| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2015/03303/И |
| Дугаар | 00696 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 00696
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/00696 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.********, түүний өмгөөлөгч Ц.Т, хариуцагч М.********, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ц.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.********тай 2009 оноос хойш үерхээд 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин *******ийг төрүүлээд тэр цагаас хойш хамт амьдарсан. 2012 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хоёр дахь охиноо төрүүлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд М.******** эрхэлсэн ажилгүй, бид хадмынхаа гэрт амьдардаг байсан. 2012 оны 6 сарын 23-нд хуримаа хийж гэр бүлээ батлуулахад хуримын хүлээн авалтан дээр хадам аав элэг бүтэн өрх тусгаарлаг гээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот 27.47 м.кв орон сууцыг бидэнд бэлэглэсэн. Хурим хийхээс өмнө уг байрыг бидэнд шинээр авч өгсөн бөгөөд бид хоёр охиныхоо хамт уг байранд амьдарч байсан. Мөн салах хүртлээ амьдарсан. Би хүүхдээ төрүүлээд 6 сарын дараа ажилдаа орсон. Хамт амьдарч байх хугацаанд М.******** хайр халамжгүй, хүүхэддээ анхаарал хандуулдаггүй, хүүхэд төрөөд бид хоёр эмнэлэгт байхад хоол, цай авч ирж өгөхгүй, найз нөхөдтэйгээ шоудаад явж байсан. Хүүхдийг нь төрүүлчихээд байхад үр хүүхэд, эхнэрээ бодохгүй, найз нөхдөө сонгоод шоудаад явж байсанд нь би одоо хүртэл гомдож явдаг. Би ажил хийдэг боловч М.********ын зүгээс байнга дарамталж, илүү цагаар сууж ажиллах тохиолдолд 6 цаг чинь болчихлоо, утсаа таслахгүй шууд гар, захирал руу чинь ярина, ажлаас чинь халуулна гэж айлгадаг байсан. Хамгийн их гомдсон зүйл бол бага охин маань төрөөд эмнэлэгт тамир тэнхээгүй байхад гуанзнаас нэг муухай шөл авч ирж өгчихөөд оюутан ангийнхантайгаа шоудаад явчихсан. Би гэртээ суух гэж мэргэжил эзэмшээгүй, намайг ажилтай байхад гадуур тэнээд явж байгаа хүн шиг дарамталдаг байсан. М.********ыг 2 хүүхдээ тэжээх чадваргүй. Өөрөө ээж ааваараа тэжээлгэдэг хүн яаж хүүхдүүдээ тэжээх юм бэ. Би энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй. Уурлахаараа амиа хорлоно гэдэг. 2 хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ энэ бүхнийг тэвчиж, М.********ыг засрах болов уу гээд уурлаж, уйлж, гуйж үзсэн. М.******** намайг зодоод би цагдаад гомдол гаргасан ч хоёр хүүхдийнхээ эцгийг гэж бодоод гомдолгүй гээд хариуцлага хүлээлгээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар нэг удаа гаргуулж, дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот 27.47 м.кв орон сууцнаас 2 хүүхдийнхээ хамт оногдох хувиа М.********аас гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.******** шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч С.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбаартаа: Л.********тэй 2009 онд танилцсан. Том охин маань төрөөд бид Баянгол дүүргийн 8 дугаар хороонд 1 өрөө байранд амьдрах болсон. Уг байрыг манай аав, ээж надад Л.********тэй амьдрахаас өмнө авч өгсөн. Л.******** манай ээжийн эгчийн хүүхэд болох н.********тай унтсан нь тодорхой болсон. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Л.******** нэг л хөндий сонин байгаа нь надад илт мэдэгдсэн. Гэртээ ирэхгүй 4-5 хоносон. Утсыг аваад үзэхэд “хайртай, унтъя, хэвтье гэсэн мессеж” байсан. Тэгэхээр нь би та хоёр унтсан юмуу гэхэд Л.******** “тиймээ” гэж хэлсэн. Өөр хүнтэй унтсан бол хамаа алга. Гэтэл хамаатны маань хүнтэй явалдаж намайг доромжилсон. Би Л.********ийн энэ бүхнийг нь уучлаад, чамд боломж байгаа шүү, хоёр хүүхдээ бодоод нийлье гэж хэлсэн. Гэтэл өөрөө хүлээж аваагүй. Би хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авна. Би аавынхаа засварын газарт ажиллаад, аав, ээжийгээ дэмжээд туслаад явдаг. Л.********т өөрийн гэсэн гэр орон байхгүй, өр зээлэнд орчихсон байгаа. Тиймээс энэ хүнд хүүхдүүдээ өгөхгүй. Байрны гэрчилгээнээс он сар өдрийг нь харахад бид гэрлэлтээ батлуулахаас өмнө манай аав, ээж надад авч өгсөн гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс миний хуваарьт хөрөнгө учир хуваах боломжгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******** нь хариуцагч М.********т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Л.********, М.******** нар нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон ба тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин М.********, 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.******** нар төрсөн болох нь *****, **** дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, №******* дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, 3 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд гэрлэгчдийн эвлэрэх асуудалд бодитой үр дүн гаргаагүй байна.
Иймд гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хоёр хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцоонд хүрэхгүй маргаж байх ба нэхэмжлэгч Л.******** нь “...М.******** нь хоёр хүүхдээ тэжээх чадваргүй бөгөөд хүүхдүүдийг маань хадам ээж хардаг. Өөрөө ээж ааваараа тэжээлгэдэг хүн яаж хүүхдүүдээ тэжээх юм бэ.” гэж, хариуцагч М.******** нь “...Л.********т өөрийн гэсэн гэр орон байхгүй, өр зээлэнд орчихсон байгаа. Тиймээс энэ хүнд хүүхдүүдээ өгөхгүй.” гэсэн тайлбаруудыг гаргасан байна.
Шүүх хариуцагч талын хүсэлтээр эрх бүхий мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж, “Хүүхдийн асрамжийн асуудлаар” дүгнэлт гаргуулсан байна. Дүгнэлтэд “хариуцагч М.******** /аав, ээжийн дэмжлэгтэйгээр/ нэхэмжлэгч Л.******** нарын аль аль нь хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, эд хөрөнгө болон сэтгэл санааны ямар нэгэн дарамтгүй, эцэг, эхийн хайраар дутаахгүй, анхаарал халамжтай өсгөж чадах гэсэн дүгнэлтийг гаргажээ./хх-ийн 32-37/
Шинжээчийн дүгнэлтэд дурдсан болон гэрлэгчдийн хувийн байдал хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан хүүхдийн асрамжийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Одоогийн байдлаар хүү М.******** нь эцэг М.********ын асрамжинд, охин М.******** нь эх Л.********ийн асрамжинд тус тус амьдарч байгаа ч тэдний насны байдал болон эцэг, эхээс үзүүлж байгаа анхаарал халамж, ахуй нөхцөл бололцоо гэрлэгчдийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнчлэн хүүхэд эцэг, эхийнхээ хэн алины дэргэд эрүүл, аюулгүй, сэтгэл хангалуун амьдрах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан охин М.********, хүү М.******** нарыг эх Л.********ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Л.******** нь хүүхдүүдийг эцэгтэй нь уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг М.******** нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.******** болон түүний өмгөөлөгч нар “...хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгож, тэтгэлэгийг нэг удаа гаргуулна гэж тайлбарласан ба үүнийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т “эцэг, эх нь ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “тэтгэлгийг нэг удаа олгож болно” гэж заасан хэдий ч энэ нь тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч нарын хоорондын тохиролцоонд үндэслэгдэж, улмаар тэдний байгуулсан гэрээний үндсэн дээр шийдвэрлэхээр зохицуулсан байгааг тайлбарлах нь зүйтэй байна. Иймд хуульд зааснаар хүүхдийг тэтгэлгийг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.******** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 6 сарын 23-нд хуримаа хийж гэр бүлээ батлуулахад хуримын хүлээн авалтан дээр хадам аав элэг бүтэн өрх тусгаарлаг гээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот 27.47 м.кв орон сууцыг бидэнд бэлэглэсэн. Хурим хийхээс өмнө уг байрыг бидэнд шинээр авч өгсөн бөгөөд бид хоёр охиныхоо хамт уг байранд амьдарч байсан. Мөн салах хүртлээ амьдарсан.” гэх тайлбарыг гаргасныг хариуцагч М.******** “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот 27.47 м.кв орон сууцыг аав маань надад бэлэглэсэн бөгөөд энэ нь миний хуваарьт хөрөнгө юм. Одоо уг байрыг би ээждээ бэлэглэсэн, миний өмчлөлд байхгүй. ...уг байрыг түрээслүүлсэн байгаа...” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчдийн амьдарч байсан Баянгол дүүргийн 7-р хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж **-р байр ** тоот 27.47м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн Y-********* дугаарт анх 2012 оны 4 сарын **-ний өдөр бүртгүүлж, уг орон сууцны өмчлөгчөөр М.******** бүртгүүлсэн байна. /хх-ийн 18/
Гэрлэгчид нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байна./хх-ийн 21/
Түүнчлэн гэрлэгчид нь уг нэг өрөө орон сууцыг шинээр ашиглалтад орсноос хойш амьдарч эхэлсэн асуудлаар болон уг орон сууцыг хариуцагч М.********ын эцэг /хадам эцэг/ нь бэлэглэсэн асуудлаар маргаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэсэн, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т “анх гэр бүл болоход нь зориулагдсан бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно” гэсэн зэргээр дээрх Баянгол дүүргийн 7-р хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж **-р байр ** тоот 27.47м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь М.********, Л.******** нарын хамтран амьдарч, гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу гэр бүлийн 4 гишүүний өмч гэж үзэхээр байна.
Тодруулбал, гэрлэгчдийн гэрлэлтээ бүртгүүлсэн баталгаанд тэднийг 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсон талаар баталгаажуулснаас гадна уг эд хөрөнгийг тэдэнд бэлэглэсэн үйл баримт тогтоогдож байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Баянгол дүүргийн 7-р хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж **-р байр ** тоот 27.47м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг М.********ын өмчлөлд үлдээж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гурван гишүүнд оногдох хувь 32 964 000 төгрөгийг /43 952 000:4=10 988 000х3/ М.********аас гаргуулж, Л.********т олгох нь зүйтэй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тооцсоныг дурдах нь зүйтэй.
Хариуцагч М.******** нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн эх О.*********д бэлэглэж, түүний нэр дээр шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж, нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг /хх-ийн **/ хэрэгт ирүүлсэн хэдий ч шүүх уг орон сууцны өмчлөлийн асуудлыг хөндөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Мөнх-Амгалангийн ******** /УЗ , Хүннүй боржигон овогт Люйдовын ******** /УУ **/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин М.********, 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.******** нарыг эх Л.********ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин М.********, 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү М.******** нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.********аас сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг М.********ыг охин М.********, хүү М.******** нартай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.********т даалгасугай.
5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот 27.47 м.кв орон сууцыг М.********ын өмчлөлд үлдээж, хариуцагч М.********аас гэр бүлийн гурван гишүүнд оногдох хувь буюу 32 964 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.********т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.********аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.********т олгож, хариуцагч М.********аас улсын тэмдэгтийн хураамжинд 50 547 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.2, 1**.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ