Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 217

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Нямхүү
Шүүгдэгч Б.М   нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Мд холбогдох 1930000000282 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг Т гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.М.


Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт иргэн Х.Эыг зодож  хутгалан, эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн язарсан шарх, зүүн гарын ядам хуруунд хазагдсан шарх, зүүн гарын чигчий хурууны үений няцралт, нуруунд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                            
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А, Э бид гурав монгол архи хувааж уусан. Гэтэл Э манай руу очоод хонь гаргаад өг гээд хутга, заазуур бариад гарсан. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 1930000000282 дугаартай хэргээс:

Яллагдагч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны үдийн өмнө 11 цагийн үед Э манай гэрт орж ирсэн.Тэр үед А бид хоёр 1 литр 250 граммын ундааны савтай монгол архи ууж байхад  намайг хэл амаар доромжилж “хулгайч нар нэг нэгийгээ дуудаж ирсэн үү, алив манайд очоод хонь гаргаад өг” гэж хэлсэн.Тэгээд хонь гаргаж өгөх гээд гэрээсээ хутга, заазуур авч гарсан. Гадаа олон юм яриад байхаар нь “би чадахгүй” гэж хэлэхэд өөрөө түрүүлж цээж рүү цохиод авахаар нь миний уур хүрээд заазуурын бариулаар нь толгой хэсэг рүү цохисон. Дараа нь хутгаар баруун талын бөөрний дээд талд хатгасан байсан. Би хатгачихна гэж бодоогүй. Би заазуурын бариулаар толгой руу нь хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Хохирогч Х.Э  мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ:“...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэн толгой ард” гэх газарт нутагладаг.2019 оны 11 дүгээр сарын 02-нд Л гэх айл руу очсон.Тэгтэл А, М хоёр намайг  манайд ороод ир гэж хэлсэн. Гэрт нь ортол 1 литр 250 граммын ундааны савтай монгол архи өгөхөөр нь би тэр хоёртой хамт хувааж уусан. Тэр хоёр намайг ороход согтуу байсан. Тэгээд архиа хувааж ууж байхад М гэдэг залуу нь заазуур, хутга хоёр хооронд нь хавираад байсан. Тэгснээ миний монгол гутал руу заазуураар хатгасан. Гэхдээ тэр нь миний гутлыг нэвтлээгүй.Би айгаад гадагшаа гарахад араас М гарч ирээд барьж байсан заазуурын бариулаар миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон.Тэгээд би толгойгоо бариад газар ойчоод өгтөл миний нурууны хавьд хутгаар нэг удаа хатгасан” гэх. /хх-ийн 10-11/

Хохирогч Х.Э Цагдаагийн газарт гаргасан  хүсэлтдээ:  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн иргэн Х.Э  намайг  2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.М нь нуруун тус газарт хутгалж, толгойд заазуураар 3 удаа цохисон. М надад 1 000 000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 34/
,
Гэрч Л.Аы “...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг сумын төвөөс баруун тийш “63” гэх газарт нутагладаг. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М бид хоёр 2 литр ундааны савтай архи ууж байсан ба гаднаас Э ах мориноос буугаад орж ирсэн. Тэгээд бид гурав хамт 3 литр архи уучихаад Э хонио авчирхаар яваад эргэж ирээд 1 литр монгол архийг ганцаараа уугаад гэр лүүгээ явсан.Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна”гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 592 дугаартай: Х.Эын биед толгойн үстэй хэсгийн язарсан шарх, зүүн гарын ядам хуруунд хазагдсан шарх, зүүн гарын чигчий хурууны үений няцралт, нуруунд хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. Түүнд учирсан толгойн үстэй хэсгийн язарсан шарх, зүүн гарын ядам хуруунд хазагдсан шарх, зүүн гарын чигчий хурууны үений няцралт бүхий гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нуруунд хатгагдсан шарх нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт гэх дүгнэлт /хх-ийн 17/

-Эд мөрийн баримтыг хураан авах тухай  /хх-ийн 02/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 04/

-Х.Эт хохирот төлсөн Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт /хх-ийн 35/

-   Шүүгдэгч Б.Мгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32 хуудас/

-   Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 30 хуудас /

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 29 хуудас /

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 36 /

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 100 дугаартай санал /хх-ийн 42 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт хохирогч  Х.Эыг зодож хутгалан  эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн язарсан шарх, зүүн гарын ядам хуруунд хазагдсан шарх, зүүн гарын чигчий хурууны үений няцралт, нуруунд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Э, гэрч Л.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Мгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Мгийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Б.М  нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахад  гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан  хохиролд 1 000 000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал  болно.            .

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Эт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “бариул хэсэг нь 9 см-ийн урттай, хар өнгийн бариултай, бариул хэсэг дээрээ 3 хадаастай, 26 см урттай хутга 1 ширхэг,  21 см урттай, 5 см-ийн өргөнтэй, ногоон өнгийн бариултай, бариул хэсэг дээрээ 2 хадаастай заазуур 1 ширхэг” –ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь  зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч  Б.Мг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 500 /таван/ зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Мд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “бариул хэсэг нь 9 см-ийн урттай, хар өнгийн бариултай, бариул хэсэг дээрээ 3 хадаастай, 26 см урттай хутга 1 ширхэг,  21 см урттай, 5 см-ийн өргөнтэй, ногоон өнгийн бариултай, бариул хэсэг дээрээ 2 хадаастай” 1 ширхэг заазуурыг тус тус  устгасугай.

7. Ялтан Б.М   энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Эт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА