Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 00785

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2016/00785

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: УБ, СБД, 13-р хороо, Рашаан, 7-431 тоотод оршин суух, Жалайр овогт Батсуурийн Батмөнх /ДЗ 76020111/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Шаравын гудамж,  43 дугаар байр 1 тоотод оршин суух, Галзад овогт Нярмаагийн Алтанхундага /ОЮ 82092579/-д холбогдох,

 

            10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагч Н.Алтанхундага, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Н.Алтанхундагыг 2008 оноос хойш таних бөгөөд тэрээр “Хятад худалдааны төв”-д цахилгаан бараа борлуулдаг. Би тус төвөөс бараа тээвэрлэдэг жолооч бөгөөд хариуцагчийн ачаа тээшийг ч тогтмол тээвэрлэж ажил үүргээрээ холбогдсон. Анх хариуцагч Н.Алтанхундагыг 2013.11.24-нд мөнгөний шаардлага байна түр мөнгө зээлээч гэхээр нь 1 600 000 төгрөг зээлүүлсэн. Дараа нь 2013 оны 12 дугаар сар 2 800 000 төгрөг нэмж зээлүүлж, нийт 4 400 000 төгрөг зээлүүлсэн. 2014 оны 05 дугаар сард машин авах хэрэгтэй байна зээлүүлсэн мөнгөө авая гэтэл хариуцагч Н.Алтанхундага нь чамд хэдэн төгрөг байгаа юм бэ? би чамаас зээлсэн 4 400 000 төгрөг дээр чинь нэмээд машиныг чинь аваад өгье байгаа мөнгөө түр зээлүүлчих гэхээр нь 2 500 000 төгрөг, дараа нь 600 000 төгрөг нэмж зээлж нийт 3 100 000 төгрөг дахин зээлсэн. Н.Алтанхундага нь нийт 7 500 000 төгрөг зээлсэн. Тухайн үедээ мөнгө хүлээлцсэн ямар нэг бичиг баримт үйлдээгүй аман тохиролцоо хийж, итгэлцлийн үндсэн дээр өгч байсан. Үүнийг түүний дүү Ариунболд, Сэргэлэн нар болон хамт ажилладаг эргэн тойрны хүмүүс гэрчилнэ. Зээлсэн мөнгөө удаа дараа шаардахад газрын мөнгө орж ирнэ, чамайг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө 2016 оны 01 сар хүртэл хүлээчих өнөөдрийг хүртэлх алданги тооцоод шууд 10 000 000 төгрөг өгье гэсэн. Гэтэл Н.Алтанхундага нь 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй, утсаа ч авахаа больсон. Иймд хариуцагч Н.Алтанхундагаас хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2013 оны 11 сараас  2016 оны 5 дугаар сар хүртэл 2 жил 6 сарын хугацаанд надад учирсан хохирол болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...нэхэмжлэгч Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 500 000 төгрөгийг хариуцагч Н.Алтанхундага хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 6 500 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр төлж байхаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Н.Алтанхундагад холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 500 000 төгрөгийг хариуцагч Н.Алтанхундага хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, 6 500 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр /2016.11.30-2017.11.30/ төлж байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.

          Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид нь 7 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Н.Алтанхундага нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, үлдэх 6 500 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр /2016.11.30-ны өдрөөс 2017.11.30-ныг хүртэл/ төлж байхаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтанхундагаас улсын тэмдэгтийн хураамжинд 134 950 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ