Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2062

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр “ХХХ” ХХК-иас 97 475 250 төгрөг гаргуулан “ХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийспэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан шинжээч томилж үнэлгээ хийлгэн, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй.

Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийн, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/22609, 1/22610 дугаартай албан бичгээр “ХХХ” ХХК-ийн өмчпөлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХ-д байрлах , 2551 м.кв талбай бүхий сургуулийн барилгыг,ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байгаа 7 116 м.кв газрын хамт “ХХХ” ББСБ-д өмчлөх эрхийг шилжүүлэх болсныг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХХХХ-д очиж, хэргийн материалтай танилцахдаа мэдлээ.

ХХХХ нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ дараах хуулийг зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. ХХХХХ миний бие 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлээр “ХХХ” ХХК- ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, мөн захирлаар бүртгүүлэн “ХХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох ХХХХ-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг зөрчин итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй ХХХХ-г оролцуулжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

ХХХХ нь эд хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн үнэлгээ хүртэлх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа, түүнээс хойш шийдвэр гүйцэтгэх албанаас хийгдсэн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох комиссын хурлын тэмдэглэл, өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр “ХХХ” ХХК-иас 9 7475 250 төгрөгийг гаргуулж “ХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болсон. Төлбөр төлөгч “ХХХ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ сургуулийн зориулалттай, нийт 2 551 м.кв талбайтай сургуулийг 7 116 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 3 790 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Анхы албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 2 653 490 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувь болох 1 895 535 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. ХХХХХ ”ХХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу өмчлөгч байхад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох ХХХХ-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан гээд өөрөө мэдээгүй юм шиг зүйл яриад байгаа нь худал ярьж байна.

ХХХХХ, ХХХХ нар нь “ХХХ” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг төдийгүй гүйцэтгэх захирал ХХХХ нь ”ХХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шүүхэд болон шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан байхад шийдвэр биелүүлэх болохоор яагаад итгэмжлэл яриад байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах шат бүрийг ХХХХХ мэдэж, оролцож байсан төдийгүй, зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, уг эд хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнийн санал авч үнэлгээ хийлгэх, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах, сонинд зар өгөх, санал болгох хуралдаан зэрэгт бүгдэд нь оролцож байсан.

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч “ХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХ, ХХХХХ нарт 21 хоногийн хугацаа өгсөн боловч дээрх төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр авагч “ХХХ” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч ”ХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХ, ХХХХХ нар нь төлбөрөө төлчихсөн бол барьцааны эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шаардлага байхгүй, бид хуулийн дагуу ажиллагаа хийсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрээр “ХХХ” ХХК-иас 97 475 250 төгрөгийг гаргуулж “ХХХ” ББСБ-д олгох, хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХ сургуулийн зориулалттай, нийт 2 551 м.кв талбайтай сургуулийг 7 116 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэр биелүүлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийн төлөлт хийгээгүй, төлбөрөө хийчихсэн бол манай захирал барьцааны хөрөнгийг шууд шилжүүлэн авна гэсэн ойлголттой байгаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ-д холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1559 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ хууль зөрчиж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, санал болгох комиссын хурлын тэмдэглэл, өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “ХХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох ХХХХ-г оролцуулсан ХХХХ-ны хууль бус ажиллагаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            “ХХХ” ХХК-аас 97 475 250 төгрөг гаргуулж, “ХХХ” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэх /хх 10-14/ 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 28114 дүгээр шүүгчийн захирамж, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3331 дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа /хх 53-55/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. /хх 65-71, 75-91,116-120/

            Төлбөр төлөгч “ХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ХХХХХ, ХХХХ нар нь компанийн хувьцааг тэнцүү буюу 50, 50 хувиар эзэмшдэг болохоо үгүйсгээгүй бөгөөд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирлаар ХХХХХг томилсныг 2012 оны 01 дүгээр сарын 18-нд  бүртгэсэн нь хэрэгт авагдсан боловч /хх-5/ ХХХХ нь "ХХХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХХХ” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын хувиар итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцсон ба шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр  байна. /хх-10/

            Шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны зүйл болох хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилж, үнэлгээ тогтоох, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, тухай бүр төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч ХХХХ, ХХХХХ нарт мэдэгдэж, мэдэгдлийг албан ёсны хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээ баримтаар нотолсон байна. Улмаар төлбөр төлөгч компанийн үүсгэн байгуулагч ХХХХ, ХХХХХ нар нь битүүмжилж хураасан хөрөнгийн үнэлгээтэй 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцсан тухай баримт хэрэгт авагдсан, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр болсон санал болгох комиссын хурлын товыг мэдэж, оролцож байснаас гадна эдгээр ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй байна.

            Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй болно.

            Мөн ХХХХХ, ХХХХ нарт худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хурал 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр болохыг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/15404, 3/15406, 3/15403 болон 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/16549 дүгээр мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар компанийн болон гэрийн хаягаар хүргүүлсэн, уг мэдэгдлийг компанийн ажилтан ХХХХ хүлээн авсан тухай баримт хэрэгт авагджээ.

Санал болгох комиссын хурал болох тов бүхий мэдэгдлийг хүлээн авч, ХХХХХ хуралд оролцох боломжгүй, өөрийг нь ХХХХ төлөөлөн оролцоно гэж зөвшөөрч, бичиж өгчээ. /хх-23/

Иймд хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн алба ХХХХХ, ХХХХ нарт санал болгох комиссын хурлын товын мэдэгдлийг хүргүүлсэн уг ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт  заасанд нийцсэн гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас аль нэг нь төлөөлөн оролцохоо илэрхийлсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн дотооддоо шийдвэрлэсэн асуудлыг шийдвэр гүйцэтгэх алба хянах, хөндлөнгөөс оролцох боломжгүй тул бичгээр хүсэлт гаргасан  ХХХХ-г санал болгох комиссын хуралд оролцуулсан нь хууль зөрчихгүй ба зөвшөөрөл өгөөгүй байхад нь ХХХХ ганцаараа хуралд оролцон, эрхийг нь зөрчсөн гэж ХХХХХ үзвэл гомдлоо буруутай этгээдэд холбогдуулан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй.

Мөн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөлд битүүмжлэгдсэн барилга болон газрыг төлбөр төлөгчид шилжүүлэхээр уг хурлаас шийдвэрлэснийг хуралд оролцсон ХХХХ мэдэж, тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан тул 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцсанаар энэ тухай мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар уг ажиллагаа явагдсанаас хойш ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн албанд ирж хэргийн материалтай танилцахдаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх болсныг мэдсэн гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс санал болгох комиссын хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасанд хариу өгөөгүй тул шүүхэд хандсан гэх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй болно.

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох хурлаас гарсан шийдвэрийг төлбөр төлөгч компанийн уг хуралд оролцсон төлөөлөгч ХХХХ мэдсэн атлаа хурлаас тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3/21978 дугаар мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийг 6 дугаар сарын 15-ны дотор чөлөөлөхийг мэдэгдэж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн БЗ/0/05 дугаар тогтоолоор битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн санал болгох комиссын хурлын талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч ХХХХХд мэдэгдээгүй, хуралд оролцуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд ХХХХ-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулснаас эрхээ зөрчигдсөн гэх ХХХХХгийн нэхэмжлэл болон уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ