Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 216

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Өмгөөлөгч Г.Нямхүү
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох 1930004370281 дугаартай  хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт  Б гэх газарт оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Б.Б.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт иргэн Ж.Тийг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: Мэдүүлэг гаргахгүй гэв.

    
  Эрүүгийн 1930004370281 дугаартай хэргээс:
 
    Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:      “...Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газар нутагладаг бөгөөд  сумын төвөөс 25 км байдаг.2019 оны 10 дугаар сарын 09-нд сумын төв рүү айлын хөлдөөгч өгөхөөр 12 цагийн үед явсан. Хөлдөөгчөө айлд өгчихөөд сумаас хөдөө гэр лүүгээ явж байтал замд Ж.Ттэй тааралдаж жоохон юм ярьж суусан.Дорнод аймаг орчихоод Хөлөнбуйр сумаар дамжаад Мөнххаан сум руу хоёр найзтайгаа хамт явж байсан. Би хоёр найзтай нь танилцаж юм ярингаа пиво  ууж дуусгаад бид нар сумын төв орж дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл нэртэй пиво 6 ширхэгийг аваад сумаас хөдөө гэр лүүгээ явсан. Гэрт очиход эхнэр маань хоол цай хийж өгсөн.Тэгтэл нөгөө авсан пиво ууж дуусгаад Ууганхүү бид хоёр хоорондоо жоохон маргалдсан юм.Төрмөнх намайг хорих гэж бид хоёрын  урдуур гүйж ороход би халтираад  Төрмөнхийг хутгалсан. Төрмөнх “чи найзыгаа хутгалчихлаа шүү дээ гэхээр нь миний ухаан орж “найзыгаа уучлаарай, юу болов оо одоо яах вэ, хүн айлгах гэж байгаад найздаа хутга хүргэчихлээ, миний буруу” гэж хэлээд Түмэнцогт сум орж эмнэлэгт үзүүлж яаралтай арга хэмжээ авъя гэсэн чинь Түмэнцогт сум орохгүй, найз нь Мөнххаан сум руу явлаа гэж надад хэлсэн.Тэгээд Төрмөнх найзад нь гомдол санал байхгүй. Миний бие зүгээрээ гэж хэлээд гар бариад явсан. 2,5 литрийн нийслэл нэртэй пивыг 6 ширхгийг уусан байсан. Нэлээн халамцуу байсан гэхдээ болсон зүйлийн талаар санаж байна.Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Хохирогч Ж.Тийн “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд  Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу Эрхэмбаяр, Цэдэвжаргал гэх хоёр найзтайгаа өөрийн 29-80 СҮЭ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Бат-Эрдэнэ гэх хүнтэй тааралдсан юм.  Бат-Эрдэнэ манай гэрээр орж хоол идээд гар гэхээр нь Эрхэмбаяр, Цэдэвжаргал бид гурав Бат-Эрдэнийн гэрт очсон. Бид нарыг пиво ууж байхад Бат-Эрдэнэ нь Ууганхүүтэй маргалдаад гэрээсээ гарсан.Тэгээд Бат-Эрдэнэ бүгдийг чинь алнаа гээд эхнэр лүүгээ очихоор нь би  боль гэж хэлэхэд миний зүүн талын гуяны хэсэгт хутгалсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Надад гомдол санал байхгүй...” гэх. /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Б.Угийн “...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун холбоо” гэх газарт ах Эрдэнэбаатарын хамт амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 07-нд өглөө сумын төв рүү цэргийн бүртгэлд орчихоод төвд байдаг ээж, эмээ хоёрын гэрийн дулаалгыг хийж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 09-ний үдээс хойш хөдөө гэр лүүгээ явж байтал Бат-Эрдэнэ, Төрмөнх нар хөдөө замд тааралдаж пиво гаргаж өгөхөөр нь хамт ууж дуусгаад сумын төв рүү орж дэлгүүрээс 6 пиво авч Бат-Эрдэнэ ахын гэр лүү очиж уучихаад ахтай жоохон маргалдсан юм. Би тасарчихсан учир юу болсноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 526 дугаартай: Ж.Тийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл / хх-ийн 02-р хуудас/

- Хохирогч Ж.Тийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 5-р хуудас

- Шүүгдэгч Б.Бийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 35 хуудас /

-   Шүүгдэгч Б.Бийн   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     24-р хуудас/

-   Шүүгдэгч Б.Бийн  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 27-р хуудас/

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 28-р хуудас /

- Мөнххаан сумын эмнэлгийн тодорхойлолт / хх-ийн 10-р хуудас /

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 22-23-р хуудас/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 36-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт хохирогч  Ж.Тийг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Т, Б.У нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 526 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал  болно.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Т  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрэнсайхан овогт  Баттулгын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан                     Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Т   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА