| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0214/э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 218
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мт холбогдох эрүүгийн 1930004360277 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй Э.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Арын тойром гэх газарт иргэн Ж.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Батсүх ахынд ямаа боож идээд архи хувааж ууж байхад Ж.Б ирсэн. Би Ж.Бг одоо яв гэсэн боловч явахгүй байсан. Үүнээс болж бид хоёр муудаад би Ж.Бг гэрээс дагуулж гараад хавсарч унагаад дээр нь суусан. Энэ үед манай эхнэр, Тэгшбаяр нар бид хоёрыг салгаад гэр рүү оруулахад. Ж.Б нь намайг “ чи муу бацаан, пясда, чамаар явах үгүйгээ заалгахгүй” гээд байхаар нь нэг өшиглөсөн. Маргааш өдөр нь Ж.Б манайд ирээд хоёр шил архи аваад өгчих гэхээр нь “үгүй” гэхэд чамайг цагдаад өгнө гээд явсан. Ж.Б хэд хэдэн удаа надаар архи авахуулж байсан. Мөн би бэлнээр 20.000 төгрөг өгч байсан. Ж.Б надаас 700.000 төгрөг нэхэмжлэхээр нь өгч чадахгүй гэтэл сүүлд нь 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би 3.000.000 төгрөг өгч чадахгүй танд бэлнээр 200.000 төгрөг, нэг бяруу өгье гэж хэлэхэд “би үхэртэй хүн чиний бяруугаар яах юм” гээд зөвшөөрөөгүй гэв.
Эрүүгийн 1930004360277 дугаар хэргээс:
Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Батсүх гэх айлд ямаа боож 3 шил архи уусан юм.Тэгтэл Э.М гэх залуу намайг хэл амаар доромжилж магадалгаа Батдамдин гэж хэлсэн.Намайг Батсүхийн гэрээс авч гараад гэрийнхээ баруун урд талд аваачиж байгаад миний дээр сууж, нуруу руу өшиглөсөн.Тэгээд би “за ахын дүү одоо хоёулаа больё” гэж хэлээд бид хоёр буцаж Батсүх гэх айлруу орсон юм.Тэгээд би гэрт ороод орон дээр сууж байгаад “за Э.Маа одоо маргалдахаа больё” гээд гар барих гэтэл миний уруул руу хөлөө өшиглөж миний зүүн талын доод талын шүд унасан.Тэгээд би мотоциклио унаад хөдөө гэр рүүгээ явсан.Маргааш өглөө нь Э.Мын гэрт очиж“чи миний шүдийг унагаачихлаа” гэж хэлээд “ахдаа ганц хоёр шил архи аваад өгчих, чамайг би цагдаад хэлээд яахав” гэж хэлэхэд Э.М гэх залуу “чи тэр цагдаадаа хэл, би чамд архи авч өгч чадахгүй” гэж хэлсэн.Э.М надад хандаж “та шээсний шээстэй суугаа биз дээ” гэж хэлсэн.Би тухайн үед Мөнхбаярт нэг нутаг усны хүмүүс болохоор цагдаа гээд яахав хоорондоо болох байлгүй гээд хэлээгүй юм.Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Э.Мтай уулзаад “чи ахдаа 700,000 төгрөг өгчих, энээ тэрээ асуудал яриад яахав” гэж хэлэхэд Э.М за гэж хэлээд алга болсон.Э.М надад мөнгө өгчих байх, мөн манай дүү нартай минь адилхан юм чинь гээд би Цагдаагийн байгууллагад хандаагүй юмаа.Миний зүүн доод талын нэг шүд хугарсан, биеийн зүүн талын 8 дах хавирга бага зэрэг өвдөж байсан.Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Бриллианд эмнэлэгт рентген зураг авахуулсан байгаа.Өөр ямар нэг гэмтэл байхгүй.Би Э.Мт зодуулсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Э.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгэхэд манай нөхөр Э.М чи одоо яв, настай хүн байна гэж хэлэхэд Ж.Б нь танай гэрт ирээгүй гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж гэрээс гарсан.Тэгээд би тэр хоёрын араас гарахад манай нөхөр Э.М, Ж.Б гэх хүнийг газар унагаагаад дээр гарч суусан байсан.Тэр хоёрыг Т гэх хүн бид хоёр салгахад Ж.Б хөлөөрөө орсон юм чинь хөлөөрөө гарна гээд гэррүү буцаж орсон.Манай нөхөр Э.М, Ж.Бгийн араас гэр рүү орсон юм Т гэх хүн бид хоёр гэрт ороход Ж.Б шүд унагачихлаа гээд баруун орон дээр сууж байсан. Би нөхөр Э.Мыг болон 3 хүүхдээ аваад хөдөө байх гэр рүүгээ явсан. Харин гэрт Т, Ж.Б, Батсүх гэх хүмүүс үлдсэн. Маргааш нь буюу 06 дугаар сарын 30-ны өглөөний 07 цагийн үед Ж.Б гэх хүн манай гэрт согтуу мотоцикльтой ирж манай нөхөр Э.Мын гэдэс рүү нь сандлаар цохиж шанагатай ус цацсан.Ж.Б нь манай нөхөр Э.Маас “чи эр хүн юм бол надад архи авч өг” гэж хэлэхэд манай нөхөр Э.М чадахгүй гэж хэлэхэд Ж.Б манай гэрээс гараад мотоциклио унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/
Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл гаднаас Ж.Б гэх хүн гэрт орж ирээд ганц хоёр хундага архи уугаад сууж байхад Э.М гэх хүн “чи одоо яваа” гэж хэлэхэд Ж.Б өөдөөс нь хэрэлдээд Э.М, Ж.Б, Э.Н нар гэрээс гарсан юм.Би Э.М, Ж.Б хоорондоо маргалдаад янз бүрийн асуудал болж магадгүй гээд гэрээс гарахад Ж.Б газар унасан Э.М дээр нь гарч суусан байсан. Би Э.Мыг салгаж Батсүхийн гэр рүү оруулаад байхад араас гэрт Ж.Б орж ирсэн. Ж.Б нь баруун оронд дээр сууж байхад нь Э.М нэг удаа өшиглөж байсан, яг хаана нь өшиглөснийг санахгүй байна.Тэгээд Э.Мыг эхнэр Э.Н нь аваад гэр рүүгээ явсан.Өөр зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай дүгнэлтэнд: Ж.Бгийн биед доод уруулын няцрал, доод эрүүний 1 шүдний булгаралт, зүүн талын 8 хавирганы зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 21 хуудас/
Хохирогч Ж.Бгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 6-7/
Цээжний хөндийн рентген зураг авахуулсан баримт /хх-ийн 22/
Шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 хуудас/
Шүүгдэгч Э.Мын оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 хуудас/
Шүүгдэгч Э.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай 5/16 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 50 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.М нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Арын тойром гэх газарт хохирогч Ж.Бг зодож эрүүл мэндэд нь доод уруулын няцрал, доод эрүүний 1 шүдний булгаралт, зүүн талын 8 хавирганы зөрөөтэй хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б, гэрч Э.Н, Ц.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Мын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Мын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Мын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлжээ.
Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 47500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хоолны мөнгө 22400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 25000 төгрөгийг шүүгдэгч Э.Маас гаргуулан олгох зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос яллагдагч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Мт торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Э.М нь 3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Мт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Бгийн 47500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хоолны мөнгө 22400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Э.Маас 25000 төгрөг гаргуулж Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух Дэлэг овогт Жамъянгийн Батдамдинд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотойгоор гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Ялтан Э.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА