| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1192/Э |
| Дугаар | 1211 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1211
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Дбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261, 145 дугаар зүйлийн 261.1, 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж шүүгчийн захирамжаар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2 жил болж өөрчлөгдсөн ба 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан
Б овгийн Цын Д /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон авто вокзалын гадаа Ж.Сгийн 319,030 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон бэлэн 362,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 681,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ж.Сгийн мэдүүлэг /хх6-7, 8-9/, гэрч Ц.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хх10-11/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /хх14-17/, “таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл” /хх20-22/, камерын бичлэгийг хураан авсан болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон диск 1 ширхэг /хх23, хх27-28/, “Хаан банк”-ны депозит дансны хуулга, шүүгдэгч Ц.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх65/, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай баримтын хуулбарууд /хх39-46, 85-88/, шүүгдэгч Ш.Дийн ял шалгах хуудас /хх59/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх33/, цагдаагийн байгууллагын лавлагаа /хх47-52/, оргодол эрэн сурвалжилсан лавлагаа /хх75/ зэргийг шинжлэн судлуулав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ц.Дийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ж.Сгийн “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймаг явахаар Драгон авто вокзал дээр автобусны харалдаа автомашинаа зогсоогоод 5 хайрцагтай зүйл, өөрийн гар цүнхээ гаргаад ачаагаа скочдоод дүүгээр автобус руу ачаагаа зөөлгөөд өөрөө хараад зогсож байх хооронд тэр хавиар дотуураа ягаан өнгийн цамцтай, гадуураа хар өнгийн куртиктай, 160-165 см өндөртэй, богино үстэй, дунд зэргийн биетэй 30 гаран насны эрэгтэй эргэлдээд байсан. Тэгээд намайг ачаагаа дүүдээ өгөх үед ардуур ягаан өнгийн хос цүнхний жижиг цүнхийг нь тэр залуу аваад явсныг миний урдаас хараад машинд сууж байсан залуу хэлсэн... Цагаан оосортой ягаан өнгийн хар цүнх байсан ба эмэгтэй пүүз, “Баттөр, Оюунчимэгийн гэр бүлээс” гэсэн цагаан өнгийн конверттой бэлэн 200.000 төгрөг, “Дулмаа, Гомбосүрэнгийн гэр бүлээс” гэсэн ХХБ-ны конвертонд хийсэн бэлэн 162.000 төгрөг, 4 хайрцаг тамхи, хөөрөг дайлан, гоёлын шармал ээмэг 4 хос, крем пүдр, цамц, кофены аяга, нүүрний тос, үнэртэй ус зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг /хх6-7/
2. Хохирогч Ж.Сгийн “...буяны ажил гэж 200.000 төгрөгийг Оюунчимэг бэлнээр өгсөн байсан, 162.000 төгрөгийг манай охин Дулмаа дансаар шилжүүлсэн байсан ба 362.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж буяны ажилд өгсөн...” гэх мэдүүлэг /хх8-9/
3. Гэрч Ц.Гомбосүрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрч байхад эхнэр С над руу залгаад Драгон төвийн автобусны зогсоолын орчмоос гар цүнхээ алдчихлаа гэхээр нь би Драгон төв дээр яваад очтол манай эхнэр Говь-Алтай аймаг явах автобусанд суугаад явсан байсан бөгөөд би гар цүнхээ алдсан гэх газарт нь очиж цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх10-11/
4. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19192 дугаартай “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлсийг “319.030 төгрөг” гэж үнэлсэн тайлан /хх15/,
5. Хохирогч Ж.Сгаар шүүгдэгч Ц.Дийн зургийг таньж олуулсан “таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл” /хх20-22/
6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх28/
7. Шүүгдэгч Ч.Дийн яллагдагчаар өгсөн “...тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлын талаар санахгүй байгаа. Камерын бичлэгийг үзээд өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн. Бичлэг дээрх хүн би мөн байсан” гэх мэдүүлэг /хх65/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Д
Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Драгон авто вокзал дээр хохирогч Ж.Сгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Ж.Сгийн мэдүүлэг, гэрч Ц.Гомбосүрэнгийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч Ц.Дийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хохирогчийн цүнхэнд бэлэн 362.000 төгрөг байсан байх бөгөөд алдагдсан эд зүйл болох /цүнх, пүүз, тамхи 4 ширхэг, хөөрөг, ээмэг, крем, цамц, кофены аяга, савалгаатай кофе, гоо сайхны хэрэгсэл, үнэртэй ус/ зэргийг “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19192 дугаартай үнэлгээний тайланд зах зээлийн үнэлгээгээр нийт 319,030 төгрөгөөр үнэлсэнг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тиймээс хохирогч Ж.Сд нийт 681.030 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, эд зүйлийг авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгсжээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Ж.Сд 681.030 төгрөг хохиролд төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Худалдаа Хөгжлийн Банк”-ны 404193691 Ж.С гэсэн данс руу 235.000 төгрөгийн хохирлыг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Тиймээс шүүгдэгч Ц.Даас 446.030 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Сд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн хувьд хорих ял оногдуулахгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх тайлбар гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа хэдийч тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийн цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Даас 446.030 /дөрвөн зуун дөчин зургаан мянга, гучин төгрөгийг/ гаргуулж хохирогч Ж.Сд олгуулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР