Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 33

 

Д.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.*******хишиг даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Г.*******ы давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогт *******ийн ******* нь 2012 оны 10 дугаар сард тус сумын Хайрхан багийн иргэн Г.*******оос ******* БӨА улсын дугаартай ЗИЛ-131 маркын автомашиныг 12500000 төгрөгөөр бодож 4.000.000 төгрөгний банз өгч үлдэгдэлийг нь бага багаар цувуулж өгөхөөр амаар тохиролцож, зээлээр худалдаж авсан юм. Ингээд машины үнийг бага багаар буюу 4.000.000 төгрөгний банз, 504000 төгрөгний палк, 2470000 төгрөгний 247 ширхэг 4 метрийн мод, бэлнээр 2240000 төгрөг, 960000 төгрөгний 32 ширхэг 6 метрийн модыг тус тус цувуулж өгөөд 2326000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байсан. Гэтэл Г.******* 2013 оны намар манайд ирээд машинаа өгөөч модонд явчихаад ирье гээд гуйгаад аваад явсан ба 2015 оны хавар болтол машиныг маань өгөөгүй. Би машинаа сураглаад байсан чинь миний машиныг эвдлээд ******* гэдэг хүний хашаанд орхисон байсныг Г.*******той хамт очиж аваад өөрөө засвар үйлчилгээ хийж, 2014 оны 8 дугаар сард Г.******* гэдэг хүнд 8000000 төгрөгөөр бодож 2014 оны сүүлээр мөнгөө авахаар ярилцаж зээлээр зарсан. Г.*******аас машины мөнгөө авчихаад Г.*******д 2326000 төгрөгийг төлж, өрөө барагдуулах бодолтой байсан. Би хөдөө байж байгаад 2014 оны 11 дүгээр сард Тосонцэнгэл сумын төв орж ирээд машиныхаа мөнгийг авах гээд Г.*******тай уулзахад чиний машиныг Г.******* ирээд ******* надад мөнгөө дутуу өгсөн гэж хэлээд ******* БӨА улсын дугаартай ЗИЛ-131 маркын автомашиныг надад хэлэлгүйгээр Г.*******аас аваад явсан байсан. Ингээд би машин ч үгүй мөнгө ч үгүй хоцорсон. Иймээс өөрийн хөндөгдсөн эрхээ сэргээлгэж, иргэн Г.*******оос ******* БӨА улсын дугаартай ЗИЛ 131 маркын автомашины төлбөрт өгсөн 10174000 төгрөгийг гаргуулж авахаар танай шүүхэд хандсан юм. Бид найз нөхдийн харилцаатай хүмүүс учраас би ЗИЛ-131 маркийн автомашиныг тодорхой хугацаанд буюу 1 жил гаруй унаж ашиглаж ашиг олсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа 50 хувиар багасгаж 5.087.000 төгрөг болгож байна. Мөн ******* нь манай дүү *******оос машины кропыг 200.000 төгрөгөөр, дүү *******аас 500000 төгрөгний блокыг тус тус зээлээр худалдан авахад би байсан, зуучилж өгсөн учраас дээрх мөнгийг нэмж нэхэмжилсэн байснаа хасаж байна. Өөрөөр хэлбэл ******* ******* нар нь өөрсдөө *******оос нэхээд авах нь зөв юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаасаа 700.000 төгрөгийг хасч, одоо 4.387.000 төгрөгийг Г.*******оос гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч Г.******* анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2011 оны 6 дугаар сард ЗИЛ-131 маркийн ******* БӨА улсын дугаартай автомашиныг Баян-Өлгий аймгийн иргэн аас 12.500.000 төгрөгөөр худалдаж аваад 2011 оны 7 дугаар сард 9.000.000 төгрөгийг Б.д төлж, 3.5000.000 төгрөгийг нь өгөх үлдэгдэлтэй байсан. Уг нь энэ машиныг анх ******* аас худалдаж авах сонирхолтой байсан боловч би худалдаад авчихсан юм. Тэгээд ******* намайг хэдэн төгрөгөөр хэрхэн худалдаж авсан талаар мэдэж байсан. Тэгээд удаагүй 2 сарын дараа машиныг зарах гэж байгаа талаараа Д.*******ад хэлэхэд ******* машиныг худалдаж авахаар болж бид харилцан ярилцаж Д.******* нь д машины үлдэгдэл 3.500.000 төгрөгийг өгөх, надад 11 дүгээр сард 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг нь дараа жилээс гүйцээж өгөх, мөн мөнгөндөө мод өгч байхаар тохиролцож 2011 оны 9 дүгээр сард Д.******* ЗИЛ-131 маркийн автомашиныг авч явсан.

Би ярилцаж тохиролцсоноороо 11 дүгээр сард 2.000.000 төгрөгийг Д.*******аас авах гэтэл чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Би 2-3 хоног Д.*******ыг дагаж явсан боловч надад мөнгө өгөөгүй. Ингээд 2011 оны 02 дугаар сард надад 200 ширхэг мод, хонь, ямаа өгсөн. Би аргаа бараад Д.*******ын 2.000.000 төгрөгөөр тооцож өгсөн 200 ширхэг модыг хүнд зарахаар тохиролцсон боловч 200 ширхэг модноос 50 ширхэг модыг нь голоод аваагүй, 150 ширхэг модыг 8000 төгрөгөөр зарж банкны мөнгөө хийж, би өөрөө алдагдалд орж байсан. ******* 11 сард мөнгө өгнө гэж худлаа хэлээгүй бол би ингэж хохирохгүй байсан. Гэхдээ энэ алдагдалаа *******аар төлүүлээгүй, 200 модыг 2 сая төгрөгөөр тооцож мөнгөнөөсөө хасч байсан, үүнийг ******* сайн мэдэж байгаа.

2011 оноос хойш ******* энэ машинаар модонд явж ашиг орлого олсон. Машины үнээс 2012 оны намар 7 дугаар сард 600.000 төгрөг, 8 дугаар сард 700.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би 2012 оны 10 дугаар сард машинаа Д.*******аас буцааж авсан нь үнэн. Бид хоёр *******ын надад болон д өгсөн мөнгө, мод, мал зэргийг тооцож үзээд ******* надад 9.500.000 төгрөг өгсөн, 3.000.000 төгрөг өгөхөөр үлдсэн байсан, энэ талаар ямар нэгэн маргаангүй. Ингээд үлдэгдэл 3 сая төгрөгөө өгөхгүй болохоор нь 2013 оны 11 сард машинаа буцааж авсан. ******* 2013 оны 4 дүгээр сард машинаа авъя гэж ирэхээр нь би машины үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгчихвөл машинаа ав гэж хэлэхэд би 6 дугаар сард өрийг чинь барагдуулна, асуудалгүй гээд манай хашаанаас машиныг өөрөө аваад явсан. 2013 оны 6 дугаар сар болоход Д.******* машины үлдэгдэл 3.000.000 төгрөгийг барагдуулаагүй.

Анх машиныг *******ад зарахадаа би энэ машинаар 3 удаа модонд явна шүү гэж *******ад хэлээд тэр зөвшөөрч бид хоёр тохиролцсон байсан болохоор би 2013 оны 11 сард машиныг авч модонд явсан, нэг л удаа модонд явж ирээд машины усыг дутуу асгаснаас болоод машиныг хөлдөөсөн байсан энэ талаараа ******* руу утсаар ярьж хэлэхэд цавуугаар наачих гэж хэлэхээр нь би наачихсан юм. Машин хэвийн зүгээр асаж байсан. Тэгээд ******* гэдэг айлын хашаанд машиныг тавьчихсан байтал өвөл нь ******* ... машины 5 бул эвдэрлээ машиныхаа 5 булийг түр хэрэглүүлээч... гэхээр нь би ...авч хэргэлчихээд буцааж байсан хэвээр нь тавиараа... гэж хэлсэн.

*******аас удаа дараа үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгөхийг шаардсан боловч өгөхгүй байж байгаад 2014 оны 3 дугаар сард ******* ирээд үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө, машинаа авъя гээд гуйгаад байхаар нь 6 сар гэхэд мөнгөө өгөөрэй гэж хэлээд машиныг *******ы хашаанаас авч өгөхөөр очиход ******* 5 булыг буцааж тавиагүй байсныг *******аар тавиулахаар болоод ******* машинаа аваад явсан. Улмаар ******* үлдэгдэл мөнгөө өгөөгүй, 2014 оны 11 сард машиныг ******* гэдэг хүн унаад яваад байхаар нь би очоод машиныг нь авсан. Тэр үед машины кроп, диск, аккумлятор, стартер зэрэг нь эвдэрсэн, чиргүүл нь дугуйгүй болсон байсан. Би машиныг авч ирээд өөрөө дээрх эд ангиудыг худалдаж авч тавиад машинаа хэвийн болгоод зарах гэсэн боловч зарагдахгүй байхаар нь Батцэнгэл гэдэг хүнд 2.500.000 төгрөгний барьцаанд тавьсан. Одоо машин 2.500.000 төгрөгний барьцаанд байгаа. Машины чиргүүл *******ад байгаа. ******* миний машиныг унаж хэрэглээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй өчнөөн хохироосон, тухайн үед нь би найз нөхөд гэж бодоод шүүхэд өгөөгүй нь миний буруу болсон. Би *******аас 600.000 төгрөг, мод, мал, д өгсөн 3500.000 төгрөгийг оруулаад нийт 9500.000 төгрөг авсан, 3 сая төгрөг авах ёстой. Би *******, нараас 700.000 төгрөгний блок, кроп аваагүй. ******* миний 3 сая төгрөгийг өгөөд машинаа буцааж авах боломжтой байгаа. Эсвэл би *******ад 1.000.000 төгрөг өгвөл өгч болох юм, түүнээс нэхэмжлээд байгаа тийм хэмжээний мөнгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ын *******оос 4.387.000 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ийн *******ад олгож, нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Г.*******оос 4.387.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 85142 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн иргэн овогт ын ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний бие Д.*******ад 51-94 БӨА улсын дугаартай ЗИЛ-131 машиныг 12500000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдах Д.******* нь уг машиныг худалдан авахаар тохиролцож амаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу миний бие худалдаж буй эд хөрөнгийг Д.*******ад шилжүүлэн өгсөн бөгөөд Д.******* нь тодорхой цаг хугацааны дараа гэрээнд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн боловч уг үүргийг зохих ёсоор биелүүлээгүй.

Миний тухайд гэрээний үүргээ шаардаж уг үүргээ биелүүлэх хүртэл худалдсан машинаа барьцаа болгож авсан. Гэтэл шүүхээс бидний хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна.

Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэн ******* БӨА улсын дугаартай ЗИЛ-131 машиныг Д.*******ад буцаан олгож, машины үлдсэн мөнгийг надад буцааж олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн иргэн Д.******* би иргэн Г.*******оос ЗИЛ-131 маркийн машин худалдан авсан бөгөөд машины үнэ болох 12500000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг бага багаар цувуулан өгөхөөр тохиролцон дээрх мөнгийг баг багаар цувуулан 10170000 /арван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг мөнгө болон палк, банз өгч төлсөн. Тэгээд машинаа *******т зараад мөнгөө авахаараа *******д үлдэгдэл мөнгөө өгөх гэж байтал ******* *******аас ЗИЛ-131 маркийн автомашиныг дур мэдэн авч Завхан аймгийн Тэлмэн сум руу зарсан байсан. Ингээд би машины үнэд өгсөн мөнгөө нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх нөхцөл байдалыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгч, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоон хуулийн дагуу шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч Г.******* нь давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 10.174.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4.387.000 төгрөг болгож багасгажээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.******* нарын хооронд 2012 оны 10 дугаар сард ******* БӨА улсын дугаартай ЗИЛ 131 маркийн автомашиныг 12 .500.000 төгрөгөөр худалдах худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Талууд гэрээний үнэ 12.500.000 төгрөгийг төлөхийг тохиролцохдоо Д.******* нь 2011 оны 11-р сард д 3500.000 төгрөг өгөх, 11 дүгээр сард Г.*******д бэлнээр 2000.000 төгрөг өгөх, үлдэгдэл мөнгийг нь дараа жилээс гүйцээж өгөх, мөнгөндөө мод өгч байхаар тохиролцсон байна.

Уг гэрээний үүргийг Д.******* нь зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Г.******* нь гэрээнээс татгалзаж, машиныг буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын тайлбараар Д.******* нь ЗИЛ 131 маркийн машины үнэ болох 12500000 төгрөгнөөс бэлэн, мөнгө болон мод, мал зэргээр тооцоо хийж, 9500000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3000000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээсээ татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Гэвч Г.******* нь машинаа буцааж авсан боловч Д.*******ын машины үнэнд төлсөн гэх 9500000 төгрөгийг Д.*******ад буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1 дэх хэсэгт зааснаар машины үнэнд өгсөн гэх 9500000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хэдийгээр 9500000 төгрөг шаардах эрхтэй хэдийч нэхэмжлэлийн шаардлагаа 4387000 төгрөг болгож багасгасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.******* нь уг машиныг Д.*******аас буцааж аваад засвар хийж, худалдсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Г.******* нь анхнаасаа уг машиныг гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Г.******* нь Д.******* бид хоёрын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг бичгээр хийж, гэрээнд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүдийг заавал тусгасан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар талууд гэрээг бичгээр хийсэн, болон дээрх нөхцөлүүдийг тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлоогүй үлдээсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартайшийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85142 /наян таван мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР