| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0835/Э |
| Дугаар | 1130 |
| Огноо | 2019-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 1130
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Т.О-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-холбогдох эрүүгийн 1808 04332 0989 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1979 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 гудамж 47-1680б тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Эмээлтийн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.О-нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг хэл амраар доромжиллоо гэх шалтгааны улмаас иргэн Д.Ч-зодож завьжинд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойд зулгаралт, ташаанд цус хуралт, үс шингэрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Ч-мэдүүлэг /хх21-22/, гэрч Т.Батсуурийн мэдүүлэг /хх27/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11231 тоот дүгнэлт /хх32/, шинжээч эмч лавлагаа /хх58/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх59/, хувийн байдлыг тодруулсан цагдаагийн бүртгэлийн лавлагаа /50-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгч Т.О-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Д.Ч-“...2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн Сүхээгийн махны үйлдвэр гэдэг нэртэй махны үйлдвэрээс адууны өлөн гэдэс аваад өөрийн ажилладаг өлөнгийн цехэд очоод яваад ортол урдаас Б.С-согтуу цалингаа авья гээд уурлаад ирсэн тэгсэн надтай хамт явж байсан 2 хужаа машинаас буугаад Б.С-барьж аваад боль гээд тэврээд авсан гэтэл араас Отгоо ажилчдын гэрээс гараад ирсэн. Тэгснээ 2 гараараа миний үснээс зулгаагаад газар хавсарч унагаагаад нүүрүү гараараа нэг удаа цохиж, үснээс зулгаагаад тавихгүй байсан. Цагдаад хэлнэ шүү үснээс тавиарай гэтэл миний үснээс тавихаар нь би босоод гарч гүйгээд цагдаад мэдэгдсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Т.О- үснээс зулгааж газар унагаан тохой шалбалж, нүүр рүү цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх21-22/
2. Гэрч Т.Б “...2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байдаг өлөнгийн цех дээр ажил дээрээ дүү Т.О-ын хамт 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уугаад байж байтал Чимэгээ гаднаас машинтай ороод ирсэн. Тэгэхээр нь би цалингаа авья гэтэл машинаас нь 2 хужаа буугаад ирсэн. Тэгсэн Т.О- Чимгээ дээр очоод шууд л үснээс нь зулгаагаад газар унагасан тэгэхээр нь би голоор нь салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Би ...цалингийн талаар маргалдсан тэрнээс гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Намайг ........ цалингийн талаар маргаж байхад л Т.О- голоор орж ирээд үснээс нь зулгаасан. Ямар шалтгаанаар тэгснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх27/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11231 дугаартай “...Д.Ч-биед завьжинд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойд зулгаралт, ташаанд цус хуралт, үс шингэрэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх32/,
5. Шинжээч эмч Н.Туяагийн “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэм мэдүүлэг /хх33/
6. Гэрч “...миний төрсөн дүү Т.О- Увс аймагт төрсөн. 2015 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Ер нь бол архины хамааралтай болчихсон гэж хэлж болно. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булан тоотод эхнэрийн хамт амьдарч байгаад одоо тэр хаяган дээрээ байхгүй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Эмээлтийн 1-3 тоотод эхнэрийн хамт амьдарч байгаа Т.О- эрхэлсэн тодорхой ажилгүй, Эмээлтэд өлөнгийн цехд олдсон ажлыг нь хийж амьдарлаа залгадаг...” гэх мэдүүлэг /хх39/
7. Т.Т.О-ын яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг өлөнгийн цехэд манай ах бид 3 хамт ажиллаж байгаад ажлаасаа гараад уг өлөнгийн цехийн хашаанд амьдардаг байсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Б.С-ах бид хоёр 2.5 литр хэмжээтэй пиво хоёрыг хувааж уучхаад гэртээ ороод байж байтал Чимэгээ эгч өлөндөө явж ирчхээд Б.С-ахтай маргалдаад байхаар нь би гараад очтол машинаас 2 хужаа буугаад ирсэн. Тэгэхээр нь би цалин мөнгөө авья гэж хэлээд тэр хоёр хужаатай маргалдсан чинь Чимэгээ эгч голоор орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь үснээс нь зулгаагаад угзартал газар уначихсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Намайг хужаа нартай маргалдаад байж байхад голоор ороод өмөөрөөд намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би гар хүрсэн юм. Чимэгээгийн биед учирсан гэмтлүүдийг би үснээс нь зулгааж, цохиж учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх47/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.Т.О-:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.О-нь төрсөн ах Т.Батсуурьтайгаа 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа уусан улмаар хохирогч Д.Ч-маргалдаж, түүний үснээс зулгайн газар унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Чимгээ, гэрч Т.Б.С-нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Т.О-ын яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ч-эрүүл мэндэд “...завьжинд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойд зулгаралт, ташаанд цус хуралт, үс шингэрэлт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11231 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.О-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чимгээд 200.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул Т.О-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн тайлбараас үзэхэд хохирол төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч Т.О-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.2 дахь заалтад “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Т.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...”, 2 дах хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.О-холбогдох эрүүгийн 1808 04332 0989 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан. Т.О-нь шүүхийн шатнаас оргон зайлсан тул 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1849 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн болно.
Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч Т.О-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0461 дүгээр хорих ангийн цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байх тул тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2285 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болохыг дурьдаж байна.
Мөн шүүгдэгч Т.О-нь “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр” гэмт хэрэгт холбогдсон боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.О-ын цагдан хоригдсон 36 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох буюу 288 цагийг хасч тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.О-ын цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцон, 288 /хоёр зуун наян найм/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.О-урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР