Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0623

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0493

Улаанбаатар хот

Л.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                      

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Л.Д-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг ... эс зөвшөөрч ийнхүү хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар “Л.Д-ыг албан тушаалаас халах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг үндэслэн дараахь үндэслэлээр төрийн албанаас халж шийдвэрлэсэн. Үүнд:

  1. Удирдлагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрйин 10/695 дугаар албан тоотоор өгсөн хугацаатай үүрэг даалгавар /Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан хийх ажлын төлөвлөгөө/-ын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй;
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52 дугаар тушаалыг биелүүлээгүй;
  3. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/64 дүгээр тушаалыг биелүүлээгүй;

1 дэх үндэслэлийн тухайд: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 02 д угаар сарын 25-ны өдрийн 36 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр биелэлтийг давчуу хугацаанд, боломжит хэлбэрээр дараах байдлаар хангаж хүргүүлсэн:

1. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй гэр буудал, жуулчны бааз, отоглох газар болон иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааг тогтоож, бүртгэн оруулсан. Зөрчилтэй баазуудад хугацаатай мэдэгдэл, зөвлөмж, хүргүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх “... шалгалтаар илэрсэн дээрх тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм горим зөрчигдсөн асуудлууд түүний чиг үүрэгтэй шууд хамааралтай байна” гэж дүгнэсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс олгосон газрын тухайд газрын давхцал, солбицлын алдаатай зэргийг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас засах боломжгүй, эрх хэмжээнд хамаарахгүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Гагцхүү яам өөрөө замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийн давхцлын алдаа, солбицлын зөрүүгээ засах ёстой.

2. Газар ашиглалтын зөрчилтэй 6 аж ахуйн нэгжид зөрчил арилгах тухай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлснийг хавсаргасан.

3. Ажлын жиг үүргийн хүрээнд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Ү 135 нэгж талбараас 81 нэгж талбарын мэдээллийг засварлан бүртгэж, 38 нэгж талбарын мэдээллийг “засвар хийгдэж байгаа” төлөвт шилжүүлсэн шалтгаан нь кадастрын зургийн зөрүүтэй байдал нь программд засаж оруулах боломжгүй, яамны зүгээс засварласны дараа оруулах тул уг төлөвт шилжүүлсэн.

Гэтэл шүүх “... энэ дагуу газар ашиглагч нарын мэдээллийг нэгж талбар бүрээр зөрчлийг арилган Лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүргийг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаартай чиглэл хүргүүлсэн албан бичигт үүрэг болгосон ч зөрчлийг арилгаагүй нь маргаан бүхий тушаалын бас нэгэн үндэслэл болсон ... газар ашиглагч нарын мэдээллийг нэгж талбар бүрээр зөрчлийг арилган Лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүрэг хэрэгжээгүй байна” гэж огт үндэслэлгүй дүгнэсэн. Хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч ... мэдүүлэхдээ “... огт мэдээлэл оруулаагүй” гэсэн нь яамны зүгээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан ёсоор Лэнд менежер программд мэдээллээ оруулаагүй, өөрөөс хамаарах засварыг оруулаагүй нь тодорхой байсан.

4. Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр сумдын Засаг дарга нарт болон Хатгал тосгоны захирамжийн ажлын албанд тус тус албан бичгийг хүргүүлснийг тайланд хавсаргасан.

Шүүх “... шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн нэг болох орон нутгаас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн гаазр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй зөрчлийг зогсоож газар эзэмших эрхийг цуцалж хариу мэдэгдэхийг сумдын Засаг дарга нарт хамгаалалтын захиргаанаас албан бичгүүдийг хүргүүлснээс өөрөөр зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна” гэж дүгнэсэн. Эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд газар эзэмших эрх олгосон этгээд нь түүнийг цуцлах, хүчингүй болгох, арга хэмжээ авах эрхтэй бөгөөд Хамгаалалтын захиргааны зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх арга хэмжээг авах боломжгүй байсан болно.

5. Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэхээр Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаатай хамтран ажиллахаар төлөвлөсөн байсан.

6. Хөвсгөлийн БЦГазарт 2016 оноос хойш хийгдсэн хяналт шалгалтын мэдээллийг хавсаргасан.

7. Олон улсын байгууллага, зөвлөлүүдийн хамтарсан хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулахаар болсон. Юнеско дэлхийн өвийн олон улсын зөвлөх, Монгол дахь төлөөлөгч нар, холбогдох албаны хүмүүстэй хийх хэлэлцүүлгийн төсөл, саналыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай албан хүсэлтээр Хөвсгөлийн БЦГ-т хэрэгжиж буй MON(9183) төслийн удирдлагад хүргүүлсэн.

8. Ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалыг хавсаргасан.

9. Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч иргэн, ААН-ын гурвалсан гэрээг жил бүр дүгнэн, мэдээллийн бааз үүсгэн ажилладгийг хавсаргасан.

2 дахь үндэслэлийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52 тушаал, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/64 дүгээр тушаалыг биелүүлээгүй гэх үндэслэл нь ойлгомжгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтаар “Төрийн албанаас халах” гэж байгаа тохиолдолд 3 буюу түүнээс дээш удаагийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг холбогдох баримтаар тогтоосон байх шаардлагатай.

Гэтэл уг заалтын нөхцөл хангагдаагүй, ажил олгогчоос тогтоогоогүй байтал шүүхээс “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалд өмнө нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг дурдсаныг нэг зөрчилд сахилгын зөрчилд давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй. Учир нь Б/32 дугаар тушаалаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4-т зааснаар сахилгын шийтгэлээр биш мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажлаас халсан юм. Энэ ч утгаараа энэ маргаанд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам хэрэглэгдэхгүй” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж зэж байна. Шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/52 дугаар тушаал, Б/64 дүгээр тушаалыг тус тус оролцуулан тооцож хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-г үндэслэн хариуцагчаас “ажлаас халах тухай” тушаал гаргасан болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, сахилгын шийтгэл авагдсаныг ажлаас халах үндэслэл болгосныг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Намайг 2017 онд үндэслэлгүйгээр ажлаас халж, улмаар шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон цагаас эхлэн элдэв шалгалт оруулж зөрчил тооцож, арга хэмжээ авч, улмаар халах шийдвэрийг гаргаж байна.

1. Шүүхийн даалгавраар тогтоогдсон гэх “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “Н зангилаа” ХХК-д “асуудал шийдвэрлэх тухай” гэх агуулгатай бичиг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай албан бичиг нь Тунхэний национальный паркад урилга хүргүүлсэн 1 хуудас албан бичиг байсан” гэх тухайд:

Шүүхэд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Идэр/-аас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 97 тоот албан бичгээр “... манай байгууллагын зүгээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот албан бичиг нь ТУНХЕНИЙ национальный паркад “Урилга хүргүүлэх тухай” албан бичиг” гэж ирүүлсэн. Гэтэл тухайн үед хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байсан. Г.Сайнбаря нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай урилгыг тус өдөр Тункинский Национальвный парк Гармасу Батлаева-д ... и-мэйлээр илгээсэн. Иймээс мэргэжилтэн Г.С-ын ... и-мэйл хаягт үзлэг хийлгэх, Национальный паркаас Л.Д-ын ... и-мэйл хаяг руу урилга хүргүүлсэнтэй холбоотой баримтыг ирүүлсэн тул мөн уг и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон.

Нөгөөтээгүүр, “Н зангилаа” ХХК-аас тодруулахад хавтаст хэрэгт буй баримтаар тус компани нь “манай компанид 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 191, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 56 тоот албан бичгүүдийг ирүүлсэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай албан бичгийг ирүүлж байгаагүй” гэсэн.

Эдгээрээс Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрн хамгаалалтын захиргаа /даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Х.И явуулсан бүртгэлийн баримтыг засварласан болох нь тодорхой байхад шүүх “шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй” хэмээн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

2. Шүүхийн үнэлээд буй гэрч Т.Б-ын мэдүүлэгт “... 3 дугаар сарын 04-ний өдөр даваа гаригийн өглөө Л.Д-ын өгсөн баримт бичгүүдийг яамны нэг цэгийн үйлчилгээнд цахимаар бүртгэж оруулсан. 4 бичиг байсан. Өөр бичиг байгаагүй” гэх тухайд:

Гэрч Т.Болдбаатар нь нэхэмжлэгч Л.Д-ын өгсөн баримтад “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг байгаагүй” гэж мэдүүлсэн боловч уг бичигтэй хамт өгсөн санхүүгийн тайланг яаманд өгсөн, хаана өгсөн болох талаараа үндэслэлтэй мэдүүлэг өгч чадаагүй, дугтуйтай баримтыг задалж үзэхээргүй гэсэн атлаа 36 тоот албан бичиг байгаагүй гэж мэдүүлсэн зэрэг нь түүний мэдүүлэгт нотолгооны ач холбогдолтой байж чадахгүй байхад шүүх үнэлсэнд гомдолтой байна. Гэтэл шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь талд байх Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 04-нийөдрийн 01/220 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн албан бичгийг огт үнэлээгүй. Түүнд “... ажлын төлөвлөгөөг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, биелэлтийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна” тусгасан.

Анхан шатны шүүх нь хэргийг шүүх хуралдаанаар 3 удаа хэлэлцэж байсан боловч ялихгүй шалтгаанаар хойшлуулж, хуралд намайг үг хэлэх, тайлбар өгөх гэхэд “та энэ ажилдаа буцаж очих ямар хэрэгтэй юм” гэх зэргээр маргаан бүхий актад хамааралгүйгээр загнаж, илтэд дээрэнгүй харьцаж байсан.

3. Сонсох ажиллагааны тухайд: С-ын өрөөнд ороод яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ, ажлын төлөвлөгөө тайланг хүргүүлсэн тухай хэлэхэд дөлөгнөөд дэд сайд, Мөнхбаатар гишүүн хоёр шахаад байна гэдгээс өөр юу ч хэлээгүй. Үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй. Шүүгчийн туслах шүүхийн баримтаар шаардсаны дагуу “маш нууц” гэсэн баримт ирсэн наана нь үзүүлэх боломжгүй, хурал дээр үзүүлнэ гэсэн атлаа үзүүлээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр ... шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” хэмээн заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шийдвэрийг хянаад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Л.Д-ыг албан тушаалаас халах тухай” Б/32 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмын чангатгах тухай” 258 тоот тогтоолыг тус тус үндэслэн Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л-ын Д-ыг “удирдлагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 албан тоотоор өгсөн үүрэг даалгавар, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлж тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/64 дүгээр тушаалыг удаа дараа биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг манайд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад төлөвлөгөө гаргаж батлан ... заасан цаг хугацаанд нь нэг бүрчлэн биелэлтүүдийг гаргаж ... 36 дугаар албан бичгээр тайланг хүргүүлсэн ... Б/52, Б/64 дүгээр хууль бус тушаалуудыг эс зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргасан ... Төрийн албаны зөвлөлийн даргын ... 283 дугаар албан бичгээр гомдлыг хянаад хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн боловч ... хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны хариу гаргаагүй, надад мэдэгдээгүй ... ямар ч тайлбар, сонсох ажиллагаа хийгээгүй ... Б/32 дугаар тушаалын үндэслэлд тусгасан Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д нөхцөл бүрдээгүй, ... Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн, ямарваа алдаа зөрчил, дутагдал гаргалгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйлгүй ... албан бичгээр өгсөн 11 үүрэг даалгавраас надад хамааралтай нь 8 ажлыг цаг хугацаанд нь 36 тоот албан бичгээр хангалттай тодорхой бичиж хүргүүлсэн ...” гэсэн үндэслэлээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, татварыг нөхөн төлүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... Б/32 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд бүрэн нийцсэн ... Уг тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, ... 24 дүгээр зүйлийн 2-д заасныг болон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “.. .хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... бол төрийн албанаас хална” гэж заасныг, мөн Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн ... Л.Д нь ... ажиллах хугацаандаа дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаж чадаагүй ... Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны ... Б/52, Б/64 дүгээр тушаалыг биелүүлээгүй ... халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ... мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн ... сахилгын шийтгэлээр халаагүй,  албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан ...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/366 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд 2018 оны 08 дугаар сард шалгалт хийж, шалгалтын дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж улмаар тус яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид буюу Хөвсгөлийн улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д-т “Газрын давхцалтай, талбай хэтрэлтэй, солбицлын алдаатай зэрэг зөрчлүүдийг арилгах зэрэг нийт 11 төрлийн үүрэг даалгавруудыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор заалт бүрээр биелүүлж тайлагнахыг үүрэг болгож, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөө бүхий хавсралтын хамт хүргүүлсэн байх бөгөөд ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил, хугацаатай үүрэг даалгаврыг нэхэмжлэгч хүлээн авсан эсэхтэй талууд маргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.1-д “сонсгол зохион байгуулах”, 27.4.2-т “саналыг бичгээр авах”, 27.4.3-д “биечлэн уулзах”; 27.4.4-д “утсаар санал авах”, 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах”, 27.4.6-д “төлөөлөгчөөр дамжуулан санал авах”, 27.4.7-д “бусад”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 36 дугаар албан бичгээр хүргүүлсэн” гэх боловч хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/42 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлэн авагдсан “Явуулсан бичгийн бүртгэл”, шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын нутгийн удирдах газрын мэргэжилтэн Т.Б-ын мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хүргүүлсэн” гэх Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар албан бичгийг хавсралтын хамт хариуцагч хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий Б/32 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, дээрх хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул маргаан бүхий шийдвэрийг гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Тодруулбал, хэрэгт Байгаль аялал, жуулчлалын яамны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл /1хх-234-235/, тус яамнаас мөн өдөр “Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум” гэсэн хаягаар илгээсэн албан бичгийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт ажилтан н.Үржинбадамд гардуулсан тухай “Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08/185 дугаар албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбар зэргээс өөрөөр мэдэгдэх, сонсох ажиллагаатай холбоотой баримт авагдаагүй, хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсантай холбоотой бусад баримт нотолгоо, тайлбар гарган маргаагүй, нэхэмжлэгчийн “... 2019 оны 06 дугаар сарын эхээр мэргэжилтэн н.Б таныг халахаар боллоо тушаал нь гарсан гэж хэлэхэд нь би ... халах гэж байгаа бол сонсох ажиллагаа хийдэггүй юм уу гэж сануулж хэлснээр маргааш нь үүрэг гүйцэтгэгч Э.С-ын гарын үсэг бүхий сонсох ажиллагааны мэдэгдэл дотоод сүлжээгээр ирсэн ... дуудсан өдөр нь очиход ... дэд сайд, Их хурлын гишүүн дээрээс шахаад байн гэж хэлснээс өөр юу ч хэлээгүй ... сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй ... сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн бол уг хэрэг маргаан ойлгомжтой болох байсан ... ” гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүйгээс үзвэл маргаан бүхий актын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу хариуцагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт ирээгүй талаар, үүнтэй холбоотой ажлаас халах үр дагавар үүсч буй талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ”, 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах”, 22.4-т “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагатай хуульд заасан журмаар харилцана” гэж заасны дагуу хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүргийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өөрийн харьяа байгууллага болох Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргыг ажлаас халахын өмнө уг шийдвэр гаргах ажиллагааны оролцогч Л.Д-ын хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлын үндэслэлийг бүрэн гүйцэд тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, түүнд ажлаас халах үндэслэл бүрдэж буй талаар тухайлбал, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой илтгэл тайлан ирээгүй талаар, энэ нь ажлаас халах үндэслэл болж байгаа талаар танилцуулах, улмаар тайлбар, санал гаргах боломж олгох бололцоотой байтал хуульд заасан журмын дагуу эдгээр үйл ажиллагаа явуулаагүй байх тул “албан үүргийг удаа дараа биелүүлээгүй” гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий актыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг төрийн албан хаагч шахаж шаардуулахгүйгээр эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй боловч хариуцагчаас нэхэмжлэгчид үр дагавар бүхий түүний эрх зүйн байдлыг хөндсөн шийдвэр гаргаж буй энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэл болж буй хугацаатай албан үүргийн биелэлт хугацаандаа ирээгүй талаар, энэ нь ажлаас халах үндэслэл болж байгаа талаар мэдэгдэж, тайлбар санал гаргах боломжийг олгох хуулиар хүлээсэн үүргээ нэн тэргүүнд биелүүлэх байжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчаас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа ажилтныг халах хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх, ажлаас халах болсонтой холбогдуулан тайлбар, санал гаргах боломжийг олгосон эсэх, мөн шийдвэрийн үндэслэлийг нэг бүрчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх эдгээрт хамаарах маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажлын байр нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, тухайн хамгаалалттай газрын байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, урт хугацааны стратегийг тусгасан менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг үр ашигтайгаар удирдан зохицуулах, менежментэд оролцох талуудын хамтын ажиллагааг хангах, тухайн хамгаалалтын захиргааны эрхэм зорилгыг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах зорилгын хүрээнд зорилт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар байна.

Нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан маргаан бүхий Б/32 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д /Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ гэж заасныг үндэслэн ажлаас халсан байх бөгөөд ажлаас халах болсон шалтгааны нэг үндэслэлд “хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “албан бичигт дурдсан 11 үүрэг даалгавар дотор өөрт нь хамааралгүй ажлуудыг хамааруулсан ...” гэж тайлбарлан маргасан байхад шүүх хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж ирүүлэхийг үүрэг болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичигт дурдсан 11 төрлийн үүрэг нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах эсэхэд бүрэн дүүрэн, тодорхой дүгнэлт хийгээгүй “... шалгалтаар илэрсэн дээрх тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм горим зөрчигдсөн асуудлууд түүний чиг үүрэгтэй шууд хамааралтай байна ... ” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгээр “газрын давхцалтай, талбай хэтрэлтэй, солбицлын алдаатай зөрчлүүдийг арилгах, бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн хангах, лэнд менежер программд нэгж талбар бүрээр зөрчлийг арилгах” зэрэг үүргүүдийг 3 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгүүлэхээр, мөн “Хөвсгөл нуурын цогцолборт газарт орон нутгаас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгогдсон газруудын эрхийг цуцлуулах талаар сумдын Засаг дарга нарт шаардлага хүргүүлж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан арга хэмжээг авах, орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдийг үе шаттайгаар чадавхжуулах арга хэмжээ авах, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг үе шаттайгаар чадавхжуулах арга хэмжээ авах, дээрх үүрэг даалгасан хугацаанд заалт бүрээр биелүүлж тайлагнах” зэргийг үүрэг болгожээ.

Дээрх 11 төрлийн үүрэг даалгаврын гүйцэтгэл ямар түвшинд хэрхэн гүйцэтгэгдсэн тохиолдолд хангалттай гэж үзэх эсэх талаарх шалгуур үзүүлэлтийг хариуцагчаас тодорхой заагаагүй байх бөгөөд “газрын давхцалтай, талбай хэтрэлтэй, солбицлын алдаатай зөрчлүүдийг арилгах, бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн хангах, Лэнд менежер программд нэгж талбар бүрээр зөрчлийг арилгах” үүргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу 1 сар орчим хугацаанд биелүүлэхийг үүрэг болгосон, харин бусад үүрэг даалгаварт тодорхой хугацаа заагаагүй байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгийг нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгчээс уг албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын зарим хэсгийг “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа хийх боломжгүй, эрх хэмжээнд хамаарахгүй асуудал байсан” гэж маргасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, мөн зүйлийн 4-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана” гэж хуульчилснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, мөн газрын зориулалт, орших бүс, байршил зааг хэмжээний талаарх шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын яам гаргахаар байх тул  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын 1-т заасан “хяналт шалгалтад хамрагдсан БОАЖС-ын тушаалаар олгогдсон 66 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 41 нь газрын давхцалтай, талбай хэтрэлтэй, солбицлын алдаатай зэрэг зөрчил дутагдлыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор арилгах” үүргийг нэхэмжлэгч дангаараа хариуцах хууль зүйн боломжтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн 10/695 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын 3-т “Лэнд менежер программ нэвтэрч байгаатай холбоотойгоор нэгж талбар бүрээр зөрчлийг арилган мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор оруулж эцэслэх” гэж заасан байх бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан “Хөвсгөлийн нуурын байгалийн цогцолборт газрын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжид хөрвүүлэн оруулсан 135 засварлаагүй төлөвтэй нэгж талбараас 81 нэгж талбарын газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл болон газрын ашиглах эрх олгосон шийдвэрийн мэдээллийг засварлан бүртгэж нэгж талбарын мэдээллийн “засвар дууссан” төлөвт 38 нэгж талбарын мэдээллийг “засвар хийгдэж байгаа” төлөвт тус тус шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна ...” гэх агуулга бүхий Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/1746 дугаар албан бичиг зэргээс үзэхэд уг үүрэг даалгаврыг хийж гүйцэтгээгүй гэж шууд буруутгахааргүй байхад шүүх “... Лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүрэг хэрэгжээгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичгээр үүрэг болгосон “Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчилд тохирсон арга хэмжээ авах,...” хүрээнд Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 39-04-081/06 дугаар албан шаардлагыг “Мон трэйвэл” ХХК-д, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 39-04-081/3 дугаар албан шаардлагыг “Ай Номадик” ХХК-ийн захиралд, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 390-04-081/04 дүгээр албан шаардлагыг “Далайн гялбаа” ХХК-д тус тус хүргүүлсэн байх бөгөөд уг үүрэг даалгаврын хүрээнд ямар ажиллагааг хийж, хэдэн байгууллагад хэчнээн албан шаардлага хүргүүлсэн тохиолдолд үүрэг даалгавар гүйцэтгэгдсэн гэж үзэх нь тодорхойгүй, нарийн заагаагүй буюу уг үүрэг даалгаврыг ямар байдлаар биелүүлсэн тохиолдолд биелэгдсэн гэж үзэх байсан талаар дүгнэх боломжгүй байхад анхан шатны шүүх “... улсын байцаагчийн бичиг баримтын болон ашиглалтын зөрчил арилгуулах ... албан шаардлага ...-д хүргүүлснээс өөрөөр зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлж, тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгажээ.

Хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөө”-ний 4-т “мэдээллийн сангийн газрын координат, зураглал, хэмжилтийг дахин хянан үзэж зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах /1-2 дугаар сард/, Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах /1-4 дүгээр сард/ үүргүүдийг нэхэмжлэгч болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сансарбаяр нар хамтран хариуцахаар, төлөвлөгөөний 5-д заасан /бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах /1-2 дугаар сар/ үүргийг нэхэмжлэгч Л.Д дангаараа хариуцахаар заасан байхад дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалж төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелэгдсэн гэж үзсэн нь учир дутагдалтайгаас гадна хэрхэн ямар түвшинд хэрэгжсэн тохиолдолд хангалттай гэж үзэх талаар уг төлөвлөгөөнд тусгаагүйгээс гадна хариуцагч “хууль тогтоомж мөрдүүлж ажиллаагүй” гэж ерөнхий байдлаар буруутгасан нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлээр маргаан бүхий актын удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг нэхэмжлэгч Л.Д-ыг биелүүлээгүй гэж буруутгасныг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Л.Д-ыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг үндэслэн ажлаас халахдаа дээрх дурдсан 10/695 албан тоотоор өгсөн үүрэг даалгавар, Төрийн нарийн бичгийн даргын баталсан Хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлж тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэлд холбогдуулан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, шийдвэрийн үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг нэг бүрчлэн тогтоогоогүйгээс гадна “хэзээ ямар байдлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн ямар байдлаар биелүүлэх байсан боловч биелүүлээгүй, тэрхүү үйл баримт хэрхэн тогтоогдсон нь тодорхой бус, зөрчлийн агуулгыг ерөнхий байдлаар томьёолсон” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/64 дүгээр тушаалуудыг албан үүргээ удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлд хамааруулж төрийн албанаас халах үндэслэл болгосон нь ойлгомжгүй, үндэслэл бүхий болоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “... хамгаалалтын захиргааны дарга Л.Дыг төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалд өмнө нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг дурдсаныг нэг зөрчилд сахилгын зөрчил давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, шийдвэрийн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралтай ач холбогдол шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлагдах “шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тусгай зарчим алдагдсан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих ёсоор тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож Л.Д-т олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                            

                              ШҮҮГЧ                                        Г.БИЛГҮҮН

                            

                              ШҮҮГЧ                                        Н.ХОНИНХҮҮ