Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 612

 

 

Н.Шинэзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 тоот эсэргүүцлээр, Н.Шинэзоригт холбогдох эрүүгийн 201726010694 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Барга овогт Нямдэлэгийн Шинэзориг, 1974 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЭ74041815/,

Н.Шинэзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээлийн 13 дугаар гудамжны 34 тоотод Гунгаадоржийн Эрдэнэ-Очиртой “хаалга эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг согтолтын хүнд зэрэгтэй буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжний зүүн доод хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Шинэзоригт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагчид нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Н.Шинэзоригт холбогдох 201726010694 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Шинэзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаар шүүгчийн захирамжийг залруулахдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан байна.

Тус шүүхийн 2017 оны 566 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “...2017 оны 6 дугаар сарын 30-ны..”, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...”, “...Э.Мэндсайханыг...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүхийн шийдвэрийг өөрийн санаачлагаар залруулж болох тухай хуульчилсан байх тул дээрх техникийн алдааг буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 29-ний...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг, “...91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг, “...Н.Шинэзоригийг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Захирамжийн тодорхойлох хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй  байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн гэж, Н.Шинэзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт” гэж, Н.Шинэзоригийн нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Н.Шинэзоригт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Шинэзоригт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж удиртгал хэсэгтээ дурдсан атлаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэж тодорхойлох хэсэгт заасан. Мөн Н.Шинэзоригийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт” гэж, Н.Шинэзоригийн хэргийг Э.Мэндсайханд холбогдох гэмт хэрэгт гэж тус тус дүгнэлт хийсэн нь буруу байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4 дэх хэсэгт заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт Н.Шинэзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагч нарын овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй (...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, ...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ...Э.Мэндсайханыг) бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаархи эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаар шүүгчийн захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 616 дугаар шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

“...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 29-ний...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Н.Шинэзоригийг...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 616 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Шинэзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                            Н.БАТСАЙХАН