Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2019/0822/Э |
Дугаар | 1154 |
Огноо | 2019-11-12 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1154
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.Ц-түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-холбогдох эрүүгийн 1908 02753 0902 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн тоотод оршин суух, урьд:
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацгаар тэнсэн харгалзсан.
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 21.000 төгрөгийг хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4 жил 4 сар 25 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
- Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ц-нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр нутаг дэвсгэр Драгон автовокзал төв дотор С.У-цүнхнээс бичиг баримт, монетон бөгж, бэлэн мөнгөтэй түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 347.000 төгрөгний хохирол, мөн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр нутаг дэвсгэр Драгон худалдааны төв дотор иргэн Ц.Э-түрүүвчтэй эд зүйлс, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан 919.060 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: иргэний үнэмлэхний лавлагаа /хх31/, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх34-54/, ял шалгах хуудас /хх55/ зэрэг хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Ц-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.У-2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “Драгоны зүүн талын хаалган дээр түрүүвчээ алдсан...” гэсэн өргөдөл /хх3/,
2. Камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх4-9/,
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан “... хоёр дугаартай эмэгтэй миний түрийвчийг хулгайлсан эмэгтэй мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх10-12/,
4. Хохирогч С.У-“...ээжийгээ Ховд аймаг явуулах гээд Драгон орсон. Ээжтэй хамт Драгон дээр хоол идчихээд гарч явж байхдаа түрүүвчээ алдсан. Тэгээд Драгоны хамгаалагч нартай камер шүүж үзсэн чинь гартаа ягаан тортой эмэгтэй намайг эмийн сангийн тэндээс дагаж яваад хаалган дээр хүмүүс бөөгнөрөх үед миний цүнхийг хулгайлсан байна лээ. Ногоон өнгийн арьсан түрүүвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт, монетон бөгж, бэлэн 60.000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,
5. “Дамно” ХХК-наас хулгайлагдсан эд зүйлсийг 347.800 төгрөг гэж үнэлсэн тайлан /хх23/
6. цагдаагийн байгууллагад хандаж “...Драгон төвийн зүүн хаалгаар гарахдаа цүнхнээсээ бичиг баримт, 720.000 төгрөг алдсан...” гэсэн өргөдөл /хх72/
7. Камерын бичлэг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх76-77, 83/
8. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Г.Ганбаатар нь холбогдогч Б.Ц-/Урангоо нэрээр таньж/ зааж байгаа...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх80-82/,
9. Хохирогч Ц.Э-“...2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед Дарханаас унаанаас буусан...түрүүвчээ цүнхэндээ хийгээд цахилгааныг нь татах гэтэл татагдахгүй байхаар нь цүнхээ онгорхой орхиод хажуудаа үүрээд явсан. Хаалгаар гарах гэж байхад юм шүргэх шиг болсон ба цүнхээ хартал түрүүвч байхгүй болсон байсан. Түрүүвчинд 720.000 гаруй төгрөг бэлэн байсан Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд махлаг биетэй, масктай алчуур ороосон эмэгтэй араас дагаж явж байгаад хаалгаар гарахад миний хэтэвчийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх89/,
10. Гэрч Ц.Э “...Ц.Э- эгчтэй уулзаад Драгоны зүн хаалгаар гарах гэж байхад Ц.Э- эгч түрүүвчээ алдчихлаа гэсэн. Бид 2 камер шүүж үзэхэд махлаг биетэй масктай бас алчуур зүүсэн эмэгтэй хаалгаар гарах гэж байхад аваад энгэртээ хийсэн бичлэг үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх93/
11. Гэрч Г.Г “...камерын бичлэг дээрх эмэгтэй бол Цацралмаа /Урангоо нэрээр/ байна, халаасны хулгайч нарын дунд нэр хүндтэй, сайн ордог гэж яригддаг юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх95/,
12. “Дамно” ХХК-ны хулгайд алдсан эд зүйлийг 199.060 төгрөг гэж үнэлсэн тайлан /хх99/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Ц-:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ц-нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр нутаг дэвсгэр Драгон автовокзал төв дотор С.У-цүнхнээс бичиг баримт, монетон бөгж, бэлэн мөнгөтэй түрүүвчийг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр нутаг дэвсгэр Драгон худалдааны төв дотор иргэн Ц.Э-түрүүвчтэй эд зүйлс, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авсан болох нь хохирогч С.Ундрах, хохирогч Ц.Ц.Э-, гэрч мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Ц-гийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн зэргээр нотлогдон, тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.У-хулгайлагдсан эд зүйлсийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас 347.800 төгрөгөөр, хохирогч Ц.Ц.Э-гийн хулгайд алдсан эд зүйлийг 199.060 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогч нарын эд зүйлийг авснаар гэмт үйлдэл нь төгссөн байна.
Иймд Б.Ц-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирол төлбөр төлөхтэй холбоотой шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч Б.Ц-нь хохирогч Ц.Ц.Э-д 919.000 төгрөг төлсөн гар бичвэр, мөн хохирогч С.У-нөхөр Б.Дарьбазарт 347.000 төгрөг төлсөн талаарх нотариатаар гэрчлүүлсэн баримтыг гаргаж өгчээ.
Иймд шүүгдэгч Б.Ц-энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Ц-нь гэм буруу дээрээ маргадаггүй, өрх толгойлсон эмэгтэй, бага хүүхдээ /1 нас 7 сартай/ бусдад үрчлүүлсэн одоо буцааж өөр дээрээ авахаар хөөцөлдөж байгаа зэргийг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн олон цагаар нь оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Ц-нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь урьдаас төрж, бусдын эд зүйлийг хулгайлж авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Иймд шүүгдэгч Б.Ц-гийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлт байдалд тооцсон бол, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц-гийн хувийн байдлын хувьд урьд 6 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэгдэж байсан, ял шийтгүүлж суллагдсанаас 2 сарын дараа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тухайн шүүгдэгчийн нийгэмшихгүй байна гэх үндэслэл тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан, оргон зайлж байсанг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ц-гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зөв байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ц-гийн хувьд бага насны 2 хүүхэдтэй байх боловч хүүхдийн асран хамгаалагчаар төрөл, садангийн хүнийг тогтоосон, хүүхдүүдээ асрамжаа авсан гэж үзэх боломжгүй байх тул хүүхдийн асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР