Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 751

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М  

Нэхэмжлэгч: М.Х  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.Т  

Гуравдагч этгээд: Н.Б  

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн ************* орон сууцанд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Т , Н.Б  нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О , гуравдагч этгээд Д.Т , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэгч Д.М , М.Х  нарын шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн дүүргийн ******************************* орон сууцан дээр Д.М  бид нар өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Гэтэл хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүй, огт мэдэгдэлгүйгээр Д.Т , Н.Б  нар бүртгэсэн болохыг олж мэдлээ. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчим, энэхүү зарчмыг үндэслэж олгогдсон гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр 3 хүний нэр байна. Энэ асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2/3375 тоот бичгээр “хуульд нийцүүлж бүртгэсэн” гэсэн утга агуулга бүхий хариуг өглөө. 

Тус байр нь 2 хүний дундын өмч буюу 50, 50%-ийн эзэмшилтэй байсан бол өнөөдөр Д.М д оногдох хувь 33.3%, Д.Т өд оногдох хувь 33.3%, Н.Б д оногдох хувь 33.3% болж 50 хувийн өмчлөгч байсан Д.М ын оногдвол зохих хувь 16.7%-иар хасагдаж шударга өмчлөгчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн нь Монгол Улсын Үндсэн хуулиар заагдсан “үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно” , Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заагдсан 3.1.4 “Улсын бүртгэл үнэн зөв байна”, 3.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэнэ” гэсэн хуулийн зарчмуудыг зөрчсөн.

Д.М ын зөвшөөрлийг авсан эсэх асуудал дээр шүүх шалгаж шүүхийн шийдвэрийн дагуу 24 хувь болон 26 хувиар олгосон талаар ягаан гэрчилгээн дээр бүртгээгүй байна. 

Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Далив хутагт Жамсранжавын гудамж ******* тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс М.Х ыг хасаж, Д.Т , Н.Б  нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хоёр: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Эрхийн Улсын Бүртгэлийн Ү-22********52 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн *************** тоот хаягт орших орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.М , Н.Б , Д.Т  нар бүртгэлтэй байна. 

Иргэн Д.М , М.Х  нар нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Б тай барьцааны гэрээ байгуулан, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх орон сууцыг барьцаалж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлгээр хандаж уг барьцаагаа манайд бүртгүүлжээ.

2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4078 тоот шүүгчийн захирамжаар иргэн Д.Т , М.Х  нарын эвлэрлийг баталсан бөгөөд уг захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1961 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Уг хөрөнгийг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн санал болгох коммиссын хуралдаанаар оруулж төлбөрийг төлөх хугацаа олгон, төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгч М.Х д оногдох 50%-ийг 28,000,000-г төлбөрт тооцон төлбөр авагч нарт өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Төлбөр төлөгч М.Х  нь тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас манайд хандаж 2017 оны 1/4959, 2017 оны 1/2802 тоот бичгүүдийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Д.Т өд 23.6 хувь, Н.Б д 26.4 хувь, үлдсэн 50 хувийг Д.М д олгоё” гэсэн байдаг. 

Тус мэдүүлгийг хүлээн аваад хянаад Эд Хөрөнгө Өмчлөх Эрх Түүнтэй холбоотой Эд хөрөнгийн Бусад Эрхийн Улсын Бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байх тул тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох бүртгэлийг хийсэн.

Манайх системдээ өөрчлөлт хийж IPRS гэдэг програм оруулж ирж байгаа бөгөөд регистрийн дугаарыг оруулахад бүртгэлийн мэдээлэл гарч ирэхээс гадна өмчлөх хувийг бүртгэж болохоор болсон ба уг программаар энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүрэг дээр туршилтын журмаар бүртгэл явагдаж эхэлсэн байгаа. 

Дээрх программ бүрэн хэрэгжиж эхлэхээр шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр 3 иргэний хувийг бичиж өгөх боломжтойгоос гадна дээрх иргэд манайд хүсэлт гаргах юм бол бидний зүгээс хэнд хэдэн хувь байгаа талаарх лавлагааг гараар бичээд өгч болно. 

Улсын бүртгэл үнэн зөв байх зарчим нь Улсын дээд шүүхийн тайлбарт байдаг бөгөөд уг тайлбарт “хувийн хэрэгт бичсэн бичилт үнэн зөв байх” гэж тайлбарласан байдаг. Хувийн хэрэг дээр Д.М  50 хувь, Д.Т  23.6 хувь, Н.Б  26.4 хувь гэж бичсэн байгаа. 

Иймд дээрх бүртгэлийг хүчингүй үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Гурав: Гуравдагч этгээд Д.Т  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Анх М.Х  надаас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16 сая төгрөгийг 2 хоногийн хугацаатайгаар зээлэхдээ “Эрэл банк”-нд 16 сая төгрөгийн үлдэгдэл зээл байгаа түүнийг төлөөд дахин зээл авч мөнгийг чинь эргүүлэн төлнө гэж хэлээд зээлсэн юм. Гэтэл нөгөөдөр мөнгө авах ёстой өдрөө очтол Н.Б гаас дахин 16 сая төгрөгийг авсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 30 сая гаран мөнгө байсан. Тэгээд энэ талаар Д.М тай уулзаж эрүүгийн хэрэг үүсгэх талаар ярьтал удахгүй зээлийг төлнө гэдэг байсан.

Миний зүгээс байнга шаардсаар байхад ямар нэгэн шалтаг тоочиж, мөнгө хайж байна, банкнаас зээл аваад төлье гэх зэргээр аргацаасаар байсан тул миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4078 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдод эвлэрснийг баталж М.Х аас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргаж олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Д.М , М.Х  нар нь нэхэмжлэлийн шаардлага, утгандаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүй, огт мэдэгдэлгүйгээр Д.Т , Н.Б  нарыг бүртгэсэн болохыг олж мэдсэн гэж худал нэхэмжлэл гаргасан байна. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан Цолмонтуяагийн өрөөнд Д.М  нь өөрийн дүүтэйгээ хамт ирж гарын үсэг зурсан бичгээ урж хаян цагдаад хүртэл эрүү үүсгэн шалгуулж байсан тул мэдэхгүй байх ямар ч үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр М.Х ы өмчлөлийн Баянгол дүүргийн *************************** тоот хаягт орших 36,47 м.кв талбай бүхий 1 өрөө байрны М.Х ы хувь эзэмших 50 хувийг иргэн Б*******, Д.Т  бид хоёрт хувь тэнцүүлэн олгохоор Улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэрсийг оруулж бүртгүүлсэн билээ. 

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Дөрөв: Гуравдагч этгээд Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Аав охин 2 нийлж хүн залилдаг. Үүнийг таслан зогсоомоор байна. Д.М ын өмчийн асуудал байхгүй болсон мэтээр ярьж байна. 

Д.М ын 50 хувь байгаа бөгөөд бидэнд үлдэгдэл 50 хувь нь мөн байгаа. Харин охин М.Х ы 50 хувийг авна гэх юм бол бидэнд өгөх ёстой мөнгөө өгчихвөл бид ямар ч асуудалгүйгээр өөрсдөд байгаа 50 хувийг шилжүүлнэ. 

Миний бие 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Х тай холбогдож “*******” банкны барьцаанд байраа чөлөөлөх зээлийн гэрээ ба барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл урьд өдөр нь Т******** гэдэг хүнээр банкны зээлийн 50%-ыг хаалгаад маргааш нь надаар үлдсэн зээлээ хаалгасан байсан бөгөөд урд өдөр нь зээлийг нь хаасан Т******** гэдэг залуу энэ ажиллагааг мэдээгүй байсан. 

Энэ тухай цагдаад өгч шалгуулна гэтэл М.Х  “...байр барьцаанд байгаа юм чинь санаа зоволтгүй...” гэдэг байдлаар гуйгаад хойшлуулсан нь бидний алдаа болсон. 

 Шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж хугацаа тохирсон. Гэвч биелэгдэхгүй болохоор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсэн. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.Х д тодорхой хугацаа өгч төлбөрөө барагдуулах үүрэг өгөөд хэрэв биелэгдэхгүй бол нэрийг чинь хасч энэ хүмүүст чиний өмчлөлийг шилжүүлнэ гэдгийг сануулсан. 

Гэтэл М.Х  энэ хугацаанд янз бүрийн худал хуурмаг арга саам хайж явсан учраас яалт ч үгүй нэрийг нь хасч, бид бүхний нэрийг өмчлөгчөөр оруулахаар шийдвэр гаргаж бүртгэлийн газар шилжүүлсэн болно...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нараас “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн ************* орон сууцанд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Т , Н.Б  нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргааны гол үйл баримтыг “...Баянгол дүүргийн *************, 36.79 м.кв орон сууц нь 2 хүний дундын өмч буюу 50, 50%-ийн эзэмшилтэй байсан бол өнөөдөр Д.М д оногдох хувь 33.3%, Д.Т өд оногдох хувь 33.3%, Н.Б д оногдох хувь 33.3% болж 50 хувийн өмчлөгч байсан Д.М ын оногдвол зохих хувь 16.7%-иар хасагдаж шударга өмчлөгчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн.

 Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нэхэмжлэгч Д.М ын оногдвол зохих 50 хувь бичигдээгүй...” гэж шүүхэд хандан маргажээ.

Харин хариуцагчаас “...бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байх тул тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу холбогдох бүртгэлийг хийсэн...” гэж, гуравдагч этгээд Н.Б гаас  шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр М.Х ы өмчлөлийн Баянгол дүүргийн *************************** тоот хаягт орших 36,47 м.кв талбай бүхий 1 өрөө байрны М.Х ы хувь эзэмших 50 хувийг иргэн Н.Б , Д.Т  бид хоёрт хувь тэнцүүлэн олгохоор Улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр нэрсийг оруулж бүртгүүлсэн. 

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, гуравдагч этгээд  Д.Т өөс ”...нэхэмжлэгч Д.М ын 50 хувийг бид огт хөндөөгүй, Х******д ноогдох 50 хувиас хувь тэнцүүлэн авсан. Байранд нь оруулахгүй гэсэн зүйл байхгүй. Өөрсдөө давхар хүнээс мөнгө авчихсан.Түүнээсээ зугтаад байрандаа ирэхгүй байгаа... гэж тайлбарлан үгүйсгэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд нэхэмжлэгч М.Х  нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээд Д.Т тэй, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээд Н.Б тай 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус харилцан тохиролцож “Зээлийн гэрээ“ байгуулсан.  

Улмаар тохиролцсон хугацаанд зээлээ төлж барагдуулаагүйн улмаас /хуучнаар/ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн  2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3044 дүгээр захирамжаар  “...хариуцагч М.Х  нь 20.550.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4078 дугаар захирамжаар  “...М.Х аас 18.000.000 төгрөгийг С.Т********өд төлөхөөр  шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/4959 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгээр  Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан “...төлбөр төлөгч М.Х ыг Баянгол дүүргийн ************* хаягт байрлах, 36.79 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөс хасч, төлбөр авагч Д*******гийн Т********өд 23.4 хувь, Н.Б********* 26.6 хувиар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай...” мэдэгдлийг нотлох баримтын хамт хүргүүлжээ.

Уг мэдэгдлийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс хүлээн авч хянан үзээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн ************* хаягт байршилтай, 36.79 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б******* овгийн Н*******н Б******* /ХА*******/, Хатигийн овгийн овгийн Д*******ын М****** //, Анчин овгийн Д*******гийн Т******** /ВЙ82******13/ нарыг бүртгэж, гэрчилгээ  олгохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасныг баримтлан бүртгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “бүртгэл үнэн зөв байх “ зарчимтай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан “...хамтран өмчлөгчийг өөрчлөх асуудлаар төлбөр төлөгч М.Х тай зөвшилцөөгүй, энэ талаар Д.М д ч мэдэгдээгүй...” гэх үндэслэл нь гэрч Ц.Ц*******гийн “...М******ын өмчлөл өөрчлөгдөөгүй. Би хуульд заасны дагуу өмчлөгчид цаг тухай бүрт нь мэдэгдээд явж байсан. Манай явуулсан албан тоотоор 2 төлбөр авагчийг 24, 26 хувь гэж заасан байгаа. Д.М  50 хувийн өмчлөгч хэвээр байгаа. 

Дундын хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байсан учраас өмчлөгч М******ын 50 хувийг үлдээж зөвхөн төлбөр төлөгч Х******д оногдох хэсгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр  үгүйсгэгдэж байна.

Нөгөөтэйгүүр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр өмчлөгчийн хувийг бичиж тэмдэглэх  талаар холбогдох хууль болон хэм хэмжээ тогтоосон актад тусгайлан зааж өгөөгүй байх тул дээрх бүртгэлийн бүртгэсэн бүртгэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд маргаан бүхий Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн ************* орон сууцанд  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Т , Н.Б  нарыг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********52 дугаартай Баянгол дүүргийн ************* орон сууцанд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Т , Н.Б  нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Д.М , М.Х  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.БАТБААТАР