| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0002/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 08
2019 12 23 2020/ШЦТ/08
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2309/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Мд холбогдох эрүүгийн 1906 06962 2691 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.М, Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 494-б тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 135 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэн суллан мөн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн РД://,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван булаг” хүнсний дэлгүүрийн урд бусадтай маргалдаж байх үед салгах гэж очсон иргэн Ц.М зүүн түнх, өгзөг рүү хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.М нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гурван булаг” хүнсний дэлгүүрийн урд бусадтай маргалдаж байх үед салгах гэж очсон иргэн Ц.Мын зүүн түнх, өгзөг рүү хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.М мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1], /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Гэрч Б.Алтанхуяг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 21:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоол дээр ирээд машинаасаа буугаад утсаар яриад зогсож байтал миний урд зогсож байсан Соната-6 авто машинаас таньдаг Мөөжиг гэх залуу бууж над дээр ирээд чи яасан том болчихсон хулгайч вэ? гэхээр нь би Мөөжигөө чи боль. Би чамтай муудалцмааргүй байна гэхэд алнаа пизда минь гээд над руу дайрсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад миний машинд хүрсэн чинь миний машины зүүн талын толь сууриараа хугарсан. Бид хоёр салаад би хүн хүргэж өгчихөөд ирсэн чинь манай эхнэр Рэгзэдмаа Мөөжиг манайд ирээд чамайг асуугаад явлаа. Юу болсон бэ? гэж асуусан. Би “Гурван булаг” дэлгүүрийн урд очиход Мөөжиг урд нь зогсож байсан. Би Мөөжигөө миний машинд суучих гэж хэлээд суулгасан. Тэгээд чи надтай муудалц. Харин манай гэрийнхнийг тайван байлга гэж хэлсэн чинь Мөөжиг хоёулаа машинаас бууя гэхээр нь хамт буусан. Тэгтэл Мөөжигийн гарт хутга байхаар нь би зайгаа барьсан. Гэтэл миний машинд сууж байсан Болдоо бууж ирээд Мөөжигөө чи боль гэж хэлээд бид хоёрын дундуур орох үед би машин тойроод зугтаагаад чулуу аваад над руу ойртвол би чамайг цохиж унагаана шүү гэж хэлсэн.
Мөөжиг Болдоогийн гэдэс рүү нь хутгалах гэж дайрсан. Тэр үед Болдоо болио гээд мөр рүү нь түлхсэн чинь Мөөжиг Болдоогийн зүүн талын ташаан тус газарт 3 удаа хутгалсан. Би цагдаа дуудсан чинь Мөөжиг цагдаа ирэхээс өмнө нь нарийн гудмаар зугтсан” гэх мэдүүлэг[2],
3. Шүүгдэгч Ж.М 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед шиг санаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орлого” дэлгүүрийн ойролцоо зүс таних ахын хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад салсан. Тэгээд Алтанхуяг гэдэг таксинд явдаг залуутай маргалдсан. Би юунаас болж Алтанхуягтай маргалдсанаа санахгүй байна. Алтанхуяг бид хоёрын хувьд зодолдсон зүйл байхгүй. Алтанхуяг машиндаа суугаад яваад өгөхөөр нь би гэртээ очсон байх гэж бодоод гэрт яваад очсон чинь гэртээ байгаагүй. Би гэр рүүгээ очоод багажны хайрцагнд байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 7 см, хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 5 см орчим урттай, хутгыг хаваад зүүн гартаа барьсан. Урьд нь Алтанхуяг намайг боож унагаасан болохоор айлгах санаатай хутга авсан. Гэрээсээ гараад “Гурван булаг” дэлгүүрийн урд очсон чинь Алтанхуяг машиндаа суу гэхээр нь суусан. Бид хоёр машинд маргаж байгаад машинаас бууж зодолдохоор болсон. Бид хоёрыг маргаж байхад Болдоо гэх залуу ирж дундуур ороод намайг цохиж авах гээд байхаар нь би нэг хутгалах шиг болсон. Миний хувьд Болдоогийн биеийн аль хэсэгт хэдэн удаа хутгалсан эсэхийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь нарийн гудамжаар явж байгаад тасарсан байсан. Өнөөдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч Ц.М 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн үед гэрээсээ гараад“Гурван булаг” гэдэг дэлгүүр орох гээд явж байхад уг дэлгүүрийн урд Мөөжиг гэх залуу Алтанхуягтай муудалцаад байж байсан. Улмаар би салгах гээд очиход манай найз Алтанхуяг хөөш хутга гэхэд нь Мөөжиг миний цээж рүү цохисон. Тэгэхээр нь би бөгтийтөл миний зүүн хөл рүү 2 удаа хутгалсан.Тэгээд Мөөжигийн араас Алтанхуягийнмашинд суугаад дагатал машины урдаас чулуу шидээд байсан. Тэгээд нарийн гудмаар ороод зугтаагаад явсан. Цагдаа нар ирээд 103 дуудаад, би эмнэлэгт яваад цагдаа нар Мөөжигийн араас явсан” гэх мэдүүлэг[4],
5. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд 2 дахь удаа мэдүүлсэн мэдүүлэг болон Баянзүрх дүүргийн прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтдээ[5]: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би санал нийлж байгаа. Би эмнэлгийн байгууллагаар явж эмчүүлсэн баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд би яллагдагч Ж.Мөөс өнөөдөр бэлнээр 160.000 төгрөг авч, хохирлоо барагдуулсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, болон хүсэлт,[6]
6. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шинжээчийн №14033 дугаартай “...Ц.Мын биед зүүн түнх, өгзөгний гүн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлнь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[7],
7. Шүүгдэгч Ж.М 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдачаар мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед шиг санаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орлого” дэлгүүрийн ойролцоо зүс таних ахтай хамт 0.5 литрийн архи хувааж уугаад салсан. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отог” бууз нэртэй цайны газрын гадаа таксины үйлчилгээний цэг дээр таксинд явдаг Алтанхуягтай маргалдсан. Би уг газар өөрийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг. Яг юунаас болж Алтанхуягтай маргалдсанаа санахгүй байна. Бид хоёрын хувьд зодолдсон зүйл байхгүй. Тэгтэл Алтанхуяг машиндаа суугаад яваад өгөхөөр нь би гэр рүүгээ явсан байх гэж бодоод гэр рүү нь яваад очсон чинь гэртээ байгаагүй, эхнэр хүүхдүүд нь байсан. Би гэр рүүгээ очиж машины багажны хайрцаганд байсан ажлын хэсэг нь ойролцоогоор 7 см, хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 5 см орчим урттай хутгыг аваад зүүн гартаа барьсан. Би хутгыг шууны дотор хэсэг рүү куртикны ханцуй руу оруулж барьсан. Урьд Алтанхуяг намайг боож байсан тул айлгах гэж хутга авсан. Гэрээсээ гараад “Гурван булаг” дэлгүүрийн урд зогсож байхад Алтанхуяг над руу ирээд машинд суу гэхээр нь суусан. Бид хоёр маргалдаж байгаад машинаас буугаад зодолдохоор болсон. Бид хоёр маргалдаж байхад Болдоо гэх залуу бид хоёрын дундуур орж намайг цохих гээд байхаар нь би хутгалах шиг болсон. Миний хувьд Болдоогийн биеийн аль хэсэгт, хэдэн удаа хутгалсан эсэхийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь нарийн гудамжаар явж байгаад тасарсан байсан. Өнөөдөр өглөө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэх мэдүүлэг[8],
8.Хохирогч Ц.Мын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл[9],
9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10] зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Мий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос цаашид гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мг 700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 700 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Мд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг 700 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Мий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 700 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Мд мэдэгдсүгэй.
5. Ялтан Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Ялтан Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас
[9] 1 дүгээр хавтас хэргийн 2 дугаар хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас