Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 224

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Хохирогч П.Д,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1930000000279 дугаартай  хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод  аймгийн Эрээнцав суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу Д ХХК-д халаалт нийлүүлт хариуцсан ажилтан хийдэг,  ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Жавхлант жишиг хороололд оршин суух, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан  Б.Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь  Баруун-Урт сумын 4 дүгээр багт баригдаж байгаа Даямонд хотхоны барилгын талбай дээр 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед  4 давхар барилгын дээрээс хохирогч П.Д руу тоосго шидэж  эрүүл мэндэд нь “зүүн шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол  учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.  

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
 
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дохиочин байхгүй болохоор нь барилга дээр хоёр өдөр дохиочин хийгээд хоолой сөөсөн. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Аийн бригадад зуурмаг авна гэж захиалга өгсөн. Үүний дараа Оын бригадад зуурмаг өгөхөөр тохирчихоод байхад П.Д нь хажуунаас орж ирээд тэр зуурмагийг авсан. Би түүнд нь бухимдсанаас болж энэ хэрэг гарсан. Би П.Дд 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн 8.000 төгрөгийг нэмж төлсөн гэв.

Хохирогч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол байхгүй. Харин ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Б.Б надад 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 350.000 төгрөг өгнө гээд утсаар яриад миний дансыг авсан боловч, эргээд яриагүй. Намайг дансаа явуулаагүй гэж худлаа ярьж байна. Би өөрийнх нь гар утас руу дохисон боловч, над руу залгаагүй. Би Д ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан. Би тухайн өдөр манай бригадад нэг зуурмаг өгчих гэж хэлсэн боловч бид хоёр ойлголцож чадаагүй. Гэтэл над руу дээрээс тоосго аваад чулуудсан. Тэгэхээр би “чи нэг мөсөн намайг гүйцээгээд алчих” гэж хэлсэн. Надтай хэрэг болсноос хойш 2-3 хоногийн дараа уулзсан. Тухайн үед эхнэр байхгүй байсан учраас айлд байсан. Би гэрийнхээ ганц ажил хийдэг хүн нь байсан...гэв.

Эрүүгийн 1930000000279 дугаар хэргээс:

Гэрч Р.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчимд би 3 дугаар байрны 4 давхарт ажил хийж байтал хажууд краннисттай дохиогоор харьцаж байсан Б.Б доор байсан нэг хүнтэй муудаад байх шиг байсан. Тэгж байгаад өөрийнхөө гар утсыг эхэлж шидсэн. Дараа нь тал тоосго бариад шидэх шиг болсон. Би хэнийг оносон талаар хэлж мэдэхгүй байна. Удалгүй хүн бэртсэн гээд 1 давхарт хүмүүс бөөгнөрөөд байсан. Бат-Эрдэнэ халамцуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 593 дугаартай дүгнэлтэнд:  П.Дын биед зүүн шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 21 хуудас/

Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 30 хуудас/

Шүүгдэгч Б.Бийн оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт /хх-ийн 29 хуудас/

Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуудас/
 
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай 5/13 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 42 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Баруун-Урт сумын 4 дүгээр багт баригдаж байгаа Даямонд хотхоны барилгын талбай дээр 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед  4 давхар барилгын дээрээс хохирогч П.Д руу тоосго шидэж  эрүүл мэндэд нь “зүүн шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Д, гэрч Р.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 593  дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бийн  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн  хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлжээ.

Хохирогч П.Д мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн 1500000 төгрөг нэхэмжилсэн үүнээс 417000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож,  шүүгдэгч Б.Б нь 533 000 төгрөгийг төлсөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 550 000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь  зүйтэй байна.

        Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Прокуророос яллагдагч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд  торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.   

    Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн  эмчилгээний зардлаас 533 000 төгрөг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

    Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
        
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  450 000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
    
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох  ялыг Б.Б нь  4 / дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
    
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бд мэдэгдсүгэй.
           
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Дын 1 500 000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас 417000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Э.Мөнхбаяраас ажилгүй байсан хугацааны цалин 550000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 9 дүгээр баг Хайлаастын 23-28 тоотод оршин суух Орлой овогт Пүрэвсүрэнгийн Даваанямд олгосугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Д нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотойгоор гарсан зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
    
    8. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Дд 533 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
 
    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.САНЖИДМАА