| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/00394/И |
| Дугаар | 00639 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00639
| 2016 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00639 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, Сүхбаатарын талбай-1 “*******” ХК /РД 2073943/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,
Телефон утас ашигласны төлбөрт 218 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн захирал Т.Батмагнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ХК-тай WL0054005 тоот гэрээ байгуулж 90156484 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор 218 000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд *******ээс холбооны үйлчилгээний хөлс 218 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Цахилгаан холбоо компанийн 90156484 дугаартай цагаан утсыг өөрийн нэр дээр хүнд авч өгсөн боловч тэр хүн нь төлбөрөө төлөхгүй байсаар 218 000 төгрөгийн тооцоо гаргасан байна. Би уг утсыг хэрэглээгүй тул мөнгийг төлөх үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч *******т холбогдуулан телефон утас ашигласны төлбөрт 218 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
ХК нь *******тэй 2004 оны 5 сарын 14-ны өдөр байгуулсан гэрээний дагуу телефон утас ашигласны төлбөрт 218 000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Утасгүй суурийн телефон “MY PHONE”-ны ашиглалт үйлчилгээний гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр хэрэглэгч ******* нь 90156484 дугаарыг 3 жилийн хугацаатайгаар авч ашиглан, төлбөрийг төлөхөөр гэрээг байгуулсан байна.
Хариуцагч ******* нь 2007 оны 6 сарын 01-ний өдрийн тооцоогоор 218 000 төгрөгийн тооцоотой гарсан байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг нотолж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2011 оны 11 сарын 24-нд Хан-Уул дүүргийн шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр буцаагдаж байсан талаарх захирамжийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч энэ нь дээрхи хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримт болохгүй байх ба түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ нэхэмжлэгч тал нотлоогүй тул шүүх уг хугацааг сэргээх боломжгүй юм.
Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул бусад асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 190 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Батчулуун нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр эзгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн *******т холбогдуулан телефон утас ашигласны төлбөрт 218 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ