| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0001/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 07
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б,
шүүгдэгч П.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Гөрөөчин овогт Паламхүүгийн Ууганбатад холбогдох эрүүгийн 1906 06690 2658 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П.У, Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн “Тариалан” сумын 1 дүгээр баг, Мандал бадрах гудамжны 5 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр байрны 02 дугаар орцны подвальд оршин суудаг, урьд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч П.У нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн гудамжинд иргэн Д.Быг явж байхад нь гар цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,276,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.У нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн гудамжинд иргэн Д.Быг явж байхад нь гар цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,276,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.У гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээж орцны жижүүр хийдэг бөгөөд манай дүү 23 настай бие муутай. Миний ажил тогтмол биш ч гэсэн би өөрөө дотор засал, чимэглэл хувиараа хийх бодолтой байгаа. Би ажлаа хийгээд цалингаараа хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулах бодолтой байна. Би 3 дугаар сард хохирогчийн мөнгийг өгч барагдуулна” гэх мэдүүлэг[1] /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Гэрч В.Ж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгий 14 дүгээр гудамжны 187 тоотод ганцаараа амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөөний 07 цаг 55 минутын орчим ганц шил юм олж уух гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн баруун талын замаар хойшоо замаа дагаад алхаж байхад спорт заалны хажууд замынхаа зүүн талд газар 20 төгрөг 3 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс байхаар нь авчихсан. Тэгээд дээшээ замаараа алхаад явж байхад бунханы ертөнцийн зүгээр баруун талд манаачийн пүтикний хажууд газар хар өнгийн, гялгар, дэлгэгдэж онгойдог эмэгтэй хүний түрийвч байсан. Ингээд түрийвчийг нь үзсэн чинь дотор нь Дамдинсүрэнгийн Баяржаргал гэх хүний иргэний цахим үнэмлэх, ломбарданд тавьсан бичиг зэрэг эд зүйлс байхаар нь 8973-1400 дугаарын утас руу нь залгаж асуусан чинь намайг бичиг баримт олохын өмнөх өдөр нь шөнө явж байгаад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж байсан. Тэгээд утсаар ярьж байгаад бичиг баримтыг нь хүлээлгэж өгсөн. Харин түрийвч нь надад байгаа” гэх мэдүүлэг[2],
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Хохирогч: Намайг тухайн үед мөрдөгч биеэ үзүүлэх үү гэж асууж байсан. Тухайн үед миний бие гайгүй юм шиг байхаар нь эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн хэрэг гарснаас хойш миний зүүн талын гар жоохон өвдөөд байгаа. Хэрэг болоход би 2 метр гаруй газар зууралдаж чирэгдсэн. Би гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Надад огт хохирол төлөөгүй. Миний цүнхэн дотор байсан эд зүйлүүдийг ч өгөөгүй. Миний цүнхийг олж өгсөн хүнд иргэний үнэмлэх, түрийвч, цүнх зэрэг эд зүйлс байсан. Шүүгдэгч хохирлоо бүрэн төлж барагдуулах юм бол би гомдолгүй. Шүүгдэгчийн хувьд залуу хүн байж ажил хийхгүй байгаад их харамсаж байна. Би тэтгэврийн насанд гарчихаад 3 ажил хийж байгаа. Гэтэл шүүгдэгч энэ залуу насыг ингэж амар аргаар мөнгө олох гэж ээж шигээ хүнийг ингэж байгаад би их гайхаж байна. Залуу хүн ажил хийх хэрэгтэй. Миний цүнхэн дотор Ай фоне 7 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг гранд маркийн 1 ширхэг гар утас байсан. Мөн үнэртэй ус, жижиг хэмжээтэй монетон бөгж, ээмэг, гинж, мөн мөнгөн хослол, сваровски бөгж, кулон, ээмэг байсан. Би үнэртэй усаа 250.000 төгрөгөөр авсан байсан. Мөн миний цүнхэн дотор 1 кг 12.000 төгрөгийн чихэр байсан” гэх мэдүүлэг[3],
4.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд найз Баярсайхантай 0.5 литрийн “Чингис” нэртэй архийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны гадна уусан. Бид хоёр архиа ууж дуусаад 19 цагийн орчимд салсан. Тэгээд гэр рүүгээ явж байхдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Алтан-сан” хороололд байдаг дүү Оюунтүлхүүрийнд орж хоол идсэн. 23 цагийн үед гэртээ харих гээд дүүгийнхээсээ гарсан. Тэгээд 1000 төгрөгийн унаанд суух санаатай хойшоо гэр рүүгээ алхаад явж байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны баруун талын засмал замын уулзвар дээр зогсож байсан 160-165см өндөр, туранхай, цэнхэр өнгийн юүдэнтэй малгайтай цамц, жинсэн яак, өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 25-30 орчим насны эрэгтэй миний цүнхийг булааж аваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны зүгт буюу төв замаас зүүн тийш гүйгээд явчихсан. Хар өнгийн даавуун цүнх, миний цагаан өнгийн гранд айфон-7 маркийн гар утас, бэлэн 45.000 төгрөг, 2 граммын гар хийцийн цутгамал монетон бөгж, монетон гинж /1.3 грам/, талсттай шигтгээтэй монетон ээмэг /хосоороо 1 грамм/, монетон зүүлт, виза карт зэрэг эд зүйлээ алдсан. Би алдсан эд зүйлээ үнэлж мэдэхгүй байна. Миний эд зүйлийг авч зугтсан залуу миний биед хүрээгүй” гэх мэдүүлэг[4],
5.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №БЗ1-19-006Н дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй Айфон 7 маркийн хуучин гар утас 660.000 төгрөг, Гранд маркийн хуучин гар утас 130.000 төгрөг, гар хийцийн монетон цутгамал бөгж 196.000 төгрөг, Талст шигтгээтэй монетон ээмэг 127.400 төгрөг, эмэгтэй хүний монетон зүүлт /грамм тодорхойгүй тул дундажаар тооцов/ 117.600 төгрөг, нийт 1.231.000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт[5],
6.Шүүгдэгч П.Уын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 2 дугаар орцны подволд ээж, дүүгийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд байрны гадна талын сааданд ганцаараа 0.5 литрийн хэмжээтэй архи уусан. Архиа ууж дуусчихаад Монелд байдаг караокед орж дахин архи, пиво уух зорилгоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн гудамжаар явж байхад миний урд талд үл таних эмэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гуйваад алхаж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн хажуугаар нь зөрж гарахдаа зүүн гартаа барьсан байсан гар цүнхийг нь авч зугтаад гудамжны харанхуй хэсэг рүү гүйсэн. Тэр эмэгтэйн гар цүнхийг онгойлгож үзэхэд мөнгөн ээмэг, бөгж, цагаан өнгийн самсунг гранд загварын гар утас байсан ба хар өнгийн түрийвчийг нь нээж үзэхэд задгайгаар 3000 орчим төгрөг байсан. Би тэр эмэгтэйн цүнхнээс мөнгөн ээмэг, бөгж, гар утас, мөнгийг нь аваад бусад эд зүйл болох цүнх, түрийвч гэх мэт зүйлийг нь нэг нэгээр нь гудамжинд хаясан. Би тэр үед согтуу байсан тул тэр эмэгтэйн эд зүйлийг ямар нэг зорилгогүйгээр авч, хууль бус үйлдэл гаргасан. Миний хувьд тэр эмэгтэйг цохиж, зодсон, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Би тэр эмэгтэйн мөнгөн ээмэг бөгжийг “Хар хорин” зах дээр явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Эд зүйл зарсан хүнээ танихгүй. Гар утсыг нь согтуу явж байгаад хаячихсан” гэх мэдүүлэг[6], Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7] зэрэг болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Уаас 1,231,000 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Д.Бд (Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 46-30 тоотод оршин суух, / / тоот регистрийн дугаартай) олгох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч П.Уад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.Уад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.У нь урд өмнө ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон, шүүгдэгч зөвхөн энэ гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх зарчмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Уаас 1,231,000 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Бд /РД/олгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Гөрөөчин овогт Паламхүүгийн Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уад 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч П.У энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч П.Ут урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 17 дугаар тал
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 13-16 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 29-32 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 3-5 дугаар тал