Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1212

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

А овгийн  Гийн Б /РД: .../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ны ажлын байран дээр тус компанийн ажилтан М.Шын хувцасны карманд байсан хаан банкны картыг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авч виза картанд байсан 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 900,000 /есөн зуун мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч М.Шын мэдүүлэг /хх30-34/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1226 дугаартай “Хаан банкны виза картыг үнэлэх боломжгүй” гэх дүгнэлт /хх51-53/, Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх42-46/, шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх21/,   “хаан банк"-ны депозит дансны хуулга /хх23-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх49/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. Хохирогч М.Шын  “ ...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаа

тараад гэртээ ирээд байж байтал 19 цагийн орчим миний 98282442 дугаарын утсанд “5504066101 дугаарын данснаас 900,000 /есөн зуун мянган/ төгрөг гарлаа” гэсэн мессеж ирсэн тэгэхээр нь өглөө ажилдаа өмсөж явсан гадуур хувцасныхаа халааснаас хэтэвчээ аваад виза картаа үзсэн чинь байхгүй байсан. Би тэр үед цуг ажилладаг Быг авсан байж магадгүй гэж бодоод утас руу нь залгаад миний хаан банкны картыг “чи авсан яагаад мөнгө авч байгаа юм бэ буцаагаад өгчих” гэхэд Б “би аваагүй, мэдэхгүй” гэж хэлээд байхаар нь би дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Намайг цагдаагийн хэлтэс дээр байхад Б залгаж би таны картыг аваад 900,000 төгрөг авсан. Та цагдаад битгий өгөөрэй би таны карт мөнгийг буцаагаад өгье гэсэн...” гэх мэдүүлэг /хх30-34/

2. Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим үйлдвэрийн өрөөнүүдийг цэвэрлэж байхад цонхны давцан дээр манай ажлын Ш ахын өмсдөг куртик байхаар нь куртикны карман дотор байсан түрүүвчнээс хаан банкны картыг авсан... Тэр өдрийн 19 цагийн орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн Шонхор худалдааны төвийн үүдэнд байрлах хаан банкны бэлэн мөнгөний машинд Ш ахын картыг уншуулж 900,000 /есөн зуун мянган/ төгрөг авсан гэх мэдүүлэг /хх42-46/

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны  10 дугаар сарын 16-ны өдрийн 1226 дугаартай

“Хаан банкны виза картыг үнэлэх боломжгүй” гэх дүгнэлт /хх51-53/

4. Хохирогч М.Шын депозит дансны дэлгэрэнгүй хуулга “2019-8-17-нд 900.000 төгрөгний зарлага гарсан” тухай. /хх37/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.Б

Шүүгдэгч Г.Бын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Саян Уул” ХХК-ны ажлын байран дээр хамт ажилладаг М.Шын эзэмшлийн “хаан банк”-ны виза картыг нууцаар авсан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлтийн Шонхор худалдааны төвийн үүдэнд байрлах бэлэн мөнгөний машин /АТМ/-с 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг гарган авсан болох нь хохирогч М.Шын мэдүүлэг, шүүгдэгч Г.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогчийн алдагдсан эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд “Хаан банкны виза картыг үнэлэх боломжгүй” гэсэн байх бөгөөд хохирлыг данснаас мөнгөн дүнгээр тогтоосонг үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Бын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, картыг ашиглан АТМ-аас мөнгийг авснаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч М.Ш нь хаан банкны  виза картаа биет байдлаар болон 900.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.Быг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ­­­­­­300 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Г.Бын зүгээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг минь харгалзан ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б  нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Быг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гийн Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР