| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0021/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 39
2020 01 02 2020/ШЦТ/39
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнН.Мт холбогдох эрүүгийн 1906 07270 2797 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.М, Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Эс эс дизайн” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 09-71 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1812.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ял шийтгүүлсэн, 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн №30а дугаартай тогтоолоор дээрх хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон РД://
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын автобусны буудал орчимд хохирогч Э.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхэж, унагаан нүүр, толгойн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 1 шүдний булгарал, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, буйл, баруун хацар, цээж, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.М нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын автобусны буудал орчимд хохирогч Э.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгойн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 1 шүдний булгарал, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, буйл, баруун хацар, цээж, нуруунд цус хуралт” бүхий “хөнгөн” зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],
2. Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20:00 цагт “Тэс ундраа” ХХК-ний байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад 00:00 цаг өнгөрч байхад гарсан. Уг газраас гараад хамаатны дүү болох Алтанбаярын гэрийн гадаа ирээд дүүтэйгээ уулзаад гарсан. Бид хоёртой хамт манай дүүгийн найзууд гэх хоёр залуу хамт байсан. Нэгийг нь би таньдаг. Нэгийг нь танихгүй хүн байсан. Бид нар Жуковын тэнд нэг газар орж 1 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс гараад тэр газрын гадаа нь дүүгийн найз гэх үл таних 30 орчим насны Багаа гэж дуудаад байсан хүн “чи дүү нараа загналаа” гэх шалтгаанаар намайг боож унагаагаад дэвсэж, толгойгоор цементэн дээр саваад байсан. Мөн дээрээс гар болон хөлөөрөө цохиж дэвсээд байсан. Би арай хийж болъё, би үхлээ шүү дээ гэж хэлж гуйсан. Тэгээд байж байхад манай дүү Алтанбаяр “болио чи хүн аллаа шүү дээ” гээд салгасан. Гэтэл байн байн эргэж ална муу пиздааг гэж эргэж ирээд байсан. Тэгээд “Приус-20” маркийн машинд суугаад явсан. Гэхдээ тэр машинтайгаа алнаа гээд эргэж ирээд намайг дахин зодох гээд дайраад байсан. Тэгээд арай гэж салаад наашаа ирлээ. Миний үүдэн шүд унасан байна. Байгаа хэд нь унах гээд хөдлөөд байна. Нүүр, ам цус, нөжтэйгээ холилдсон байна. Хамрын хажуугийн нүүрний яс маш хүндүүр байна. Хугарч, цөмөрсөн байж магадгүй. Тархи, толгой өвдөөд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тэр нэг их архи уугаагүй. Би нэлээн архи уусан боловч болсон үйл явдлыг санаж байна. Би маш их гомдолтой байна. Миний үүдэн талын дээд шүднүүд унасан. Тэр хүн намайг зодож байхдаа чамайг алчихаад шорондоо орно гээд дайраад байсан. Тэр хүн шоронд орж, гарч байсан байх. Аймар хэрцгий зодож байсан. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №19 дугаартай “...1. Э.Тгийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 1 шүдний булгарал, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хүзүү, нуруунд зулгаралт, буйл, баруун хацар, цээж, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал, гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэх дүгнэлт[3],
4. Яллагдагч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Ттэй ямар нэг өс хонзон байхгүй. Би иргэн Э.Тгийн эрүүл мэндэд эрүүл мэндэд “хөнгөн” зэргийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[4],
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “ ...Бид 3 таксиндаа сууж байгаад би бие засах гэж харанхуй газар руу очиж шээж байхад миний араас Э.Т ирээд чамайг ална гээд намайг цохисон. Би эргэж хараад нэг гараараа түлхээд нэг гараараа өмдөө татахад намайг боогоод эргэлдээд тэр чигээрээ явж байгаад би дээр нь гараад хэд хэдэн удаа цохисон. Би хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч өөрөө араас ирсэн гэж мэдүүлээгүй байсан. Таксин дотор ямар ч маргаан болоогүй. Хамт явж байсан хүмүүс хэрэг болох үед хараагүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч өөрөө бол надтай яриагүй, залгахаар утсаа авахгүй байсан. Би ээж, эхнэр хоёртой нь утсаар ярихад 2 шүд унасан, нэг шүд нь 1000 доллар болж байгаа, бид хамгийн үнэтэй шүдийг хийлгэнэ гэсэн. Хэрэг прокурорт шилжихээс өмнө хохирогчтой яриад чи зодооныг өөрөө эхлүүлсэн, эр хүмүүс эвээр учраа олье, би чамайг найзынхаа эмнэлэгт үзүүлж өгч эмчилгээ хийлгэе гэхэд “...битгий хуцаад бай ална шүү...” гэж хэлээд утсаа тасалчихсан” гэсэн мэдүүлэг[5], /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нь тухайн таксинд суухад Алтанбаярын хажууд суусан. Би таксинд явж байхдаа 2 дүүдээ үг хэлээд байж байхад Н.М хажуунаас янз бүрийн юм яриад байсан. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдсан. Н.М бие засах гэж гарахад нь би араас нь очиж, маргалдан ийм зүйл болсон. Гэхдээ би араас нь очоод ална гэж хэлээгүй, би хойноос нь боогоогүй. Бие засаж дуусчихаад эргэж ирэхэд нь машинаас бууж маргалдсан. Би дүү нартаа битгий архи уугаарай гэж хэлж байсан. Гэтэл Н.М дундуур орж ирсэн. ...Тухайн үед миний шүд хавантай байна гээд шууд шүд хийлгэх боломжгүй байсан. Шүүгдэгч надтай утсаар ярьсан. Би ална гэж хэлээгүй өөрөө утсаа салгасан би одоо шүдгүй байгаа нэг шүд унасан хажуу шүд нь өвчтэй байж байгаад одоо зүгээр болсон. Миний шүдэнд хөдөлгөөн орсон. Миний нүүрний гоо сайхан алдагдуулсан тул би гомдолтой байна” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хиймэл шүд хийлгэх эмчилгээний зардлын баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй бөгөөд гомдолтой байх тул хавтаст хэрэгт авагдсан толгойн томограф зураг авахуулсан 120,000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг шүүгдэгч Н.Маас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Тд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т нь цаашид гарах хиймэл шүд хийлгэх эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Н.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Мт анхааруулав.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчН.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 120,000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Тд /Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан авто плазагийн хажуу талын нийтийн байр 6 тоотод оршин суух, РД: ЖА83080978/ олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Мт мэдэгдсүгэй.
6. Ялтан Н.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Ялтан Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 2-3 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 4-5 дугаар тал
[3] Хавтаст хэгийн 14-16 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[6] Шүүх хуралдааны тэмдэглэлээс