Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1175

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,

Т овгийн Цын Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ... дүгээр орцонд иргэн Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Ний мэдүүлэг /хх23-24, 26/, гэрч Д.Мөнх-Очирын мэдүүлэг /хх35/, гэрч Н.Энхбаясгалангийн мэдүүлэг /хх37/, гэрч Д.Пүрэвжамцын мэдүүлэг /хх44-45/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9273 дугаартай дүгнэлт /хх40/, хохирогч Б.Ний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх18/, Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг /хх53-54/, шүүгдэгч Ц.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх65/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх57/, цагдаагийн байгууллагын сангийн лавлагаа /77-83/, хаан банкны дезопит дансны хуулга /хх61-65/, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх67/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх68/ шүүгдэгчийн бусад хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ц.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Ний “...Би хувиараа төсөл бичдэг ажил хийдэг юм. 2017 оноос хойш Энхбаясгалан гэдэг хүнтэй танилцаж төслийг нь бичиж өгдөг, санхүүгийн заавар зөвлөгөө өгдөг байсан юм. 2018 оны 9 дүгээр сард Энхбаясгалан эгч Г, Мөн-Очир гэх хоёр хүний хамт төсөл бичүүлъе гэж ирээд би зөвшөөрч төслийг нь бичиж өгөхөөр болсон. Би 5 боть төсөл бичиж өгөөд Хас банкнаас зээл авах гэж материалуудаа өгтөл Хас банкны салбарын захирал Батсүх энэ хүмүүст чинь зээл өгч чадахгүй, арматурын бизнес хийдэг хүмүүс ийм байдаггүй юм луйварчин хүмүүс байна гэж хэлсэн.

Надаар төсөл бичүүлсэн Г, Мөнх-Очир нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дандаа хуулбарыг нь өгч эх хувийг нь асуухаар өгдөггүй байсан тэгэхээр нь би сэжиг төрж Энхбаясгалан эгчид энэ хоёр хүмүүс чинь луйварчин хүмүүс байна гэдгийг хэлсэн юм.

2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Энхбаясгалан эгч над руу орой 17 цагийн үед залгаад хүрч ирээд санхүүгийн тооцоолол хийгээд өгөөч гэхээр нь би гэрээсээ гараад Энхбаясгалан эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны ар талын 22б байрны 3 дугаар орцны гадаа явж байгаад Г, Мөнх-Очир нартай тааралдсан юм. Тэгтэл Г намайг харааснаа миний зүүн гарын булчингаас базаж татаж угзарсанаа нуруу руу гараараа 1 удаа цохьсон тэгсэнээ Энхбаясгалан эгчийн орц болох 4 дүгээр орц руу дагуулж оруулаад 2 давхарт гараад Г миний үснээс зулгаагаад чирж сэгсэрээд байсан тэгэхэд нь Мөнх-Очир нь болиулаад Гыгаа аваад гараад явсан.

Би 102 дугаарт дуудлага өгөх гэсэн боловч салаганаад ярьж чадахгүй болохоор нь Энхбаясгалан эгчийн гэрт нь ороод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх23-24, 26/

2. Гэрч Д.Мөнх-Очирын “...2019 оны 7 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Энхбаясгалангийн гэр рүү очих гэж явж байгаад Номинтой тааралдаад Г Номингийн мөрөн дээр сайнуу гээд гараа тавьсан чинь намайг зодлоо гэсэн. Энхбаясгалангийн гэр рүү нь орсон чинь Номин араас дагасан, тэгээд орц руу нь ороод тоотынх нь хаалгыг цохиод доошоо буусан чинь Номио утсан дээрээ бичлэг хийгээд дагаад явж байсан. Номио орилоод буланд очоод Г үснээс нь зулгаасан байж магадгүй, би түрүүлээд буусан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх35/

3. Гэрч Н.Энхбаясгалангийн “...тухайн өдөр буюу 2019 оны 7 дугаар 28-ны өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ байж байхад хаалга нүдсэн. Тэр үед би хаалгаа тайлахад Н гаднаас үс нь сэгсийсэн уйлаад чичирсэн орж ирсэн. Н бол өнөөдөр манай гэрт ирэх байсан. Тэгээд манай гэр рүү ирэх замдаа Г болон Мөнх-Очир нартай дайралдсан. Тэгтэл тэр хүмүүс нь 3 дугаар орцны үүдэнд барьж аваад нуруу руу нэг удаа Г нь цохиж, орц руу оруулж 2 давхарт гаргаж байгаад үсдэж чирсэн гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би тухайн үед цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирж тэмдэглэж авсан. Цагдаагаас хэлтэс дээр ирж өргөдөл өг гэсэн. Тэгээд би цагдаа руу Нтэй явах гэж байхад манай хүү Пүрэвжамц залгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цаасны үйлдвэр дээр Г, Мөнх-Очир нар нь хашаа байшин руу орж ирж зураг авч, бичлэг хийгээд би цагдаад бариад өгсөн гэсэн. Тэгээд цагдаа нар аваад явсан гэсэн. Харин тухайн хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа нар авч явсан гэсэн. Ийм зүйл болсон. Тухайн хумүүс нь манай гэр орноор дахиж ирж асуудал үүсгэж магадгүй учир хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх37/

4. Гэрч Д.Пүрэвжамцын “...Тухайн өдөр үдээс хойш 17 цаг өнгөрч байхад манай үйлдвэрийн хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо мал бордохын хайрханы 10-109 тоот хашаанд би гэртээ байж байтал манай үйлдвэрийг авахаар тохиролцсон Г, Мөнх-Очир хоёр хүрч ирсэн. Тухайн үед Мөнх-Очир нь эрүүл Г нь архи үнэртүүлсэн байсан. Тэр хоёр манай хашаа руу шууд яваад ороод ирэхээр нь би гэрээсээ гараад өөдөөс нь яваад очтол Г чи муу үйлдвэрээ зарна гэсэн зарсангүй гээд ална муу бацаан минь гэх зэргээр хэл амаар доромжилж Г 2, 3 удаа нүүрлүү гараараа цохиж, мөн хөл эмзэг эрхтэн лүү 2 удаа өшиглөсөн тэр үед цуг явсан Мөнх-Очир нь хашаан дотор үйлдвэрийн зургийг дараад байсан намайг цохисон болохоор Гыг чирээд хашаанаасаа гаргасан, Мөнх-Очир нь хажууд юу ч хэлэлгүй дагаад яваад байсан.

Би гэртээ орж эхнэр хүүхдээ тайвшруулчихаад гэрээсээ гарч ээжийнхээ гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны ар талын байранд яваад очтол манай ээж, Н эгч хоёр цагдаагийн машинд сууж байсан ба юу болсон талаар асуухад Г Нг зодчихоод явсан гэж хэлсэн ба Н эгчийн үс толгой нь сэгсийчихсэн байж байсан.

Тэгээд би ээжийн байрны гадаа байж байтал манай эхнэр над руу залгаад нөгөө хоёр хүн чинь дахиад ирчихсэн хашааны хаалга балбаад байна гэхээр нь би эхнэрийгээ цагдаа дуудчих гэж хэлээд гэрлүүгээ очиж явж байтал хашааны наана нөгөө хоёр хүнтэй тааралдаад яагаад хашааны хаалга нүдээд байгаа юм гэтэл Г нь дахиад намайг цохиж аваад хэл амаар доромжлоод байсан тэгж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх44-45/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9273 дугаартай “Б.Ний биед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх41/

6.Хохирогч Б.Ний гар утсанд үзлэг хийсэн “...Самсунг С-6 маркийн хар өнгийн гар утасны функц рүү орж фото гэсэн файлын бичлэг рүү ороход бараан өнгийн улаан канттай бэлтгэлийн цамц, өмдтэй, цагаан өнгийн поло футболктой Ц.Г нь орцны шатнаас өгсөж ирээд баруун гартаа салаавч гаргаж май гэж хэлнэ бичлэг хийж буй хүн рүү тулж ирэхэд бичлэг хийж буй /эмэгтэй хүн/ яаая гэж орилох бөгөөд камерын бичлэг 3 секундэд тогтворгүй болж байв. Ц.Г нь пизда минь чиний данс руу 5 сая төгрөг хийж байсан гэхэд бичлэг хийж буй эмэгтэй энийгээ аваад яв л даа яахаараа чи намайг зоддог юм, яахаараа намайг үсддэг юм гэж хэлэхэд шатнаас саарал өнгийн хувцастай эрэгтэй хүн Гыг авч явж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл  /хх14/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Гыг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Ц.Г, гэрч Д.Мөнх-Очир, хохирогч Б.Н нар нь  2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22/б байрны гадаа таарсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хохирогч Б.Н нь тус дүүргийн 22/б байрны  байрны 4 дүгээр орц руу ороход Ц.Г нь орцонд Б.Нийг үсдэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ний “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Энхбаясгалан эгч над руу орой 17 цагийн ... Энхбаясгалан эгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгоны ар талын 22/б байрны 3 дугаар орцны гадаа явж байгаад Г, Мөнх-Очир нартай тааралдсан юм. Тэгтэл Г намайг харааснаа миний зүүн гарын булчингаас базаж татаж угзарсанаа нурууруу гараараа 1 удаа цохьсон тэгсэнээ Энхбаясгалан эгчийн орц болох 4 дүгээр орц руу дагуулж оруулаад 2 давхарт гараад Г миний үснээс зулгаагаад чирж сэгсэрээд байсан тэгэхэд нь Мөнх-Очир нь болиулаад Гыгаа аваад гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Очирын “...2019 оны 7 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Энхбаясгалангийн гэр рүү очих гэж явж байгаад Номинтой тааралдаад Г Номингийн мөрөн дээр сайнуу гээд гараа тавьсан чинь намайг зодлоо гэсэн... Номио орилоод буланд очоод Г үснээс нь зулгаасан байж магадгүй...”, гэрч Д.Пүрэвжамцын “...манай ээж, Н эгч хоёр цагдаагийн машинд сууж байсан ба юу болсон талаар асуухад Г Нг зодчихоод явсан гэж хэлсэн ба Н эгчийн үс толгой нь сэгсийчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч Ц.Гын мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ний эрүүл мэндэд “...тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9273  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн хор уршигийн талаар хохирогч Б.Н нь 553.500 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгөн нэхэмжилжээ.

Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал байх тул шүүгдэгч Ц.Гаас уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ц.Г нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугийн талаар маргаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад  800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гаас 553.500 /таван зуун тавин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР