Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/15

 

 

                                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тхолбогдох эрүүгийн 1838008990143 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумын 2- 01-06 тоотод оршин суух иргэн Д.Жгэрээс 890.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумын 2-01-06 тоотод оршин суух иргэн Д.Жгэрээс 890.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838008990143 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хэргийн зүйлчлэл болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...Би архи ууж яваад архины болон таксины мөнгө болгох гээд хулгай хийсэн юм. Өөр ямар нэгэн шаардлага, шалтгаан байхгүй...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэн шахаж шаардсан хүн байхгүй...Би учруулсан хохирлоо буюу 890.000 төгрөгийг тэтгэврийнхээ зээлийг аваад төлчихсөн байгаа…Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

Хохирогч Д.Жмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Мөрөн сумын 02-01-06 тоотод байх гэрээсээ таксинд явахаар өөрийн 96-57 ХӨА улсын дугаартай, Пробокс маркийн тээврийн хэрэгслээр таксинд явахаар гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт хүн үлдээгүй манай охин Номин Улаанбаатар хотод байсан. Орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ харихад гэрийн цоож солигдсон бололтой, түлхүүр нь таарахгүй байсан. Тэгээд цоожийг эвдэж гэртээ орсон. Гэрт ороход гэр доторхи эд зүйл эмх цэгцгүй байсан. Тухайн үед гэрээс хурц сүх, зарж байсан цэмбэн гутал, үнэртэй ус зэрэг зүйлс алга болсон байсан. Энэ хэргийг манай төрсөн ах Д.Т үйлдсэн байсан...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 140-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг шилжих шөнө 04 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жаргалан эмнэлгийн ойролцоо такси үйлчилгээнд явж байхад ногоон дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай, шар ноосон малгайтэй 55 орчим насны эрэгтэй хүн такси барих гээд зогсож байсан. Би уг хүнийг таксиндаа автал 2 дугаар хороо оръё гэсэн. Би 2 дугаар хороо ортол нэг айл руу орж гарч ирээд “миний цүнхтэй хувцас алга, 12 дугаар хороо оръё гэсэн. Тэгээд 12 дугаар хороо ортол нэг айлаас 1 ширхэг хайрцагтай эд зүйл, хар цүнх хоёр гаргаж ирсэн. Уг газраас хөдлөөд явж байтал ахын дүү Хатгал тосгон ормоор байна, үнэ мөнгө тохиролцоод явах уу гэж надад хэлсэн. Би уг хүнтэй 70.000 төгрөгөөр Хатгал тосгон луу ирж очихоор тохиролцоод явсан. Тэгээд Хатгал тосгон орсон бөгөөд гурван айлаар орсон. Ямар нэгэн эд зүйлс аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өдрийн 12 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орж ирсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороонд төрсөн дүүгийнхээ гэрт очоод ах нь мөнгөний оронд чинь эд зүйлс аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө аваагүй болохоор Мөрөн сумын 02-р хороо яг хаягийг нь санахгүй байна. Хүрэн байшинтай айлд очсон. Уг ах машинаас буугаад тэр айлын цоожийг төмөр эд зүйлсээр хөшиж онгойлгосон. Би та болж байгаа юм уу гэж асуутал зүгээр ээ би дүүдээ шинэ цоож аваад өгчихнө гэж ярьсан. Надад тэр айлаас 3 ширхэг эсгий саарал тавбчик авч өгсөн. Тэгээд өөрөө тэр айлдаа үлдсэн. Би тэр хүнд таксины мөнгөө өгөөд энэ табчикнуудаа аваарай гэж хэлсэн...Би хулгай хийж байна гэж бодоогүй...Одоо нөгөө 3 гутлаа Д.Ж гэдэг хүн авсан. Би өөрөө энэ хүнээс 70.000 төгрөгөө нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Согтуу хүнд итгэж явсан нь миний алдаа боллоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32-33-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39-р хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай:

1. Д.Т нь органик сэтгэл цочирдох эмгэг өвчтэй, үе үе сэдрэлт өгдөг болно.

2. Д.Т нь 2016 оноос ХЧА 70%-иар тогтоогдсон хяналтанд байдаг.

      3. Д.Т нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

      4. Д.Т нь уг өвчний учир тус тасагт 3 удаа эмчлүүлэн үнэгүй эмэнд хамрагддаг ба эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна.

       5. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,

        Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 745 дугаартай:

        1. Д.Т нь Оргоник сэтгэл цочирдох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь засралын шатандаа байна.

      ...3. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

      ...5. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         6. Д.Тт урьд өмнө гаргасан Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019.04.09-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 102-106-р хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай:

1. ...Д.Т нь сэтгэл цочирдох эмгэг өвчний учир хяналтанд байдаг.

2.  Д.Т нь ХЧА-ыг уг өвчний учир тогтоогдсон. Одоо хяналтанд байдаг.

 Д.Т нь хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.  

      3. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Одоогоор Д.Т нь өвчин сэдрээгүй, нойргүйдэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 145-р хуудас/,

       Хохирогч Д.Ж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54, 56-57, 59, 66-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838008990143 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумын 2- 01-06 тоотод оршин суух иргэн Д.Жгэрээс 890.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Ж/хх-ийн 21-24, 140-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Цогтгэрэлийн /хх-ийн 30, 32-33-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39-р хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019 оны 4 дүгээр сарын 09-

ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,

     Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 745 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-106-р хуудас/,

     Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 145-р хуудас/,

      Хохирогч Д.Ж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Т нь Д.Жгэрээс эд зүйлийг хууль бусаар авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Цогтгэрэл нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Т нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-57, 59-р/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Д.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 59 настай, ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008990143 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Тт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838008990143 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР