| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1213/Э |
| Дугаар | 1213 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1213
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ч.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /ШТЭД-0146/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Сд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ш овгийн Жын С /РД:.../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.С нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт явах замд байрлах “...” ХХК-ны урд замд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 05 минутын орчимд “Хьюндэй Соната” маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Х жолоочтой “Nissan Presage” маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эсрэг урсгалд явж байсан Р.Д жолоочтой “Toyota Harrier” маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөх үед Т.П жолоочтой “Hyundai Starex” маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Toyota Harrier” маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж жолооч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Р.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-17/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх20-21/, хохирогч Б.Цийн мэдүүлэг /хх24-25/, иргэний нэхэмжлэгч Хын мэдүүлэг /хх28/, иргэний нэхэмжлэгч Р.Дийн мэдүүлэг /хх31/, иргэний нэхэмжлэгч Т.Пгийн мэдүүлэг /хх34/, гэрч Ц.Цэрэндуламын мэдүүлэг /хх37/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8865 дугаартай дүгнэлт /хх42/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8718 дугаартай дүгнэлт /хх52/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8723 дугаартай дүгнэлт /хх54/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн оношлогооны дүгнэлт /хх57-72, 74-83/, “Вендо” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх88-89/, “Вендо” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх91-96/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх106-107/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 376 дугаартай дүгнэлт /хх120/, иргэний нэхэмжлэгч Т.П /хх132/, Р.Д /хх141/, Б.Ц /хх145/, Б.Х /хх157/ нараас гаргасан хүсэлт, Хаан банкны депозит дансны Дэнгүй хуулга /хх174-178/
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ж.Сгийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх161/, Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх160/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх162/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх163/, улсаас авсан гавьяа шагналын хуулбар /хх164-166/, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлбөр төлсөн баримт /хх132,141,145,157/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ж.Сг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
2. Хохирогч Б.Цийн “...Хүй 7 худаг өнгөрөөд би унтаад өгсөн нэг мэдсэн тас няс хийгээд өмнөөс машин ирээд мөргөсөн мөн хойноос нэг машин мөргөсөн. Миний 4, 5, 6 дугаар хавирга хугарсан, хоёр өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, эмчилгээ баримтаар нийтдээ 500.000 төгрөг болсон. Машинд учирсан болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх24-25/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.Хын “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 50 минутын үед “Хүй 7 худаг”-аас Улаанбаатар хотруу товчоо өнгөрөөд уруудаад явж байсан саарал өнгийн машин урсгал сөрөөд миний урд хоёр дугаар эгнээнд явж байсан цагаан өнгийн машиныг мөргөөд би нэгдүгээр эгнээнд явж байсан шууд тоормос гишгээд зогссон. Цагаан өнгийн машин эргэхдээ миний машиныг мөргөөд зогссон... Автомашинд хохирлын үнэлгээ хийлгэсэн 1.150.000 төгрөг болсон холбогдогч жолооч машинд гарсан зардал болон эмчилгээний мөнгө өгсөн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх28/,
4. Иргэний нэхэмжлэгч Р.Дийн “...товчоо уруудаад явж байтал эсрэг урсгалаас нэг саарал өнгийн машин гэнэт ирж мөргөөд хойноос явж байсан цагаан өнгийн машин мөн мөргөсөн. Миний биеийн 8, 9 дүгээр хавирга цуурсан 208.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэнзардал, машины үнэлгээ бүгд нийлээд 6.789.000 төгрөг болсон. Хохирлыг С барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх31/,
5. Иргэний нэхэмжлэгч Т.Пгийн “... Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хүй 7 худаг орохоор Эмээлт даваад “МТ” шатахуун түгээх станцын хажуу талд машины жолооч талын дугуй хагарсан, би зорчих хэсгийг чөлөөлж шороон хэсэгт машинаа байрлуулаад машинд явсан хүмүүсийг буулгаад дугуйгаа засуулаад иртэл машины зүүн хойд хэсгийг мөргөөд осол гарсан байсан. Машинд учирсан хохирол 553,000 төгрөг болсон. Энэ мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх34/,
6. Гэрч Ц.Цэрэндуламын “.....2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр бид хэд Хүй 7 худаг өнгөрөөд хүүгийн машинтай жолоочийн хажуу талын суудал дээр сууж унтаж явсан гэнэт чимээ гараад сандраад харсан чинь урд талд машинууд мөргөлдсөн байсан өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх37/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8865 дугаартай “...Б.Хын биед зүүн шуунд цус хуралт, өнгөц няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх42/,
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8718 дугаартай “... Р.Дийн биед зүүн 8, 9 дүгээр хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх52/,
9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8723 дугаартай дүгнэлт “...Б.Цийн биед баруун 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх54/,
10. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн оношлогооны дүгнэлт /хх57-72, 74-83/
11. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14421806 дугаартай “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Nissan Presage маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 310.000 төгрөгийн шууд, 340.200 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх дүгнэлт /хх88-89/,
12. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14423190 дугаартай “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Toyota Harier маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.745.000 төгрөгийн шууд, 6.411.00 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх дүгнэлт /хх91-96/,
13. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14392304 дугаартай “Кости-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Hyundai Starex маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 580.000 төгрөгийн шууд, 912.500 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх дүгнэлт /хх106-107/,
14. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 376 дугаартай “... Hyundai Sonata-7 маркийн ... УНТ улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын мөр биш учир хурдыг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх120/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд, Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонота-7 маркийн ... УНТ улсын дугаартай машинтай Хүй 7 худаг явах замдаа хоёр дугаар эгнээнд явж байсан машиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийж нэг дүгээр эгнээ рүү шилжихдээ “Perfect Engine Serves” ХХ-ны урд талд замын хажууд зогсож байсан Б.Х жолоочтой “Nissan Presage” маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэн, эсрэг урсгалд орж Р.Д жолоочтой “Toyota Harrier” маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн, улмаар Т.П жолоочтой “Hyundai Starex” маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөсөн болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Х, Р.Д, Т.П нарын мэдүүлэг, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн оношлогооны дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Сгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн буюу жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах, анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйгээс осол гаргажээ.
Энэхүү ослын улмаас хохирогч Б.Цийн эрүүл мэндэд “...биед баруун 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхи, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт...” бүхий хүндэвтэр,
Иргэний нэхэмжлэгч Р.Дийн “...биед зүүн 8, 9 дүгээр хавирганы цуурал...” бүхий хөнгөн, иргэний нэхэмжлэгч Б.Хын “...биед зүүн шуунд цус хуралт, өнгөц няцарсан шарх, зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 8723, 8718, 8865 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.С нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
- Иргэний нэхэмжлэгч Б.Хын “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14421806 дугаартай “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Nissan Presage маркийн ... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 310.000 төгрөгийн шууд, 340.200 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэсэн дүгнэлт,
- Иргэний нэхэмжлэгч Т.Пгийн “... 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14392304 дугаартай “Кости-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Hyundai Starex маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 580.000 төгрөгийн шууд, 912.500 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх дүгнэлт,
- Иргэний нэхэмжлэгч Р.Дийн “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14423190 дугаартай “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Toyota Harier маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.745.000 төгрөгийн шууд, 6.411.00 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх дүгнэлт тус тус гарсан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг дүгнэлтийн дагуу тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн хохирогч Б.Цээс “... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж.Сгаас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Сгаас эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан. Мөн Ж.Сд гомдол саналгүй...” гэж нотариатаар баталгаажуулсан хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч Б.Хаас “...Ж.Сгаас 500.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж нотариатаар баталгаажуулсан хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч Т.Пгээс “...Ж.Сгаас 911.500 төгрөгийг хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж нотариатаар баталгаажуулсан хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч Р.Дээс “...Ж.Сгаас 6.794.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгч Ж.Сг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.С нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгч Ж.С нь хувийн байдлын хувьд эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР