| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0360/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/07 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 1938006680398 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “ Бөөрөлж” гэх газар оршин суух төрсөн эгч Б.Н-гийн гэрээс цүнхэнд нь байсан 250.000 төгрөг, Самсунг S4 маркын гар утас зэргийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “ Бөөрөлж” гэх газар оршин суух төрсөн эгч Б.Н-гийн гэрээс цүнхэнд нь байсан бэлэн 250.000 төгрөг, Самсунг S4 маркын гар утас зэргийг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай дүү Б.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Түнэл сумаас хадлан өвс авч өгөхөөр ирсэн юм. Тэгээд өвс хадлан авах ажлыг дуусгаж өгөөд хэдэн өдөр хонь малд явж өгөөд манайд нэлээд хэд хоносон. 2019 оны 09 сарын 19-ний өдөр намайг хүүхэдтэйгээ айлд очсон хойгуур гэрт байсан цүнхнээс 5.000, 10.000, 20.000 -тын дэвсгэрт нийлсэн 250.000 төгрөг, Самсунг S4 маркын гар утасыг маань аваад ...хонинд унадаг байсан хүрэн халзан зүсмийн морийг маань унаад явсан байсан. Шинэбаяр гэх залуугийн мотоцикльд бензин хийж өгье гэж Түнэл суманд хүргүүлээд дэлгүүрийн гадаа зогсож байхад нь би араас нь очиж алдсан 250.000 төгрөг, гар утас зэргээ олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр хуудас/,
- Гэрч О.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Халзаа намайг миний хөгшин энэ залууг сумын төв хүргээд өгчихөөч 20.000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгээд би сумын төв шөнөдөө хүргэж өгсөн. Сумын колонкоос 15.000-д надад бензин хийж өгсөн. Бас дэлгүүр орж 2 литртэй 1 пиво авч өгсөн. Дэлгүүрт ороод надад юм авч өгөөд зогсож байхад нэг эгч орж ирээд Б.Б- чи гэр орноор хулгай хийгээд явсан байна гээд түүнийг барьж авч үлдээд цагдаа дуудах юм болоод үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан гэх Самсунг S4 маркын гар утсыг 70.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг хэргийг үйлдсэн. Би 2019 оны 09 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж гэдэг газар хөдөө өөрийн төрсөн эгч Б.Н-гийнд хонинд явж өгч байсан юм. Тэгээд хонинд явж байгаад өдөр 15 цагийн үед байх, цаг сайн хараагүй гэрт нь очиход эгч Б.Н- хүүхэдтэйгээ айл руу явчихсан байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд байсан эгчийн цүнхийг ухаж үзэхэд дотор нь арван мянга, хорин мянга, таван мянган төгрөг нийлсэн нийт хоёр зуун тавин мянган төгрөг, мөн Самсунг S4 маркын гар утас байсан. Би тэр 250.000 төгрөг, гар утас зэргийг нь аваад морио унаад хонь руугаа явсан. Хонио эргүүлчихээд морийг нь хонины бэлчээрт модноос уячихаад цааш Түнэл сум орохоор явган явсан. Тэгээд замдаа төрсөн ах Отгонбаярынд хоноод маргааш нь Шоол гэдэг газарт өөрийн найз Халзаа гэдэг найзындаа очсон. Тэднийд очиход Халзаа архи уучихсан байсан болохоор мотоциклиороо намайг Түнэл сумын төв хүргэж өгч чадахааргүй байсан. Би Халзаагийн найз Шинэбаяр гэдэг залуугаар хүргүүлээд орой бүрий болж байхад Түнэл сум орсон. Түнэл суманд дэлгүүрээс тамхи авах гээд байж байтал Б.Н- эгч араас хүрээд ирсэн. Тэгээд намайг гар утас мөнгө авч явсан байна гэхээр нь би гар утас, мөнгийг нь гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “ Бөөрөлж” гэх газар оршин суух төрсөн эгч Б.Н-гийн гэрээс цүнхэнд нь байсан 250.000 төгрөг, Самсунг S4 маркын гар утасыг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр хуудас/, гэрч О.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, хулгайд алдагдсан гэх Самсунг S4 маркын гар утсыг 70.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 14 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын
мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Би гар утас мөнгө авахдаа эгчийг байхгүй байхад нь хэлж мэдэгдэлгүй нууцаар авчихсан юм” /хх-ийн 12/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг “ Бөөрөлж” гэх газар оршин суух төрсөн эгч Б.Н-гийн гэрээс цүнхэнд нь байсан 250.000 төгрөг, Самсунг S4 маркын гар утасыг хулгайлж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 320.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Н-гийн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан эд зүйлээ тухайн үед Б.Б-ийн хойноос очиж олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Б- нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин санаатай “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувьд 2017 оны 12 дугаар сард ял шийтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар тэнссэн шийдвэрийг биелүүлэх хугацаа өнгөрсөн тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног, мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тус тус нэмж нийт цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг хорих ялын 29 /хорин ес/ хоногоор тооцож түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ид Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ