| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/00479/И |
| Дугаар | 00745 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00745
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2016/00745 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*****, хариуцагч Г.********, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Г.********тай танилцаж, 2005 онд хүү ***** төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2006 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү ***** эхийнхээ асрамжид байгаа. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г.******** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд А.*****тэй танилцаж улмаар гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү ***** төрсөн бөгөөд 2006 оноос тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш хүү маань миний асрамжид өсч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.***** нь хариуцагч Г.********д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
А.*****, Г.******** нар нь 2004 онд гэр бүл болсноо, 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.*****ын эцэг, эх болсон болох нь 343 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 42 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-8/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 10 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хэн аль нь тус тусын амьдралтай болсон, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Т.*****ыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцоо болон өөрийнх нь саналын дагуу эх Г.********гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Г.******** нь хүү Т.*****ыг эцэг А.*****тэй уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуу төлөгдсөн /хариуцагч төлсөн/ дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулж, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Алтансүхийн ***** /ЦБ /, Алаг адуут овогт Ганболдын ******** /УО / нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.*****ыг эх Г.********гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.*****ыг эцэг А.*****тэй уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.********д даалгасугай.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ