Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 61

 

  2020         01         09                                   2020/ШЦТ/61

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн 1906018072683 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх 27 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн хуучин эцсийн орчим хамтран амьдрагч Т.Лхагвасүрэнтэй маргалдаж, гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Лхагвасүрэнгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-9/, хохирогч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-56/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3357 дугаартай дүгнэлт /хх-18/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-22/, хохирогч Т.Лхагвасүрэнгийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт, /хх-61/, Б.О иргэний үнэмлэхний хуулбар /хх-24/, шүүгдэгч Б.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-25/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн хуучин эцсийн орчим хамтран амьдрагч Т.Лхагвасүрэнтэй маргалдаж, гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: "...Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би согтуудаа эхнэр Б.Охинбаатартай маргалдахад манай эхнэр намайг хэд хэдэн удаа маажиж дээрх гэмтлийг учруулсан. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд 2-3 хоногийн дараа эдгэрч зүгээр болсон ямар нэгэн эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Би одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-56/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3357 дугаартай дүгнэлт:

1. Т.Лхагвасүрэнгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, хэвлийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-18/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: "...Т.Лхагвасүрэнгийн биед учирсан зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү орчимд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Лхагвасүрэнгийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-61/,

Б.О иргэний үнэмлэхний хуулбар /хх-24/,

Шүүгдэгч Б.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-25/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О гаргасан: “...Би энэ гэмтлийг учруулаагүй.” гэх тайлбар гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Лхагвасүрэн өгсөн: “...Би согтуудаа эхнэр Б.Охинбаатартай маргалдахад манай эхнэр намайг хэд хэдэн удаа маажиж дээрх гэмтлийг учруулсан. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд 2-3 хоногийн дараа эдгэрч зүгээр болсон ямар нэгэн эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. " /хх-56/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3357 дугаартай дүгнэлтэд: “....Т.Лхагвасүрэнгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, хэвлийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.” /хх-18/ гэх дүгнэлт, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Т.Лхагвасүрэнгийн биед учирсан зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү орчимд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-22/ гэх мэдүүлэг болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн хуучин эцсийн орчим хамтран амьдрагч Т.Лхагвасүрэнтэй маргалдаж, гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Т.Лхагвасүрэнгийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС