| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1279/Э |
| Дугаар | 1284 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1284
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Н.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-холбогдох эрүүгийн 1908 05347 1674 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1 дүгээр гудамж,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1-5 тоот гэртээ Б.Ө-архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Ө-мэдүүлэг /хх6/, гэрч /хх13/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх16/ Н.А-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх28/, шүүгдэгч Н.А-иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх32/, оршин суухаа хаягийн лавлагаа /хх33/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Н.А-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Ө-“2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... Амгаланбаатар, Болдоо бид гурав юм яриад сууж байсан чинь Н.А-гэрээсээ гарч яваад удалгүй гэртээ орж ирээд чамаас боллоо гээд намайг архины шилээр цохисон. Тэгээд би цааш юу болсныг санахгүй байна... миний санаж байгаагаар Н.А-0,75 литрийн Их монгол архины шилээр нэг удаа толгой хэсэгт цохисон. ...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх6/
2. Гэрч “... нэг сэрсэн чинь Б.Ө- Н.А-хоёр гэрт үлдсэн байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд би маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сэрэхэд Н.А- гэрт архины шил хагарсан хөнжил болон гэрийн шал хэсэг нь цус болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх13/
3. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №12459 дугаартай “Б.Ө-биед зулайн хуйх, зүүн хөмсөг, хамар, хацар, дээд уруул, зүүн гарын сарвуунд шарх, цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх16/
4. Н.А-яллагдагчаар өгсөн “... манай гэрт Ганболд Б.Ө- бид гурав үлдсэн. Тэгээд Ганболд Б.Ө- бид гурав юм ярьж сууж байгаад Б.Ө-ыг чи одоо гэр лүүгээ яв гэж хэлсэн чинь Б.Ө- намайг хэл амаар доромжлоод манай гэрээс гарахгүй байхаар нь миний уур хүрээд хөлөөрөө өшиглөөд Их Монгол архины шилээр толгой хэсэгт нь цохисон. Тэгсэн Б.Ө-ын хамар, нүүр, толгой хэсгээс нь цус гараад байсан. Би Б.Ө-ыг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх28/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Н.А-:
Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Н.А-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1-5 тоот гэртээ Б.Ө-архины шилээр толгойн тус газар нь цохисон болох нь хохирогч Б.Б.Ө-, гэрч В.Ганболд нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зулайн хуйх, зүүн хөмсөг, хамар, хацар, дээд уруул, зүүн гарын сарвуунд шарх, цус хуралт, шалбаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №12459 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.А-үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч учруулсан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн хор уршигийн талаар хохирогч Б.Б.Ө- нь 388.450 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгөн нэхэмжилжээ.
Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал байх тул шүүгдэгч Н.А-уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.А-нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 70 хувийн хөдөлмөр чадвар алдалттай байдал, улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Н.А-нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тохиромжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-нь торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-388.450 /гурван зуун наян найман мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б.Ө-т олгуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР