Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 633

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тус дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэхийг түр зогсоосон Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/80 дугаар захирамжийг дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/80 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосныг илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/422 дугаар албан бичгээр тус дүүргийн эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.От Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгосныг дурдах нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.БАТБААТАР