Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 613

 

 

Б.Отгон, А.Мөнхбат, Д.Пүрэвдорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот эсэргүүцлээр, Б.Отгон, А.Мөнхбат, Д.Пүрэвдорж нарт холбогдох эрүүгийн 2014260005328 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харагчууд овогт Бадамын Отгон, 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн Баянхайрхан багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 47 дугаар гудамжны 40 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,  /РД:ОЖ88061835/,

2. Боржигон овогт Даваадоржийн Пүрэвдорж, 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 01-131 тоотод түр оршин суух, /РД:ЙД847050312/,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2568 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг өршөөн хасч 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

3. Шарав овогт Аяахүүгийн Мөнхбат, 1980 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамжны 8 тоотод
түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НИ80022038/,

Б.Отгон нь Д.Пүрэвдоржтой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отгон нь Б.Баттулгын нүүрэн тус газар нь гараараа цохиж, Д.Пүрэвдорж нь намайг цохилоо гэж Б.Баттулгын нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохих зэргээр бүлэглэн ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, биед нь “тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан,

Д.Пүрэвдорж нь Б.Отгонтой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд Б.Отгоны гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отгон нь Б.Баттулгын нүүрэн тус газар нь гараараа цохиж, Д.Пүрэвдорж нь намайг цохилоо гэж Б.Баттулгын нүүр лүү гараараа 3-4 удаа цохих зэргээр бүлэглэн зодож, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож,  биед нь “тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан,

А.Мөнхбат нь Б.Отгон, Д.Пүрэвдорж нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд Б.Отгоны гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Отгон нь Б.Баттулгыг “айл гэр үймүүллээ, арай дэндэж байгаа юм биш үү, боль” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Баттулгын цээжин тус газар өшиглөж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Отгон, Д.Пүрэвдорж нарт холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар, Д.Пүрэвдоржид холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй.

Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Б.Отгон нарт холбогдох 2014260005328 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 606 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 14-ний...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт...” гэснийг, “...91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг, “....Б.Отгон нарыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 585 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн удиртгал хэсэгт прокурорын яллах дүгнэлт үйлдсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг огт дурдалгүйгээр, зүйл анги заалтыг орхигдуулж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Отгон, Д.Пүрэвдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мөнхбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж хэргийн зүйлчлэлийг дутуу, буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгийг  зөрчсөн байна.

Мөн захирамжийн тодорхойлох хэсэгт “Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1.   Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн
авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын
30-ны өдөр” тус шүүхэд... ирүүлсэн” гэж,

2.     Прокурорын газраас Б.Отгон, Д.Пүрэвдорж нарыг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, А.Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Уг хэргийн яллагдагч нар нь Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат гэж байхад “Э.Мэндсайханыг холбогдуулан...” гэсэн нэр дурдсан нь анхан шатны шүүх Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Отгон нарт холбогдох хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн гэж, Б.Отгон, Д.Пүрэвдорж нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, А.Мөнхбатыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэж бичсэн. Мөн Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат нарт холбогдох хэргийг Э.Мэндсайханд холбогдуулан гэж бичсэн нь Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн мэтээр харагдахаар байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4 дэх хэсэгт заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагч нарын овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй (...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, ...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ...Э.Мэндсайханыг) бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаархи эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаар шүүгчийн захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 585 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

“...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг, “...2017 оны 6 дугаар сарын 14-ний...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат нарыг...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 606 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Отгон, Д.Пүрэвдорж, А.Мөнхбат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН