Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0638

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“УДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н /цахимаар/ нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “УДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан Эрчим хүчний яамнаас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18 - ний өдрийн 128 / ШШ2020 / 0601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “УДС" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-т заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Монгол улсын Эрчим хүчний сайдад холбогдуулан 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын Увс дулааны 2-р станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18 - ний өдрийн 128/ШШ2020/ 0601 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Гомдлын үндэслэлээ тайлбарлая.

Нэг: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ний өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл", "Увс аймгийн төв Улаангомын төв сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл"-ийг тус тус боловсруулан батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй “УД” ХХК-ийн оролцоог хангаагүй нь "нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа нь үндэслэлтэй боловч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актуудыг Эрчим хүчний яамны БХЗГ-ын дулааны хэлтсийн дарга Т.Б, Эрчим хүчний яамны СТГ-ын ахлах мэргэжилтэн Ё.Э, хянасан Улаанбаатар дулааны станцын ерөнхий инженер Б.Б, тохируулгын албаны дарга М.Д, ОНДХХ-ийн ахлах мэргэжилтэн М.У, ОНДХХ-ийн ДХХАЗС Б.Т нар Увс аймгийн төв Улаангом сумын “Увс дулааны II станц” ОНӨААТҮГ дулааны сүлжээний гидравлик тооцоог боловсруулсан байна.

2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 1-т Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид /цаашид дамжуулагч, түгээгч, хангагч гэнэ/, хэрэглэгчийн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход энэхүү дүрмийг зорилт оршино гэжээ. Уг дүрмийн 2 дугаар бүлгийн 7-д “Шинээр баригдах, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг өөрчлөх болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх, технологийн шинэчлэл хийх тухай бүрт хэрэглэгч нь дамжуулагч, түгээгчээс дулааны техникийн нөхцөл авна, 8-т Дамжуулагч түгээгч нь хэрэглэгчид техникийн нөхцөл олгохдоо эрчим хүчний зохицуулах газраас баталсан холболтын загварыг баримтлан тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн хэтийн төлөв, дулааны шугам сүлжээ, эх үүсвэрийн техникийн боломжийг харгалзана, 9-т Дамжуулагч түгээгч нь хэрэглэгчээс техникийн нөхцөл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор техникийн нөхцөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Техникийн нөхцөлд дараах асуудлыг тусгасан байна /9.1.1-9.1.6/, 10-т Дамжуулагч түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн байгууллага болон хэрэглэгч заавал биелүүлэх үүрэгтэй, 11-т Техникийн нөхцөлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3 жилээр тогтооно. Энэ хугацаанд дулаан хэрэглэх барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй бол техникийн нөхцөлийн хугацааг түүнийг дуусахаас 2 сарын өмнө сунгуулна.

Мөн дүрмийн 38.3-т дулааны хангамжийн системийн /эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчийн хэрэглээг оруулан/ өвөл, зуны ажиллагааны горим тооцоог хийж батлуулан хэрэгжүүлэх гэж хангагчийн эрх байхаар тусгагдсан. Дээрх дүрмийн дагуу хангагч гэж Увс аймгийн Улаангом суманд дулаан үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа явуулдаг “УДС” ХХК, Улаангом сумын Увс дулааны 2-р станцын ОНӨААТҮГ байна.

Гэтэл Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон Тохируулгын албаны орон нутгийн дулаан хангамжийн хэсэг Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг боловсруулсан байна.

Энэ нь “УДС” ХХК-аас санал аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утга, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” хуулийг зөрчсөн.

“УДС” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүнчлэн батлан гаргасны дараа мэдэгдээгүй болох нь хариуцагчийн тайлбар, Эрчим хүчний яамны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн в/974 дүгээр албан бичгээр нотлогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүрэгтэй.

Маргаан бүхий захиргааны актын алдааны талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дүгнэлт хийсэн боловч 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох хуулийн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

Хоёр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрийн үндэслэх тогтоох хэсэгт “... Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан Эрчим хүчний яамнаас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийн хавсралт гидравлик тооцооллын “УДС” ХХК-д холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин захиргааны акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Гэтэл Эрчим хүчний яамнаас дээрх захиргааны актыг 2017 онд дахин гаргахдаа шүүхээс түдгэлзүүлсэн актыг хуулбарлаж албажуулсаныг шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гарсан захирамжилсан шийдвэр болон болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэжээ. 2017 оны Увс аймгийн төв, Улаангом сумын Увс дулааны 2-р станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдэл нь “УДС” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим алдагдсан төдийгүй сонсох ажиллагаа хийх, тайлбар гаргах, нотлох баримт гаргах тооцоо судалгаагаа гаргах эрхээр хангасангүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр магадлалыг биелүүлээгүй хариуцагч нь захиргааны актын алдаагаа засч, хууль ёсны захиргааны акт гаргах шүүхээс олгож буй боломжийг ашиглахгүй байгаа тохиолдолд захиргааны актыг дахин түдгэлзүүлэх нь нэг талыг баримталж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байхад дахин 6 сараар түдгэлзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний яамнаас 2014, 2017 онуудад батлан гаргасан Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлүүд дэх захиргааны актын алдаа нь нэгэн адил байдаг. Захиргааны актын уг алдааг залруулах боломжийг хариуцагчид дахин oлгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, "УДС" ХХК-ийн Эрчим хүчний яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 114.1-т заасан эрхийнхээ дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдлын үндэслэл нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг.

Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн нөхцөл байдал бүрэн тодроогүй, уг тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч болдог. Энэ нь тохиолдолд захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дүгээр магадлалаар Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийн хавсралт гидравлик тооцооллын "УДС” ХХК-д холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин захиргааны акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Гэтэл хариуцагч Эрчим хүчний яамнаас Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийг 2017 онд гаргахдаа шүүхийн шийдвэр , магадлалд заагдсан биелэлтийг нь түдгэлзүүлэх үндэслэл болсон захиргааны актын алдааг засаагүй, нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх нэхэмжлэгч “УДС" ХХК-ийн оролцоог хангаагүй. Маргаан бүхий захиргааны актын дээрх алдааны талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь урьд захиргааны хэргийн шүүхээс хариуцагчид маргаан бүхий захиргааны актын алдааг засах боломж олгон түдгэлзүүлсээр байхад хариуцагч уг алдааг засалгүйгээр дахин алдаатай захиргааны акт гаргасан байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч Эрчим хүчний яамнаас 2014, 2017 онуудад батлан гаргасан Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлүүд дэх захиргааны актын алдаа нь нэгэн адил байдаг.

Ийм байхад захиргааны актын уг алдааг залруулах боломжийг хариуцагчид дахин олгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэгэнт хариуцагч захиргааны актын алдаагаа засч, хууль ёсны захиргааны акт гаргах шүүхээс олгож буй боломжийг ашиглахгүй байгаа тохиолдолд захиргааны актыг дахин түдгэлзүүлэх нь нэг талыг баримталж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “УДС” ХХК-ийн Эрчим хүчний яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “УДС” ХХК нь “... Эрчим хүчний яамнаас 2017 онд Увс аймгийн Улаангом сумын “УДС” ХХК болон “Увс дулааны 2-р станц” ОНӨААТҮГ-ын дулааны хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг батлахдаа ... дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг хэрэгжүүлээгүй ... нэхэмжлэгчийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчсөн ... “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК нь зөвхөн өөрийн өмчлөлийн дулаан хангамжийн системийн горим тооцоог хийж батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос ... нэхэмжлэгчийн өмчлөлийн дулаан хангамжийн системийн горим тооцоог хийх үүрэггүй ... захиргааны актыг 2017 онд дахин гаргахдаа ... шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн ... дээрх горим, шийдлийг баталж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим зөрчигдсөн. ... УДС ХХК-д урьдчилан мэдэгдэж тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр тооцоо судалгаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй ... Дулааны 2 дугаар станцаас гарч байгаа дулааны төв шугам, зарим салаа шугамуудын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, ачааллаа даахаа больж төгсгөлийн хэрэглэгч дээрх сүлжээний усны даралт, температурын горим алдагдан, хэрэглэгчдийг дордуулсан ...” гэсэн үндэслэлээр “2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх “... 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус боловсруулан батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй “УД” ХХК-ийн оролцоог хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа нь үндэслэлтэй боловч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй ... хариуцагчаас маргаан бүхий тооцооллыг боловсруулах үе шатанд “УД” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй, түүнчлэн батлан гаргасны дараа мэдэгдээгүй болох нь хариуцагчийн тайлбар, Эрчим хүчний яамны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн в/974 дүгээр албан бичгээр нотлогддог ... хариуцагчаас ... шүүхийн шийдвэрийн дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн үндэслэл болох УДС-д мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаагаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагааг хийгээгүй нь нотлогдож байх тул уг актыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан, хуульд заасан шаардлагыг хангуулах шаардлагатай ...” гэсэн дүгнэлт хийж Эрчим хүчний яамнаас Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг шинээр батлах хүртэл 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станцын ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өмнө нь иргэн С.Л-ийн “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “УДС” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Увс аймгийн Улаангом сумын нутагт байршилтай иргэн С.Л болон манай УДС ХХК-ийн өмчлөлийн шугам сүлжээг таслан өөр өмчлөгчид шилжүүлж, Дулааны станцын барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан үнэгүйдүүлсэн ... Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгийн дагуу С.Л, УДС ХХК-ийн өмчлөлийн шугамаас халаалт авч байсан 21 аж ахуйн нэгж, байгууллагын халаалт, дулааныг таслан өөр хэрэглэгчид холбон өгч нэг жилд 500 000 000 гаруй төгрөг /Таван зуу гаруй сая/-ний бодит орлого олох боломжийг хязгаарлаж, миний өмчилж байсан шугам сүлжээ, барилга байгууламжийг дахин ашиглах боломжгүй болгон орхигдуулсан ... Монгол Улсын Эрчим хүчний сайд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/3353 дугаар албан бичгээр гидравлик тооцоолол хийж миний өмчлөлийн шугам сүлжээг таслахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч С.Л болон манай компаниас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхэд халдан өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэнд гомдолтой ... УДС ХХК хууль тогтоомжийн дагуу Увс аймгийн Улаангом суман дахь Дулааны станцын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөгчийн эрхээ цаашид эдлэх шаардлагатай байна ...” гэсэн үндэслэлээр “Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт бүхэлд нь хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гарган маргаж байжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “УДС” ХХК-ийн Монгол Улсын эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 дугаар албан бичгийг хавсралтын хамт хүчингүй болгох шаардлагаас “А/3353 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож харин тус албан бичгийг хавсралтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд “... хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд тухайн этгээд болох УДСад урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдүүлгийг авсны үндсэн дээр тооцоо судалгаа гарган мэдэгдэх, баталгаажуулах ажиллагаа маргаан бүхий актын хувьд хийгдээгүй, түүнчлэн захиргааны байгууллагын зүгээс энэ ажиллагааг хийхэд гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүйгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд актыг хавсралтын хамт хүчингүй болгуулах үндэслэлээ ... бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд цаашид мэдэгдэхгүйгээр нэмээд хэрэглэгч тасалж авахыг зогсоохын тулд хүчингүй болгуулах шаардлагатай байна ... гэсэн зэргийг харгалзан ... ” гэсэн дүгнэлт үндэслэлээр  “Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн Хавсралт /1-10 дугаар хуудас/ гидравлик тооцооллын УДС-д холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн тус хэсэгтэй холбогдуулан тухайн үед хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0400 дүгээр магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тухайн үед гуравдагч этгээд “УДС” ХХК-ийн гаргасан “Эрчим хүчний сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/3353 албан бичгийн Хавсралт /1-10 дугаар хуудас/ гидравлик тооцооллын УДСад холбогдох хэсэг буюу Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь тус шүүхийн шийдвэрийг биелүүлж эрх нь хөндөгдөж болзошгүй этгээд болох УДСад урьдчилан мэдэгдэж,  тайлбар саналыг авах хэлбэрээр шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, мөн холбогдох тооцоо судалгаа гаргаж баталгаажуулан хамаарал бүхий этгээдүүдэд энэ талаар мэдэгдэх гэх мэт Захиргааны ерөнхий хуульд заасан журамд нийцүүлэн Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжийн гидравлик горим, тооцоо, техникийн шийдлийг дахин боловсруулах байжээ.

Гэтэл хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргахдаа буюу 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын “Увс дулааны 2 дугаар станц” ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл,  мөн Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус боловсруулан шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч “УДС” ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, оролцогчид тайлбар, санал гаргах боломжийг олгох, энэ талаар баримтжуулах, хэрэв санал гарсан бол шийдвэртээ тусгах, хэрэв тусгаагүй бол шалтгааныг тайлбарлах хуулиар тогтоосон журмыг мөрдөөгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан Эрчим хүчний яамны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн в/974 дүгээр албан бичиг болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч маргаан бүхий 2017 оны Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг тус тус боловсруулахдаа болон батлан гаргасны дараа нэхэмжлэгчид дээрх хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах, бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу гаргасан шийдвэрээ хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, баримтжуулах үүрэгтэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “төвлөрсөн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг, 3.1.13-т “дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг, 3.1.14-т “дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг” тус тус ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 6.1.5-д “нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох”, 6.1.8-д “эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг авах, эрчим хүчний үндэсний баланс гаргах, нормативын баримт бичгийг батлах, стандарт боловсруулах” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь шинэ дулаан хангамжийн дүрэм, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны магадлал хийх, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох, нормативын баримтыг боловсруулах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргаж, үйл ажиллагааг явуулахдаа тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэйгээс гадна уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох буюу тухайн этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох,  гарсан саналыг нь шийдвэрт тусгаагүй бол шалтгааныг тайлбарлах үүрэгтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай.

Хариуцагч нь урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийн оролцоог дээр  дурдсан хуульд заасан хэлбэрээр хангаж, Эрчим хүчний сайдын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм” болон дулаан хангамжийн горим тооцоо техникийн шийдэл, түүнийг боловсруулах, баталж мөрдүүлэхтэй холбоотой бусад хууль тогтоомжид нийцүүлэн Увс аймгийн төв Улаангом сумын Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ дулааны сүлжээний хангамжийн гидравлик горим, тооцоо техникийн шийдэл, Увс аймгийн төв Улаангом сумын дулааны сүлжээний гидравлик горим, тооцоо техникийн шийдлийг дахин шинээр боловсруулах нь зүйтэй, уг актыг дахин гаргахтай холбоотой нэмж тодруулах зүйлийн хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул анхан шатны шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 Иймд шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ