| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1212/Э |
| Дугаар | 1210 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1210
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Г.Чинбилиг /томилолтоор/,
шүүгдэгч У.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ед холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй,
Х ган овогт Уын Е /РД:.../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо,... тоотод хадам аав Ч.Зтой “намайг цохих гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь бахиар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ч.Зтоос гаргаж өгсөн улаан өнгийн иштэй бахийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тэмдэглэл хавсаргасан гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх5-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5265 дугаартай дүгнэлт /хх43-45/ Хохирогч Ч.Зтын мэдүүлэг /хх10-14,15-16/, гэрч З.Алтанзулын мэдүүлэг /хх21-23/ гэрч Б.Цолмонгийн мэдүүлэг /хх24-25/ гэрч Ж.Өлзийсайханы мэдүүлэг /хх31-33/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10871 дугаартай дүгнэлт /хх34-37/, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх38-40/, шүүгдэгч У.Егийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх59-63/, шүүгдэгч У.Егийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх69/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх70/, “хаан банк"-ны депозит дансны хуулга /хх75-78/ зэргийг шинжлэн судлуулав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч У.Ег гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ч.Зтоос гаргаж өгсөн улаан өнгийн иштэй бахийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тэмдэглэл хавсаргасан гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх5-7/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5265 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн резинэн бариултай бахин дээр цус илэрсэн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй....” гэжээ. /хх43-45/,
3. Хохирогч Ч.Зтын “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийнхөө хоёр хүүхдийг охин З.Алтанзулынд Сонгинохайрхан дүүргийн ... тоотод үлдээгээд Аса циркэд тоглолт үзээд 22 цагийн орчим тараад гэрлүүгээ явж байтал манай эхнэр Б.Цолмон над руу залгаад “З.Алтанзулын нөхөр У.Е гэртээ агсам согтуу тавиад байх шиг байна” гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн ... тоотод очиход У.Е нь гэрийнхээ эд зүйлүүдийг энд тэнд буулгасан байдалтай байсан. Би Ег “чи яаж байгаан” гэж хэлээд зүүн талын шанаанд нь нэг удаа цохисон. Тэгтэл У.Е намайг яаж байна гэж хэлээд бид хоёр газарт ноцолдсон тэгтэл У.Е миний толгойн ар хэсэгт бахиар 4-5 удаа цохисон......” гэх мэдүүлэг /хх12/
4. Гэрч З.Алтанзулын “...Манай нөхөр У.Е нь аав Ч.Зтын толгой руу нь бахиар цохиж байхыг хараагүй, сүүлд ааваас сонсоход У.Е нь манай аав Ч.Зтын толгой руу нь бахиар цохисон талаар сонссон...Тухайн үед Е манай аавд цохиулсандаа уурлаад дайраад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх21-23/
5. Гэрч Б.Цолмонгийн “....Би нөхөр Ч.Зттой У.Егийн үүдэнд уулзахад толгойн хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би Зтоос юу болсон талаар асуухад надад “Е миний толгой руу нэг юмаар цохиод толгой хагалчихлаа” гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх24-25/
6. Гэрч Ж.Өлзийсайханы “....... Тухайн дуудлагад очиход намайг дуудлага өгсөн Цолмон гэх эмэгтэй Хангайн 24 дүгээр гудамжны үзүүр дээр тосож авсан. Иргэн Цолмонгоор дуудлага өгсөн хаягийг заалгаж монгол 5 ханатай гэрт ороход У.Е гэх хүн гэртээ ганцаараа орон дээр сууж байсан. Гэрийн шалан дээр нь бага зэргийн цус байсан......Ч.Зтын толгой дагзны хэсэг овойж хавдсан, цус шүүрсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх31-33/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10871 дугаартай дүгнэлтээр: “...Ч.Зтын биед тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурваас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх34-37/,
8. Шинжээч эмч Ц.Бадралын “...Ч.Зтын зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл нь тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тархи доргилт бүхий гэмтэл нь дээрх 2 гэмтлийн аль альнаас нь цохигдсоны дараа үүсгэгдсэн байх боломжтой... дээрх гэмтэл нь бахиар цохиход үүссэн байх боломжтой хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх38-40/
9. У.Егийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Нэг мэдсэн чинь манай хадам аав Ч.Зт ирсэн бид 2 хоорондоо ноцолдож байсан. Тэгээд нэг мэдэхэд би ганцаараа гэрийнхээ орон дээр сууж байсан... Дүгнэлтэд дурдагдсан тархи доргилт, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг би учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх59-63/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч У.Е
Шүүгдэгч У.Е нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч У.Е нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав болох Ч.Зтын толгойн тус газар нь бахиар цохисон болох нь хохирогч Ч.Зтын мэдүүлэг, гэрч З.Алтанзул, Б.Цолмон нарын мэдүүлэг, гэрч Ж.Өлзийсайханы мэдүүлэг болон шүүгдэгч У.Егийн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Зтын эрүүл мэндэд “...зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл нь тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10871 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Ен үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Зт нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч У.Е нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч У.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч У.Е нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бахийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уын Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ег 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Е нь оногдуулсан торгох ялыг ШШГтХ-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бахийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР