Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 228

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч  хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Дт холбогдох эрүүгийн 1930000000258 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Х” гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй Ж.Д.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.Д нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын дундуур хохирогч Э.Аийн 2  адууг уналга ашиглан хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын эхээр хохирогч Н.Аийн 2  адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын эхээр хохирогч  Б.Бийн 1 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

    Шүүгдэгч Ж.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

        Эрүүгийн 1930000000258 дугаартай хэргээс:

    Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед /яг өдрийг нь сайн мэдэхгүй байна/ адуугаа худагт услахад миний адуу бүрэн байсан юм. Тэгээд маргааш нь адуунаасаа морь барьж унах гээд адуундаа очиход манай адуунаас зөв талын гэр гуянд “иш” тамгатай хүрэн зүсмийн бүдүүн морь, “Дөрвөлжин” тамгатай ногоон зүсмийн бүдүүн морь гэсэн хоёр тооны адуу алга болсон байсан. Тэгээд алга болсон хоёр морио ойр хавийнхаа айлуудын адуугаар хоёр хоног хайгаад олоогүй юм. Уг хоёр морь алга болсноос хойш 3 хоногийн дараа миний хүрэн морь толгойдоо суран хазаартай адуундаа гүйгээд ирсэн байсан.  Би хүрэн морио барьж аваад хазаарыг нь аваад үзэхэд уг хазаарын цулбуур нь тасарсан суран хазаар байсан. Хүрэн морь адуундаа гүйж ирсний маргааш нь миний ногоон морь мөн адуундаа ирсэн байсан. Миний хүрэн моринд суран хазаарын толгой байсан бөгөөд цулбуур нь мяндсан цулбуураар уясан бололтой мяндас нь тасарсан байсан. Тиймээс миний энэ хоёр морийг барьж уяж байгаад цулбуур нь тасраад адуундаа гүйж ирсэн байна гэж бодож байна. Уулбаян сумын иргэн Ж.Д нь миний хоёр морийг Уулбаян сумын төвд хөтлөөд явж байсан сурагтай байсан. Тиймээс би энэ хүнийг авсан байх гэж бодож байна. Миний хоёр морь адуундаа гүйгээд ирсэн болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 20-22-р хуудас /,

Хохирогч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 10 дугаар сарын 10-ны үед /яг өдрийг нь сайн мэдэхгүй байна/ миний чандмань тамгатай хүрэн гүү, тамгагүй охин хар даага хоёр Уулбаян сумын 1 дүгээр баг “Б” гэх газар байсан юм. Энэ хоёр адуу нь адуунаасаа салаад өөр айлын адуу руу гүйгээд байсан. Тэгээд араас нь би мотоциклтой нэг өдөр эрэл хийсэн. Тухайн үед Уулбаян сумын баруун хойд талд “Ломбо” гэх газар айлын хашаанд хоёр адуу Хай байна гэж сураг гараад араас нь яваад олохгүй байсан. Тэгтэл сүүлд “Б” гэх газар миний хүрэн гүү айлын адуунд байна гэж сураг гараад манай дүү Батдэлгэр нь мотоциклтой явж байгаад мотоциклоос ойчоод нас барсан юм. Тэгээд бид нар ажил төрөл гараад байсан тул гүүнийхээ хойноос явж чадаагүй. Сүүлд нь Ж.Дын төрсөн ах Мангалаа /нэрийг нь бүтэн мэдэхгүй/ гэх хүн манай гэрт уг хүрэн гүүг авч ирж өгсөн сурагтай байсан. Харин хар даага нь алдагдаад удаагүй байж байтал айлын адуунд гүйгээд ирсэн гэсэн. Одоо би хоёр адуугаа олсон учир энэ хүүхдэд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 31-33-р хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “... 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 17-ны орчимд манай халиун азаргатай адуунд байсан хөх хүрэн зүсмийн зөв талын гэр гуянд зүрхтэй саран тамгатай 7-8 настай сувай гүүгээ хулгайд алдсан. Тухайн үед халиун азаргатай адууг Д сураглаад явж байсныг манай нутгийн Бат-Эрдэнэ гэх залуу манай хүү Намжимд хэлсэн байсан. Гэтэл Д нь миний хүрэн гүүг хулгайлж аймгийн бойнд өгсөн байна. Ж.Дын миний гүүг хулгайлсан үйлдэлд гомдолтой байна. Би өөрийн хулгайд алдсан гүүнийхээ хохирлыг Даас нэхэмжилж төлүүлнэ” гэх /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед хадам ах болох Бынхоор орсон юм. Бын эхнэр Т нь ярихдаа А гэдэг хүн Бын хазаар манай нэг морины толгойд зүүлттэй ирсэн гэж хэлсэн гэж хэлээд хоорондоо маргалдаад сууж байсан. Тэгэхээр нь би Б, Т хоёроос ямар хазаар байсан талаар асуутал “чагттай суран толгойтой хазаар байна гэсэн” гэхээр нь миний нэг тийм хазаар олдохгүй байгаа юм. Тэр хазаар миний хазаар байж магадгүй, та хоёр тэрнээс болж битгий мууд гэж хэлээд сууж байтал удалгүй А тэр айлаар орж ирсэн. Тэгэхээр нь Аээс ямар хазаар байсан талаар тодруулсан чинь миний хазаартай адил хазаар хэлэхээр нь миний хазаар олдохгүй байгаа талаар хэлсэн. Тэгж л өөрийнхөө нэг хазаар байхгүй байгааг мэдсэн юм. Миний хазаарыг Ж.Д нь авсан нь үнэн байх. Учир нь би хонь малдаа явахдаа гэрээ цоожгүй орхиод явдаг юм. Тэр хооронд араар орж ирээд аваад явсан байх. Би өөрийнхөө хазаарыг хараагүй байгаа. Аээс асуухад мориноосоо аваад авдрандаа хийсэн байгаа гэж ярьж байсан. Миний суран хазаарын цулбуур нь мяндсан цулбуур байсан. Уг мяндсан цулбуур нь тасрахад бэлэн муу цулбуур байсан. Хазаар алга болох үед цулбуур нь тасраагүй бүтэн байсан” гэх /хх-ийн 39-41-р хуудас/,
 
Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “.... 2019 оны 09 дүгээр сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэрээсээ хойш хонин дээрээ сууж байхад манай баруун талаас хар алаг морьтой хүн 10 гаруй тооны адуу туугаад миний хонь харж байсан газрын урд талаар болон манай гэр хоёрын дундуур хөөгөөд гэрээс зүүн хойд зүгт хөөж явсан адуугаа орхиод манайхаас зүүн тийш байх Э гэх айл руу уг морьтой хүн яваад өгсөн юм. Тэгэхээр нь би уг хүний хөөж явсан 10 гаруй адуу руу очоод үзсэн чинь хөндөлтэй эрдэнэ тамгатай шарга азаргатай 10 гаруй тооны адуу байсан. Тэгэхээр нь би уг хар алаг морьтой хүний хойноос нь Эын гэр лүү очсон чинь Эынхан байхгүй, харин гэрт нь түүний хадам дүү болох Д нь орон дээр нь тамхи татаад хэвтэж байсан бөгөөд гэрийнх нь үүдэнд хоёр ширхэг хазаар гаргаад тавьсан байсан. Тэгээд би Дтай хамт тамхи татаад хаагуур явсан талаар нь асуухад Б ахынхаар ороод ирж байна гэсэн. Тэгэхээр нь “чи хаа орох вэ” гэж асуухад холдохгүй гэж байсан. Тэгэхээр нь би Эынхаас мордоод хониороо очоод хониныхоо толгойг гэр лүүгээ дараад гэртээ очоод байж байтал Дын хөөж ирсэн адуу нь манайхаас баруун хойш чигтээ дэргээд явж байтал Д араас нь морьтой очоод уг шарга азаргатай адууг манайхаас нилээд хойгуур зүүн тийш хөөгөөд явсан. Намайг Эынхаар алаг морьтой хүний араас очиход Ж.Д нь Эын гэрт ганцаараа байсан. Эынд хүн байхгүй байсан. Гэрийн үүдэнд байсан хазаар яг ямар хазаар байсныг ажиглаагүй. Хоёр ширхэг хазаар л харагдаж байсан” гэх /хх-ийн 42-43-р хуудас/,  

Гэрч Ж.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 10 дугаар сарын 23-ны үед манай ээж А гэдэг хүнтэй утсаар яриад Дын танайхаас хулгай хийсэн гүүг барьсан байна тэр гүүг чинь яахав гэж асуусан гэсэн. Тэгтэл А нь манай хөдөө гэрт хүн байгаа аваачаад өгчих гэсэн. Тэгээд ээж намайг хөдөө яваад тэр гүүг нь гэрт нь аваачаад өгчих гэхээр нь би мотциклтой хөдөө явж уг хүрэн гүү байгаа Бажуу гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ айл дээр очсон юм. Намайг уг айл дээр очиход хүрэн гүү нь Бажуу гэх айлын хойд талд нь байх хашаан дотор сул байхаар нь хашаанаас нь гаргаж мотоциклтой хөөгөөд Аийн хөдөө гэрт нь тууж аваачиж өгсөн юм. Намайг Аийнд гүүг нь аваачиж өгөхөд гэрт Дорж гэдэг дүү нь эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд би тэр гүүг нь хониных нь хашаанд хашиж өгөөд гэр лүүгээ буцсан” гэх /хх-ийн 58-р хуудас/,

Гэрч Б.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2016 оноос хойш мал мах авч эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр намайг сумын баруун дээр цуглуулсан хонио хариулж байх үед тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Д гэх залуу ганцаараа улаан өнгийн мотоциклтой ирж уулзаад надад мөнгөний хэрэг гараад байна. Банкинд мөнгө тушаах гэсэн юм. Танд би нэг сувай гүү өгөх гэсэн юм авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэдэд өгөх юм гэсэн чинь 500-600 мянгад өгнө гэсэн. Тэгвэл би авъя эхлээд гүүг чинь харж байж болно гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Тэмээн чулуун” гэх газар намайг хонио хараад сууж байхад Ж.Д нь 10 гаруй тооны халтар азаргатай адуу тууж ирээд дотор нь байсан гэдсээ татсан хүрэн зээрд зүсмийн гүүг надад зааж өгөөд харуулсан юм. Тэгэхээр нь би уг хүрэн зээрд зүсмийн гүүг хараад авахгүй гэж хэлсэн. Тэгтэл Ж.Д нь уг халтар азаргатай адууг хойд зүгт мотоциклтой хөөж орхиод сум руу чигтээ яваад өгсөн. Тэгтэл тэр орой нар жаргах үед Баяр гэх хуц ухна хариулдаг залуу үл таних хүний хамт мотоциклтой ирээд Ж.Д ирж адуу өгнө гэж байсан уу гэж асуухаар нь болсон зүйлийн талаар хэлтэл тэр хүүхдээс гүүг нь битгий аваарай миний гүүг авч яваад зарна гэж явж байгаа сурагтай байна гэж байсан. Тэр өдрөөс хойш Ж.Д нь надтай дахиж уулзаагүй” гэх /хх-ийн 54-р хуудас /,
 
Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...Манайх 2019 оны 09 дүгээр сарын 15-нд Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Жаргалантын хүрээ” гэх газар малаа оторлуулж байгаад 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нутаг болох “Ломбо” гэх газар нүүж ирсэн. Нүүж ирээд өөрийн адуундаа явж байхад манайхаас урагш байх Хүрэлсүх гэдэг хүний хонины шургааган хашаанд урд өмнө нь үзэж харагдаагүй чандмань тамгатай хүрэн зүсмийн гүү хоёр гурав хоног сойсон байдалтай гэдэс нь нарийссан, хашаан дотор сул байсан. Мөн хашааны гадна талд хар зүсмийн даага байсан бөгөөд уг хар даагыг би очиж үзээгүй тул ямар тамгатай байсан эсэхийг мэдэхгүй байна. Түүнээс хойш хоёр хоногийн дараа малдаа явж байгаад харахад хүрэн гүү мөн хашаанд байсан. Харин хар даага нь харагдахгүй болсон байсан. Тэрнээс хойш тэр хүрэн гүү хашаан дотор харагдахгүй болсон байсан. Хүн гаргасан болон өөрөө гарсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд манайхтай ойрхон нутагладаг Сэсээрийн Ууганбаяр гэх залуугаас Хүрэлсүхийн хашаанд байгаа хүрэн гүүний талаар асуухад С.Ууганбаяр нь тэр хүрэн гүүг Д хоёр гурав хоногийн өмнө Хүрэлсүхийн хашаанд авч ирж хашиж байсан. Одоо болтол аваагүй байна уу гэж ярьж байсан. Тэгтэл саяхан буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний үед Х.Цэрэнбалтав нь манайхаар мотоциклтой ирээд “та манай хашаанд гүү байсан гэж ярьсан байна, ямар учиртай юм бэ” гэхээр нь “танай хашаанд 2019 оны 10 сарын эхээр чандмань тамгатай хүрэн зүсмийн гүү Хай байсан, тэр гүү танай хашаанд олон хоносон шүү дээ, чи яахаараа өөрийнхөө хашаанд байгаа адууг мэдээгүй байдаг юм бэ” гэхэд Х.Цэрэнбалтав нь ахаа би хараагүй гэж хэлж байсан” гэх /хх-ийн 55-р хуудас/,
 
Гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед Б.Н гэх залуу намайг хонин дээрээ сууж байхад надтай ирж уулзаад “Ж.Д гэх залуу манай халиун азаргатай адуу таниас сураглаад явж байсан юм уу” гэж асуухаар нь “танай халиун азаргатай адууг сураглаад манайд нэг хоноод явсан” гэж хэлсэн. Д нь манайд 2019 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна манайхыг сумаас баруун тийш 6 км “Б” гэх газар нутаглаж байхад орой 17 цагийн орчимд ирж байж байгаад “Эрдэнээ ахаа Батхуяг ахын халиун азаргатай адууг хараагүй юу, би дотроос нь хазаартай хүрэн гүү барих гэсэн юм” гэхээр нь Батхуяг ахын халиун азаргатай адуу ойрд харагдаагүй. Дээхэн Бын булагт байгаад байсан гэж хэлсэн. Тэгээд Д нь манайд хоноод маргааш өглөө нь явсан. Д нь манайд ирэхдээ мотоцикл унаад явж байсан” гэх  /хх-ийн 51-52-р хуудас /,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...Би Эрдэнэ гэдэг хүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед халиун азаргатай адуугаа сураглаад уулзахад Эрдэнэ ах надад танай халиун азаргатай адууг танай хамаатан болох Ж.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 15 наас 16-ны үед манайд хоноод явахдаа сураглаад байсан. Тухайн үед Ж.Д нь Батхуяг ахын халиун азаргатай адуунд миний нэг гүү байгаа юм гэж ярьж байсан гэж Эрдэнэ ах надад хэлсэн. Манай адуунд Ж.Дын ямар нэгэн гүү байхгүй байхад худал яриад халиун азаргатай адууг сураглаад явж байсан нь надад их сэжигтэй санагдаад байгаа юм. Манай халиун азаргатай адуунаас хүрэн зүсмийн зүрхтэй саран тамгатай сувай гүү алга болчихоод байгаа юм” гэх  /хх-ийн 49-50-р хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 7-8, 11-12-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 14, 91/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-15-16-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 82 хуудас/

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газар дахь орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх-ийн 92-95/

- Шүүгдэгч Ж.Дын  иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 45 хуудас/

- Шүүгдэгч Ж.Дын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47 хуудас/

- Ж.Дын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын материал / хх-ийн 86-88-р хуудас/

- Хохирогч Б.Бийн  гомдолгүй гэх тайлбар / хх-ийн 101 хуудас / зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
    Шүүгдэгч Ж.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

    Гэм буруугийн талаар: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард хохирогч Э.Аийн 2  адууг уналга ашиглан хулгайлж  2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2019 оны 10 дугаар сард хохирогч Н.Аийн 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2019 оны 09 дүгээр сард хохирогч Б.Бийн 1  адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.А, Н.А, Б.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
    
    “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Ж.Дын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Д нь хохирогч Э.А, Н.А, Б.Б  нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
 
     Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Дыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Д нь хохирогч Э.А, Н.А, Б.Б нарын хохирлын нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Дын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/45 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 800 000 төгрөг Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.

    Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Дын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Ж.Дын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.А, Н.А, Б.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

    Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А, Н.А, Б.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна.
     
  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Дыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дт  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Дт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Дт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/45  дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 800 000 төгрөг Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.А, Н.А, Б.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.



    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА