Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 209

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Смаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С.Бт холбогдох 1930004730285 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарны 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Ш-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.Б.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын  04-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээтийн 705 тоот хашаанд иргэн Б.Сыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “баруун гарын шууны зүсэгдсэн шарх, ядам хурууны шөрмөсний тасралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                            
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.С бид хоёр найзлаад нэлээн хэдэн жил болж байгаа. Бид хоёр юун дээрээс маргалдсанаа мэдэлгүй муудалцсан байсан. Энэ хугацаанд би архи уугаад тасарчихсан байсныг манай нэг найз гэрт хүргэж өгөх гээд авч гарсан. Тэр үед нь би гартаа заазуур авч гарсныг мэдэлгүй найзыгаа цохисон. Харин найз маань толгойгоо хамгаалах үүднээс гараа өргөхөд гарыг нь зүссэн байсан. Би найзыгаа эмнэлэгт хүргэж өгч үзүүлээд, маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явуулсан. Манай найз сүүлд Улаанбаатар хотоос Баяндэлгэр суманд ирж мэдүүлгээ өгөөд, гомдолгүй гэдгээ хэлсэн. Би найзынхаа эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэв.

    Эрүүгийн 1930004730285 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би найзтайгаа Сүхбаатар аймагт мал мах авах ажилд нь туслахаар ирсэн юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед Б гэх залуутай Баяндэлгэр сумын төд таарсан. Улмаар гэрт нь хүргэж өгөхөөр Л гэх хүний машинтай очсон юм. Гэрт нь буулгаж өгөөд бид хоёр хоорондоо маргалдсан юм. Б тухайн үед гэр рүүгээ ороод хутга авч ирээд шууд над руу дайрсан. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаагаад шуу хэсэгтээ зүсүүлчихсэн юм. Миний баруун гарын шөрмөсийг тастсан. Баяндэлгэр сумын эмнэлэгт үзүүлсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ С.Б нь надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,
-Хохирогч Б.Сын Цагдаагийн газарт гаргасан “2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баяндэлгэр сумын иргэн С.Бтай маргасны улмаас биедээ гэмтэл  авсан. Бид 2 сайн дураараа эвлэрч хохирлыг барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 85/

Яллагдагч С.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Стай Баяндэлгэр сумын төвд айлын хашааны гадаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уусан юм. Тэгээд юу болсон талаар зарим зүйлийг санахгүй байна. Миний санаж байгаагаар бол С, Л гэх залуугийн машины урд талын суудал дээр, би арын суудал дээр сууж байгаад хоорондоо маргалдаж, улмаар С намайг буугаад ир гэхээр нь буухад намайг нэг удаа цохисон. Тэл талаар бол мэдэж байна. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад гэрт хүргэж өгнө гэж байсан юм. Гэр рүү явах замдаа тасарч болсон асуудлыг санахаа больсон. Юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Сын гарыг заазуураар зүссэн байсан. Энэ талаар мэдээд Баяндэлгэр сумын эмнэлэгт Сын гарт оёдол тавьж эмчлүүлсэн. Би Сын хохирлыг төлж барагдуулж, хохирлын ямар нэг маргаангүй болсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 585 дугаартай: Б.Сын биед баруун гарын шууны зүсэгдсэн шарх, ядам хурууны шөрмөсний тасралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14/


- Шүүгдэгч С.Бын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн  39 хуудас /

-   Шүүгдэгч С.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                    30 хуудас/
-   Шүүгдэгч С.Бын  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 40 хуудас /

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 31 хуудас /

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 41-42 хуудас/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 95 дугаартай санал /хх-ийн 43 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын  04-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээтийн 705 тоот хашаанд хохирогч  Б.Сыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “баруун гарын шууны зүсэгдсэн шарх, ядам хурууны шөрмөсний тасралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Сын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 585 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Бын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бт оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б:С   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.СМАА