Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 214

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ч.Нд холбогдох 1930000000289 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг А ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Н.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” дэлгүүрийн гадна иргэн М.Бийг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөр орчмын зулгаралт, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                            
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт : Мэдүүлэг өгөхгүй гэв.

    Эрүүгийн 1930000000289  дугаартай хэргээс:

Яллагдагч Т.Нн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед “Найс” караоке руу өмнөх оройн дутуу тооцоогоо хийхээр ганцаараа орсон юм. Тэгээд тооцоогоо хийгээд зогсож байтал байхад гаднаас манай Асгат сумын Эа халамцуухан орж ирсэн. Ингээд бид хоёр 0.75 литрийн “Экс” нэртэй шилтэй архи авч хувааж ууж байтал миний найз Н.Б нь над руу утсаар залгахаар нь би “Найс” караокед байна хүрээд ир гэж дуудсан. Удалгүй Н.Б ирсэн бөгөөд Эа бид гурав оройн 20 цагийн орчимд “Найс” кароакегоос гарсан. Би хүнтэй уулзахаар Дээж худалдааны төвийн гадаа байдаг таксины зогсоол руу түрүүлээд яваад өгсөн юм. Тэгээд уулзах ёстой байсан хүнтэйгээ уулзаж чадаагүй бөгөөд Г дэлгүүр өнгөрөөд явж байтал Бя араас ирээд Эыг согтуу хүн явуулахгүй байна гэхээр нь буцаад очсон. Гэтэл “Г” дэлгүүрийн баруун талаас нь Б ах гараад иртэл Эа түрүүлж очоод маргалдаад байхаар нь би араас нь очоод салгах гэтэл надтай Б ах маргалдсан. Үүнээс болж би Б ахыг заамдаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Харин Б нь намайг цохих гээд гараа явуулсан боловч намайг оноогүй. Би тухайн үед Б ахын нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон. Мөн Бийг газар өөрөө халтираад ойчихоор нь нуруу руу нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20:00 цагийн үед дээж худалдааны төвийн гадаа явж байтал Эа гэх залуу над руу агсараад байхаар нь “чи хүн андуураад байна” гээд түлхтэл Эа газар ойчсон. Тэгээд би Эрдэнэбулгантай хамт Дээж худалдааны төвийн зүүн талын Хаан банкны машинаас мөнгө уншуулж аваад “Г” дэлгүүрийн хойгуур явж байтал Эа нь намайг “энэ намайг түлхэж унагасан ах байна” гээд хүрээд ирсэн. Араас нь цуг явж байсан хоёр залуу ирээд Н гэх залуу миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар ойчсон бөгөөд намайг газар унасан байхад мөн Н нь өшиглөөд байсан. Харин цуг явж байсан Бя нь хориод байсан. Надад хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

Гэрч Ч.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчим “Найс” караоке руу ганцаараа ортол манай Асгат сумын Т.Н нь ганцаараа байхаар нь очиж уулзсан. Тэгээд бид хоёр хамт сууж би 0.75 литрийн “Экс” нэртэй шилтэй архи авч хувааж уусан юм. Удалгүй Нгийн найз Бя нь орж ирсэн. Ингээд бид гурав сууж байгаад "Найс” кароакегоос орой 19 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд хамт явж байтал Т.Н нь хүнтэй уулзана гээд “Жаахан шарга” театрын баруун талаас түрүүлээд гүйгээд яваад өгсөн. Би Бятэй хамт алхаад явж байтал зүүн бүсийн худалдааны төвийн урдуур хоёр хүн гүйж байхаар нь Нг юм байлгүй гээд очтол биш байсан. Ингээд Бяэс салаад “Дээж” худалдааны төвийн урдуур явж байхад танихгүй хүнтэй тааралдаж маргалдахад намайг түлхэж унагахад Бя нь ирж намайг авч явсан. Тэгээд Г дэлгүүрийн ойролцоо Нтэй тааралдаж уулзаад зогсож байтал намайг түлхэж унагасан ах явж байхаар нь Б ах руу очиж зууралдахад Т.Н миний араас ирээд Б ахтай маргалдаж байгаад цохиж зодолдсон. Тэгээд Биллион баар руу явсан. Би Б ахыг зодож цохисон зүйл байхгүй. Г дэлгүүрийн урд явж байхаар нь очиж хоорондоо зууралдсан. Тэгээд Н ирж намайг өмөөрч байгаад зодолдсон. Бя нь архи согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй эрүүл байсан. Харин Т.Н бид хоёр нэлээн согтуу байсан. Зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад Т.Н рүү утсаар ярьтал “Найс” караокед байна гэхээр нь 18 цаг өнгөрөөгөөд очсон. Найс караокед ойролцоогоор 1 цаг орчим сууж байгаад гарсан. Т.Н хүнтэй уулзаад ирье гээд түрүүлээд яваад өгсөн байсан. Араас нь Эа гарсан бөгөөд би Эын араас тооцоо хийгээд гарсан. Тэгээд би Дээж худалдааны төв рүү очтол Эа нь танихгүй хүнтэй муудсан шинжтэй замын хашлага руу унасан байсан. Би очоод тэр хоёрыг салгаад Эыг аваад явж байгаад Т.Нтэй “Г” дэлгүүрийн хойд тал тааралдсан. Тэгээд хоорондоо “Биллион” баар руу орно, орохгүй гээд ярилцаад зогсож байтал Эатай “Дээж” худалдааны төвийн урд муудсан ах ганцаараа явж байтал Эа нь “энэ дээжийн урд надад овортсон ах байна” гээд өөрөө түрүүлж очтол Эыг тэр ах заамдаад байсан. Энэ үед Т.Н очоод найз яагаад байгаа юм, боль гэж байсан. Гэтэл Эыг заамдаж байсан ах өөрөө Т.Нг эхэлж нүүр рүү нь цохисон. Үүнээс болж Т.Н, Эатай муудсан танихгүй ахтай зодолдоод байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан болохоор тэр хоёрыг салгасан. Н нь Бийг гараараа толгой орчим хэсэгт нь цохиж байсан. Эа нь Бийг яг хаана нь цохиж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Эа, Н хоёр тэр Б гэдэг ах руу дайраад зодоод байсан. Би тухайн үед тэр хоёрыг салгаж болиулах гээд зууралдаад байсан. 0.5 литрийн “Экс” нэртэй архи хувааж уусан байсан. Миний бодлоор Эа нь арай илүү согтуу байсан. Т.Н нь Эыг бодвол согтуу нь гайгүй байсан. Бийн нүүр нь хавдаж хаван гүйсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/ ,

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 612 дугаартай: М.Бийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөр орчмын зулгаралт, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 15/

-Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 14/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт  /хх-ийн 24/

- Шүүгдэгч Ч.Нгийн  Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 35хуудас /

-   Шүүгдэгч Ч.Нгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     26 хуудас/

-   Шүүгдэгч Ч.Нгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 25 хуудас /

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 28 хуудас /

-Шүүгдэгч Ч.Нгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 33/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 98 дугаартай санал /хх-ийн 34 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” дэлгүүрийн гадна хохирогч  М.Бийг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөр орчмын зулгаралт, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Б, гэрч Ч.Эа, Н.Б, Ч.Эа нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 612 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Нгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ч.Нгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Нгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Нд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    
1. Шүүгдэгч  Ч. Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Нд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Ч.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА