| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0515/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 40
2020 01 07 2020/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Иргэдийн төлөөлөгч С.Билэгээ,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Базарсад,
Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товуу дархан овгийн Дамдинрагчаагийн Ут холбогдох эрүүгийн 1909011070282 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймагт амьдардаг,
Урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 94 дүгээр дүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан,
2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 9 сар 4 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Товуу-дархан овогт ДУ, /РД: .............
Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.У нь 2019 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-33 тоот хашаанд оршин суух иргэн С.Батсайханы гэрт иргэн М.Золбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв,
шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хөвсгөл аймагт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 02 дугаар сард уурхайд ажилд олж хийх зорилгоор Улаанбаатар хотод ирээд СБД-ийн 13-р хороонд дүү Мөнхбаярын гэрт нь амьдарч байсан юм. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө намайг Золбаатарын гэрт нь байж байхад мөн танил Батсайхан ирээд паркетан шал шахаад, хаалга суулгах ажил байна, хамт хийж чадах уу? гэхээр нь Золбаатар бид хоёр чадна гээд хамт явсан. Ингээд Батсайханы заасан айл болох 10-р хороололд нэг айлд очоод тэндээ 2 өрөө байрны шалыг сольж шахаад, гурван хаалга суулгаад тэр айлдаа хонож ажиллаад маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 20:00 цагийн орчимд дууссан. Тэр айл нь Батсайханы эгчийнх нь хүүхдийнх гэсэн бөгөөд ажпын хөлсөө Батсайхан авсан. Тэгээд Батсайхан бид гурав тэр айлаас гараад Портер хөлслөөд хуулсан хуучин паркетан шалыг нь ачиж авч яваад талыг нь 32-ын тойрогт Золбаатарын хашаанд паркетан шалны талыг нь буулгасан. Үлдсэн талыг нь Чингэлтэй дүүргийн 17-р хороонд байх Батсайханы хашаанд аваачиж буулгаад Портерын хөлс төлөх гэхэд мөнгө бүхэл байсан болохоор Золбаатар нь Батсайханы гэрт гал түлээд үлдсэн. Харин Батсайхан бид хоёр тэдний гэрээс доошоо уруудаад гудамжны өнцөгт байсан дэлгүүр орж машины мөнгө өгч явуулаад дэлгүүр лүү орсон. Дэлгүүрт ороод Батсайхан надад 60,000 төгрөг өгөөд та хоёрын хөлс шүү гэж хэлсэн. Ингээд би тэр мөнгөнөөс нь 2 шил 0.75 литрийн Монгол стандарт архи, цэвр ус, ундаа, тамхи гэх зүйлс аваад буцаж алхаад Батсайханы гэрт ирээд нөгөө архиа хувааж уусан. Би гэрт ороод Золбаатарт 20,000 төгрөг өгөөд чи бид хоёрт гуч гучин мянган төгрөг өгсөн үү, чиний 10,000 төгрөгөөр архи, тамхи авчихсан шүү гэхэд Золоо за за гээд миний өгсөн мөнгийг аваад халаасандаа хийсэн. Ингээд бид гурав будаатай хуурга хийж идээд авсан 2 шил архиа хувааж уусан. Тэгтэл Золоо намайг дахиад ганц архи авчих гэсэн чинь Батсайхан ах хажуунаас манай дүү ажил сайн хийж өгсөн гээд нэг шил архи өгсөн гэж хэлээд сервантнаасаа нэг шил 0.75 литрийн Монгол стандарт гаргаж ирээд надад өгөхөөр нь би тэр архийг нь задлаад Батсайхан ахад буцааж өгөөд Батсайхан ах тойруулж аягалаад бид гурав хувааж уугаад дуусгасан. Тэгээд архи дуусах үед Батсайхан ах согтоод тасраад орон дээрээ унаад өгсөн. Тэгсэн чинь Золбаатар надад агсам тавиад чи пизда минь миний мөнгийг авчихлаа гаргаад ир гэхээр нь би Золоод хандаж би тэр мөнгийг чинь аваагүй, харин би мөнгийг чинь өгсөн биз дээ гэж хэлээд маргалдсан. Золбаатар бид хоёр гэрийн баруун талын буйдан дээр зэрэгцээд сууж байсан. Тэгтэл Золбаатар миний зүүн нүд лүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа Золбаатарын шанаа луу нь нэг удаа хальт цохиод босоод зугтаагаад гэрийнх нь зүүн талд очиход Золбаатар араас босож ирээд намайг хөөгөөд араас ирэхээр нь би баруун талд нь буцаж гараад Золоод хандаж хоёулаа айлд ирчихээд хэрүүл хийгээд яахав, эхлээд чи наад карма, хотоо үзчих гэж хэлсэн. Тэгтэл Золоо над луу аяга аваад шидэхээр нь би булттал тэр аяга нь намайг онолгүй орон дээр унасан. Энэ үед Золоо намайг зодох гээд хүрээд ирэхээр нь би түүний хоёр гарнаас барьж аваад одоо болио Золоо гэж хэлсэн. Энэ үед Золоо нэг гараараа миний баруун шанаа луу нэг цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа Золоогийн баруун чихний ар хэсэг лүү нь нэг удаа цохиход хөлдөө орооцолдоод хоймор луу унасан. Тэгээд босож ирээд ор налаад газар сууж байснаа энгэрийнхээ халаасыг хаад нөгөө миний өгсөн 20,000 төгрөгийг гаргаж ирээд харчихаад буцаагаад хийхээр нь би түүнд мөнгө чинь байгаа биз дээ гэж хэлтэл Золоо харин тиймээ миний мөнгө байна, хөгшнийгөө уучлаарай гэж хэлээд надтай гар бариад тамхи асуусан. Би түүнд тамхи асааж өгөөд Золбаатар бид хоёр Батсайхан ахын засаж өгсөн орон дээр нь унтахаар хэвтсэн. Батсайхан надад хоймроор газар ор засаж өгөөд, Золбаатарт гэрийн баруун талын буйдан дээр ор засаж өгсөн юм. Тэгээд би хувцасаа тайлаад оронд ороод унтаж байтал шөнө Золоо намайг татаад сэрээгээд хоёулаа гэртээ харъя гэхээр нь би түүнд орой болсон байна, унтаад өглөө явъя гэхэд Золоо үгүй ээ, харьж унтъя гээд байсан тул бид хоёр босоод хувцасаа өмсөөд Батсайхан ахынхаас гарсан. Тэгээд алхаад төв зам дээр гараад машин зогсоогоод 32-ын тойргоос нүүрс аваад шууд Золбаатарын гэрт ирсэн. Энэ үед шөнийн 03:00-04:00 цаг болж байсан байх. Таксигаа хашааны гадаа зогсоогоод авч ирсэн нүүрсээ би хашаа луу нь оруулж тавьчихаад эргэж гарч ирээд Золоог авах гэхэд Золоо салхинд гараад бүр их согтчихсон байдалтай машины арын суудал дээр бууж чадахгүй сууж байсан. Тэгэхээр нь би Золоог түшээд машинаас буулгачихаад хашааг нь түшүүлж суулгаад гарт нь ороод ээжийг нь дуудаад Золоо нэлээд их согтуу байна, би даахгүй байна гэж хэлсэн. Ээж нь хашаандаа байшинд байдаг бөгөөд Золоо хашааны үүд хэсэгтээ жижиг 4 ханатай гэр бариад тэр гэртээ амьдардаг байсан юм. Тэгээд Маруся эгч гарч ирээд урд айлынхаа залууг дуудаад би тэр залуутай нь Золоог өргөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. Ер нь Золоо Батсайхан ахын гэрээс гарахад Золоо өмдөндөө шээчихсэн байсан юм. Тэгээд орон хэвтүүлж унтуулаад би баруун талын орон дээр нь хэвтээд унтсан. Ингээд унтаж байтал өглөө маш эрт Золбаатарын ээж Маруся эгч орж ирээд надад уурлаад хүүхэд архи уулгалаа, чи одоо яв гээд намайг хөөсөн. Тэгэхээр нь би уучлаарай Маруся эгчээ гэж хэлээд хувцасаа өмсөөд тэднийхээс гараад гудамжинд нь явж байгаад Батсайхантай тааралдсан. Батсайхан тэр хавьд байдаг хүнээс зарах шал авах эсэхийг асуухаар явж байна гээд надаас юу хийж байгааг нь асуухад Маруся эгч хөөгөөд би гарч ирээд сууж байна гэж хэлсэн. Батсайхан надаас та хоёр шөнө хэдэн цагт гараад алга болчихвоо, Золоо яасан гэж асуухаар нь шөнө нэлээд оройй гарсан, Золоо гэртээ хэвтэж байна гэж хэлээд бид хоёр салаад би хүнээс барилгын ажил асуух гээд офицеруудын ордон луу явсан. Тэгээд буцаад би 16:00 цагийн орчим куртикээ авах гээд Золбаатарын гэрт ирэхэд Золоо орон дээрээ хүүхэлдэйн кино үзээдхэвтэж байсан. Би Золоогоос гайгай юу? гэж асуухад Золоо гайгүй ээ гэж хариулж байсан. Тэгтэл гаднаас Маруся эгч орж ирээд чи яах гэж ирсэн юм, яв гэхээр нь би кургкээ л авах гэж ирсэн юм гэж хэлээд тэднийхээс гарч яваад 17-р сургуулийн орчмоор. хэсэг явж байгаад орой нь Чингэлтэй лүү Батсайханы гэрт очоод тэндээ хоносон. Тэгээд би түүнээс хойш Золоотой огт уулзаагүй. Биокомбинат, Нисэх, Яармаг орчмоор л түргэн хугацаанд хийгээд дуусгачих ажил хөөцөлдөөд яваад ажил олдвол хийгээд найзуудынхаа гэр орноор явж хоноод байдаг байсан. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр намайг Яармагт явж байхад миний утас луу нэг эрэгтэй хүн залгаад СБД-ийн цагдаагийн 2-р хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон. Би цагдаагаас дуудахад нь Батсайхан луу яриад ццагдаагаас дуудаад байна яасан юм бол гэхэд Батсайхан надад намайг бас дуудсан, Золоогийн асуудлаар дуудаж байгаа байх гээд бид хоёр долоон буудал дээр болзож уулзаад цагдаагийн хэлтэс дээр хамт очсон. Ингээд тэр хэлтэс дээр очсон хойноо Золбаатарыг нас барсныг мэдсэн. Тэгээд тэр өдрөөсөө би шууд ганц худагт хоригдсон юм ...” гэх /1-р хх-ийн 140-143х/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маруся мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-28 тоотод өөрийн хүү Золбаатар, Даваа нарын хамт оршин суудаг байсан юм. Манай талийгаач хүү Золбаатар нь хашаандаа тусдаа гэр бариад амьдарч байсан бөгөөд би бага хүү Даваагийн хамт байшинд байдаг юм. Манай хүү Золбаатарын найз гэх У гэдэг залуу гэр орон байхгүй гээд 2019 оны 03 дугаар сарын эхээр Золбаатарын гэрт 7-8 хоносон. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчимд манай хүү Золбаатар манай гэрт орж ирээд байж байтал У араас нь орж ирээд Батсайхан ажилд явъя гэж байна гээд аваад гарсан...ингээд манай хүү Золбаатар тэр өдөртөө ирээгүй. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой би 20 цаг өнгөрөөгөөд Заяа гэдэг урд айлдаа ороод аяга цай уучихаад гараад иртзл Золбаатар ирээд хашаандаа хуучин паркетан шал буулгаад өрж тавьчихаад яваад өгсөн байсан. Ингээд тэр оройдоо мөн Золбаатар гэртээ ирээгүй. Тэгээд унтаж байтал 05-06 цагийн үед байхаа гэгээ орж байхад манай байшинд У орж ирээд “түлхүүр хаана байна” гэхээр нь би “цаад хөргөгч дээр чинь байгаа” гэж хэлчихээд гарсан. Тэгэхээр нь 5-10 минут орчим хэвтэж байгаад босоод хувцасаа өмсөөд гараад хүүгийнхээ гэрт ортол манай хүү Золоо байхгүй, харин У гал түлэх гээд сууж байсан. Тэгэхээр нь би “Золоо хаана байгаа юм бэ” гэж асуухад У надад “Золоо гадаа байгаа” гэж хэлэхээр нь би гараад хартал Золбаатар гадуураа куртикгүй, хар нимгэн цамцтай, хашааны гадаа хашаа түшээд толгойгоо илээд хөлөө нугалаад бөгсөөрөө газар сууж байсан. Тэгээд би урд айлын Заяа гэдэг залууг дуудаад Золоог өргөлцөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. У нилээд их согтуу байсан. Би тэр үед бодохдоо хүүгээ архи уучихсан согтуу байна л гэж бодсон...намайг ажиглахад манай хүү ёолоод л толгойгоо илээд байсан...ингээд манай хүүгийн бие сайжрахгүй байсан бөгөөд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тархины зураг авахуулахад шууд ГССҮТ-д шилжин гэмтлийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн...ингээд хүү гэмтлийн эмнэлэгт 7 хоног эмчлэгдээд бие нь дээрдэхгүй байсаар байгаад 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 12 цаг 55 минутанд нас барсан. Манай хүү гэртээ ирэхдээ өөрийн ухаангүй байсан. Гэхдээ нүүр аманд нь хөхөр ч няцарсан ямар ч шинж тэмдэг байгаагүй. Харин хамраас нь жаахан цус гарчихсан байсныг би цэвэрлэж өгсөн...гэх /1-р хх-ийн 75-77х/,
Гэрч С.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 09-ны өглөө 10 цагийн үед урьд нь хамт хөрш зэргэлдээ амьдарч байгаад танилцаад 8 жил болж байгаа Золбаатар гэх найзынхаа гэрт очсон...тэгээд би Золбаатарыг хамт явж ажил хийхүү гэсэн чинь Золбаатар тэгье гээд Уыг хамт дагуулж явахаар болоод 5- нд гурав гэрээс нь гараад 10 дугаар хороолол орж ажил хийх айлдаа очсон. Тухайн ажил хийх айлдаа бид гурав паркетан шал шахах ажил хийхээр болсон бөгөөд нэг хүний 30.000 төгрөгөөр ажиллахаар болсон. Тэгээд бид гурав ажиллаа хийгээд тухайн айлдаа хоноод маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн алдад дуусаад нөгөө ажил хийлгэсэн айлын хүн “портер машин хөлслөөд хуучин паркетан шалаа ачуулаад намайг ав” гэсэн. Тэгээд паркетан шалаа ачаад манай гэрт ирсэн...У дэлгүүрээс ажил хийэ олсон мөнгөнөөсөө хоёр шил 0.750 гр “Стандарт” нэртэй архи, хоёр хайрцаг тамхи, нэг ширхэг түмний кола нэртэй ундаа аваад бид хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд Золбаатар, У бид гурав манай гэрт хоол хийж идээд, авсан 2 шил архиа ууж дуусаад манай гэрт байсан нэг шил 0.750 гр “Стандарт” нэртэй архийг задалж уусан. Тэгээд архи уугаад сууж байтал У халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд ажпын хөлс гээд нэг хүний 30.000 төгрөг өгсөн, чиний мөнгөний 10.000 төгрөгөөр архи авсан шүү гээд Золбаатарт 20.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө У халаасандаа хийх гэтэл Золбаатар “чи манайд амьдардаг юм байж мөнгөөр яадаг юм. Наашаа өгчих” гэсэн чинь У их уурлаад Золбаатарын цээжин хэсэг рүү тохойлдож байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад зодолдох гээд байхаар нь би боль гэж хэлээд орондоо ороод хэвтсэн. Намайг орондоо ороод хэвтэхэд тэр хоёр хоорондоо ноцолдоод нэг нэгнийгээ цохиж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож байгаад Золбаатар У луу төмөр аяга авч шидсэн боловч тухайн аяга Уыг онолгүй газар унаад тэр хоёр дахиад нэг нэгнийгээ цохиод Золбаатар газар унаж босож ирээд байхаар нь би та хоёр боль унтаж амар гэж хэлсэн. Би тухайн үед босож болиулах санаатай байсан боловч архиндаа их согтсон байсан болохоор орноосоо босож чадаагүй. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдохоо болиод эвлэрээд манай гэрт унтахаар болсон. Тэгээд би хэсэгхэн зүүрмэглээд сэртэл Золбаатар хэвтэж байсан газраасаа босоод Уыг гэрлүүгээ харьж унтая гэж хэлээд сэрээгээд тэр хоёр хувцасаа өмсөөд манай гэрээс гараад явсан. Тухайн үед миний санаж байгаагаар цаг 23 цаг өнгөрч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84х/,
Гэрч О.Даваахүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Нийслэлийн түргэн тусламжийн 103-д их эмчийн ажил эрхэлдэг бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаанд...дуудлага авч ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цаг 03 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангай 23-28 тоотод нэг хүн халуураад эмэнд намдахгүй байна гэсэн дуудлага хүлээн аваад 20 цаг 28 минутанд очиж үзсэн. Очиход Маруся овогтой Золбаатар гэдэг нэртэй 39 настай эрэгтэй хүн орон дээрээ хэвтсэн байдалтай байсан. Намайг асуумж асуухад уг өвчтөн нь асуусан асуултанд хариулахгүй, ямар зовиуртай байгаагаа хэлэхгүй байсан тул юу өвдөж байна гэж ахин дахин асуухад толгой л гэж ганц үг хэлсэн. Архи уусан уу, зодуулсан уу гэж асуухад толгой сэгсэрсэн. Золбаатар тэр үед тархиндаа гэмтэл авсан гэхээр шинж тэмдэг байгаагүй. Нүүр ам нь зүгээр байсан. Тэр үед өвчтөнийг тархиндаа гэмтэл авсан байна гэдгийг оношлох боломж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-91-92х/,
гэрч П.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг үзлэг хийхэд Золбаатарын биеийн байдал нь дунд зэргийн байсан ба үг хэлж ярихгүй боловч гараа өг гэхэд гараа өгөөд, хуруугаа өгөөд оруиндоо харьцаатай байсан. Гэхдээ үг хэлж ярихгүй байсан. Мөн нүдээ тас аньчихаад нээхгүй байсан. Золбаатарт тэр үед тархиндаа гэмтэл авсан гэхээр шинж тэмдэг байгаагүй. Нүүр ам нь зүгээр байсан. Тэр үед өвчтөнийг тархиндаа гэмтэл авсан байна гэдгийг оношлох боломж байгаагүй. Өвчтөний амины үзүүлэлт хэвийн, орчиндоо харьцаатай байсан...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 96-97х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 767 дугаартай шинжээчийн дүгнэлт.
Талийгаач М.Золбаатарын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархайн чулуулаг яс, дагз ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн дух, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, суурь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дух, зүүн чамархай, дагз, баруун чамархайн эдийн цус хуралт, няцралт зүүн чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, ясны хальсны цус хуралт, баруун 6 дугаар хавирганы хугарал, чих, баруун нүдний салстад цус хуралт, зулайн хуйханд шарх, зулгаралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчин тогтоогдсонгүй.
М.Золбаатар нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны цочмог дутагдалд орж нас баржээ / 1-р хх-ийн 110-112х/,
Э.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзорийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт.
М.Золбаатарын цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины гэмтлийн тохиолдолд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байжээ. /1-р хх-ийн 116-118х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Уыг хохирогч М.Золбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Уаас нийт 2,337,678 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун далан найман мянган/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-28 тоотод оршин суух Боржигон овгийн Марусягийн Даваа /РД: ХК 87072711/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Уын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 284 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товуу-дархан овогт Дамдинрагчаагийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 8 /найман / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Д.Уаас нийт 2,337,678 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун далан найман мянган/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23-28 тоотод оршин суух Боржигон овгийн Марусягийн Даваа /РД: ХК 87072711/-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон нийт 284 /хоёр зуун наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
Б.ХАЛИУН