрлах орон нутгийн чанартай хатуу хучилттай зам дээр болсон. Уг ослын үл хөдлөх цэгийг УБ-с ЗҮ 554 ЗҮ-с УБ 105 гэсэн тэмдэгтийн шонгоор авч B үсгээр тэмдэглэсэн юм. Уг 105 гэсэн тэмдэгтийн шонгоос ертөнцийн зүгээр урагшаа 124 м-т анх мөргөлдсөн гэх А цэг байрлаж байгаа тийм болохоор осол 105 км-т болсон. Би хэргийн газрын үзлэгийн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг зурахдаа 104 км тэмдэглэсэн нь үнэн, уг осол 104-105 дахь км-н хооронд болсон юм аа. Үл хөдлөх цэгийг УБ-с ЗҮ 554 ЗҮ-с УБ 105 гэсэн тэмдэгтийн шонгоор авсан талаараа хэргийн газрын үзлэг дээр тодорхой тусгасан байгаа” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 42/

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажилгаанд өгсөн “би хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнийг ахалж үзлэг хийсэн. Уг осол Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр, Замын-Үүд сумын төвөөс ертөнцийн зүгээр хойш 105 километрийн зайд байрлах орон нутгийн чанартай хатуу хучилттай зам дээр болсон. Ослын газрын үл хөдлөх цэгийг УБ ЗҮ 554 ЗҮ-с УБ 105 гэсэн тэмдэгтийн шонгоор авсан юм. Уг шонгоос ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 124 м-т анх осол болж А цэгээр тэмдэглэсэн. Үүнийг хэргийн газрын үзлэг дээр маш тодорхой бичсэн байгаа, тийм болохоор осол Замын-Үүд сумаас хойш 105 км-т гарсан осол байгаа юм. 105 дахь км дээр осол болж үл хөдлөх цэгийг нь 105 км гэсэн тэмдэгтийн шонгоор авсан Өлзийжаргал схем зураг дээрээ техникийн алдаа гаргаж 104 км гэж андуурч бичсэн байна. Осол бол 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 45 минутын орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэр, Замын-Үүд сумын Төвөөс ертөнцийн зүгээр хойш 105 километрийн зайд байрлах орон нутгийн хатуу хучилттай зам дээр болсон. Ер нь бол яг тэд км биш 104-105 дахь км-ын заалтын хооронд зам тээврийн осол гарсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 43/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /4хх-ийн 49-52, 54-56/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /4хх-ийн 54/

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 65-71/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.М-н 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  Lexus 470 маркийн ... улсын дугаартай автомашин нь 2 төрлийн  фирм марк заасан  тэмдэглэлтэй байна. Урд болон хойд тэнхлэгт харилцан өөр хээтэй, фирм, марк заасан тэмдэглэлтэй дугуй тавьсан байна. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын  3.5-д заасан нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавсан гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн 4591 тоот дүгнэлт /4-р хх-ийн 92-93/

Шүүгдэгч Э.У-н Тээврийн прокурорын газарт гаргасан “ ... улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаа илчилж байна... Гэмт хэргийг үйлдсэн болохоо ухамсарлан ойлгож хэргийг шударгаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэсэн өргөдөл /5-р хх-ийн 17/

Тээврийн прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “ Г.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” тухай 03 дугаартай тогтоол /5-р хх-ийн 74-75/

Шүүгдэгч Ч.Г, М.Э, Э.У нар нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас /5-р хх-ийн 116, 123, 145/

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “ 2.1 Хавтаст хэргийн материалд авагдсан 1 Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн байрлал, Автотээврийн үндэсний техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Лексус 470 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У нь МУ-ын ЗХД-ийн 9.3 дахь заалт /шинэ дүрэм 12.40 “Тээврийн хэрэгслийн хурдыг .. суурин газрын гадна замд цаг 80 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна”, 8.2 заалт /шинэ дүрэм 11.4/ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын “Энэ хавсралтад заасан эвдрэл, Гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин... ашиглахыг хориглоно 3.5 “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” /шинэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6/ гэсэн заалтуудыг тус тус зөрсөн байх үндэслэлтэй байна.

... улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины жолооч З.Э нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

2.2 ... улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины жолооч Э.У нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарсан гэж үзэж байна. Буруутай эсэхийг шүүгч нар тогтооно.

2.3 ... улсын дугаартай Лексус 470 маркийн автомашины жолооч Э.У тээврийн хэрэгслийн хурдыг .. суурин газрын гадна замд цаг 80 км.. с хэтрүүлэхгүй сонгож явна гэснийг 2017 оны 10-р сарын 16-ны № 472 тоот шинжээчийн дүгнэлт 6 хариултанд дундаж хурдыг дэлгэрэнгүй тооцоолж гаргасан тул/ зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол болох үеийн буюу агшны хурдыг тогтоох боломжгүй.

2.4    2.5 болон 2.6 дахь асуултанд шинжээч нарын зүгээс хариулах боломжгүй байна.

2.7 Шинжилгээ хийх явцад уг хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн 258 тоот шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 49-50/

Хохирогч Ц.Л-н шүүхийн хэлэлцүүлт өгсөн  34 хуудас хохирлын баримт

Хохирогч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  4 хуудас хохирлын баримт

Хохирогч Н.Н, У.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 58 хуудас хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ... улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, жолооч З.Э-н жолоодож явсан Тоёото Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Б, Ц.Г нарын амь нас хохирсон, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Тоёото Приус маркийн ... улсын дугаартай автомашинд 5,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн энэ хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө “ ...тухайн үед машиныг Г.Ц бариад урд судал дээр манай найз Э суугаад жолоочийн ар талд би, миний баруун гар талд эхнэр Г сууж явсан гэж” бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч Ч.Г, М.Э нар нь мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлэг өгөхдөө “ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум орохоор явахдаа Г.Ц машин бариад явсан, 100 км цагийн хурдтай явж байгаад  баруун хойд талын дугуй хагарч, жолоодлого алдаад 2 тийшээ гуйваад урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн үйл баримт болжээ.

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 258 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Э.У-г зам тээврийн осол гаргахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2 дугаар  хавсралтын 3.5 дугаар / одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.4, 12.4, 4 дүгээр хавсралтын 3.6/-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд шинжээч Р.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “ 11.4 гэж шивэлтийн буюу техникийн алдаа гарсан байна, 11.3 гэж залруулж байна, 11.3 гэж ойлгох юм” гэж тайлбарласан болно. Иймд шүүгдэгч Э.У замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж бусдад хохирол учруулсан гэж үзэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол,  хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг дээрх хуулийн зохицуулалтай уялдуулахад шүүгдэгч Э.У-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д заасан “автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан “ гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн “ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол, хор уршигийг учруулсан агуулсан байх тул шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нар нь дээрх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрсдийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Л, С.Б, У.А, Н.Н нарын өгсөн мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “ ... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг  Г.Ц жолоодож явсан, Эрдэнэ сумын нутагт урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн “ гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд /2-р хх-ийн 73, 75, 77/,

ослын улмаас нас барсан амь хохирогч Ц.Г, Д.Б нарын амьдрах боломжгүй гэмтэл авсаны улмаас нас барсан талаар гарсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г-н 43, 44 тоот шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 145-148, 151-155 /,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 3-19,/

зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 20/,

осол хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 21/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /4хх-ийн 49-52, 54-56/,

осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /4хх-ийн 54/  

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 65-71/,

хохирогч З.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд “ осол хэрхэн болсон, осол болсон дараа хэргийн газар ямар нөхцөл байдалтай байсан “ талаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 217-219/,

хохирогч У.А, Н.Н нарын биед хүнд гэмтэл учирсан талаар гарсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 170, 1540 тоот дүгнэлтүүд,  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.М-н 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Lexus 470 маркийн ... улсын дугаартай автомашин нь 2 төрлийн фирм марк заасан тэмдэглэлтэй байна. Урд болон хойд тэнхлэгт харилцан өөр хээтэй, фирм, марк заасан тэмдэглэлтэй дугуй тавьсан байна. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасан нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавсан гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн 4591 тоот дүгнэлт /4-р хх-ийн 92-93/,

гэрч О.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ослын үл хөдлөх цэгийг УБ-с ЗҮ 554 ЗҮ-с УБ 105 гэсэн тэмдэгтийн шонгоор авч B үсгээр тэмдэглэсэн юм. Уг 105 гэсэн тэмдэгтийн шонгоос ертөнцийн зүгээр урагшаа 124 м-т анх мөргөлдсөн гэх А цэг байрлаж байгаа тийм болохоор осол 105 км-т болсон. Би хэргийн газрын үзлэгийн осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг зурахдаа 104 км тэмдэглэсэн нь үнэн, уг осол 104-105 дахь км-н хооронд болсон юм аа...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 42/,

гэрч Ж.М мөрдөн шалгах ажилгаанд өгсөн “...Ослын газрын үл хөдлөх цэгийг УБ ЗҮ 554 ЗҮ-с УБ 105 гэсэн тэмдэгтийн шонгоор авсан юм. Уг шонгоос ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 124 м-т анх осол болж А цэгээр тэмдэглэсэн... осол Замын-Үүд сумаас хойш 105 км-т гарсан осол байгаа юм...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 43/,

шүүгдэгч Э.У-н Тээврийн прокурорын газарт гаргасан “ ...  улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаа илчилж байна...” гэсэн өргөдөл /5-р хх-ийн 17/

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 258 тоот шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.У нь “автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон “ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, харин шүүгдэгч Э.У, М.Э, Ч.Г  нар нь “ гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн “ гэмт хэргийг оюун санааны бүрэн эрх чөлөөний үндсэн дээр ухамсарлаж үйлдсэн гэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох юм.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон, шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед гэмт хэрэг үйлдсэн хэдий боловч прокуророос тэдний үйлдлийг зүйлчлэхдээ эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн зүйлчилж, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Э.У, иргэний хариуцагч Г.Ц нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ц.Л нь оршуулын зардал, 7, 21, 49 хоног хураахтай холбогдон гарсан зардал 27,914,600 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 3,000,000 төгрөг, замын зардал 1,474,700 төгрөг нийт 32,389,200 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс өмнөх шүүх хурлын өмнө 14,000,000 төгрөг төлсөн, үүнийг хасаад 18,389,200 төгрөг гаргуулахаар,

хохирогч С.Б нь оршуулгын зардал 23,907,919 төгрөг, хэрэг шалгагдах явцад гарсан замын зардал 1,282,740 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг нийт 29,190,659 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 15,900,000 төгрөг төлсөн, иймд үлдэх 13,290,659 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг насанд хүртэл тооцож буюу охин Б.Н-д 11,340,000 төгрөг, хүү Б.Х-д 35,370,000 төгрөгийг гаргуулахаар,

хохирогч У.А, Н.Н нар нь эмчилгээний зардалд 18,600,000 төгрөг төлсөн, одоо эмчилгээний зардалд 24,990,720 төгрөг, лангууны түрээс 15 сарын 43,875,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.-д “ ...энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд,...аюулгүй байдалд шууд учирсан  үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн 2-д “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны  улмаас үүссэн үр дагаврыг  гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон нь шууд хохиролд, хохирогч нас барсантай холбогдуулж гарсан болон бусад зардал, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл, эмчилгээний зардал зэрэг нь  хор уршиг юм.

Иймд хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.4-т зааснаар хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд нь шүүгдэгч Э.У, иргэний хариуцагч Г.Ц нар юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.У, Г.Ц нар нь хохирогч Ц.Л-д 14,000,000 төгрөг, хохирогч С.Б-т 15,900,000 төгрөг, хохирогч У.А, Н.Н нарт 18,600,000 төгрөгийн хохирлыг  төлсөн талаар шүүгдэгч, иргэний хариуцагч, хохирогч нарын хэн аль нь маргадаггүй болно.

1. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л-с ирүүлсэн хохирлын баримтууд /1-р хх-ийн 206-214/, /3-р хх-ийн 156, түүний ар талын нүүрэнд/, шүүхийн хэлэлцүүлт өгсөн  34 хуудас хохирлын баримт, хохирогч С.Б-с ирүүлсэн хохирлын баримтууд /3-р хх-ийн 244-247/, /2-р хх-ийн 14-58/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  4 хуудас хохирлын баримт, хохирогч Н.Н, У.А нарын хохирлын баримтууд /3-р хх-ийн 7-69/ зэрэг нь амь хохирогч нарыг оршуулах, түүнтэй холбогдон гарсан бусад зардал, мөн хохирогч Ц.Л, С.Б, У.А, Н.Н-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу замын зардал, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогч нарын эмчилгээ, сувилгаатай холбогдон гарсан баримтууд байх тул дээрх хуудсанд авагдсан өмгөөлөгчийн хөлс төлсөн гэх баримтаас бусад баримтыг үндэслэн шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын хохирогч Ц.Л, С.Б нарт төлсөн мөнгийг тус бүр хасч тооцон,

шүүгдэгч Э.У, иргэний хариуцагч Г.Ц нараас тус бүр оршуулгын болон замын зардалд 7,694,650 төгрөгийг гаргуулж, хохирогчид Ц.Л-д /нийт 15,389,200 төгрөг/, оршуулгын болон замын зардалд 4,645,329 төгрөгийг гаргуулж С.Б-д /нийт 9,290,659 төгрөг/, эмчилгээний зардалд 6,027,829 төгрөгийг гаргуулж У.А, Н нарт /нийт 12,055,658 төгрөг/  тус тус олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь хохирогч У.А, Н.Н нарын эмчилгээнд 18,600,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нар нь дээрх хүлээн авсан мөнгөнөөс гадна одоо эмчилгээний зардалд 24,990,720 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул уг мөнгийг хохирол төлсөнд тооцохгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хохиролд 12,055,658 төрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

2. Хохирогч Ц.Л-н өмгөөлөгчийн зардалд төлсөн 3,000,000 төгрөг, С.Б-н өмгөөлөгчийн зардалд төлсөн 4,000,000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх үндэслэлээр нэхэмжилдэг бөгөөд шүүх нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч заавал өмгөөлөгч сонгон авсан байх талаар хуулийн шаардлгага байхгүй, нөгөөтэйгүүр хохирогч нар өөрсдийн  эрхийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.2-д заасанд хамаарахгүй юм.

3. Хохирогч С.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг насанд хүртэл тооцож буюу охин Б.Н-д 11,340,000 төгрөг, хүү Б.Х-д 35,370,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилдэг боловч охин Б.Н, хүү Б.Х нар нь улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг эсэх, хэрэв авдаг бол хэдэн төгрөгийг тэтгэмж авдаг болохыг нотолсон нотлох баримт хэрэг авагдаагүй байгаагаас шалтгаалан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч У.А, Н.Н нар нь ажлын байраа алдахгүйн тулд өвчтэй байх хугацаандаа төлсөн лангууны түрээс 15 сарын 43,875,000 төгрөг гаргуулахаар шаарддаг бөгөөд хохирогч нар ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай гэрээ хийж, ажлын байраар хангуулж байсан талаарх баримт хэрэгт авадаагүй байна.

Мөн хохирогч Ц.Л нь талийгаач Ц.Г нь ганц охинтой байсан бөгөөд охин нь эмээ дээрээ өссөн, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэхээр асрамжийн тал дээр маргаан гарсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү авах эрхийг нээллтэй үлдээж өгөхийг хүссэн бөгөөд хохирогч нь хуульд зааснаар гэм буруутай этгээдээр  насанд хүрээгүй хүнийг тэжээн тэтгэхтэй холбогдсон зардлыг нэхэмжлэх эрхтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч С.Б, Ц.Л нар хүүхдийн тэжээгчээ  алдсаны тэтгэмжийн зөрүү, У.А, Н.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзсэн хохирол, эмчилгээний зардлыг нотлох баримтаа буүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь ... улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,900,000 төгрөгийг хохирогч З.Э, иргэний нэхэмжлэгч П.Х нарт төлж барагдуулсан нь хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “ автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “ гэмт хэргийн шинжид хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх шинжүүд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Э.У-н нэг үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг тухайн зүйлийн аль хүнд зүйл, хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өмгөөлөгч Т.М нь шүүгдэгч Э.У-г гэмт хэрэг үйлдсэн талаараа өөрөө мэдэгдсэн, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д заасан “ өөрийгөө  илчилсэн “ хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэн ял оногдуулах боломжтой гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь “ өөрийгөө илчилсэн “ гэж гэмт хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллага шалгаж эхлээгүй, эсхүл эхлэх үед, эсхүл хэргийн талаар хэн нэг этгээд гомдол мэдээлэл хуулийн байгууллагад мэдээллээгүй байх үед гэмт хэрэгт холбогдсон тухайн этгээд өөрийгөө илчилсэн байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Э.У нь тухайн гэмт хэрэгт холбогдох үедээ гэмт хэрэг үйлдсэн талаараа өөрийгөө илчилж хуулийн байгууллагад мэдэгдсэн нөхцөл байдал бий болоогүй, тухайн гэмт хэргийг бусдыг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 5 сарын дараа энэ гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын байгууллагад мэдэгдсэн байдаг бөгөөд түүний энэхүү байдлыг “ өөрийгөө илчилсэн гэж үзэхгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д  “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн “ байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.У-н хувьд хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын нөхөн төлөөгүй байх тул уг зүйл, хэсгийг журамлан ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр  хэмжээ, гэм буруугийн  хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг эрх зүйн удирдлага болгосон бөгөөд шүүгдэгч М.Э, Ч.Г нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт мөрдөгч нь иргэний хариуцагч Г.Ц-н арилжааны банк дахь зарлагын  гүйлгээг хязгаарлаж, битүүмжлэхийг даалгасаны дагуу Х банк нь Г.Ц-н ... тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан байх ба цаашид уг дансны зарлагын хөдөлгөөнийг хаах бодит нөхцөл байдал бий болоогүй байх тул битүүмжлэхийг хүчингүй болгохоор,

мөн ... улсын дугаартай Лексус 470  маркийн тээврийн хэрэгслэл нь иргэний хариуцагч Г.Ц-н өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа тул битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний хариуцагч Г.Ц-д буцаан олгохоор,

хэргийн хамт ирсэн иргэний хариуцагч Г.Ц-н ... дугаартай жолоочийн үнэмлэх, ... улсын дугаартай Лексус 470  маркийн тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ зэргийг буцаан олгож,  шүүгдэгч Э.У-н ... дугаартай  жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхээр тус шийдвэрлэв.

Түүнчлэн энэ хэрэгт цагаан хартай DVD R 120 min 467 gb 16X гэсэн бичигтэй СД дээр хуулсан  хэргийн газрын үзлэг дээр хийсэн камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тоооцож хэрэгт хавсаргасан байх  ба уг эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б овогт Э.У, Ч.Г, Ө овогт М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Э.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Г, М.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирсэн иргэний хариуцагч Г.Ц-н ... дугаартай жолоочийн үнэмлэх, ... улсын дугаартай Лексус 470  маркийн тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ зэргийг Г.Ц-д буцаан олгож,  шүүгдэгч Э.У-н ... дугаартай  жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ... улсын дугаартай Лексус 470  маркийн тээврийн хэрэгслэлийг битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний хариуцагч Г.Ц-д буцаан олгож, Г.Ц-н Х банк дахь ... тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласаныг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хартай DVD R 120 min 467 gb 16X гэсэн бичигтэй СД дээр хуулсан хэргийн газрын үзлэг дээр хийсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.У, иргэний хариуцагч Г.Ц нараас тус бүр оршуулгын болон замын зардалд 7,694,650 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Л-д /нийт 15,389,200 төгрөг/, оршуулгын болон замын зардалд тус бүр 4,645,329 төгрөгийг гаргуулж С.Б-д /нийт 9,290,659 төгрөг/, эмчилгээний зардалд тус бүр  6,027,829 төгрөгийг гаргуулж У.А, Н нарт /нийт 12,055,658 төгрөг/  олгож, хохирогч Ц.Л-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, хохирогч С.Б-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөгийг тус, хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Л, С.Б, У.А, Н нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,  шүүгдэгч Ч.Г, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц