Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1975

 

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "ХХ" ХХК-ийн захирлын 2013 оны 8 сарын 04-ний өдрийн 4 дүгээр тушаалаар тус компанийн "тасалбар бичигч"-ийн ажилд орж, 2013 оны 8 сарын 05-ны өдөр 4 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-г байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд сарын 750 000 төгрөгийн үндсэн цалинтай, урамшуулалын 200 000 төгрөг нэмж авахаар харилцан тохиролцсон юм.

Эхний нэг жилийн хугацаанд ажил олгогч гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг тогтсон хугацаанд тогтмол өгч байсан боловч сүүлийн үед хугацаандаа цалингаа өгөлгүй хугацаа хожимдуулах болж, зарим саруудад цалин өгөлгүй өнждөг байсан.

Тухайлбал, 2013 оны 3 дугаар сарын цалинг дутуу олгосон тул миний бие захиралд урьдчилан мэдэгдэж, түүний зөвшөөрснөөр 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрүүдийн гараанд тасалбар бичсэн орлогоосоо 83 000 төгрөгийг цалингийн дутууд нөхөж авсан. Гэтэл "ХХ" ХХК-ийн захирал ХХХ 2016 оны 3 сарын 30-ны өдөр 4 дугаар "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, "ХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан байна. Би ажлаас халагдсан гэдгээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа ирээд ХХХХгаас мэдсэн. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн цалингийн шинэ журам батлан гаргаж, дагаж мөрдсөн бол энэ талаар ажилтнуудад мэдэгдэх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд цалингийн талаар өөрчлөлт оруулаагүй.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан тасалбар бичигчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 3 сарын 16-наас 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин гаргуулж, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тэдгээрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Намайг ажлаас халах тушаал 2016 оны 3 сарын 31-ний өдөр гарсан ч 16-ны өдрөөс  хойшхи хугацааны цалинг аваагүй. Би хоёрдугаар сард амарсан тул цалингийн хэмжээ нийгмийн даатгалын дэвтэр дээр бага бичигдсэн гэжээ.

 

Хариуцагч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс тасалбар бичигчээр ажиллаж байсан. Тус компани 2016 оны 3 сарын 01-ний цалингийн шинэ журам мөрдөж эхэлсэн бөгөөд тасалбар бичигч Х уг журмыг хүлээн зөвшөөрөхгүй, "ХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалыг биелүүлээгүй, улмаар 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн компанийн тасалбар худалдсаны орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон.

Уг цалингийн шинэ журам нь Хтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй бөгөөд ажилласан өдрөөр нь цалинг нь олгож байх тухай юм. Тухайлбал, Х Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 7 хоногт ажлын 40 цаг ажиллабал гэрээнд тусгагдсан цалингаа бүтэн бодуулж авах байсан. Урьд нь Х 7 хоногт 24-32 цаг ажилладаг байсан хэдий ч гэрээнд тусгагдсан 40 цагаар цалингаа бодуулж авдаг байсан.

Х 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн тасалбар худалдаалалтын орлого болох нийт 179 100 төгрөгийг тушаагаагүй, урьдчилан мэдэгдээгүй, өөрөө дур мэдэн өөртөө авсан нь ноцтой зөрчил гэж үзсэн тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Мөн "ХХ" ХХК-ийн тасалбарын няравын үүргийн 5 дугаар зүйлд "Тасалбарын нярав нь орлогоос дутаасан тохиолдолд 100% өөрөө хариуцна" гэж заасан байдаг бөгөөд Х 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрийн орлогоос дутаасан 179 100 төгрөгийг нөхөн төлөөгүй болно. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор компанийн орлого 2015 оны 6 дугаар сараас багассан нь үнэн боловч энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм, журам зөрчих үндэслэлгүй биш. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цалин тавих үед маргаан гарч үүнээс үүдэн орлогоос мөнгө авсан байдаг. Мөн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын 3 дугаар зүйлд тус кампанийн нягтлан бодогчид Хын ажиллаж байсан сүүлийн 15 сарын хугацаанд шалгалт хийхийг үүрэг болгосны дагуу нягтлан бодогч ХХХХ иргэн Хыг хамт байлцуулан тасалбар борлуулалтын орлогод шалгалт хийхэд нийт 2 657 000 төгрөгийн зөрчил илэрсэн нь тогтоогдсон бөгөөд Х нь үүнийгээ тайлбарлаж чадаагүй болно.

Компанийн билетийн касс нь Улаанбаатар төмөр замын төв кассын сүлжээнд холбогдсон байдаг ба өдөр бүрийн орлого программаар бодогдон гардаг. Тасалбар бичигч бүр өдөр бүр компанийн орлогыг Худалдаа хөгжлийн банкны 409024121 тоот төгрөгийн дансанд тушаадаг ба, баримт болох мөнгөний баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Хын тус компанид учруулсан 2 657 000 төгрөгийн хохирлыг барагдуулах талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан боловч гаргаагүй.

 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Хыг "ХХ" ХХК-ийн тасалбар бичигчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан "ХХ" ХХК-иас 5,438,104 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Хын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч "ХХ" ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "ХХ" ХХК-иас 103 082 төгрөг гаргуулан улс-орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХийн  давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт "Х 2016 оны 3 дугаар сарын эхний хагасын цалин бүрэн олгогдоогүй гэсэн үндэслэлээр хоёр өдрийн тасалбар бичсэн орлогоос 83 000 төгрөг авсан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол үзүүлэхээр байна" гэжээ. Юуны өмнө тус компани нь нэхэмжлэгчид аливаа өр төлбөрийн үүрэггүй болохыг дурдаж байна. Х нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тасалбар худалдаалалтын орлого болох нийт 179 100 төгрөгийг компанид тушаагаагүй, урьдчилан мэдэгдээгүй, хувьдаа завшсан үйл баримт нь нотлогдсоор байтал анхан шатны шүүхээс 83 000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг зөвтгөж, үлдэх 96 100 төгрөгийн хувьд ямар нэг дүгнэлт хийсэнгүйд гомдолтой байна. Мөн Хын тус компанид ажиллаж байсан сүүлийн 15 сарын хугацааны үйл ажиллагаанд шалгалт хийхэд тасалбар борлуулалтын орлогоос нийт 2 657 000 төгрөг дутсан нь илэрсэн бөгөөд үүнийг холбогдох хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулж, түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон Хыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн ажлаас нь чөлөөлсөн юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой  маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч "ХХ" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрийн орлогоос 179 100 төгрөгийг дур мэдэн авч ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

     Хариуцагч "ХХ" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  131 дүгээр зүйлийн 131.1.3, тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалыг биелүүлээгүй, 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрүүдийн тасалбар худалдсан орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар тасалбар бичигч Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр цуцласан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.   

 

Нэхэмжлэгч Х нь ажил олгогчоос 2016 оны 3 дугаар сарын эхний хагасын цалин бүрэн олгогдоогүйгээс тухайн сарын 14, 17-ны өдрүүдийн тасалбар бичсэн орлогоос 83 000 төгрөгийг орлогод тушаагаагүй, өөртөө авсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон. Уг үйлдлийн талаар нэхэмжлэгч “2013 оны 3 дугаар сарын цалинг дутуу олгосон тул миний бие захиралд урьдчилан мэдэгдэж, түүний зөвшөөрснөөр 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрүүдийн гараанд тасалбар бичсэн орлого 83 000 төгрөгийг цалингийн дутууд нөхөж авсан, цалингийн шинэ журам батлан гаргаж, дагаж мөрдсөн бол энэ талаар ажилтнуудад мэдэгдэх ёстой байсан, хөдөлмөрийн гэрээнд цалингийн талаар өөрчлөлт оруулаагүй, өөрийн авбал зохих дутуу цалинг авсан гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрүүдэд тасалбар бичсэн орлогоос 83 000 төгрөг цалингийн дутууд нөхөж авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэхүү албан үүргээ урвуулан ашиглаж буй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг заасан үндсэн үүрэгтэй нь нийцэхгүй тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг буруутгах боломжгүй юм.

          

            Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, ажилтан нь цалин хөлсийг дутуу олгосонтой холбоотой гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохоос дутуу олгогдсон цалин хөлсийг өөрийн хариуцсан мөнгөн хөрөнгөөс суутган авсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.               

 

           Ажил олгогч буюу хариуцагч тал тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот “тасалбар бичигч ХХХХ, Х нарын цалинг тухайн сард ажилласан өдрөөр нь тооцож олгох” тухай тушаалыг нэхэмжлэгч Хд танилцуулаагүй байх бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэлээ уг тушаалыг биелүүлээгүй гэж заасан нь буруу. Гэвч цалин хөлс бууруулах тухай тушаалыг нэхэмжлэгч Хд танилцуулаагүй нь байгууллагын орлогыг дур мэдэн захиран зарцуулах үндэслэл болохгүйгээс гадна дутуу олгогдсон цалингийн зөрүүг орлогын мөнгөнөөс суутган авах зөвшөөрлийг хариуцагч компанийн захирал олгосон гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

             Хариуцагч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэгч Хын дээрх үйлдлийг  хулгай хийсэн гэх тайлбар нь “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эцэст нь дүгнэхэд нэхэмжлэгч нь тасалбар бичигчийн хувьд байгууллагын мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан байх бөгөөд “2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн компанийн тасалбар худалдсан орлогоос 83 000 төгрөгийг орлогод тушаагаагүй, өөртөө авсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон, ажил олгогч нь ажилтан Хын гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалдаа “2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн компанийн тасалбар худалдаалалтын орлогыг тушаагаагүй” гэж тодорхой бичсэн, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй болно.   

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хын хариуцагч "ХХ" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "ХХ" ХХК-ийн төлсөн 103 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       А.МӨНХЗУЛ