Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Э,

улсын яллагч Ш.Б,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Эд холбогдох эрүүгийн 1917000030047 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш овогт Бын Э /РД:ЕЙ/, Г аймгийн С суманд 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 2 дугаар баг, “Э Сү” хотхоны 10-1 тоотод оршин суух, “П” ХХК-нд жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Г аймгийн С сумын 2 дугаар баг, “Set” нэртэй бааранд Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн ус газар гараараа цохих, түлхэж унагах, толгой руу нь дэвсэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Г аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Set” бааранд агсам согтуу тавьж, Б.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохих, түлхэж унагах, толгой руу нь дэвсэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой найзуудтайгаа зааланд тоглосон. Заалнаас гараад гэртээ байж байхад найзууд дуудаад байхаар нь гараад Эдэн нэртэй 2 шил архийг  дөрвүүлээ хувааж уугаад би нилээн согтсон байсан учраас эндээ унтъя гэхэд найзууд гаръяа гээд байхаар нь гарсан. Нэг мэдсэн Set бааранд явж байсан. Тэгээд би Б гэдэг ахыг гэртээ харь гэж хэлэхэд хажууд нь Б ах сууж байсан. Тэгээд намайг чи юу гээд байгаа юм бэ гээд муудаад яг маргах үедээ нэг удаа түүнийг цохисон. Үүдэнд зогсож байхад Бах эргэж ирээд муудсан. О намайг салгасан байсан. Тухайн үед болсон асуудлыг яг сайн санахгүй байгаа. Камерийн бичлэг хараад санасан. Б ахад 1 500 000 төгрөг өгсөн. Одоо ажилд ороод тусдаа гараад амьдрал жигдрээд амьдарч байгаа. Өөртөө дүгнэлт хийдэг. Архи уухгүй гэж бодож байгаа гэв.

 

1.2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 6 дугаар багийн Б гэдэг залуутай  бааранд сууж байтал 21 цагийн үед гаднаас Б орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд юм яриад сууж байтал Э ирээд чи хаанахын хэн бэ гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би тэр залуутай очоод уулзах гэсэн Б намайг хориод яах юм бэ гээд байсан. Нөгөө залуу цаана мөн өөр хүмүүстэй зодолдоод байгаа харагдсан. Тэгээд буцаад ширээндээ сууж байтал нөгөө залуу манай ширээн дээр дахиад ирэхэд нь би уулзахаар араас нь босоод очсон чинь баарны үүдний буйдан дээр намайг дарж унагаад зүүн буглага руу нилээн хэдэн удаа гараараа цохисон. Мөн баруун талын нүд орчимд нэг удаа цохисон. Тэр залууг тэнд байсан хүмүүс надаас салгаж авсан. Би тэр залуугийн араас очих гэж байгаад газар шалан дээр хальтирч унахад миний толгой руу нэг удаа дэвссэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Шалтай хавсраад дэвсэх үед миний толгойн зүүн талын чамархайн хуйх язарсан байх гэж бодож байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр толгойдоо оёдол тавиулаад сууж байсан. Эд зодуулахаасаа өмнө надад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Э надад 1 500 000 төгрөгийг хохиролд өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хамт явсан О нь салгаад байсан. Бусад залуучууд нь хараад зогсоод байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 23, 24, 169 хуудас/

 

1.3. Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэт баар луу Э, Б, М бид нар орсон. Миний танил ах Б сууж байхаар нь очоод мэндлээд сууж байтал Э хүрч ирээд Б ахтай муудалцаад зүүн талын хацар хавьд нь гараараа цохиод авсан. Би Эийг болиулаад байж байтал Э дахиж ирээд Б ахтай муудалцаад үүдний буйдантай ширээн дээр очоод ноцолдохоор нь Эийг би салгаж аваад текний хажууд зогсож байтал Б ах араас ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл Э Б ах руу дайраад үүдний буйдан ширээн дээр очоод ноцолдсон. Тухайн үед Д М хоёр муудалцаад байхаар нь би салгах гээд Дийн эрүүгээр тэврээд арагш татахад М Дийн аймхай хавьд цохиход газар унаад ёо ёооё гэж байгаад ухаан алдаад удаагүй босоод ирсэн. Тэгээд хартал Б ах газар шалан дээр баруун талаар харсан толгой орчмоос нь цус гараад хэвтэж байсан. Би барменд эмнэлэг дууд гэж хэлсэн. Э бараг хөл дээрээ тогтож чадахгүй нилээн согтуу байсан. Б ах мөн нилээн согтуу байсан. Тухайн үед хүн зодох талаар ярьсан зүйл байхгүй. Пиво ууя гэж бааранд орсон. Би тухайн үед зодоонд оролцоогүй, Э болон М нарыг салгасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25, 184 хуудас/

 

1.4. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз нартайгаа гадуур явж байгаад гэртээ харих замаараа Сэт бааранд ороод нэг шилтэй пиво аваад жаахан бүжиглэж байтал хэдэн том биетэй залуучууд гаднаас орж ирсэн. Нэг залуу тэнд байсан хүмүүстэй муудалцаад байсан. Би баарнаас гарах гээд текний хажууд ирээд барменаас хариулт мөнгөө авах гээд зогсож байтал хүмүүстэй муудалцаад байсан залуу нь нэг настай ахтай муудалцаад тэр ахыг баарны үүдний ширээн дээр дарж унагаад дээрээс нь цохиод байсан. Би тэр залууг настай ахаас салгах гээд очтол тэр залуугийн найз нь бололтой М гэх залуу намайг заамдаад бариад авсан. Миний ар талаас мөн нэг залуу М бид хоёрыг салгах гээд миний хүзүүгээр тэврээд татаад байсан. Тэгтэл М миний дээд уруул руу нэг удаа, аймхай хавьд нэг удаа цохисон. Би ухаан алдаад шалан дээр хэвтэж байсан. Намайг сэрэхэд миний зүүн талд нөгөө зодуулаад байсан настай ах цаашаа харсан баруун хажуу талаараа хэвтэж байсан. Тэр ахын толгойн хэсгийн шалан дээр унасан талаас цус гарч байгаа харагдсан. Би тэнд байж байтал эмнэлэг, цагдаа ирсэн. Би цагдаад зодуулсан талаараа хэлээгүй. О миний араас хүзүүгээр тэврээд салгах гээд татаад байсан. Надад боолт ороогүй. Бүлэглэж зодсоныг би сайн анзаараагүй учир мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 26, 2-р х.х-ийн 5 хуудас/

 

1.5. Гэрч Д. М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний орой Оээр Э, О, Б бид 4 Сэт бааранд хүргүүлсэн. Э бааранд ороод хүмүүстэй муудалцаад байсан. Би салгаж байсан. Тэгээд гадаа салхинд байж байгаад дулаан газар орж ирээд тасарсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн нэг залуутай зууралдаж байсан. Тэр залуугийн би аймхай хавьд нь нэг удаа гараараа цохисон чинь баарны шалан дээр унаад өгсөн. Мөн Этэй муудалцаж байсан нэг настай ах газар шалан дээр унасан байсан. Тэр ахын толгойных нь хуйхны баруун талын хэсгээс цус гараад байсан. Тэгээд эмнэлэгт очоод тэр ахын шарханд 2 оёдол тавиулсан санагдаж байна. Эмнэлэг тэр ахыг үзээд толгойн ясанд гэмтэл байхгүй байна гэж байсан. Би тэр ахаас одоо яах уу гэсэн чинь санаа зоволтгүй зүгээр гэсэн. Тухайн үед ганц нэг пиво уугаад бүжиглэх зорилготой бааранд орсон. Хүн зодох талаар ярьсан зүйл байхгүй. Би эхлээд Эийг салгаад яваад байсан. Д арчаагүй пизда нар хөгшин хүнтэй муудалцлаа гээд байхаар нь уур хүрээд барилцаад авсан. Би Этэй бүлэглэж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 27, 183 хуудас/

 

1.6. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр М, О, Э бид нар Оийн машинаар Сэт баар луу хүргүүлсэн. Сэт баар луу Э түрүүлж ороод хүмүүстэй муудалцаад байсан. Ямар хүмүүстэй муудалцаад байсныг мэдэхгүй байна. Мөн баарны үүдний хэсэгт нэг ахтай Э муудалцаад зууралдаад байсан. О голоор нь ороод салгаад байсан санагдаж байна. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн гэртээ ирсэн унтаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 27 хуудас/

 

1.7. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бааранд барменаар ажиллаж байсан Б над руу утсаар яриад хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед яваад очиход цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Цагдаагийн хүмүүс Сэт баарны дотор заалны хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж аваад явсан. Тухайн үед Сэт баарны эд зүйл эвдэрч гэмтээгүй. Хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн зүйл байхгүй. Сэт баарны зүгээс хохирсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 170 хуудас/

 

1.8. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 20-21 цагийн үед Андууд-1 дэлгүүрийн гадаа Б ахтай таараад Сэт бааранд ороод бармен охинтой юм яриад сууж байтал гаднаас Э, О, Б нар нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Э бааранд сууж байсан залуучуудтай зууралдаж байгаад салсан. Нэг харсан Б ахтай муудалцаж байсан. Б Эийг салгаад текний хажууд авчирсан. Тэгтэл Б ах араас нь ирээд Б ар талаас нь гараараа 2-3 удаа цохиод автал Э Б ахын өөдөөс барьж аваад бөөндөө бужигналдаад хэн нь яагаад байгаа нь мэдэгдэхгүй болсон. Д гэх залуу нэг залуутай зууралдаад эхэлсэн. Б Дийн араас тэвэрч бариад боль гээд татсан. Нөгөө залуу нь Дийг аймхайдаад газар унагаасан. Тэгээд хартал Б ах газар шалан дээр унасан байсан. Би текний хажууд сууж байсан хөдлөөгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 171 хуудас/

 

1.9. Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний орой Сэт баарны гадаа Э, О М, Б нартай тааралдсан. Тухайн үед Э ах нэг хүнтэй муудалцаад би боль гээд салгасан. Тэгээд баарны гадаа нэг хэсэг байж байгаад бааранд Э ах түрүүлээд орсон. Би араас нь нилээн байж байгаад орсон. Э ах нэг хүнтэй муудалцаж байхаар нь салгасан. Э ахтай муудалцаж байгаа хүн нь ахимаг насны хүн байсан. Тэр хүн Эийн араас явж байгаад газар шалан дээр унахад Э тэр хүнийг дэвссэн. Би Э ахыг татаж салгасан санагдаж байна. Тэр хүн ухаан алдсан байдалтай хэвтээд байсан. Эргээд харахад мөн нэг залуу газар унаад өгсөн байсан. Тэгээд муудалцаж байсан хүмүүс гайгүй болсон. Э ах нэг настай ахтай, М нь мөн нэг залуутай тус тусдаа муудалцсан. Бүлэглэж нийлж хүн зодоогүй. О ах хүн зодоогүй салгаад байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 172-173 хуудас/

 

1.10. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Тухайн үед баарны хоёр ширээ хүнтэй байсан. Нэг ширээнд нь хөдөөний бололтой хүмүүс, нөгөө ширээнд нь 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс сууж байсан. Би Бтэй юм яриад сууж байтал Э ах гаднаас орж ирээд шууд хөдөөний бололтой хүмүүс рүү очсон. Дараа нь эрэгтэй эмэгтэй хүмүүс сууж байсан ширээний наад талын ширээн дээр очиж байгаа харагдсан. Нэг харсан чинь 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс сууж байсан ширээний хажууд очсон 2 эрэгтэйтэй нь муудаж байсан. Тэгээд тэр хэд бүжгийн талбайд хальт зууралдаж байгаад салсан. Э ах хөдөөний хүмүүс сууж байсан ширээн дээр очоод нэг настай ахтай муудалцаад үүдний ширээний хажууд ирээд бужигналдаад эхэлсэн. Хэн нь яагаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хөдөөний ах газар унасан Э толгой руу нь дэвссэн. Мөн Э ахтай явсан ах нэг залуутай муудалцаад заамдалцсан байсан. Тухайн үед 2 газар асуудал болоод байсан. Нэг харахад газар 2 хүн ухаан алдсан байсан. Нэг ухаан алдсан залуу удахгүй босоод ирсэн. Хөдөөний настай ах ухаан ороогүй эмнэлэг ирээд аваад явсаны дараа харахад унасан газар нь нилээн цус үлдсэн байсан. Толгой хэсгээс нь цус гарч байсан. Э, О, М нар бүлэглэж хүн зодсон зүйл байхгүй. Тус тусдаа муудалцаад байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 174-176 хуудас/

 

1.11. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Тухайн өдөр 20 цаг болж байхад Сэт бааранд очиж нээсэн. Э, О, М, Б ах нар гаднаас орж ирсэн. Нэг харахад Э ах хөдөөний 2 хүний арай ахимаг настай хүнтэй муудалцаад эхэлсэн. Тэр хоёр муудалцаж явсаар байгаад баарны үүдний ширээний хажууд ирээд Э ах тэр хөдөөний хүнийг үүдний буйдан ширээ рүү түлхээд унагаасан. Би Э ахыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд юу болж байгаа нь мэдэгдэхгүй бужигналдаад явсан. Эийг нэг нь салгаад явахад нөгөө хөдөө ах Эийн араас нь явж байгаад газар шалан дээр унахад нь Э ах тэр хүний толгой нүүр хэсэг рүү 1-2 удаа хөлөөрөө дэвссэн. М ах мөн онцгойд ажилладаг залуутай муудалцаж байсан. О ах тэр хоёрыг боль гээд салгаж байсан. Э ахад зодуулсан хөдөөний ах ухаан алдсан, мөн онцгой байдалд ажилладаг залуу ухаан алдсан байсан. Тэгээд зодоон зогссон. Онцгой байдалд ажилладаг залуу газар шалан дээр жоохон хэвтэж байгаад босоод ирсэн. Нөгөө хөдөөний ахыг эмнэлэг ирээд аваад явсан. О ах онцгойд ажилладаг залууг салгах гээд байсан. М тэр онцгойд ажилладаг залууг цохисон. Тухайн үед Сэт бар хүн багатай байсан болохоор үйл ажиллагаа доголдсон, нөлөөлсөн зүйл байхгүй. Тэр хэд бүлэглэж хүн зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 177-179 хуудас/

 

1.12. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэт бааранд гэр бүлийн найзууд болох Т, түүний эхнэр М, манай эхнэр А нарын хамт шинэ жил тэмдэглэхээр орсон. Тухайн үед 20-21 цаг болж байсан байх. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас өндөр том биетэй залуучууд орж ирээд  Э гээд байгаа залуу архи уусан байдалтай бид нар дээр ирээд юу байна гэхээр нь би өөдөөс нь харсан чинь муухай хараад байна уу гээд миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Би өөдөөс нь яаж байгаа юм бэ гээд босоход миний хувцаснаас зуураад бариад авахаар нь би зөрүүлээд хувцаснаас нь зуурсан. Тэгтэл манай эхнэр болон Т хоёр бид хоёрын голоор ороод бид хоёрыг салгасан. Э бид хоёр бие биеэ цохиж зодоогүй. Э баарны үүд хавьд нэг хүнтэй зууралдаад ноцолдоод байгаа харагдсан. Нэг харахад 2 хүн газар унасан байсан. Нэг нь удаагүй босоод зогсож байсан. Нэг хүнийг эмнэлэг ирээд аваад явсан. Э зодоон хийгээд байсан. Хамт явсан хүмүүс нь салгаад байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 181 хуудас/

 

1.13. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэт бааранд гэр бүлийн найзууд болох Т, түүний эхнэр М, манай нөхөр Т бид нар шинэ жил тэмдэглэхээр орсон. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас өндөр том биетэй залуучууд орж ирсэн. Тэр залуучуудын нэг нь болох том биетэй согтуу залуу бид нар дээр ирээд манай нөхөр Ттай юм ярьж байгаад нэг удаа зүүн хацар луу алгадсан. Т босоод тэр залуутай зууралдахад нь  Т бид хоёр тэр залуугаас салгаж авсан. Т тэр залуутай зодолдож цохилцоогүй. Тэр залуу Таас салаад баарны хойд талын хэсэгт сууж байсан нэг настай ахтай муудалцаад зууралдаад байсан. Би нэг эргээд хартал настай ах газарт унасан байсан. Д гэх залуу мөн газар шалан дээр унасан байсан. Удаагүй Д босоод зогссон байгаа харагдсан. Э зодоон хийгээд, хамт явсан хүмүүс нь салгаад байсан. Би сайн анзаарч хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 182 хуудас/

 

1.14. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэт бааранд гэр бүлийн найзууд болох Т, түүний эхнэр А, эхнэр М нарын хамт шинэ жил тэмдэглэхээр орсон. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас өндөр том биетэй  залуу бид нарын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр суух гэж байснаа манай найз Ттай юм ярьж байгаад нэг удаа алгадсан. Т босоод тэр залуутай зууралдахад эхнэр нь болон би Тыг тэр залуугаас салгаж авсан. Т тэр залуутай зодолдож цохилцоогүй зууралдаж байгаад салсан. Тэр залуу Таас салаад баарны хойд талын хэсэгт сууж байсан нэг настай ахтай муудалцаад цохилцоод байсан. Тэгтэл Т тэр хараа хүн аллаа гэсэн. Би эргээд хартал настай ах газарт унасан толгой хэсгээс цус гарсан байсан. Мөн  Д гэх залуу цохиулчихлаа гэсэн уруулаас цус гарсан байсан.  Эөөс өөр зодоон хийсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 185 хуудас/

 

1.15. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэт бааранд Дижи-ээр ажиллаж байсан. Сэт баар нээгээд удаагүй байтал гаднаас Э, О, Б ах нар нэг танихгүй залуутай орж ирсэн. Ямарч байсан Э ах хөдөөний настай хүнтэй муудалцаад байсан. Нөгөө хөдөөний настай ах араас нь олон юм яриад байсан. Нэг харсан хөдөөний настай ах газарт унасан Э ах толгой руу дэвсэж байхаар нь салгасан. Тэр хөдөөний ах ухаан алдсан байхаар нь би очоод сэрээх гээд цээж рүү нь гараараа зөөлхөн цохисон. Тэр ах ухаан орохгүй байсан. Ямар ч байсан амьсгалж байсан. Хажуу тийш нь болгосон чинь толгой орчмоос нь цус гарч байсан. Тэгээд би эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Эмнэлэг удаагүй ирээд тэр ахыг аваад явсан. Сэт бааранд миний санаж байгаагаар эвдэрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 185, 2-р х.х-ийн 7 хуудас/

 

1.16. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б.Бын биед толгойн баруун чамархайн дээд хэсгийн няцарсан шарх нь толгой зүүн талаас шалтай хавсарч дэвссэн тохиолдолд үүсэх боломжгүй. Толгойн зүүн талд гэмтэл учрах байсан. Баруун чамархайн дээд хэсгийн урагдаж  няцарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, толгойн баруун чамархай орчмын цус хуралт эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн хөмсөгний дээд хэсгийн, баруун хөмсөгний дээд хэсгийн, хамрын нурууны зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Бын биед толгойд баруун чамарахайн дээд хэсгийн 2,5*0,3 см урагдаж няцарсан шарх нь хөндлөн буюу хэвтээ байрлалтай байсан. Уг шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ширээ мөргөхөд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 39-42 хуудас/

 

1.17. Шинжээчийн 2019 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтэнд: Б.Бын биед толгойд баруун чамархай дээд хэсэгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун чамархай орчмоор, зүүн далны орчим цус хуралтууд, зүүн баруун хамсөгний дээд хэсэгт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Ж гэжээ. /1-р х.х-ийн 36 хуудас/

 

1.18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 6-12 хуудас/

 

1.19. Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р х.х-ийн 14-18 хуудас/

 

1.20. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 20 хуудас/

 

1.21. Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Бын яаралтай тусламжийн хуудасны хуулбар, шийтгэлийн хуудасны хуулбар /1-р х.х-ийн 62-63, 65, 121, 218 хуудас/

 

1.22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлал, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /1-р х.х-ийн 81-97, 109-119, 209-212, 214 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Б.Эд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзэн шүүх хүлээн авлаа.

Учир нь: 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Быг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Эд холбогдох 1917000030047 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Verbatim” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1917000030047 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Verbatim” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч,  шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нь гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА