Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 192

 

Иргэн Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 656 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0238 дугаар магадлалтай, Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр захирамжаар иргэн Ц.Цэрэнпунцагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31 гудамжны 505 тоотод байрлах 500 м.кв газрыг манай нөхөр 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Газар худалдах худалдан авах гэрээ”-ээр авч тухайн газар дээрээ амьдарч ирсэн. Гэтэл уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Автозамын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 338 дугаар захирамжаар авто замын траст оруулахаар шийдвэрлэсэн ба үүнийг эс зөвшөөрч Ц.Буянжаргал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэргийн оролцогч “Эвлэрлийн гэрээний” үндсэн дээр шийдвэрлэж дуусгасан. Энэ “Эвлэрлийн гэрээ”-ээр “автозамын траст орсон 140 м.кв газрыг нөхөх олговорт өгөх”-өөр харилцан тохиролцсон, үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны зүүн талд манай нөхөр Ц.Буянжаргалын нэр дээр үйлчилгээний зориулалттай 140 м.кв газрыг олгосон юм. Баянзүрх дүүргийн Газрын албаны зүгээс “ингээд танай өмчлөлийн 140 м.кв газрын асуудал шийдэгдсэн” гэж хэлсэн бөгөөд бид газраа өөрийн болгож авсан гэж ойлгож үлдсэн. Миний нөхөр Ц.Буянжаргал 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг өв залгамжлан авч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхээр Газрын албанд хандахад тус албанаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1342 дугаар албан бичгээр “танай газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/616 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т “улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих тохиолдолд иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно” гэж заасан. Үүний дагуу миний өмчлөлийн газрын зарим хэсэгт авто зам барих болсон газрыг төр өөрийн хэрэгцээ шаардлагад ашигласан атлаа нөхөх олговроор олгосон газраа эрхийн байдлыг дордуулж “эзэмших”-ээр олгож улмаар тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчиж иргэний өмчлөх эрхэд халдсан үйл ажиллагаа болж байна. Иймд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/616 дугаар захирамжийн Ц.Буянжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Буянжаргалын Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг талууд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож дуусгасан ба тус эвлэрлийн гэрээгээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 кв.м газрыг нөхөн олговорт өгөх,  хариуцагчийн зүгээс 2009 оны 2 дугаар сард багтаан 140 кв.м газрыг Ц.Буянжаргалын нэр дээр газар эзэмших захирамж гаргуулах”-аар харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо эвлэрч “нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших захирамж гаргуулахаар тохиролцсон” бөгөөд “газрыг өмчлүүлнэ” гэж тусгаагүй, үүнийг тухайн үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү тохиролцооны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны зүүн талд 140 кв.м газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба Ц.Буянжаргал газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой гомдол санал гаргаагүй, “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж,  газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Гэтэл иргэн Ц.Буянжаргал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/616 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл иргэн Л.Баярмаагийн өвлөх эрх үүсэхээс өмнө түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 656 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Л.Баярмаагийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжийн Ц.Буянжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 238 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн гэсний дараа 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 гэснийг 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 36 дугаар зүйлийн 36.1 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй алдаа гаргасан байх боловч хариуцагч энэ талаар маргаагүй, нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлсэн, хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний тухайд дахин дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх ба эдгээр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөх боломжтой гэж үзсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байвал давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Хуульд заасан энэхүү үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Анхнаасаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлдээ энэ талаар дурдаагүй, маргаан бүхий актын хавсралтад газар дээрээ байдаггүй, 2 жил ашиглаагүй гэж тодорхойлсон тул үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж дүгнэсэн. Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заалтыг үндэслэсэн байсаар атал давж заалдах шатны шүүхээс үүнийг хавсралтад заагаагүй буюу хариу тайлбарт дурдаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Л.Баярмаагийн нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн “газар эзэмших эрх”-ийг сэргээж шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримталсныг “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Өлгийн 31 дүгээр гудамжны 505 тоот хаягт 500 м.кв иргэн Ц.Цэрэнпунцаг, М.Минжмаа нарын өмчлөлийн газрыг иргэн Ц.Буянжаргал 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар худалдах, худалдах авах гэрээ”-ээр шилжүүлэн авч, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000046347 дугаар гэрчилгээг 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авснаар тухайн газрын хууль ёсны өмчлөгч болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Авто замын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 338 дугаар захирамжаар Ц.Буянжаргалын өмчлөлийн 500 м.кв газраас 140 м.кв нь автозамын траст орсон байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч Ц.Буянжаргал захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэрэг нэхэмжлэгч Ц.Буянжаргал, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нарын /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ хооронд “Эвлэрлийн гэрээ” байгуулагдсанаар эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Энэхүү “Эвлэрлийн гэрээ”-ээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 140 м.кв газрыг нөхөн олговорт өгөх саналыг хүлээн авч 2009 оны 02 дугаар сард багтаан өөрийн нэр дээр газар эзэмших захирамжаа гаргуулахаар харилцан тохиролцож, улмаар Нийслэлийн Газрын албанаас 2009 оны 10 дугаар сарын 21-ний 2/2988 дугаар албан бичгээр “тус 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 м.кв газрыг Ц.Буянжаргалд нөхөн олговроор өгч, газар чөлөөлөх арга хэмжээ авах” мэдэгдлийг Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжаар 16 дугаар хорооны 22 дугаар байрны зүүн талд 140 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Ц.Буянжаргалын дээрх газар эзэмших эрхийг “газар дээрээ байдаггүй, 2 жил ашиглаагүй” гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч Л.Баярмаа /Ц.Буянжаргалын эхнэр/ нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг  нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай юм.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Буянжаргал цусны хурц явцтай хавдарт өвчний улмаас эрүүл мэнд муудаж, гадаад болон дотоодод эмчлүүлэн, эмнэлгийн хяналтад байсан нь тогтоогдож байх бөгөөд “газраа 2 жил ашиглаагүй байдал нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байх учир энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай” эсэхийг шалган тодруулах ажиллагаа явуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй зэргээр газар эзэмшигчид тайлбар, нотлох баримт гаргаж өгөх бололцоогоор хангаагүй, энэ байдлаа хариуцагч нотолж чадаагүй атлаа “хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа газар эзэмшигч захиргааны байгууллагад нотлох ёстой” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/616 дугаар захирамжаар нийт 42 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэсэн байх тул актын үндэслэсэн хуулийн заалт болгоныг Ц.Буянжаргалын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх маргаан бүхий захиргааны актын хавсралт, хариуцагчийн тайлбарт заасан “газраа 2 жил ашиглаагүй” гэснийг нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэн, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан, тухайн үйл баримтад дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай   хуулийн 41   дүгээр   зүйлийн   41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Х.БАТСҮРЭН