Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 628

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК, РД: *******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн татварын хэлтэс;

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар ногдуулсан нийт 101.982.700 төгрөгийн нөхөн татвар, 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь уул уурхайн хангамж, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нар нь 2011 онд манай компанид хяналт шалгалт хийж 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот актаар 117,856,900 төгрөгийн нөхөн татвар, 40,144,700 төгрөгийн торгууль, 25,370,100 төгрөгийн алданги, 69,900 төгрөгийн хүү, нийт 183,441,600 төгрөг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б Д.Б нар нь 2013 онд манай компанид хяналт шалгалт хийж 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актаар 26,819,900 төгрөгийн нөхөн татвар, 10,277,900 төгрөгийн торгууль, 7,815,000 төгрөгийн алданги, нийт 44,912,800 төгрөг тус тус ногдуулсан. 

Манай компанийн зүгээс 2011 оны 231482 тоот актыг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандаж Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 117,856,900 төгрөгийн нөхөн татвар, 40,144,700 төгрөгийн торгууль, 25,370,100 төгрөгийн алданги, 69,900 төгрөгийн хүү нийт 183,441,600 төгрөгийн төлбөрөөс 65,581,600 төгрөгийн төлбөрийг хасч 117,860,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Манай компани нь энэ төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлсөн байдаг ба Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот акт, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар ногдуулсан төлбөрийг барагдуулахаар шуүхэд хандаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7169 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 115 дугаар магадлалаар актуудын төлбөрийг манай компаниар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 зэрэг заалтуудад төрийн эрх бүхий байгууллагын захиргааны хариуцлага ногдуулсан шийдвэрүүд нь өршөөлд хамруулахаар хуульчилсан байна. Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь төрийн эрх бүхий байгууллагаас ногдуулж байгаа захиргааны хариуцлагын арга хэмжээ бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлүүдэд ч тодорхой заасан.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот акт, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох нийт  160,772,800  төгрөгийг  нь  Улсын  Их  Хурлаас  баталсан   Анхны   ардчилсан 

сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар манай компани нь эдийн засгийн хямралын энэ цаг үед өрийн дарамтнаас гарах, банкны харилцах данснуудаа нээлгэж компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

Манай компанийн зүгээс уг хуульд хамрагдах тухай хүсэлтийг “Хан-Уул дүүргийн татварын хэлтэс” болон “Татварын ерөнхий газар”-т хүргүүлж байсан боловч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2/440 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1181 дүгээр албан бичгээр нөхөн татварыг төлсөн тохиолдолд актаар ногдуулсан хүү, торгууль, алдангийг хуульд хамруулан шийдвэрлэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй хариуг өгч тус компанид актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг өршөөлийн тухай хуульд хамруулахаас татгалзсан хариу өгсөн болно.

Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот акт, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар ногдуулсан нийт 101,982,700 төгрөгийн нөхөн татвар, 34,006,600 төгрөгийн торгууль, 24,783,500 төгрөгийн алданги нь Улсын Их Хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлснөөр захиргааны шийтгэлээс/хүү, торгууль, алданги/ чөлөөлөгдөх ба татварын улсын байцаагчийн бичсэн актын нөхөн татвар нь татвар төлөгчийн хүлээсэн үндсэн үүрэг тул дээрх хуульд хамаарахгүй болно.

Татварын улсын байцаагчийн бичсэн актын хүү, торгууль, алдангийн хувьд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон нөхөн татварын 75162,8 мянган төгрөгийг төлснөөр 42,697.2 мянган төгрөгийн хүү, торгууль алданги, 2013 оны 232869 дугаартай татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 26819,9 мянган төгрөгийн нөхөн татварыг төлснөөр 18092,9 мянган төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөгдөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын актын нөхөн татварыг төлж барагдуулснаар хүү, торгууль, алдангийг чөлөөлүүлэх боломжтой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар ногдуулсан нийт 101.982.700 төгрөгийн нөхөн татвар, 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь захиргааны шийтгэл бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өршөөлд хамрагдана гэж, харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... өршөөл үзүүлэх тухай хуулиар зөвхөн “хүү, торгууль, алданги” чөлөөлөгдөх ба татварын улсын байцаагчийн бичсэн актын нөхөн татвар нь татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.1-д заасны дагуу “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” үүрэгтэй. Ерөнхий газраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор “...нөхөн татварыг төлүүлж, хүү, торгууль алдангийг хуулийн шаардлагад нийцүүлэн чөлөөлөх” чиглэл өгсөн...” гэж тайлбарлан маргажээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээгүй байна”, 74.4-т “Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Харин нөхөн татвар нь “...хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө...”  байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй юм. 

Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос захиргааны шийтгэл биш юм.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482 тоот, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актууд нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө  үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар торгууль, алдангийг захиргааны шийтгэл хэмээн үзэж татварын улсын байцаагчийн дээрх актуудаар ногдуулсан 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамруулж, үлдэх 101.982.700 төгрөгийн нөхөн татварыг энэхүү хуульд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар “Ц” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 34.006.600 төгрөгийн торгууль, 24.783.500 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231482, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 232869 тоот актуудаар “Ц” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон нийт 101.982.700 төгрөгийн нөхөн татварыг Анхны ардчидсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР