Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0627

 

                                                                                                                               

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын

зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт

тавих хяналтын прокурор Ш.Н-ын дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт  тавих хяналтын прокурор Ш.Н, хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 628 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлттэй, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-ын “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0157058 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрхэт” ХХК-ийн “Түмэн" караоке нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 01 цаг 53 минут хүртэл ажилласан гэх иргэн Н.Э-аас гаргасан мэдээллийг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаад “Б-Э” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Эрх бүхий албан тушаалтны дээрх зөрчил шалгасан материал болон шийтгэлийн хуудсыг прокурор хянаад зөрчлийн талаарх мэдээллийг бүрэн шалгалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлснийг шүүх хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд улсын байцаагч нь иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хуульд заасан эрхийн хүрээнд шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 128/ШШ2020/0628 дугаартай шийдвэр үндэслэлгүй байна.

Учир нь: Шүүх "Маргаан бүхий тохиолдолд зөрчилд холбогдогч" “Б-Э трейд " ХХК-ийн Т каракокень хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажиллах цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллаж байгаа талаарх гомдлыг иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан байх бөгөөд түүнийг хариуцагч, улсын байцаагч шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна ... " гэж дүгнэжээ.

Эрх бүхий албан тушаалтан нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ /материалын 3 дугаар хуудас/ "хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 841 дугаартай захирамжийг зөрчин ажилласан нь тогтоогдсон. Иймд холбогдогч “Б-Э” ХХК-ийн илэрсэн зөрчилд нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, шалган тодруулах шаардлагагүй гэж дурдаж иргэн Н.Э-ийн мэдээлэлд төлөвлөгөөт бус шалгалт хийж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Мэдээллийг шалгасан материалд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн холбогдогч Ц.Ү-ын мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 26-ны 00 цагаас хойш гүйлгээ хийсэн талаарх баримт гэсэн 4 нотлох баримт авагдсан, дээрх нотлох баримтуудаар зөвхөн дэлхий нийтэд тархаж байгаа шинэ корона вируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616, 841 дүгээр захирамжуудаар зохицуулсан согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг тогтоосон заалтыг зөрчсөн болох нь өөрөөр хэлбэл худалдаа, үйлчилгээг хаах цагийг хэтрүүлэн ажилласан зөрчил тогтоогдсон байна. Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн мэдэгдлийн биелэлтийг шалгасан талаар материалд авагдаагүй, мэдэгдлийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тогтоогдоогүй, хэзээний ямар мэдэгдэл болох нь тодорхойгүй мэдэгдлийг материалд хавсаргаагүй байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Дээрх зөрчил нь материалд авагдсан нотлох баримтуудаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил болох нь тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол, мэдээллийг харьяалах байгууллагад 3 өдрийн дотор шилжүүлэх тухай заалтыг зөрчиж шалгалтын явцад бүрэн нотлогдоогүй асуудалд шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" гэж хуульчилсан байхад шүүгч “... хэрэв зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулбал 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгохоор байх тул зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдал дордохоор байна” гэж хууль зөрчсөн дүгнэлт хийжээ.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчилд холбогдогчид оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлэх заалт тусгагдаагүй байхад шүүх "Зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлөө ухамсарлаж шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан 5 сар үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллах цагийн хуваарийг 1 цаг хүрэхгүй хугацаагаар хэтрүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж мэргэжлийн хяналтын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128 ШШ2020/0628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дугаар хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Н-аас шүүхэд ирүүлсэн мөн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө-ын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Б э” ХХК-ийг “төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 0157058 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Прокурорын дүгнэлтэд байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлийг “...  “Б э” ХХК-ийн Т каракоке нь ... 01 цаг 53 минут хүртэл ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшигт аюулт, үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ... “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан” гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ... зөрчлийн талаарх мэдээллийг бүрэн шалгалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн ...” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь иргэн Н.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах гуравдагч этгээд “Б э” ХХК-ийн “Т караоке”-ийн үйл ажиллагааг шалгасан байх бөгөөд уг шалгалтаар тус караоке нь төрийн эрх бүхий албан тушаалтнуудын хууль ёсны шаардлага болох хорио цээрийн дэглэмийн үед ажиллах цагийн хуваарьт хязгаар тогтоосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, эдийн засгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/841, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Коронавируст /КОВИД-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” А/930 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” 02-01/2776 дугаар албан бичгүүдийг дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс урьд нь мэдэгдэж, хүргүүлсээр байхад тогтоосон цагийн хуваарийг хэтрүүлэн ажилласан зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан зөрчил гэж үзэж, 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.10-д “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ...” гэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор”, 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэж тус тус хуульчилсан байх тул хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Б э” ХХК-ийн “Т караоке”-д уг хуулийн зүйл, заалтуудыг үндэслэн шийтгэл ногдуулсан нь хуулиар хүлээсэн эрх хэмжээнд нь нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр мэргэжлийн хяналтын байцаагч 2020 оны 0157058 дугаар шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдэд шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, мөн гуравдагч этгээд “Б э” ХХК-ийн “Т караоке”-ийн хорио цээрийн дэглэмийн үед мөрдөгдөх ажиллах цагийн хязгаарыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул прокурорын “... Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил болох нь тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан нь .... гомдол мэдээллийг харьяалах байгууллагад ... шилжүүлэх заалтыг зөрчиж ... нотлогдоогүй асуудалд шийтгэл ногдуулсан ... Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ... гэж хуульчилсан байхад шүүгч ... хэрэв зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13  дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулбал ... эрх зүйн байдал дордохоор байна гэж хууль зөрчсөн дүгнэлт хийжээ ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд заасан эрх хэмжээнд нь нийцсэн, хууль зөрчөөгүй талаар дүгнэлт хийсэн атлаа “зөрчилд холбогдогчийн зөрчлөө ухамсарласан, торгууль төлсөн, үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажиллах цагийн хуваарийг 1 цаг хүрэхгүй хугацаагаар хэтрүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн” гэх дүгнэлтийг хийсэн нь агуулгын хувьд зөрчилтэй байх боловч уг дүгнэлт хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул прокурорын уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ