Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1287

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч: А.Тунгалагтуяа,

Хохирогч: Г.Б,

Шүүгдэгч: Г.Д, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ШТЭД-0966/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д т холбогдох эрүүгийн ... дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-д агуулахын гэрээт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Б овогт Гын Д /РД:.../.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 10, 13 дугаар гудамжны дунд иргэн Г.Бг зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, ялгадаст үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх21-24, 192-193/, гэрч В.Ууган-Эрдэнийн мэдүүлэг /хх31-32, 42-43/, гэрч М.Мөнхбатын мэдүүлэг /хх33-34/, гэрч Э.Чимэдзаяагийн мэдүүлэг /хх47-48/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7756 дугаар дүгнэлт /хх50/, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг /хх53-54/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /80-81/, Г.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх102-104/, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, хохирлын баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Дыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Бгийн “...2018 оны 6 дугаар сарын 16-ны орой... найз Ууган-Эрдэнэтай таараад 1 шил архи хувааж уусан, архиа ууж дуусаад бид 2 их наранд байдаг Энхтулгын гэр рүү явсан. ...Ууган-Эрдэнэ аягатай пивийг Энхтулгын нүүр рүү нь цацсан тэр үед Энхтулга хажуу айлынхаа ахыг дуудаж оруулж ирсэн. Хажуу айлын ах нь орж ирээд та нар яагаад байгаан юм бэ одоо явцгаа зүгээр байж чадахгүй бол ална шүү гэж байсан тэгэхээр нь Ууган-Эрдэнэ бид 2 чаддаг юм бол тэгээрэй гэж хэлээд хашаанаас гараад гудамжаар алхаж байхад гудамжны үзүүрт 2 машинтай хүмүүс ирээд улаан машины жолооч бууж ирээд яасан том хулгайчууд вэ гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон тэгээд би ухаан алдсан, нэг мэдэхэд Мөнхбатын өвөр дээр сэртэл хэвлийгээр маш хүчтэй өвдөөд нойр хүрээд эхэлсэн... миний эмчилгээнд 1.300.000 төгрөгний зардал гаргасан. 2018 оны 11 сард надад бэлнээр 1.300.000 төгрөг төлж хохирлын талаар маргаангүй болсон гэж бичгээр бичиж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх21-24, 192-193/,

2. Гэрч В.Ууган-Эрдэнийн “...Б бид 2 гудманд явж байхад 2 машинтай залуучууд ирээд хөл гар муутай тахир дутуу хүн дээрэлхдэг гэнэ гээд бид хоёрыг зодоод байсан. Би тэнд зууралдаж байгаад хажуу талд байсан дэлгүүр рүү гүйж ороход араас 3 залуу орж ирээд намайг чирч гараад миний зүүн хацар руу 2-3 удаа цохиж байсан санагдаж байна. Би Бгийн зодуулж байсан газар очиход ...Энхтулга эхнэрийн хамт ирчихсэн Мөнхбат Бг түшээд зогсож байсан, Бг хэн хаана нь юугаар цохисонг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх31-32, 42-43/,

3. Гэрч М.Мөнхбатын “...нөгөө хоёрын араас яваад очтол хүрэн аксент маркийн машинтай залуус ирчихсэн Б газар хэвтчихсэн Д толгой дээрээс нь хөлөөрөө нэг удаа дэвсээд би чамд гутлаа арччихъя гэж хэлэнгүүтээ над руу харангуутаа энэ хоёр гөлгийг эндээс зайлуулаад аваад яв гэж хэлээд...Д машинтай ирсэн залуустай хамт явсан...” гэх мэдүүлэг /хх33-34/,

4. Гэрч Э.Чимэдзаяагийн “...Д ах сүүлд нэрийг нь мэдсэн Б гэх залууг заагаад тэрийг аваад ир гэж хэлсэн. Би машинаас буугаад Бгийн өмсөж байсан хувцаснаас нь татаад Д ахад хүргэж өгтөл Д ах та нар олуулаа яасан их хүн дээрэлхдэг юм бэ гэж хэлээд нүүрэнд нь гараараа цохиж унагаагаад дээрээс нь өшиглөж байхдаа нөгөөдөхийг нь аваад ир гээд намайг дахиад явуулсан...” гэх мэдүүлэг /хх47-48/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7756 дугаар дүгнэлтэд “...Г.Бгийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, ялгадаст үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах байдал, баруун нүдний зовхины цус хуралт, баруун шуу, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэж тодорхойлжээ. /хх50/,

6. Шинжээч эмч Т.Амартүвшингийн “...хэвлийн зулгаралт бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний зовхины цус хуралт, баруун шууны зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагий цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. Унах ойчих үед үүсэх боломж багатай. Тухайн цаг үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх53-54/,

7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /80-81/,

8. Г.Дын яллагдагчаар өгсөн “...би очоод Бгийн нүүрэнд гараараа нэг удаа алгадах үед Б газар уначхаар нь би гэдсэн нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр нэмж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх102-104/. 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.Д:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нараас гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 16-ны  орой 19 цагийн орчим Г.Б, В.Ууган-Эрдэнэ нар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овооны 13-15 тоотод оршин суух Г.Энхтулгын гэрт очсон.

Гэрч В.Ууган-Эрдэнэ нь “ахыгаа хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар Г.Энхтулгын нүүр рүү аягатай пиво цацаж, Г.Энхтулгын том охин болон эхнэр Л.Уянга нь хажуу айлын ах болох Г.Дыг дуудсан, мөн хохирогч нь шүүгдэгчийн гэрийнх нь орчим бие зассан зэргээс болж хохирогч Г.Б болон шүүгдэгч Г.Д нарын хооронд маргаан болсон үйл баримт тогтоогдсон.

Улмаар шүүгдэгч Г.Д нь гэрч В.Ууган-Эрдэнэ, хохирогч Г.Б нарын араас очиж, хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж унагаан, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөн зодсон болох нь хохирогч Г.Бгийн мэдүүлэг, гэрч В.Ууган-Эрдэнэ, М.Мөнхбат, Э.Чимэдзаяа нарын мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгчдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.Дын хохирогчийг цохисон хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд “...биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, ялгадаст үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах байдал, баруун нүдний зовхины цус хуралт, баруун шуу, хэвлийн зулгаралт...” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7756 дугаар дүгнэлт, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлан хохирогчийн нүүр, цээжин тус газар гар, хөлөөрөө цохисон идэвхтэй үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэлээ. 

Иймээс шүүгдэгч Г.Д нь хохирогч Г.Бг цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Г.Бд хохиролд 1.300.000 бэлнээр төлсөн байна. Мөн хохирогч Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Дыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн түүний цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцох санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Г.Д нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид хохирлыг төлсөн мөн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялыг шүүх сонгон хэрэглэх боломжтой учраас торгох ял оногдуулах санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, дээрх хэрэг гарахад хохирогч Г.Бгийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх  заалтад тус тус заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”, “...хохирогчийн ... зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн[WU2] [WU3] ...” гэсэн нөхцөлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Д нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Алтанчимэгтэй гэр бүлээ батлуулсан, 2 хүүхэдтэй, “...” ХХК-д ажилладаг, тогтмол цалин орлоготой болох нь гэргэлт бүртгэлийн лавлагаа, эхнэр Б.Алтанчимэгтэй хамтран эзэмшдэг Хаан банкны депозит дансны хуулга, “...” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, ажилд авах тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Г.Дыг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 29 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 435.000 төгрөгийг /29*15.000=435.000/ түүний эдлэх торгох ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 12.000 /арван хоёр мянган/ нэгж буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож буюу 435.000 /дөрвөн зуун гучин таван мянган/ төгрөгийг түүний эдлэх торгох ялаас хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

                          

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР